Б.Уянга: Геологийн “бодлого” яам дамжиж, нэгж болтлоо жижгэрснээс төрд нэг эх үүсвэрээс мэдээлэл очихгүй байна

2022-03-07
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дэд дарга, ерөнхий геологич доктор  Б.Уянгатай ярилцлаа.

 

МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙН ХОЁР КМ ТУТАМД НЭГ ЦЭГ ХАТГАН ХЭВЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТАЙЛАНГ БҮРЭН ЦУГЛУУЛСАН

БЛИЦ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны эрхлэх ажлын хүрээнд байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дэд дарга, ерөнхий геологич доктор  Б.Уянга.

-Геологич мэргэжлийг ШУТИС-д эзэмшсэн.

-Үйлдвэрлэлд ажиллаж байгаад АНУ-ын Харвардын их сургуулийн Ахисан түвшний сургуулийн Дэлхий гарагс судлалын тэнхимд Байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Мэргэжлээрээ олон улсад ажиллаж байсан туршлагатай.

-Үндэсний геологийн алба 2020 оны есдүгээр сарын 17-нд сэргэн байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл ажиллаж байна.

-Монгол орны геологийн салбар урт түүхтэй. Бид 1939 оноос бие даасан геологийн байгууллага байгуулагдаж өнөөг хүртэл хөгжиж байна гэж үзвэл энэ онд 83 дахь жилтэйгээ золгож байна. Үе үеийн мундаг геологичдынхоо ачаар Монгол Улс 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажлаар бүрэн бүрхэгдсэн төдийгүй 1:50 000-ны масштабтай байдлаар буюу нутаг дэвсгэрийг илүү нарийвчилж судалдаг түвшин 43 хувьд хүрээд байна. Мэргэжлийн бус хүмүүст масштаб яриад, зураглалын ажил гээд хэлэхээр шууд ойлгож буухгүй байж магадгүй. 1:200 000-ны масштабтай гэдэг нь газар нутгийн хэмжээнд хоёр км тутам нэг цэг хатган тухайн газар, түүний хэвлийн мэдээллийг тайлан цуглуулдаг гэсэн үг. 1:50 000 гэдэг нь 500 м тутамд мэдээлэл цуглуулж байгаа тул илүү нарийн мэдээлэл нэгтгэгддэг онцлогтой. Геологийн зураглалын ажлын үр дүнд талбайд тархсан бүх төрлийн чулуулгийн мэдээлэл, түүнээс ашиглавал эдийн засгийн хувьд ашигтай байж болох ашигт малтмалын мэдээлэл, газрын хэвлийд илэрч буй хагарал, ан цавын мэдээлэл, гадаргад болон гүнд буй ус, байгалийн өвөрмөц тогтоц, геоэкологийн асуудлууд хөндөгдөж тайлагнагддаг, цогцолбор байдлаар нэгтгэгддэг гэдгийг онцлох нь зүйтэй.

Геологи гэдэг нь бидний амьдарч буй газар, түүний хэвлий буюу хөрснөөс доошоо хүний хүрч, төсөөлж, зураглаж болох бүх гүнийг олон талаас нь судалдаг суурь шинжлэх ухаан гэж ойлгох нь зөв юм. Геологич хүн газар, түүний хэвлийн хатуу, хий, шингэн бүхий л төлөвт оршдог бүтэц, бүрэлдэхүүнийг ялгаж, шинж чанарыг нь тогтоож, харилцан хамаарлыг нь тайлбарлах үүрэг хүлээдэг. Энэ агуулгаараа газрын хэвлийтэй холбоотой, түүн дээр хөгждөг олон салбар шинжлэх ухаанд суурь мэдээллийг бэлдэж өгдөг. Жишээлбэл, барилгын салбарт аливаа барилга барих суурь инженер геологийн мэдээлэл, аялал жуулчлалын салбарт сонирхол татахуйц, өвөрмөц байгалийн тогтоцын үүсэл хөгжил, биологид өнө эртний үед анх амьд организм үүссэнээс өнөөг хүртэлх хувьсал өөрчлөлтийн мэдээлэл, гамшиг судлалд газрын хэвлийд тогтоогдох аливаа хагарал ан цавын хэв шинж, идэвхжилтэй холбоотой буюу газар хөдлөлийн мэдээлэл, ерөнхий байгаль шинжлэлд газрын хэвлийн аль түвшинд ус, газрын тос, хий гэх мэт байгаа тухай арвин их мэдээллийг бэлдэж өгдөг. Газрын хэвлийд буй “эрдэс чулуулгаас ашиглавал эдийн засгийн хувьд үр өгөөж өгөхүйц” гэх мэдээлэл нь л уул уурхайн салбарт хэрэглэгддэг гэдгийг  сайн ойлгох хэрэгтэй. Ашиглахад эдийн засгийн хувьд үр өгөөж өгөхгүй бүрдвэр хэсэг газрын хэвлийд байдаг бөгөөд өнөөдөр Монголд олон тоогоор тогтоогдсон гэж тэмдэглэгдсэн ашигт малтмалын илрэл бүр орд болж ашиглагдахгүй.

 

ГЕОЛОГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА ЯАМ ДАМЖИЖ, НЭГЖ БОЛТЛОО ЖИЖГЭРСЭН

 

-Геологи барилга, экологи, байгалийн гамшиг, ус, аялал жуулчлал гээд олон салбартай нягт уялдаатай учраас геологийн судалгааны ажлыг сайн багаар, чанарын өндөр түвшинд хийлгэх хэрэгтэй. Мөн холбогдох мэдээллийг бүс нутаг болон нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэгтгэж, боловсруулан суурь мэдээлэл шаардлагатай салбарт өгснөөр салбар тус бүр цааш хөгжих боломж бүрдэнэ. Дээрх ажлыг гүйцэтгэх хүмүүс нь манай салбарын мэргэжилтнүүд байх тул Монгол Улс нэгдсэн бодлогоор сайн мэргэжилтэн бэлдэх, тогтмол хөгжүүлэх шаардлагатай болдог. Манай салбарын мэдээлэл геологийн судалгааны тухай хангалттай мэдээлэл нийт ард иргэдэд хүрдэггүйгээс нэр хүнд унаж, геологич мэргэжлийг эзэмшихийг хүсэх залуус цөөрч байгаад санаа зовж байгаа.

Ер нь инженер геологийн судалгаа ихэд хоцрогдсон, инженер геологичийн залгамж халаа тасалдсан. Үүний уршгаар суурь мэдээлэл шинээр бэлтгэгдэх, нэгтгэгдэх ажил удааширсан байх талтай. Энэ нь улс орны хэмжээнд Геологийн бодлого нэг дор төвлөрөөгүй байгаатай холбоотой гэж үзэж болно. Түүхэндээ Геологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь янз бүрийн яам дамжиж, зарим тохиолдолд төрийн захиргааны байгууллагын нэгж болтлоо жижгэрч, судалгаа шинжилгээний байгууллагууд нь тус тусдаа өөр өөр яамд, газруудын харъяанд орж байсан. Одоо хүртэл ийм байсаар байгаа нь нэгдмэл байдлаар хөгжих боломжийг багасгасан байх гэж боддог. Энэ байдлыг залруулж байж, Монгол Улсын газрын хэвлийн мэдээлэл нэг дор нэгтгэгдэж, боловсруулагдаж, төрд нэг эх үүсвэр бүхий мэдээлэл хүрнэ. Ингэснээр эерэг үр дагавар бүхий шийдвэр шат шатандаа гарах боломж бүрдэнэ гэж хардаг.

Дээр хэлсэнчлэн геологи барилга, экологи, байгалийн гамшиг, ус, аялал жуулчлал гээд олон салбартай уялдаа холбоотой. Тухайлбал, газар хөдлөлт, хөрсний гулсалт гэх мэт үр дагавар нь тухайн орчинд амьдарч буй ард иргэд, амьд организмд сөрөг нөлөө авчрах эрсдэлийг гео-гамшиг салбарлуулан судалдаг. 2021 онд улсын төсвийн хөрөнгөөр Монгол Улсын хэмжээнд төв болон хойд нутгаар “Гүний хагарал” гэсэн нэр дор идэвхтэй хагарлын мэдээллийг цуглуулах судалгааны ажлыг эхлүүлсэн. Тайлан 2023 онд хамгаалагдах ба олон шинэлэг мэдээлэл ард иргэдэд хүрэх боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хот суурин газруудын гидрогеологи буюу гүний ус, геоэкологийн судалгаануудыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан болон Ховд хотуудад хийж байна. Тайлан бүр хамгаалагдахад ард нийтэд шинэлэг мэдээллийг тухай бүрт хүргэхээр ажиллаж байна.

 

ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫГ НЭГ СУУРЬ ХУУЛИАР БИШ ТУС ТУСАД НЬ ХУУЛЬЧИЛСАН НЬ ОНОВЧГҮЙ

 

-Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт том байр суурь эзэлдэг. Зарим хүмүүс нэгэнт бидэнд хэд хэдэн том орд байгаа, тэдгээрийгээ ашиглаж дуустлаа өөр салбараа хөгжүүлье гэсэн байдлаар ханддаг. Гэхдээ Монголд ашиглагдаж буй орд бүр өөрийн настай буюу ашиглагдаад дуусах хугацаа нь тодорхой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Эдгээр бүгд дуусахад бид яах ёстой вэ гэдгийг дор хаяж мэдээллийн хувьд нэгдмэл байдлаар шийдвэр гаргахад бэлэн байх хэрэгтэй юм. Учир нь хүн ам тогтвортой өсөх нь тодорхой. Тэдгээрийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр материалын эх үүсвэр зайлшгүй шаардагдана. Иймд геологийн судалгааг тасалдуулалгүй, зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбартаа суурь мэдээлэл бэлтгэх байдлаар хөгжүүлсээр байх нь чухал.

Монгол орны хэмжээнд геологи, уул уурхайн салбарын хууль эрхзүйн орчныг ярилцахаас өмнө хөрш зэргэлдээх орнуудад хэрэгжиж буй хуулиудыг авч үзье. Казакстан болон ОХУ-д Газрын хэвлийн тухай хууль суурь хууль болон үйлчилдэг. ОХУ-д Үнэт буюу Ховор металлын асуудлыг тусад нь хуулиар зохицуулдаг. Харин БНХАУ-д Эрдэс баялгийн тухай хууль нь суурь хууль болон үйлчилдэг. Монгол Улсын хувьд Газрын хэвлийн тухай хууль энэ салбарын гол суурь хууль болдог боловч 1988 онд анх батлагдсанаас нь хойш гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Энэ суурь хуулиа сайжруулахаа урьтал болголгүй Ашигт малтмалын тухай хуулиар хатуу төлөвт буй ашигт малтмалыг, усыг Усны  хуулиар, газрын тосыг Газрын тосны хуулиар, цацраг идэвхэт эрдэс, чулуулгийг мөн өөр хуулиар зохицуулж буюу газрын хэвлийн ашигтай малтмал бүрийг тус тусад нь хуульчилсан нь оновчгүй санагддаг. Мөн эдгээр хуульд маш олон нэмэлт өөрчлөлтүүдийг хийсэн буюу зарим тохиолдолд жилд хэд хэдэн удаа нэмж өөрчилж байсан. Бид суурь муутай байшинд амьдарч байгаа мэт суурь хууль буюу Газрын хэвлийн тухай хуулиа сайжруулалгүй дээгүүр нь сэвээд  байж магадгүй юм. Иймд яаралтай Газрын хэвлийн тухай хуулийг сайжруулж бусад холбогдох хуулиудыг нэгтгэх хэрэгтэй гэж боддог. Эцэст нь хүн бүр геологич бидний ажлын агуулгыг бүрэн утгаар нь ойлгохыг, биднийг ажил хөдөлмөрөө эрхлэх боломжоор тэр тусмаа орон нутагт дэмжин олгохыг хүсч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)

 

Р.Базарааг суллах хүсэлтийг шүүхэд хүргүүлжээ

Р.Базараад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг хүргүүлжээ

2 цаг 9 мин
Пулитцерийн шагналтнууд тодорлоо

Сэтгүүл зүйн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Пулитцер

5 цаг 20 мин
С.Наранцогт: Зургаан төслөө амжилттай хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай

"Эрдэнэс Монгол" нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой сүү

5 цаг 25 мин
С.Батмөнх: Бид сургалтыг зөв технологиор явуулдаг

“Их засаг” олон улсын их сургуулийн Нисэхийн тэнхимийн багш, доктор, профессор Санжаажавын Батмөнхтэй ярилцлаа.

5 цаг 30 мин
Газрын тухай хуулийг ингэж өөрчилжээ

Засгийн газраас Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өө

5 цаг 35 мин
МАН-ын даргын “…Нэр дэвшүүлэхгүй” гэчихсэн, АН-ынхны “…Нэр дэвшүүлмээргүй байна” гэж яриад байгаа лидерүүд нь хэн бэ?!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа зургаа хоногийн дараа эхэлнэ

5 цаг 40 мин
Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд ян

5 цаг 45 мин
Цагаан зураасаар тусгаарласан ослын зогсоолтой Хөшигийн хөндийн зам

“Хөшигийн хөндийн замаар сүнгэнэтэл давхиад ирлээ. Сайхан зам болж” хэмээн Я.Баярбат гэрийнхэндээ гайхуулав.

5 цаг 50 мин
ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

ТОДРУУЛГА: Хүмүүжигч зүрхний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ

18 цаг 52 мин
2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

2024 оны сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

21 цаг 39 мин