Л.Оюун-Эрдэнэ: Гүний уурхай эхэлж байгаа нь хөрөнгө оруулагчдад итгэл хүлээлгэсэн сүүлчийн найдлага

2022-01-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өчигдөр эхлүүлж удаан хүлээсэн төсөл зөв чигт дахин эхлэхээр боллоо. Тодруулбал, Оюу толгой төсөл дэх Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр бүрэн тэглэгдэж “Өрийг хүчингүй болгох тухай болон өрийн үлдэгдэл төлбөрийн тухай” батламжид гарын үсэг зурав. Түүнчлэн Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өглөө. Ингэснээр 13 жилийн турш шийдэж чадаагүй байсан асуудал цэгцэндээ орж байгаа юм.

Анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 2010 онд ТЭЗҮ гарч байлаа. Үүний дараа 2015 онд ТЭЗҮ-ийг дахин шинэчилж, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө хэмээх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Гэвч Оюу толгой төслийн ТЭЗҮ-ийг 2020 онд дахин тодотгож шинэчилсэн. Хэд хэдэн удаа эргэж буцаж шинэчилсэн ч Монгол Улс 2051 он хүртэл ногдол ашиг авахгүйгээр зогсохгүй 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх  тооцооллыг гүний уурхайн ордын үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан гаргаж байв. Ер нь 2009 оноос хойш Оюу толгойн том төслийг хөдөлгөж Монгол Улсад ашигтай гэрээ, хэлцэлүүдийг хийхээр хэд хэдэн оролдлого хийж байсан. Тухайлбал, 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нэг дайрч үзсэн ч бүтээгүй. Тухайн үед Ерөнхий сайдын санаачилга зөв байсан ч тооцоолол дээрээ алдсан юм. Үүнээс хойш 2019 оноос УИХ-ын 92 дугаар тогтоолын хүрээнд Оюутолгой төслийн гэрээ хэлэлцээрийг сайжруулахаар Засгийн газраас байгуулсан ажлын баг гаргасан. Үүний үр дүн өчигдөр гарлаа. Өрөө тэглээд барахгүй дориухон өгөөж өгөх төсөөлөлтэй үйлдвэрлэлийн ажлыг эхлүүлчихлээ. Хэлэлцээрийн баг ч сайн ажиллав. Учир нь “Рио Тинто” цар тахлын нөхцөл байдлыг голлон харгалзах байр суурьтай байсан ч дэлхийд тавд эрэмбэлэгдэх гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.

 

Гүний уурхай ашиглалтад орсноор төсөвт оруулах өгөөж гурав дахин нэмэгдэнэ

 

Ерөнхийдөө Рио Тинто манай улсын том хөрөнгө оруулагч, Оюу толгой төслийн гүний уурхайгаас Монгол Улсад орж ирэх ашиг өндөр тул тэр хэрээр хүлээлт үүсч байв. Ямартай ч цар тахлын үед унасан эдийн засгаа амь оруулах хамгийн том хөрөнгө оруулалтаа барьж авч чадлаа. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улс Оюу толгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалтаар эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гаргасан нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдалд чухал алхам байсныг өнөөдөр онцлон тэмдэглэх нь зүйтэй.

Өнгөрсөн 13 жилийн хугацаанд Оюу толгой төсөл эхлэхэд анхлан тохирсон Монголын тал 53 хувь, хөрөнгө оруулагч тал 47 хувийн үр өгөөжтэй байна гэсэн эдийн засгийн тооцоолол алдагдаж, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн нийт 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, ирээдүйд 22 тэрбум ам.долларын өр үүсэж, ногдол ашиг хэзээ ч авахгүй нөхцөл бий болсноор хөрөнгө оруулагч талд Монголын ард түмэн итгэл алдарч, урам хугарч Оюу толгой төсөл зогсох хэмжээний улс төрийн эрсдэлд орсон нь бодит үнэн билээ. Хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу тэг гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил  ийнхүү эхэлж байна.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэж байна. Гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна. Хэлэлцээрийн хүрээнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах шийдвэр гарснаар Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болно” гэж онцлов.

“Олон улсын хөрөнгө оруулагчдыг татаж мөр зэрэгцэн ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхийд харууллаа”

 

Тэгвэл Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Гүний уурхайг эхлүүлж байгаа нь Монгол болоод дэлхийн өрсөлдөгчөө хол хаях уурхайг цогцлоохоор олон жил зүтгэсэн тууштай хөдөлмөрийн үр дүн юм. Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагшлах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлын шийдлийг олсон.

Ингэснээр Оюу толгой компанийн ТУЗ гүний уурхайг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Энэ нь Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж тэдэнтэй мөр зэрэгцэн амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал болж байна. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэдгийг хэллээ.

Гүний уурхайн ажлыг эхлүүлж төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулснаар Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болно. Мөн олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдох өндөр ач холбогдолтой. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэж жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар бүрдүүлэх эерэг төсөөлөлтэй байгааг Ерөнхий сайд үгэндээ дурдсан. 13 жил хүлээсэн учир нийтээрээ ч ийм эерэг төсөөлөлтэй байна. Муугаар бодож Оюу толгойн далд уурхай үнэхээр өгөөжөө өгөх эсэхэд эргэлзлээ ч эхлүүлсэн нь чухал алхам юм. Үүний зөв бурууг цаг хугацаа харуулна.

Түүнээс гадна Монгол Улсын Засгийн газар томоохон хөрөнгө оруулагчтайгаа эвээ олж ойлголцож байгаа нь олон улсын хөрөнгө оруулалтыг татах зөв мессеж болохыг эдийн засагчид тайлбарлаж байна. Үүнийгээ зөв ашиглаж ухаалаг тоглолт хийж чадвал Монгол Улсад итгэл алдарсан гадаадын том, жижиг хөрөнгө оруулалтыг улсдаа татаж эдийн засгаа сэргээх боломжтой талаар ч мэдээллээд эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 19 (6751)

 

Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

5 цаг 5 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

5 цаг 5 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

19 цаг 22 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

20 цаг 34 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин