Э.Номин: Уран бүтээлийн шунал асар их бий

2021-12-24
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Э.Номинг урилаа. Түүнтэй уран бүтээлийнх нь тухай ярилцсанаа хүргэе.

 

-Театр маань саяхан “Мон­голын их хатад” бүжгэн жүжгээр нээлтээ хийлээ. Таны хувьд анх энэ бүтээлийг тавихад Дөргөнө хатанд бүжиглэсэн байх аа?

-Энэ бүтээл анх нээлтээ хийхэд би Дөргөнө хатанд бүжиглэж байсан. Энэ удаад ч ялгаагүй энэ хатандаа бүжиглэлээ. Энэ удаад бүжгэн жүжигт маань шинэ, залуу уран бүтээлчдээр бүл нэмлээ. Бид хоёр ээлжээр тоглож дуусгасан.

-Удахгүй шинэ он гарах нь. Уран бүтээлийн төлөвлөгөө арвин байгаа юу?

-Манай Сүхээ багш Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Багш маань удахгүй дуутай бүжиг­тэй, хөгжимтэй том тоглолт тавихаар бэлтгэж байна. Тавилтууд нь ороод эхэлчихсэн. Бид бүрэн бүрэл­дэхүүнээрээ оролцохоор болсон.

-Таны хувьд театрын ажлын хажуугаар хамтлагт бүжиглэдэг. Шинэ жил гээд эрэлт ихтэй байна уу?

-Манай театрын бүжигчид нэгдээд “Эрхэмсэг” гээд бүжгийн хамтлагтай. Мэдээж шинэ жил бол урлагийнхны хувьд хамгийн завгүй байдаг үе нь. Бидний хувьд театр болон хамтлагийнхаа ажлыг хослуулаад л явж байна.

-Театр бол сонгодог, ардын, түүхэн бүтээлийг голчилдог. Харин хамтлагийн уран бүтээлийн хувьд ямар төрлийг илүүд үздэг вэ?

-Бид мэргэжлийн бүжигчид. Тиймээс ямар ч бүжгийг төгс хийж чаддаг байх учиртай. Уран бүтээлдээ ч энэ зарчмыг баримталдаг. Жишээлбэл, модерн, конпентари, олон үндэстний, орчин үеийн гээд л. Ер нь хамтлагийн хувьд ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй. Хамгийн чухал нь мэргэжлийн бүжигчин гэдгээ л санаж, чанартай бүтээл хийхийг хичээдэг.

-Хамтлагийн хувьд ямар бүжиг дэглээчтэй хамтарч байна?

-Манай хамтлагийн ахлагч Цэцэг гээд бүжигчин бий. Хөгжим бүжгийн консерваторид багшилдаг. ОХУ-д бүжгийн багшаар сурсан. Тиймээс ихэвчлэн өөрөө бүжгээ дэглэдэг. Эмэгтэйлэг сайхан бүсгүй бий. Гарч буй уран бүтээл нь ч эмэгтэй хүний гоо сайхныг харуулсан байдаг.

-Таны хувьд энэ театртай хэзээнээс уран бүтээлээр холбогдсон бэ. Анх тайзан дээр ямар бүтээлээр гарч байв? 

-Би 2005 онд Хөгжим бүжгийн консерваторийг төгссөн. Одоо 17 жил бүжиглэж байна. Анх театртаа зун орж байлаа. Тэр үед жуулчны тоглолтууд эхэлчихсэн байсан. Манай зарим бүжигчид амарчихсан үе таарсан юм. Дөнгөж ороод л анх дутуу бүжигчдийн зайг нөхөөд Монгол бүжгийн чуулбарт гарсан.

-Таны бүжигчин болох хүсэл мөрөөдөл хаанаас эхтэй юм бэ?

-Би багаасаа бүжиглэх дуртай байсан. Тухайн үед эмээ минь “Миний охин гоё бүжиглэж байна. Заавал Хөгжим бүжигт шалгуулаарай” гэж аав ээж хоёрт захисан юм билээ. Даанч сургуульдаа орохоос өмнө бурхан болсон. Эмээгийн минь хүслийг биелүүлж ээж аав хоёр намайг анх шалгуулж байлаа. Ингээд л Долгорсүрэн багшийн шавь болсон. Сонгодгийн багш маань Урлагийн гавьяат зүтгэлтэн Энхтуяа гэж багш минь бий. Багш нар минь миний суурийг их сайн тавьж өгсөн гэж боддог.

-Сонгодог бүжиг болон монгол бүжиг техник талаасаа ямар ялгаатай вэ?

-Бүх бүжгийн суурь нь сонгодог бүжиг байдаг. Тиймээс мэргэжлийн бүжигчид өглөө бүр сонгодог бүжгийн дасгал хийдэг. Ингэснээр хөл гар цэгцтэй, форумаа барина. Үүнийг ч оюутан байхаас л манай багш нар байнга хэлдэг байсан. Бид монгол бүжгийн цагаас илүү сонгодог бүжгийн дасгал хийдэг байлаа. Бүжигчин хүний бие сэтгэл энэ дасгалдаа нэвт шингээд дасчихдаг юм билээ. Бид “Болшей” театрт тоглолтоор явж байхад 80 гарчихсан ахмад бүжигчин тайзны хажууд палкаа барьчихсан дасгалаа хийгээд зогсч байх жишээтэй.

-Шавийн эрдэм багшаас гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх. Таны хувьд багш нарын тань хэлж сургасан зүйлээс сэтгэлд хамгийн ойр байдаг, үргэлж санаж явдаг сургааль юу вэ?

-Долгорсүрэн багш маань “Аливааг битгий хэтрүүлээрэй. Тунг нь тааруул” гэж хэлдэг байлаа. Энхтуяа багш “Толгойгоо ажиллуул, ухаанаараа бүжиглэ. Хөл гарыг чинь толгой нь удирддаг юм. Ухаантай хүн сайн бүжигчин болдог” гэж сургадаг. Багш нарынхаа хэлсэн үгсийг байнга санаж, уран бүтээл, амьдралдаа хэрэгжүүлэхсэн гэж хичээж явдаг даа.

-Энэ сайхан мэргэжлийнхээ буянд дэлхийн олон орноор явж, эх орноо сурталчилсан байх?

-Давхардаагүй тоогоор дэлхийн 20 гаруй улсад тоглосон байдаг. 2010 онд бид ОХУ-д тоглож байлаа. Үүнээс гадна мэргэжлийнхээ буянд сайхан газруудаар явж, гоё дурсамжуудыг бүтээсэн байдаг. Манай театрын хувьд шинэ орсон, хуучин бүжигчин гэж ялгахгүйгээр бүгдэд адилхан боломж олгодогт баярладаг.

-Анх гол дүрд сонгогдох тэр мэдрэмж ямар байдаг бол?

-Анх 2006 онд Сүхээ багшийнхаа “Монголын бахархал” бүжгэн жүжгийн индиан омгийн тухай хэсэгт гоцлолыг нь хийж байлаа. Яг тэр үеэс л хүмүүс намайг анзаарч, мэддэг болж эхэлсэн юм болов уу. Мөн “Жаргалын найман морь” бүжигт бүжиглэсэн. Эдгээр уран бүтээлээс л багш, дэглээч нар намайг ямар өгөгдөлтэй, ямар ур чадвартай бүжигчин бэ гэдгийг харж эхэлсэн байх.

-Хамгийн сүүлд “Монголын их хатад”-аас өмнө ямар бүжигт гоцолсон бэ?

-Үүнээс өмнө чуулгад тавьж байгаа бүхий л бүжгэн жүжиг, концертод гол дүрүүдэд ажилласан. Энэ бүжигт л нэг гоцлочих юмсан гэж өөртөө тавьсан зорилгынхоо ихэнхэд хүрчихсэн. Харин  2018 оноос хойш бүжиглээгүй байж байгаад саяхан ажилдаа орлоо. Одоо шинэ зүйл хийхсэн, өөрийгөө сорихсон гээд догдлоод л байна.

-Бүжигчин мэргэжил сайхан ч их хүнд гэж би боддог. Таны хувьд ямар үед бүжигчин болсондоо өөрөөрөө бахдаж байв?

-Би ойрхон зайтай хоёр төрсөн. Том хүүхдээ гаргачихаад гэртээ сууж байтал манай Солонгост байдаг дүү нэг тэмцээнд орох санал тавьсан. Тухайн үед дөнгөж төрчихсөн, форум алдчихсан байсан учир өөрийгөө голсон. Их удаан бодсон л доо. Бодсоны эцэст өөрийгөө сориод үзье, угаасаа дараа жилээс нь насны хувьд олон улсын тэмцээнээс хасагдах байсан учир орохоор шийдсэн. Хүмүүс тарчихсан, оройн цагаар театртаа ирж бэлтгэж хийж эхэлсэн. Ганцаараа бэлтгэл хийж байгаад Солонгост очсон. Тэмцээнд оролцож байгаа бүжигчдийн хувьд ихэнх нь надаас дүү. Харин би тэднээс туршлагын хувьд л илүү, үзэгчдэд өөрийгөө илэрхийлэх чадамжаараа давуу байсан байх. Энэ тэмцээнд хоёрдугаар байранд орох үедээ өөрөөрөө, бүжигчин болсноороо, өөрөө өөрийгөө ялж чадсанаараа бахархах сэтгэл төрж байсан шүү.

-Мэдээж бэлтгэл сургуулилт гээд л шантрах үе олон байсан байх. Тухайн үед юунаас эрч хүч, урам зориг авдаг байсан бэ?

-Шантрах үе олон бий. Ялангуяа ажилд ороод эхний жил их хэцүү санагддаг байсан. Учир нь юугаа ч мэдэхгүй, туршлагагүй учир байнга загнуулна. Тэр олон хүн надаас болоод дахиад л эхлэх болдог. Тухайн үед ингэж байхаар больдог ч юм билүү гэж бодох үе бишгүй тохиолдсон. Харин жилийн дараанаас арай учиртай, юмаа мэддэг болж эхэлдэг юм билээ. Театрт орж ирсэн бүжигчин бүхэн л энэ замыг туулдаг. Үүнийг давж чадахгүй, шантраад гарчихдаг залуус олон бий.

-Бүжигчний мэргэжилд оргил гэж байдаг юм болов уу. Хэрэв байдаг бол та өөрийгөө альхан талд нь явж байна гэж боддог вэ?

-Оргил гэж байдаггүй байх. Өдөр бүр тайзан дээр бүжгээ давтаад бүжиглэж байгаа ч гарах бүртээ нэг зүйл сураад буудаг. Уран бүтээлээс бүтээлийн хооронд туршлагажиж, сурсаар л байдаг нь хамгийн сайхан. Миний хувьд уран бүтээлд хэзээ ч ханадаггүй. Үргэлж залуугаараа байдагсан бол уран бүтээлийн шунал асар их бий. Даанч цаг хугацаатай уралдах болчихлоо. Гол дүр хиймээр байна, шинэ тоглолтод оролцмоор байна. Тайлан тоглолтоо хиймээр байна. Зүгээр л энэ хэвээр мартагдахыг хүсэхгүй байна.

-17 жил гэдэг бүжигчин хүний хувьд урт хугацаа. Нэг л өдөр тайзнаас буухаараа юу хийнэ гэж төлөвлөдөг вэ?

-Бүжигчин хүн 20 жил л тайзан дээр амьдардаг. Миний хувьд одоо гурван жил байна. Хийж, бүтээх сэтгэл минь ханаагүй л явна. Мэдээж цаг нь ирэхээр тайзаа орхих болно. Гэхдээ яагаад ч юм бүжгийн багш хийнэ гэж ерөөсөө боддоггүй. Би урлагаас өөр мэргэжлээр сурсан л даа. Магадгүй түүгээрээ өөр салбарт ажиллаад л явах байх даа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.24 БААСАН № 253 (6730)

 

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

3 цаг 47 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

4 цаг 38 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

4 цаг 45 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

4 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

5 цаг 21 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

9 цаг 44 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

9 цаг 49 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

9 цаг 59 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

10 цаг 4 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

10 цаг 9 мин