Т.Буянбат: Мотобуудлага, эмнэлэг, барилга-инженерийн багийг энхийг сахиулахад илгээнэ

2021-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ирэх онд тэмдэглэнэ. Түүхт ойг угтаж ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбатыг “Монгол Улсын төлөө” буландаа урьж ярилцлаа.

 

 -НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг анх илгээхдээ нэлээдгүй сорилт давсан гэдэг. Энэ талаар яриагаа эхэлье?

 -1990-ээд онд манай Зэвсэгт хүчний өнгө төрх хэцүүхэн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харин Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байх асуудлыг 1992 оны Үндсэн хуулиар шийдвэрлэж, улмаар “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын дагуу Монгол Улсын “Цэргийн номлол”-ыг 1994 онд анх баталж, улс төр-дипломатын аргаар үндэсний аюулгүй байдлаа хамгаалах, цомхон, чадварлаг Зэвсэгт хүчинтэй байх зорилтыг тодорхойлж өгсөн. Энэ үед БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгээс Монгол цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээх талаар судалгаа хийж, бэлтгэлийг хангасан тохиолдолд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжтой гэдэг дүгнэлтийг гаргасан юм. Гэвч, тухайн үед Зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагааны чадавх, эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байсан.

Харин 1997 онд энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиг үүрэг бүхий батальоныг байгуулж, 1998 онд “Цэргийн номлол”-ыг шинэчлэн “Энхийг сахиулах олон улсын хамтын ажиллагаанд оролцох” үүргийг нэмж оруулснаар 1999 онд Монгол Улсын Засгийн газар “Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай” тогтоол гаргасан. Үүний дараа НҮБ-ын байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүн орныхоо үүргийг гүйцэтгэн энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг оролцуулах, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах боломж бүрдэж,  2002 онд УИХ-аас “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийг хэлэлцэн баталсан. Энэ нь тайван цагт Монгол Улсын Зэвсэгт хүчнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, түүний гүйцэтгэх үүргийг албан ёсоор хуульчлан баталгаажуулсан чухал ач холбогдолтой байсан юм.

 -Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны ач холбогдол, үр ашгийг хэрхэн харж байна вэ?

-Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор олон улсын хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын байр суурийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Зэвсэгт хүчний үндсэн болон хуулиар хүлээсэн бусад үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, гадаад, дотоод нэр хүндийг өсгөх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Түүнчлэн цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болдог гэж дүгнэж болох юм. Бүр тодруулбал, Монгол цэргийг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бодлого, үйл ажиллагаа нь олон сорилт, бэрхшээлтэй тулгарч, тухай бүрд нь зөв, оновчтой шийдвэрлэсний үр дүнд өнөөдрийн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх ойлголтыг бий болгосныг тэмдэглэж хэлэх хэрэгтэй. 

 -Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан. Ойгоо хэрхэн угтаж байна вэ?

 -Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны оролцоог сурталчлах, энхийг сахиулагчдын алдар, гавьяа, түүхэн замналыг мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажилдаа ороод байна. Ажлын хэсгийг  ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг ажиллаж байгаа Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо зөвлөж байгаа. Зэвсэгт хүчний хэмжээнд 20 жилийн ойн хүрээнд чиглэл бүрээр төлөвлөгдсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулах салбар комиссууд байгуулагдан ажиллаж байгаа. 

 -НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын оролцооны талаар бүс нутгийн орнуудын олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гэж манай улс мэдэгдсэн. Хэр олон улсыг хамруулах вэ? 

 - Олон улсын хурлыг 2022 оны зургадугаар сарын 16-18-ны өдрүүдэд “Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд тулгарч буй сорил, бэрхшээл, сайн туршлага” сэдвээр Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод зохион байгуулна. Мөн 2022 онд “Хааны эрэлд” сургуулийн хүрээнд анх удаа “Эмэгтэйчүүд, Энх тайван ба Аюулгүй байдал” сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Сургалтад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн эмэгтэй цэргийн алба хаагчдын болон Төрийн цэргийн байгууллагуудын эмэгтэй төлөөлөл хамрагдана.

  -Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цаашдын оролцоо ямар байх вэ?

 - Монгол төрийн хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд энхийг дэмжих ажиллагаанд оролцох Зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэхээр тусгасан нь Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны хэтийн төлөв нь харагдаж байна гэж ойлгож болно. Бид энхийг дэмжих ажиллагааны оролцоогоо чанаржуулан төрөлжүүлэх замаар нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Тухайлбал, удирдах албан тушаалтны тоог нэмэгдүүлэх, төрөл мэргэжлийн цэргийн оролцоог бий болгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд ойрын хугацаанд мотобуудлага, эмнэлэг, барилга-инженерийн, дунд хугацаанд тусгай хүчин, цэргийн цагдаа, алсдаа агаарын цэргийн салбаруудаа энхийг сахиулах ажиллагаанд илгээх нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд шинээр оролцуулахаар төлөвлөж буй “Түргэн байрлах хүчний рот”, “Барилга, инженерийн рот”, “Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийн цэргийн багууд НҮБ-аас тавьж буй ерөнхий шаардлагад нийцэж байгаа эсэх, цэргийн багийн үндсэн тоног, төхөөрөмж болон өөрийгөө нөхөн хангах хэрэгсэл нь үүрэг гүйцэтгэх боломжтой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх НҮБ-ын “Үнэлгээ зөвлөмжийн үзлэг”-т өнгөрсөн сард зайнаас амжилттай шалгуулаад байна. Тиймээс монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойгоо шинэ ажиллагаа, шинэ цэргийн багийг илгээх ажлаар угтана гэдэгт итгэл дүүрэн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.16 ПҮРЭВ № 246 (6723)

 

Иргэн
Мотобуудлага гэж яг ямар буудлагыг хэлээд бхйна аа?
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

10 цаг 29 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

10 цаг 52 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

18 цаг 12 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

18 цаг 12 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

18 цаг 12 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10