• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Тимоти Шаламе: Бидний зураг сонинд гархаас өмнө энэ миний хамгийн сайхан шөнө гэж бодож байлаа

2021-11-23 08:00

З.БАТЦЭЦЭГ

Тимоти Шаламе 22 насандаа “Намайг нэрээр минь дууд” киногоор Оскарт нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин болж байсан. Одоо 25 настай тэрбээр Холливудын шилдэг жүжигчдийн нэг болжээ. Түүний тоглосон кинонуудыг үзэгчид, шүүмжлэгчид сайнаар хүлээж авдаг. Удахгүй дэлгэцнээ Уэс Андерсоны найруулсан “Францын элч. Либерти. Канзас ивнинг сан сонины хавсралт” кино гарна. Энэ кинонд Билл Мюррей, Фрэнсис Макдорманд, Бенисио Дель Торо, Тильда Суинтон, Эдриен Броуди нар тогложээ. Тимати Нью-Йоркийн авьяастай хүүхдүүийн сургуульд явж байхдаа л кинонд тоглож эхэлсэн. Түүнээс ярилцлага авч байхад 1920-оод оны Холливудын одтой ярилцаж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа гэж www.7dn.ru бичжээ.

-Та сүүлийн гурван жил их нэрд гарч байна. Энэ жил гэхэд Вена, Каннын кино наадамд оролцлоо. Та Каннд анх удаа ирэв үү?

-Тийм ээ. Хамгийн инээдтэй нь манай эгч Полин балетаар хичээллэдэг, Каннаас холгүйхэн зуны зусланд их ирдэг байсан. Би ч бас Францад их ирж байсан. Гэхдээ наадмын үеэр энд ирж байгаагүй юм байна. Манай “Франц элч” киноныхон Уэс Андерсоны хувийн автобусаар ирсэн. Бид азаар цар тахлаас өмнө зураг авалтаа дуусгаж амжсан. Хөл хорионы дараа Каннд ирэхэд бид энэ киног тэс өөр цаг үед хийсэн юм шиг мэдрэмж төрж байсан. Би их азтай хүн. Хамтран ажилласан бүх найруулагч яг Уэс Андерсон шиг. Би өмнөх ажлаа хийхээс өөр юунд ч санаа зовдоггүй.

-Уэс Андерсон энэ кинондоо өмнө нь хамтран ажиллаж байсан хайртай жүжигчдээ урьсан байна. Ганцхан та л шинэ хүн. Эвгүй байгаагүй юу?

-Ичиж байсан. Зураг авалтаас хэдэн долоо хоногийн өмнө тэр надад захиа илгээсэн “Би сүүлийн жилүүдэд залуу жүжигчидтэй ажиллаагүй. Тэд бэлэн биш байсан...”. Мэдээж би үүний дараа аль болох итгэлийг нь алдчихгүй гэж их хичээсэн. Түүний кинонуудыг би үзсэн. Стиль, өнгөөрөө их ер бусын бүтээлүүд. Гэхдээ утга учрыг нь ололгүйгээр түүний хэлснийг дагаж мөрдөж болохгүй. Миний хувьд учрыг нь олоход Андерсоны найруулсан, Рэйф Файнсын тоглосон “Отель Гранд Будапешт” их нөлөөлсөн. Зураг авалтын үеэр Францад би редакторынхоо хажуу өрөөнд амьдарч байсан. Энэ их азтай явдал болсон. Кино гурван хэсгээс бүрддэг. Тэгээд тэр надад бусад жүжигчний тоглосон хэсгүүдийг үзүүлж байсан. Би Эдриен Броуди, Бенисио Дель Торо, Леа Сейду нарыг хараад ямар мундаг жүжигчид вэ гэж бодож байлаа.

-Та Фрэнсис Мэкдормантай хамт тоглосон. Та хоёрын тоглосон хэсэг бодит сэдэв дээр тулгуурлаж бүтээсэн. Сэтгүүлч эмэгтэй, залуу хувьсгалч-оюутан залуу хоёрын хайр сэтгэлийн тухай?

-Би Фрэнсистэй өмнө нь тааралдаж байсан. Бид хоёр нэг агенттай. Гэхдээ түүнтэй дуугарахаас айдаг байсан. Тийм том од надтай юу ярих вэ дээ. Тэр “Нүүдэлчдийн нутаг” кинонд тоглож дуусаад бидэнтэй нэгдсэн. Дараа нь энэ киногоороо тэр Оскар авсан. Мэдээж миний сэтгэл хөдлөлгүй яахав. Бас баярласан. Ийм том жүжигчидтэй эртхэн тоглож эхлэх тусмаа сайн. Үүнээс хойш би өөрийгөө драмын жүжигчдийн ангилалд багтсанаа мэдэрч байгаа. Фрэнсис бид хоёр их ярилцсан. Амжилт гэдэг бол урт зам эсвэл гишгүүр ихтэй өндөр шат. Чи эхний гишгүүр дээрээ гялалзаж болох ч тун удалгүй чамайг бас мартаж болно. Бид гэр бүлийн талаар их ярьсан. Чиний сонгосон хүн уран бүтээлч байвал сайн. Учир нь чамайг ойлгоно. Фрэнсис шиг, түүний нөхөр алдарт найруулагч Жоэл Коэн. Тэр эхнэртэйгээ уулзах гэж ирэхэд нь бид хэд хэдэн удаа юм ярилцаж алхсан. Насны зөрүүг үл харгалзаад бид эн тэнцүү харилцсан. Би ер нь ахмад жүжигчидтэй ярилцах дуртай. Манай эмээ намайг заримдаа үеийхэнтэйгээ гарч байгаач гэдэг.

-Киног Францын жижигхэн хотод хийсэн. Та өөрөө Нью-Йоркт төрсөн. Гэхдээ аав чинь Франц хүн. Та францаар сайн ярьдаг байх аа?

-Тийм ээ. Би бас Францын иргэншилтэй. Энэ хот миний зуны амралтаараа аав дээрээ ирж өнгөрүүлдэг байсан хоттой их ижил. Тэнд удаан амьдрахаараа би францаар бодож эхэлдэг, бүр францаар зүүдэлдэг байлаа. Нэгэн цагт мэргэжлийн хөлбөмбөгч болох гэж мөрөөдөж байсан. Францын хөлбөмбөгийн зуны зусланд 10 насны хүүхдүүдийг бэлддэг байсан. Би тэгэхэд 13 настай байсан.

-“Франц элч” киноны зураг авалтын уур амьсгал студийн киноноос өөр байсан уу?

-Бүгд жижигхэн буудалд хамт байсан. Холливуд шиг гоё тансаг зүйл байгаагүй. Яг өнгөрсөн зууны жүжигчид шиг. Өдөр бүр оройн хоолон дээр Билл Мюррей онигоо ярьж байсныг хэзээ ч мартахгүй. Сүүлчийн үдэш би босоод У.Андерсонд надад ийм боломж олгосонд нь талархсан. Өөр бас хэдэн хүн босоод түүнд сайхан үг хэлсэн. Мэдээж тэр дороо Билл биднийг шоолж, тоглоом хийлгүй яах вэ. Билл бол энэ олон жилийн карьерын явцад ажлаасаа залхаагүй гайхалтай жишээ. Анх удаа кинонд тоглож байгаа юм шиг түүний баярлаж, догдолж, санаа зовж байгааг харах сайхан байсан.

-Та 22 насандаа “Намайг нэрээр минь дууд” киногоор Оскарт нэр дэвшсэн. Ийм амжилтын дараа толгой чинь эргээгүй юу?

-Миний галзуураагүй шалтгаан бол маргааш нь Үнсгэлжин дээр гардаг шиг миний сүйх тэрэг хулуу болж хувирсан. Би Нью-Йоркод буцаж ирээд мөнгөгүй, байргүй, найзуудынхаараа амьдарч байлаа. Аав ээжтэйгээ амьдрахыг хүсээгүй юм. Өвлийн сүүл сар, аймаар хүйтэн. Оскарын өмнө сурталчилгаанд зориулж миний тухай гаргасан худал домгийг мартахыг хүсэж байсан. Ямар нэгэн хүлээн авалт дээр академийн гишүүний саналыг авах гээд өөрийгөө танилцуулна. Тэгэхээр өөдөөс “Аан тийн. Гэхдээ чиний тоглосон киног үзэж амжаагүй байгаа” гэдэг. Олон хүний хувьд би хоосон орон зай хэвээрээ байсан.

-Таны олон фэн хувийн амьдралыг чинь сонирхож байгаа? (Тэрбээр 2013 онд Мадоннагийн охин Лурдестэй болзож байсан. Дараа нь Жонни Деппийн охин Лили Роузтай 2020 он хүртэл хамт байсан байна)

-Хайрын хүчээр л бид амьд байдаг. Анхны болзооноос их зүйл ойлгомжтой болдог. Гэхдээ би ийм асуултад хариулахад бэлэн биш байна. Лили бид хоёр Венийн наадамд киногоо танилцуулчихаад жаахан амрахаар шийдсэн юм. Каприд очоод далайд завьтай гарлаа. Би тэр өдөр дэлхийн хамгийн аз жаргалтай хүн байсан. Хайртай бүсгүйтэйгээ бүтэн өдөржингөө далайд хамт байна гэдэг. Гэтэл маргааш нь бид хоёрын зураг хэвлэлээр нэг. Холоос зураг дарсан байж. Тэгээд тайлбар нь худлаа тэврэлдэж байна. Энэ пиар байна гэсэн байсан. Ёстой санаанд багтамгүй. Түүнээс хойш би нууцлах болсон.

-“Дюна” бол таны карьерт тохиолдсон том бүтээл. Найруулагч Дев Вилнев энэ дүрд таниас өөр хүнийг харахгүй байна гэсэн?

-Ден Вильнев надтай уулзъя гэж утасдахад би номны талыг нь уншсан байсан. Уншсан хэсгээ эрээн цоохор болтол нь тэмдэглэсэн байсан. Энэ роман 60 жилийн өмнө бичигдсэн ч гэсэн одоог хүртэл хүмүүсийн сонирхол татсан хэвээр. Олон хүн энэ номыг уншиж өссөн болохоор би үүнийг Харри Поттертай зүйрлэдэг. Ден анх надтай уулзаад киногоо яаж хийх талаар санаагаа хэлж байхдаа өрөөн дундуур холхиж байсныг би мартдаггүй юм. Миний хувьд зүүд шиг л байсан. Жилийн өмнө найзуудындаа амьдарч байсан надад энэ том аз. Би найруулагчдыг хүндэлдэг. Бид тэдний механизмын жижигхэн эд анги. Би одоо “Вилли Вонка” кинонд тоглож байгаа. Саяхан бид киноныхоо хөгжмийг Битлзийн бичлэг хийлгэж байсан алдарт Эбби-роуд студид бичүүлсэн. Тэгэхэд би өөрийгөө энэ домогт газар би юу хийж байна гэж бодсон.

-25 насандаа нэрд гарах ямар байна?

-Би үүнийг үгүйсгэхгүй. Заримдаа би энэ бүгдийг давж гарч чадах болов уу гэж боддог. Заримдаа бол зүгээр, арай өөдрөг байдаг. Миний шүтэж явдаг жүжигчин надад зөвлөгөө өгсөн. Би нэрийг нь хэлэхгүй ээ, гомдчихно. Тэр “Хар тамхинаас хол бай. Ямар ч супер баатрын дүрд битгий тогло” гэж зөвлөсөн.

-Сайхан зөвлөгөө байна. Та оддын өвчнөөс хол байж чадах юм шиг байна?

-Кино од гэдэг үг надад үхэл гэж байгаа юм шиг сонсогддог. Нээрээ шүү. “Би зүгээр л жүжигчин. Би зүгээр л жүжигчин”. Энийг дотроо үргэлж хэлж явдаг.  

Эх сурвалж: www.polit.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.