Монгол нутагтаа тэрбум мод ургуулчихвал мөн сайхан аа

2021-11-08
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Шотландын Глазко хотноо явагдаж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы” индэр дээрээс  ерөнхийлөгч маань “2030 он хүртэл Монголчууд тэрбум мод тарина” гэж НҮБ-ын индэр дээрээс хийсэн амлалтаа дахиад батламжилчихлаа. Одоо яана аа, нөхөд өө. Хэлэхэд амархан хийхэд хэцүү дээ.

Энэ ачааллыг нуруун дээрээ үүрдэг гол хүмүүс маргааш цуглаж ирэх долоо хоногийн турш “Яаж?” гэдгээ ярилцах гэж байна. Үүнтэй холбогдуулан өөрийн санал бодлоо ард олонтойгоо хуваалцъя гэж бодлоо. Сануулахад, 90-ээд оны ардчиллын залуучуудын жалга руу таягдаад чулуудчихсан Бал даргын  социализмын үед ойн ашиглалттай зэрэгцээд нөхөн сэргээлт, мод үржүүлгийн ажил муугүй хийгддэг байлаа.

70-аад оны үед байгуулагдсан Ой модны аж үйлдвэрийн яам удирдан мод ихээр хяргаж байсан нь үнэн. Тэр үед одоогийнхтой адил газар нутгаа ухаж төнхөж гадагш нь гаргадаг уул уурхай байгаагүй ядуу Монгол эдийн засагаа ойгоо ашиглан нөхөхөөс өөр нөөц бололцоо байгаагүй. Тэр үед ойн баялагаа ашиглан төсвийнхөө 10 хүртэл хувийг бүрдүүлдэг байсан нь хөдөлшгүй баримт. Гэхдээ үүнтэй зэрэгцээд  Завхан, Архангай, Булган Сэлэнгэ, Төв, Хэнтий... гээд аймгуудад мод үржүүлгийн аж ахуйнууд олноор нь байгуулж, мэргэжлийн боловсон хүчин ажилчдыг бэлтгэн сургаж, ойн нөхөн сэргээлтийг жинхэнэ номынх нь дагуу хийдэг байлаа.

90-ээд онд энэ системийг төрөөс зориуд зохион байгуулалттайгаар дампууруулж, Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сумд, Хялганат орчмын нутагт ургадаг жаахан тужийн нарсаа сорчлон хядаад өмнөд хөрш рүү ачуулсан. Тэр үед мод гаргаснаар Монголын эдийн засаг сэхсэн сэргэсэн гэвэл тэрнээс худлаа юм байхгүй. Дараахан нь Хялганат, Түнхэл тосгоноор явж байхдаа тэр үед мод гарган “цулайж” байсан хүмүүсийн амьдрал яаж доройтсоныг нь харахаас  нүд хальтирмаар болчихсон байсан. Нөгөө лус савдгийн хараал тусчихсан юм уу гэлтэй.

Муруй хазгай, эв хавгүй бие бялдартай байсныхаа ачинд Хятадуудад гологдон амьд мэнд үлдсэн жаахан хар мод маань хулгай, түймэрт автаж, өт хорхойнд идүүлээд, өтөлж хөгшрөөд өнөөдөр амь тавихад тун ойрхон байна.  Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Завханы их ой байнга жил болгон шахуу түймэрт өртдөг. Түймрийн эзэн холбогдогч нь тогтооддоггүйгээс гадна ихэнх нь хойноос орж ирдэг боловч бид оросуудаас “айгаад” дуугаа хураацгаадаг. Өөрчлөх цаг нь одоо болсон, үүнтэй холбоотой гэрээ хэлцэл манай хоёр орны хооронд байдаг эсэх нь бүү мэд.

Дэлхийн баячууд уур амьсгалын өөрчлөлтөнд хүчин зүтгэсэн орнуудад тэрбум тэрбумаар нь ч хамаагүй доллар хандивлана гэдгээ сая Шотландаас мэдэгдлээ. Түүний дотор бидний сайн мэдэх “Амазон” компани 10 тэрбумыг өгнө гэдгээ бүр уржнан зарлачихсан гэжуга. Хулхидчих вий дээ, энэ  нөхдүүд. Байнга сануулж байхад гэмгүй л байх. Үг олдож үхэр холдов, үндсэн асуудалдаа оръё.

Нэгэн зүйл. Юуны өмнө ирэх арван жилд үлдсэн жаахан ой модоо яаж хамгаалахав нөхөн сэргээхэв гэдгийгээ давхар бодолцсон төрийн бодлого хэрэгтэй байна. Тэртээ 50-60 жилийн өмнө тайраад хаячихсан модны хожуулын үндэс өгөрч ялзраад дээр нь мод ургуулах таатай орчин бүрдсэн. Түүнийг нь ашиглаад “нэг хожуул-нэг мод” гэсэн төсөл хэрэгжүүлбэл ямрав? Ингэвэл хожуул бүрийг газартай нь тэгшлэн тайрч боловсруулж борлуулаад тэрбум мод төслийн санхүүжүүлэлтэнд нэмэрлэх, нөгөө талаас ойн цэвэрлэгээ хийж нэг сумаар хоёр туулай буудаж болно.

Нэгэн зүйл. Тэрбум модыг цөөхөн хүн амдаа хуваагаад үзвэл аманд багтахааргүй аймаар тоо гарна. Мод тарих ажлыг албан газрууд, пүүс компани, цэргийн ангиуд гээд компаничлах юм бол амархан л даа, гэхдээ яаж арчилж ургуулахав гэдэг л шүдний өвчин болно. Юуны өмнө мод тарихаар санаа шулуудсан иргэн бүрт “Яаж, ямар аргаар?” гэдгийг нь зааж сургах анхан шатны  экологийн боловсрол олгох ёстой. Тэгэхгүй бол сохор хүнд  хүрз бариулсантай адил юм болно. Харандаан чинээ модыг аягынхан чинээ нүхэнд суулгачихаад манай албан газар тэдэн мод тарилаа гээд одоогийнх шиг дэвхцээд байвал энэ ажил яваандаа нуран унах нь гарцаагүй.

Нэгэн зүйл. Мал дагавал ам тостдогийг  мэддэг Монголчуудад мод таривал амьдрал нь  дээшилж  болдогийг харуулахын тулд хамгийн гол нь эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Хоёр жилийн өмнө Ордосд явж байхдаа нэг өвөр монгол залуугийн ярихыг сонсоод хятадууд яагаад жилд мянга мянган км ногоон хэрэм босгоод байгаагийн учрыг олсон шүү. Тэд таван жилээс дээш настай, 1 метрээс доошгүй өндөртэй модыг хаа ч байсан хамаагүй өндөр үнээр худалдаж авч тухайн айлыг урамшуулдаг, тэднийг дагаад хүн болгон мод тарих эрмэлзэлтэй болдог. Яагаад гэвэл хүний өөрийн хаа ч байсан ялгаагүй мод л бол мод. Тэд хүний өөрийн ялгаагүй ургасан орчныхоо агаарыг цэвэршүүлдэг, дэлхийн дулаарлын үндсэн шалтгаан болсон нүүрсхүчлийн хий болон утаа тоос дуу чимээ шингээдэг учраас.

Хятадын төр засгийнхан шинээр тарих гэж байгаа модоо нэгбүрчлэн үнэлээд тарих газрыг нь сонгож, усалгаа, бордооноос авахуулаад ургах нөхцлийг нь бүрдүүлэх зардлыг нь өгчихөөд таван жилийн хугацаатай хатуу гэрээ хийдэг юм байна. Тарьж ургуулж чадах модных нь тоогоор 30 хувийнх нь урьдчилгааг шууд өгчихдөг, гэрээнийхээ дагуу жил бүр 10 хувийг нь урсгал зардал маягаар авсаар модоо ургуулж улсад тушаасныхаа дараагаар  үлдсэн мөнгөө 100% авдгийм байна. Энэ нь тухайн айл хот суурин газар очоод байр орон сууц худалдаад авчихад хүрэлцээтэй хуримтлал байдаг авч, нэгэнт модны “амтанд орчихсон” хүмүүс хэдэн малаа ч тоохоо байчихдаг гэнэ. Хүнээр өтчихсөн Хятад улс ийм маягаар жил бүр мянга мянган га-гаар хэмжигдэх газар ойжуулалт хийж, элсэн цөлийг бүү хэл хад асгатай уулыг хүртэл ногооруулж байна.

Нэгэн зүйл. Мод үржүүлэг эрхэлдэг аж ахуйнуудад мөнгийг зүгээр тараагаад өгчих биш  төсөл шалгаруулах замаар дээрх маягаар гэрээгээр санхүүжилт олгож, хамгийн гол нь санхүүжилтийг нь шилэн болгочихвол энэ ажил инерцээрээ өөрөө  явчих боломжтой. Одоогийн мод үржүүлгийн газруудын хамгийн том бэрхшээл бол газрын асуудал байдаг. Хамаг өнгөтэй өөдтэй газрууд нь наймааны сүлжээнд орчихсон болохоор усны боломжтой үржил шимтэй газрууд нь одоо үнэд орчихсон. Газрын  асуудлыг шууд шууд шийдээд өгчих юм бол энэ ажил цаашаа явна. Харин мод тарина гэж газар авчихаад байшин барилга  бариад эхлэх юм бол шууд хураадаг хууль нь үйлчлэг.

Нэгэн зүйл. Мод тарьж ургуулахад нэг их эрдмийн цол зэрэг, өндөр боловсрол хэрэггүй. Түүнийг ургуулах гэсэн тухайн хүний чин сэтгэл, дадлага туршлага юунаас илүү чухал. Би хашаандаа хэдэн мод тарих гэж 15 жил ноцолдлоо. Надад МГУ-д 10-аад жил сурсан эрдэм боловсрол айхтар тусалсангүй, харин шороотой хутгалдсан хүч хөдөлмөр, хэлний мэдлэг маань л тус дэм боллоо. Ямар модыг яаж тарьдгийг заагаад зөвлөөд өгчих комьпютер гар утас интернет хааяагүй байна, гагцхүү орчуулагчгүй уншаад ойлгочих хэлний мэдлэг л эхний ээлжинд хэрэгтэй.

Мод тарих орчин үеийн технологи үсрэнгүй хөгжжээ. Дрон ашиглаад ганцхан жилийн дотор сая сая га-д мод тарьчихаж ч болно. Харин яаж ургуулах вэ гэдэг дээр л ухаан санаагаа уралдуулцгаая даа.

 “Манай дэлхий сансраас харахад мөн гоё үзэсгэлэнтэй шүү. Тэгэхдээ өчүүхэн жижигхэн юм билээ. Хайрлаж яваарай, Хүмүүсээ” гэж сансарт ниссэн анхны Монгол хүн хэлсэн. Тэр гоо үзэсгэлэнг  бүрдүүлэгч нь ой мод юм шүү дээ.

Ш.Пүрэвсүрэн 2021-11-07

 

 

 

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

14 цаг 45 мин
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

15 цаг 8 мин
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

22 цаг 28 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

22 цаг 28 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

22 цаг 28 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Уржигдар 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Уржигдар 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Уржигдар 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Уржигдар 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

2026-08-10