Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

2026-08-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Н.ТҮШИГ

 

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулж, дундаж үнийг мэдээлдэг. Зах зээл дээрх үнэ нь бүтээгдэхүүний төрөл, худалдааны цэг, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Иймээс статистикийн дундаж үнэ тухайн худалдааны цэгүүдийн лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байгааг тодруулъя.

ҮСХ-ны статистикчид даваа гараг бүр иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг худалдааны төвүүдээс мэдээллээ авдаг. Үүнд Барс, Саруул, Бөмбөгөр зэрэг зах, худалдааны төвүүд болон Номин, Оргил, И-Март зэрэг сүлжээ дэлгүүрийн 13 төлөөлөл багтдаг. Эдгээр газраас ижил савлагаа, хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүний үнийг авч, дундаж үнийг гаргадаг. ҮСХ-ны 1212.mn сайтад наймдугаар сарын 3-ны мэдээлсэнээр нэг килограмм цагаан будаа 5000 төгрөг, нэг ширхэг өндөг 616 төгрөгийн дундаж үнэтэй байв. Нэг килограммын савлагаатай “Алтан тариа” дээд гурил 3512 төгрөг, I зэргийн гурил 2521 төгрөг. Үхрийн гуяны цул махны дундаж үнэ нэг килограмм нь 37767 төгрөгийн үнэтэй байна.

Наймдугаар сарын 7-нд Барс, Саруул, Бөмбөгөр, Хархорин, Их наяд зах болон Оргил, Emart, Carrefour, Номин гэсэн есөн байршилд худалдаалагдаж буй ижил брэндийн барааны үнийг судалж, харьцууллаа. Судалгаанд өндөг, үхрийн гуяны цул мах, цагаан будаа, “Улаанбаатар” болон “Алтан тариа” брэндийн гурилын үнийг хамрууллаа. Тухайлбал, үхрийн гуяны цул махны үнэ Барс захад нэг килограмм нь 36000 төгрөг байсан бол Саруул захад 42000 төгрөг хүрч, худалдааны хоёр цэгийн хооронд 6,000 төгрөгийн зөрүүтэй байв. Харин Монголд үйлдвэрлэсэн өндөгний үнэ 530-660 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бөгөөд дундаж үнэ нь 617 төгрөг байлаа. Гурилын бүтээгдэхүүний хувьд “Улаанбаатар” дээд гурилын дундаж үнэ 3951 төгрөг, “Алтан тариа” дээд гурилынх 3621 төгрөг байв. Мөн “Алтан тариа” 1 дүгээр гурилын дундаж үнэ 2,534 төгрөг байгаа нь “Улаанбаатар” 1 дүгээр гурилын дундаж үнээс бага зэрэг хямд байлаа.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний үнийн зөрүүтэй байдлын талаар иргэдийн байр суурийг тодрууллаа.

Барс худалдааны төвөөр үйлчлүүлэгч Б.Баясгалан: -Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үнэ илт нэмэгдэж байгааг анзаарсан. Өмнө жилүүдэд цаг хугацаагаа хэмнээд өөрт хамгийн ойр байгаа дэлгүүр, худалдааны төвүүдээс хүнсээ цуглуулдаг байсан. Харин одоо мах, ногоо хаана хамгийн хямд үнэтэй байна, тэндээс зорьж худалдан авалт хийдэг болсон. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүн авахдаа аль болох хямд газраас авахыг хичээдэг. Өнгөрсөн жилүүдэд Үндэсний их баяр наадмын дараагаас махны үнэ буурдаг байсан ч энэ жилийн хувьд хангалттай хэмжээнд буурсангүй. Уг нь манай улсад мал, махнаас их юм байхгүй шүү дээ. Гэтэл одоогийн хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүн нь мах болчихсонд би хувьдаа нэлээд гайхаж байгаа. Сошиал, мэдээгээр олон үнийн мэдээлэл гардаг ч очоод худалдаж авъя гэхээр зарим үед илүү үнэтэй байх тохиолдол байдаг.

Бөмбөгөр худалдааны төвд худалдаа эрхлэгч Г.Сүхболд: -Өмнө нь дотооддоо үйлдвэрлэдэг гурил, сүү, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх тохиолдол олон байсан. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн хувьд иргэдийн нуруун дээр хэтэрхий их ачаа болох хэмжээнд үнэ нь өссөн. Би олон жилийн турш худалдаа наймаа эрхэлж байна. Энэ хугацаанд бараандаа аль болох нэмэлт өртөг шингээхгүй, боломжийн үнээр бараагаа заръя гэж боддог байсан ч нийлүүлэлтийн шат дамжлага бүрд барааны үнэ, өртөг нэмэгдсэн. Түүнчлэн инфляц өсөхтэй зэрэгцээд түрээс, тээврийн үнэ өссөн болохоор үнэ нэмэхээс өөр аргагүй болсон. Надтай адилхан олон худалдаа эрхлэгч, нийлүүлэгч иймэрхүү нөхцөл байдалд байгаа. Одоо шатахуун, түлшний хомсдол, зам засвар гэх мэт шалтгаанаас болж барааны үнэ ахиад л өсөх байх. Адилхан амьдрах гэж хичээж байгаагийн хувьд үнэ ахиад нэмэхээс өөр аргагүй болох байх даа. .

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд эрэлт, нийлүүлэлт, үйлдвэрлэл, тээвэр, шатахууны үнэ зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд 2026 оны тавдугаар сарын 14-нд өгсөн ярилцлагадаа дөрөвдүгээр сард жилийн инфляц 10.1 хувьд хүрч, өмнөх сараас 2.7 нэгж хувиар өссөн нь голчлон нийлүүлэлтийн шалтгаантай байсныг тайлбарласан.

Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс 38 орчим хувиар өсөж, инфляцыг дангаараа 1.3 нэгж хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор шатахууны дундаж үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас 11 хувиар өсөж, жилийн өмнөхөөс 17 орчим хувийн өсөлттэй гарсан нь инфляцыг жилийн дүнгээр нэг нэгж хувиар нэмэгдүүлэх нөлөө үзүүлжээ. Ийнхүү тухайн сарын инфляцын 2.7 нэгж хувийн өсөлтийн хоёр нэгж орчим нь мах, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Тиймээс статистикийн дундаж үнэ болон лангуун дээрх үнэ хоорондоо зөрж байгаа нь аль нэг нь буруу гэсэн үг биш. ҮСХ тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулсан үнийг нэгтгэн дундаж үзүүлэлт гаргадаг бол хэрэглэгч тухайн өдөр, тухайн худалдааны цэгт байгаа бүтээгдэхүүний үнийг төлдөг. Харин энэ хоёр үнийн хоорондын зөрүүг нийлүүлэлт, тээвэр, түрээс, шатахуун зэрэг зардал, бүтээгдэхүүний төрөл, чанар болон худалдааны цэгийн ялгаа тайлбарлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 149 (7891)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21