Н.ТҮШИГ, Т.БАТСАЙХАН
Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн эрхийг зөрчих тохиолдол байсаар байна. Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд хуулиас давсан журам, зохицуулалтыг цэгцлэх шаардлагатай талаар байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярт хуулиас давсан 1000 орчим журмыг хянан үзэж, хүчингүй болгох ажлыг зохион байгуулах үүрэг өгч байсан билээ. Гэвч энэ ажил бодит амьдрал дээр ямар үр дүнд хүрэв гэсэн асуулт өнөөдөр ч хариултаа нэхсээр байна. Хагас жил гаруйн хугацаа өнгөрсөн ч салбар бүрд хуулиас давсан, иргэдийн эрхийг хязгаарласан зохицуулалт байсаар байгаа нь төрийн бодлого, хэрэгжилтийн хоорондын зөрүүг харуулж байна. Үүний нэг тод жишээ нь боловсролын салбар дахь зохицуулалт юм.
2023 онд салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан багш, ажилтны хүүхдийг тэтгэлэгт хамруулах эрх зүйн боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, олон жил боловсролын салбарт зүтгэсэн багш, ажилтныхаа хөдөлмөрийг үнэлж, үр хүүхдэд нь дэмжлэг үзүүлэх бодлогын шийдвэр гарсан гэсэн үг. Гэвч хууль хэрэгжүүлэх зорилготой батлагдсан холбогдох журам нь уг эрхийг бүх хүүхдэд адил тэгш эдлүүлэхэд саад болж байна. Хуулиар олгосон эрхийг журмаар нарийвчлан зохицуулах нэрийн дор хязгаарлаж, зарим хүүхдийг тэтгэлгээс гадуур үлдээж байгаа бол энэ нь хууль дээдлэх зарчмын агуулгатай нийцэж байна уу гэсэн асуултыг зайлшгүй тавихад хүрнэ. Журам бол хууль биш. Харин хуулийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл байх учиртай. Хуульд нийцэхгүй журам, хязгаарласан зохицуулалтыг цэгцлэх тухай улс төрийн түвшний байр суурь бодит ажил хэрэг болж, иргэдийн эрхэд халдаж буй зохицуулалтуудыг салбар бүрд нэг бүрчлэн засах шаардлагатай байна.
УИХ-ын баталсан хуулийг Засгийн газар журмаар хязгаарлав
Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заасан байдаг. Мөн холбогдох журмыг Засгийн газар батлахаар хуульчилжээ. Энгийнээр ойлговол, төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын байгууллагад 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхэд уг дэмжлэгт хамрагдах эрхтэй гэсэн үг. Харин энд анхаарах нэг зүйл бий. Хуульд “холбогдох журмыг Засгийн газар батална” гэж заасан нь Засгийн газар хуулийн агуулгыг өөрчлөх, хуулиар олгосон эрхийн хүрээг өөрийн журмаар хумих эрхтэй гэсэн үг биш. Гэтэл Засгийн газар 2024 оны гуравдугаар сарын 6-нд 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг баталсан байна. Журмаар эрхийг хэрэгжүүлэх явцад хуульд тусгагдаагүй нэмэлт нөхцөл, шалгуур бий болгож, улмаар хуулийн заалтад хамрагдах ёстой хүүхдүүдийн зармыг дэмжлэгээс хасжээ. Энэ бол зөвхөн нэг гэр бүлийн хүүхэд тэтгэлэг авах эсэх тухай асуудал биш. Боловсролын салбарт олон жил ажилласан багш, ажилтны хөдөлмөрийг төр хэрхэн үнэлж байгаа, УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хэрхэн хангаж байгаа, цаашлаад хууль дээдлэх зарчим бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй тухай асуудал юм. УИХ-аас баталсан хууль нэг хэрэгжихдээ захиргааны журмын өмнө хүчин мөхөсдөж болохгүй. Ялангуяа багш, ажилтны хүүхдэд олгохоор хуульчилсан энэхүү дэмжлэгийн цаана боловсролын салбарт 15-аас дээш жил ажилласан олон мянган хүний хөдөлмөр, тэдний гэр бүлийн хүлээлт бий. Тиймээс “хуулийг хэрэгжүүлэх журам батална гэж заасан” гэх ганц өгүүлбэрээр асуудлыг хаах бус, баталсан журам нь хуулийнхаа үзэл санаа, агуулгыг бүрэн хэрэгжүүлж чадсан уу, эсвэл хуулиар олгосон эрхийг хязгаарласан уу гэдэгт бодитой хариу өгөх шаардлагатай.
Багш, ажилтны хүүхдүүд тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна
Хуулийн заалт нэг хэрэг, түүнийг амьдрал дээр хэрэгжүүлэх нь өөр хэрэг. Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заасан. Харин энэ эрхийг бодит амьдрал дээр багш, ажилтны хүүхдүүд хэрхэн эдэлж байна вэ. Энэ талаар бид боловсролын салбарт олон жил ажиллаж буй багш нараас тодрууллаа.
Кэйс:

Бага ангийн багш Б.А: Хуулиар боломж бий болсон ч бодит байдал дээр хүүхэд маань уг дэмжлэгт хамрагдаж чадсангүй
-Би ерөнхий боловсролын … дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. Энэ жил багш мэргэжлээр ажилласны 23 дахь жилдээ орж байна. Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6 дахь заалт 2023 онд батлагдсан. Тэр жил миний хүү оюутан болж, МУИС-д элсэн орсон. Тухайн үед сургуулийнхаа сургалтын албанаас энэ талаар тодруулахад хууль батлагдсан ч хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээлэл, заавар ирээгүй гэсэн хариу өгсөн. Дараа жил нь дахин лавлаж асуухад хяналтын тоо тогтоосон, тухайн хяналтын тоонд багтаагүй тохиолдолд тэтгэлэг, хөнгөлөлт олгох боломжгүй гэсэн тайлбар өгсөн. Ингээд хуулиар ийм боломж бий болсон ч бодит байдал дээр хүүхэд маань уг дэмжлэгт хамрагдаж чадсангүй.
Тэгвэл 21 жил цэцэрлэгийн багшаар ажиллаж буй О.Ц-ийн хувьд энэ жил хүү нь ШУТИС-д Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр элсэн оржээ. Тэрээр сүүлийн 15 жил тасралтгүй багшаар ажилласан байна. Чингэлтэй дүүргийн … дугаар цэцэрлэгийн багш О.Ц “Би цэцэрлэгийн багшаар нийт 21 жил ажилласан. Үүнээс сүүлийн 15 жил тасралтгүй ажиллаж байна. Хүү маань энэ жил ШУТИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр элсэн орсон. Багш, ажилтны хүүхдэд зориулсан тэтгэлгийн талаар мэдээлэл аваад ШУТИС-ийн сургалтын албатай уулзаж, тодруулсан. Тэгэхэд тэтгэлэгт хамрагдах магадлал маш бага гэсэн хариу өгсөн. Учир нь энэ жилийн хяналтын тоо бага байгаа гэж тайлбарласан. Мөн өнгөрсөн жил 150 орчим хүүхэд тэтгэлэгт хамрагдаж чадаагүй талаар хэлсэн. Тэтгэлгийн хүсэлтийг намар хүлээж авдаг учраас тэр үед нь хүсэлтээ гаргана” гэлээ Эдгээр багшийн ярианаас нэг зүйл тодорхой харагдана. Хуулийн 13.3.6-д 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг дэмжлэгт хамруулахаар заасан ч бодит амьдрал дээр хяналтын тоо, боломжит санхүүжилт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан бүх хүүхэд уг дэмжлэгийг хүртэж чадахгүй нөхцөл байдал үүсэж байна.
Хэрэв хуульд “15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг … суралцуулна” гэж заасан бол уг заалтыг хэрэгжүүлэхдээ хяналтын тоо тогтоож, тухайн тоонд багтаагүй хүүхдийг дэмжлэгээс хасах нь хуулийн үзэл санаатай нийцэж байгаа эсэхийг тайлбарлах шаардлагатай. Учир нь олон жил боловсролын салбарт ажилласан багш, ажилтнуудын хувьд энэ зохицуулалт нь төрөөс өгсөн нэг удаагийн амлалт бус, хуулиар бий болсон эрхийн баталгаа гэж ойлгогдохоор байна. Тиймээс асуудлын гол нь тэтгэлэгт хэдэн хүүхэд хамрагдсан бэ гэдгээс илүүтэй хуульд заасан эрхийг бүхэлд нь хэрэгжүүлэх боломжгүй болгож буй хяналтын тоо, шалгуур нь ямар эрх зүйн үндэслэлтэй вэ гэдэгт оршино. Хуулийг хэрэгжүүлэх журмаар бодит хэрэгжилтийг зохицуулж болно. Харин хуульд заасан эрхийг журмаар хязгаарлаж, улмаар олон жил ажилласан багш, ажилтны хүүхдүүдэд олгохоор хуульчилсан дэмжлэгийг бодит амьдрал дээр хүртээмжгүй болгож байгаа бол энэ асуудлыг төр өөрөө тайлбарлах ёстой. Хуульд заасан эрх цаасан дээр үлдэх ёсгүй. Хууль хэрэгжиж байгаа эсэхийг түүнийг эдлэх ёстой иргэдийн амьдрал л хамгийн тод харуулна.
Засгийн газар гурван төрлийн нэмэлт хязгаарлалтыг бий болгожээ
Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулахаар заасан. Энд “суралцуулж болно” гэж боломж олгосон хэлбэрээр бус, “суралцуулах” гэж үүрэг болгосон хэлбэрээр хуульчилсан нь анхаарах ёстой гол зүйл. Өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлагыг хангасан багш, ажилтны нэг хүүхэд энэ эрхийг эдлэх эрх зүйн үндэстэй бөгөөд төр үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж ойлгогдоно. Гэтэл Засгийн газраас баталсан холбогдох журмын 1.4-т тухайн жил дэмжлэгт хамрагдах багш, суралцагчдын “хяналтын тоо”, мөн олгох дэмжлэгийн хэмжээг тогтоохоор заасан байна. Тодруулбал, дэмжлэгт хамрагдах багш, суралцагч тус бүрээр, үргэлжлүүлэн суралцагчийн хувьд дээд боловсролын сургалтын байгууллагын нэрээр батлагдсан төсвийн хүрээнд жил бүрийн I улиралд багтаан боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор зохицуулжээ. Ингэснээр хуульд тусгагдаагүй “хяналтын тоо” буюу квот гэх ойлголт журмаар бий болж байна. Энэ нь зөвхөн квотоор хязгаарлагдахгүй. Журмын 7.7-д багш, ажилтны хүүхэд нь өмнөх улиралд сонгон судалсан бүх хичээлдээ амжилттай үнэлэгдсэн байх шаардлага тавьжээ. Гэтэл Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д ийм академик гүйцэтгэлийн шалгуур тусгагдаагүй. Мөн журмын 6.2.4-т багш, ажилтны хүүхэд төгсөөд гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах үүрэг хүлээхээр тусгасан байна. Энэ ч мөн хуулийн 13.3.6-д заагаагүй нэмэлт нөхцөл. Ингээд харвал хуулиар олгосон эрхийн хэрэгжилтийг зохицуулах ёстой журам нь гурван төрлийн нэмэлт хязгаарлалтыг бий болгожээ.
Нэгдүгээрт, хяналтын тоо буюу квот. Хуулиар шаардлага хангасан хүүхдийг суралцуулахаар заасан байхад хэдэн хүүхэд хамруулахыг төсвийн хүрээнд дахин тогтоож байгаа нь эрхийн хүртээмжийг хязгаарлах нөхцөл болж байна.
Хоёрдугаарт, академик гүйцэтгэлийн шалгуур. Хуульд байхгүй “өмнөх улиралд бүх хичээлдээ амжилттай үнэлэгдсэн байх” гэсэн нэмэлт шаардлагыг журмаар бий болгосон.
Гуравдугаарт, төгсөөд гурван жил мэргэжлээрээ ажиллах үүрэг. Энэ нь мөн хуульд тусгагдаагүй боловч журмаар хүлээлгэсэн нэмэлт материаллаг нөхцөл юм. Уг нь бол Засгийн газар “хэрхэн хэрэгжүүлэх вэ?” гэдгийг журмаар нарийвчлан зохицуулж болно. Харин “хэнд олгох вэ, хэнд олгохгүй вэ”, “ямар нөхцөлөөр эрхийг нь хязгаарлах вэ” гэсэн материаллаг асуудлыг хуулиар тогтоосон хүрээнээс давуулан дэд хуулийн актаар шинээр бий болгох нь өөр асуудал. Учир нь эрх олгосон хуулийн заалтыг хэрэгжүүлэх журмаар тухайн эрхийн агуулгыг өөрчлөх, хүртээмжийг нь хумих, хуульд байхгүй шинэ үүрэг, шалгуур бий болгох боломжтой эсэх нь зайлшгүй хуулийн хяналт, үнэлгээ шаардсан асуудал. Энгийнээр хэлбэл, хууль “эрх”-ийг бий болгосон байхад журам “хаалт” бий болгож болох уу. Хэрэв журмаар хуулиас давсан материаллаг хязгаарлалт бий болгосон нь тогтоогдвол энэ нь зөвхөн нэг тэтгэлгийн асуудал биш болно. Хэрэв хуульд заасан эрхийг хэрэгжүүлэхэд төсөв хүрэлцэхгүй байгаа бол тэр нь төрийн бодлого, төсөв төлөвлөлтийн асуудал. Харин төсөв хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр хуулиар олгосон эрхийг журмаар квотлож, улмаар шаардлага хангасан иргэдийн заримыг эрхээс нь хасаж байгаа бол төр үүнийхээ эрх зүйн үндэслэлийг тодорхой тайлбарлах ёстой. Хуульд “суралцуулах” гэж заасан байхад журмаар “хэдийг нь суралцуулах вэ” гэж дахин хязгаарлаж болох уу. Энэхүү хууль болон холбогдох журмын хэрэгжилт, багш, ажилтны хүүхдийн тэтгэлгийн талаар Боловсролын зээлийн сангийн Дотоодын зээл, тэтгэлэг хариуцсан мэргэжилтэн С.Наранчимэгээс тодрууллаа. Тэрээр “Энэ тэтгэлэг нь боловсролын салбарт олон жил ажилласан багш, ажилтан болон тэдний ар гэрийг дэмжиж байгаа дэмжлэгийн нэг хэлбэр. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй багшийн хүүхэд шаардлагатай материалыг бүрдүүлж, элссэн их, дээд сургуулийнхаа сургалтын албанд хүсэлт гаргана. Харин тухайн улирлын санхүүжилтээс хамаарч тэтгэлэгт хамрагдах суралцагчдын тоо хязгаарлагддаг. Товчхондоо, суралцагчдад олгох тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах суралцагчдын тоонд квот тогтоодог бөгөөд энэ нь тухайн жилийн төсөв, санхүүжилтээс шууд хамаардаг” гэв. Товчхондоо бол хуулиа биш журмаа л дагна гээд хэлчихлээ.
Тэгвэл тоон үзүүлэлтүүд юу өгүүлж байна вэ?
Боловсролын зээлийн сангийн сүүлийн гурван жилийн тайланд дурдсанаар, хууль батлагдсан 2023 онд уг тэтгэлгийг олгоогүй байна. Харин 2024 оны хичээлийн жилийн нэгдүгээр болон хоёрдугаар улиралд нийт 802 суралцагчид 2.02 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. 2025 онд тэтгэлэгт хамрагдсан суралцагчдын тоо эрс нэмэгдэж, 1432 суралцагчид 3.86 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Харин 2026 онд санхүүжилт өмнөх оныхоос буурч, одоогийн байдлаар 600 суралцагчид 1.62 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгожээ. Өөрөөр хэлбэл, 2024 онд нэг суралцагчид дунджаар 2.5 сая төгрөгийн тэтгэлэг ногдож байсан бол 2025 онд энэ үзүүлэлт ойролцоогоор 2.69 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин 2026 онд тэтгэлэгт хамрагдах суралцагчдын тоо өмнөх оноос эрс буурчээ. 2025 онд 1432 хүүхэд хамрагдсан бол 2026 онд энэ тоо 600 болж, 58 орчим хувиар буурсан байна. Энэ бууралтын гол шалтгаан нь Боловсролын зээлийн санд олгогдох санхүүжилт буурсантай холбоотой аж. Үүний улмаас их, дээд сургуулиуд тэтгэлэгтээ ихэвчлэн гурав, дөрөвдүгээр дамжааны оюутнуудыг хамруулах нөхцөл үүссэн талаар С.Наранчимэг тайлбарлалаа. Гэхдээ үүгээр асуудал дуусахгүй. Одоогийн байдлаар санхүүжилт 2.9 тэрбум төгрөгөөр дутсан учраас журмын дагуу шаардлага хангасан 1012 суралцагчийн хүсэлт хүлээгдэж байгаа гэлээ. Харин багш тэтгэлгийн хувьд нэгдүгээр улиралд 4000 гаруй хүүхэд хамрагдсан бол энэ улиралд санхүүжилттэй холбоотойгоор квот буурч, 1800 гаруй хүүхэд тэтгэлэг авах боломжтой болсон байна. Энэ тоо бол асуудлын гол зангилааг маш тодорхой харуулж байна. Хуульд тэгш эрх, хэрэгжилтэд тэгш бус хүртээмж Боловсролын багц хуулийг боловсруулахдаа “тэгш эрх”-ийг баталгаажуулсан гэж салбарын сайд мэдэгдэж байсан. Харин түүнийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батлахдаа уг эрхийг төсвийн боломжтой шууд холбож, улмаар тэгш эрхийн хууль зүйн баталгааг тэгш бус хүртээмжийн бодит нөхцөлтэй болгосон эсэх асуудал эндээс урган гарч байна. Энд нэг зүйлийг ялгаж харах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хуулиар эрх зүйн хувьд адил боломж олгосон боловч бодит хэрэгжилт нь тухайн жилийн төсөв, санхүүжилтээс хамаарч өөр өөр болж байна. Тухайлбал, журмын шаардлагыг хангасан, шаардлагатай материалаа бүрдүүлсэн, тэтгэлэг авах шалгуурт нийцсэн хүүхэд байлаа ч квотод багтахгүй бол тэтгэлгээ авч чадахгүй. Бүр квотод багтсан ч төсөв, санхүүжилт хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар хүсэлт нь хүлээгдэж буй нөхцөл үүссэн байна. Төр иргэний эрхийг хуулиар баталгаажуулсан бол тэр эрхийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг мөн бодлогоороо шийдэх учиртай. Харин эрхийг эхлээд хуулиар бий болгочхоод, дараа нь төсөв хүрэлцэхгүй гэх шалтгаанаар хүртээмжийг нь квотоор хязгаарладаг бол хуульд заасан эрхийн бодит хэрэгжилтийн талаар эргэлзээ төрөхөөс аргагүй. Энэ нь Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д эрх зүйн хувьд тэгш боломж байгаа боловч санхүүгийн хувьд тэгш бус хэрэгжилт үүсэж байгаа нөхцөл гэж үзэх үндэслэл болж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Гэхдээ мөнгө хүрэхгүй бол эрх нь үгүй болох уу. Энэ бол төрөөс хариу нэхэх ёстой хамгийн чухал асуулт. Төрийн бодлогоор иргэдэд тодорхой эрх, баталгаа олгож байгаа бол түүнийгээ хэрэгжүүлэх санхүүгийн тооцооллыг урьдчилан хийх шаардлагатай. Ялангуяа хуулийн заалт нь “суралцуулж болно” бус “суралцуулах” гэсэн үүрэг болгосон хэлбэртэй байгаа нөхцөлд хэрэгжилтийг зөвхөн тухайн жилийн төсвийн боломжид даатгах нь хэр зохистой вэ гэдэг асуудал яригдана. Нөгөө талд төсөв хязгаарлагдмал бодит нөхцөл бий. Гэхдээ төсөв хязгаарлагдмал байгаа нь хуулиар олгосон эрхийг журмаар хязгаарлах хангалттай эрх зүйн үндэслэл мөн эсэх нь тусдаа асуудал. Ингээд харахад өнөөдөр багш, ажилтны хүүхдийн тэтгэлгийн асуудал “тэтгэлэг олгож байна уу, үгүй юу?” гэдэг энгийн асуултаас хэдийн давжээ. Харин “хуульд олгосон эрхийг төсвийн боломжид хэрхэн нийцүүлэн хэрэгжүүлэх ёстой вэ”, “Засгийн газар журмаар хуулийн эрхийг хэр хэмжээнд хязгаарлаж болох вэ”, “шаардлага хангасан бүх хүүхдийн эрхийг тэгш хангах санхүүгийн механизмыг төр хэрхэн бүрдүүлэх вэ” гэсэн бодлогын түвшний асуудал болж байна. Хуульд тэгш эрхийг тунхаглаад, хэрэгжилтийг нь төсвийн квотоор ялгавартай болгож болохгүй. Эрхийг хуулиар олгосон бол хэрэгжүүлэх механизмыг нь төр өөрөө бүрдүүлэх ёстой. Харин төсөв хүрэхгүй гэх шалтгаанаар эрхийг нь хүлээлгэж, заримыг нь хамруулж, заримыг нь үлдээдэг тогтолцоо бий болбол “тэгш эрх” цаасан дээрээ үлдэх эрсдэлтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 149 (7891)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn