Онцлох ярилцлага:Гоша Куценко: Би драмын жүжигчин

2021-10-13
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

З.БАТЦЭЦЭГ

ОХУ-ын алдарт кино жүжигчин Гоша Куценкотой хийсэн ярицлагыг хүргэж байна.

-Гоша, жүжигчин хүний аз жаргалын талаар яриагаа эхэлье. Та нууцыг нь мэддэг бололтой. 30 жилийн өмнө туслах дүрд тоглож байсан бол өнөөдөр гол дүрд тоглодог болжээ?

-Анхны тоглосон “Тээшнээс гарсан муми” кинонд оюутан байхдаа Слава Разбегаев бид хоёр туслах дүр бүтээсэн. Жүжигчин найзуудаа дагуулаад очлоо. Зураг авалт Анапад болсон юм. Бүгд зураг авалтад орох гээд иртэл найруулагч нь уугаад алга болчихож. Бид өөрсдөө биеэ даагаад домогт зураглаач Александр Мачильскитэй хамт зурагаа авлаа. “Тээшнээс гарсан муми” кинонд бид анагаахын оюутнууд болж тоглосон. Бидний дадлага хийж байсан мооргод цогцос амилдаг тухай кино л доо. 30 жилийн хугацаанд би нэг их хол яваагүй. Хоёр сард нээлт нь болох “1703” кинонд бас цогцос алга болдог. Бид хөгжилтэй гэгч нь булш ухаж байгаа тухай гарна. Би цагдаагийн дүрд тоглосон. Цааш нь ярьж болохгүй. “1703” гэдэг тоог тогтоогоорой. Петербург үүсгэн байгуулагдсан он. Миний Питерийн цагдаа, Москвагаас ирсэн цагдаатай дасан зохицож ажиллах шаардлага гарна.

-Москва гэснээс та өөрөө Москвад хэр дасан зохицсон бэ?

-Намайг цэргээс халагдахад манайх Москвад шилжиж ирсэн. Москва том, гоё, сайхнаараа намайг байлдан дагуулсан. Хүүхэд насаа би Львовд өнгөрөөсөн. Жижигхэн гудамжуудтай, барууны хотууд шиг. Барилгаараа Польш, Австри шиг. Харин Москва бол том өргөн чөлөөтэй. 30-аад жилийн өмнө одоогийнх шиг орчин үежээгүй байсан ч ер бусын том сэтгэгдэл үлдээжээ. Би амьдралдаа анх удаа улаан талбай ороход Руст гэж Герман залуу тэнд онгоц газардуулсан юм. Санаж байна уу. Нэг Герман нөхөр улаан талбайд онгоцтой ирэв дээ. Онгоцных нь хөдөлгүүр унтраагүй байсан. Тэгэхэд би Москва ч ёстой мундаг газар байна даа гэж бодож билээ.

Манай аав ЗХУ-ын Радио үйлдвэрлэлийн дэд сайд гэсэн том алба хашдаг байлаа. Москвад шилжиж ирмэгч Тверскойд гурван өрөө байр өгсөн. Тэнд Немирович Данченко амьдарч байсан юм билээ. Би хэн бэ гэдгийг нь мэдэхгүй гэж үнэнээ л хэлсэн. Аав тэр байрнаас татгалзаад миний орсон Технологийн их сургуультай ойрхон байр сонгосон юм. Тэр үед жүжигчин болно гэж боддоггүй байлаа. Харин жилийн дараа МХАТ-ын оюутан болчихоод өдөр бүр метрогоор хичээлдээ явахдаа аавын буруу шийдвэр гаргасныг санадаг байв. Энэ бол хувь заяаны тэмдэг байсан. Гэхдээ метронд явж байхдаа юм уншаад “р” үсгээ засах боломжтой болсон.

 

 

-Таныг театрын сургуульд “р” үсгээ засвал авна гэж туршилтын хугацаатай элсүүлсэн байх аа. Хэлгий хүнийг жүжигчний сургуульд авдаггүй биз дээ. Өөрийн авьяасандаа хэр итгэлтэй байв?

-Би галзуурсан байсан. Өөр тайлбар байхгүй. Москва, хайр намайг солиоруулсан. Би театр Вахтангын жүжигчин Еленад дурлаад, жүжигчид ямар хөгжилтэй, сонирхолтой амьдардгийг харсан. “Казановын гурван нас” жүжгийг үзээд Цветаевын шүлэгт дурласан. Жүжиг тараад гадаа нь зогсож байтал Василий Лановой гараад ирсэн. Би түүн дээр очоод гар хүрч үзлээ. Тэнгэрийн хүн. Гэтэл миний ирээдүй компьютер, программ хангамж. Энэ надад их уйтгартай санагдаж эхэлсэн. Ангийн хөвгүүд программ хангамжаас кайф авдаг хүмүүс. Би охидуудтай шөнийн Москвагаар зугаалаад, шүлэг уншаад л их романтик байжээ.

Нэг удаа театрын “Бид” студид бүртгүүллээ. Ер нь театрын сургуульд эхний удаа тэнцээгүй бол дахиж тийшээ зүглэхгүй байсан. Тэгээд хувь тавилан ямар байх байсан юм, бүү мэд. Аав ээж дургүй байсан. Тэдэнд энэ бол мэдэхгүй ертөнц. Аав бүр намын найзууд руугаа утасдаад, холбоо сүлбээ байвал намайг театрын шалгалт өгөхөд унагаагаад өгөөч гэж гуйж байсан. Миний хувьд хамгийн үнэтэй зураг бол “Любовь-морковь 3” киноны нээлт дээр аав ээж хоёр аз жаргалтай инээгээд сууж байгаа зураг. Тэднийгээ амьд байхад нь жаахан ч гэсэн жүжигчний амжилт гаргаж чадсандаа баярладаг. Харамсалтай нь олон сайхан дүрийг тэднийгээ байхгүй болсны дараа бүтээсэн. Ээжийн хэлсэн сүүлчийн үг “Чи хэзээ том болох хүн бэ”. Би удахгүй том болно гэдгээ ойлгож байсан учраас юу ч дуугараагүй. Тэр хоёрыгоо алдсанаас хойш том болсон. Ээжийн минь амийг аварч байсан мэдрэлийн мэс засалчдад зориулж би “Эмч” кинонд тоглосон. Шуугиан тарьсан кино болоогүй ч тэнд миний бүх аврал, шаналал байдаг. Одоо тэр эмч нар миний найзууд.

-Таны уран бүтээлийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн “Антикиллер” киноны 20 жилийн ой болно. Та энэ хугацаанд өөрөө яаж өөрчлөгдөв?

-Тэгэхэд залуу, эрч хүчтэй, өөрийгөө тулаант киноны нүүрний эгнээнд явж байна гэж боддог байлаа. Кинонд байнга шинэ залуу төрх гарч ирдэг. 2000-аад оны үед хаа сайгүй Куценко гэж ярьдаг байлаа. Тэгээд л киноны хууль ёсоор миний ертөнц унтарч эхэлсэн. 20 жилийн дараа дахин шинэ үе эхэлж байна. Би дахин үзэгчдийн хараан дунд байна.

-Дахин мандах үеийг урьдаас тааж мэдэж болох уу?

-Мэдэхгүй ээ, боломжгүй байх. Мэдээд ч хэрэггүй. Аз үргэчихвэл яана. Гэнэтийн бэлэг байвал гоё. Киноноос хол байх үед театр их аминд орсон. Тайз бол жүжигчдийн гараагаа эхэлдэг, буцаад ирэхийг нь тэвчээртэй хүлээж байдаг газар. Миний хувьд төгс газар.

-Та театр Моссоветод ажилласан хэвээр үү?

-Би домогт “Упражнение в прекрасном” жүжигт тоглож байгаа. Бид энэ сэдвээр кино хийж байсан даа. Би яг 20 жилийн өмнө Эльшан Мамедовын ачаар их тайзнаа гарч байлаа. Бид тэгэхэд театраар амьсгалж байсан. Олон жилийн дараа кинонд хэчнээн олон дүр бүтээсэн ч бүгд хоорондоо нэг л ижил төстэй санагдах болсон. Харин театр бол өөр. Олон янзын дүр бүтээж болох газар. Кино зах зээл ханасан. Ганцхан театрт тоглох нь бага санагдаад би продюссерлэж эхэлсэн. Цаашдаа энэ чиглэлээр ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Найзуудтайгаа хамт суугаад, цаашаа юу хийх вэ гэж шинэ зүйл бодож олоод, дулаан оффист тухалж суух таалагдаж байна. Өглөө эрт зураг авалттай гэхгүй, хоолны дэглэм барихгүй, текст цээжлэхгүй, сайхан.  

-2016 онд та жүжигчин байхаа болиод найруулагч боллоо гэж зарласан?

-Үүний тулд толгойгоо хоослоод, чөлөөт цаг гаргах хэрэгтэй. Би бэлэн байсан. Гэтэл энэ муу интернэт сувгууд бий болоод. Телевизийн үндсэн сувгууд олон ангит цуврал кино захиалж хийлгэдэг. Кино театр бол бөөнөөрөө цуглахад эрсдэлтэй газар болчихлоо. Тэгээд интернэт сувгууд гараад ирэх нь тэр. Танихгүй хүнтэй чихэлдэхгүй, гэртээ тайван суугаад кино үзэх боломж бий болчихлоо.

-Яагаад энэ муу интернэт сувгууд гэж. Та тэдэнтэй хамтарч ажиллаж байгаа биз дээ?

-Харин тийм. Надад татгалзах аргагүй саналууд ирээд би өөрийн киногоо продюссерлэх ажлаа хийж чадахгүй байна. Хувь тавилан намайг Ольга Френкель гэж гайхалтай хүнтэй учрууллаа. Аглая Тарасова утасдаад хоёр кино байна. Нэгэнд нь би аавынх нь дүрд, нөгөөд нь нөхрийх нь дүрд тоглох сонголт тавьсан. Би аавынх нь дүрийг сонголоо. Найруулагч Ольга Френкель намайг өөрт нь аз авчирдаг сахиус байна гээд бусад кинондоо урьсан. Нэг удаа Ольга “Чиний өмнө нь хэзээ ч бүтээж байгаагүй дүрийг чамд санал болгоё” гэж байна. Эмгэнэлт драмд тоглох миний мөрөөдөл байсан тул би зөвшөөрлөө. Үүнээс өмнө 30 жил би тулаант, инээдмийн кинонд л тоглож байсан. Уг нь би драмын жүжигчин ч найруулагч нар намайг тэгж харахгүй байсан юм.

“Нойргүйдэл” киноны зохиолыг шөнөжингөө уншаад өглөө нь Ольга руу залгаж “Хэн бичсэн юм бэ” гэж асуутал “би” гэж байна. Гол дүрийг итгэж надад өгсөнд би их баярлаж байгаа. Хэн ч хэзээ ч надаас юм хүлээж байгаагүй. Киногоо хийгээд яг гаргах гэж байтал цар тахал болчихсон. Ольга руу утасдаад одоо бүгд цар тахал гээд манай киног сонирхохгүй байх гэтэл “Тэгвэл сонирхохоор юм хийе” гэж байна. Би Ольгад зүүмд болж байгаа ситком хийе гэж санал болгосон. Хэдхэн хоногийн дотор “Гэртээ сууж байна” зохиолыг бичээд найзуудаа уриалаад эхэлсэн. Өөртөө хамгаалалтын албаны даргын дүрийг авсан. Хүүхдүүдээсээ нуугдаад хоосон бассейндаа сууж байгаад тоглосон. Тэр үед гэртээ сайхан, охидуудтайгаа салхилаад, өдөржин ойгоор алхацгааж байлаа. Тэр үед охидууд маань аавыгаа зурагтаар биш, гэртээ байгаагаар нь харсан. “Гэртээ сууж байна” цуврал кино ёстой бут авсан.

-Таны ярьснаас үзэхэд сонирхолтой санаа байгаа бол хурдан хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна. Дараа цаг үе нь өнгөрчихнө?

-Цар тахлын үеэр бид “Хамтран уугчид” киноны дөрвөн ангийг хийсэн. Цаашаа 14 анги хийх байсан ч зун болж сунжраад хийж амжаагүй байсан юм. Гол утга нь зүүмээр нэг бүсгүй мөнгөөр хүнтэй хань болж хамтарч ууна гэсэн зар оруулдаг тухай. Өнгөрсөн жилийн есдүгээр сард интернэт төслийн залуу уран бүтээлчдэд тусламж үзүүлэх шагнал боллоо. Би тайзнаа гараад дугтуйг нээтэл “Хамтран уугчид” гэсэн төсөл байна. Хоёр залуухан бүсгүйч гарч ирээд шагналаа авах гэхээр нь би “Надад яг ийм нэртэй төсөл байгаа. Дөрвөн ангиа хийсэн” гэсэн чинь нөгөө хоёр чинь “Энэ бидэнд олдож байгаа ганц боломж шүү дээ” гэж гуйхаар нь тэр хоёрт баяр хүргээд, өөрийнхөө төслийг зогсоосон. Тэр хоёрын гол санаа нь зүүмд танилцсан хосуудын тухай юм билээ. Санаа зөндөө байдаг. Хамгийн гол нь түрүүлж хэрэгжүүлэх нь чухал. Саяхан ТНТ сувгаар миний тоглосон “Би эцэг хүн шүү” гэж инээдмийн цуврал кино гарч эхэлсэн. Блогер аавын тухай. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой. Аав нарын их хайрын тухай юм. Маш их текст цээжилсэн. Хийгээгүй юмгүй хийсэн. Тэрийг хийж үзсэн үү гэж асуувал үзсэн гэж шууд л хэлнэ.

-Шатаж үзэв үү?

-Нэг бус удаа

-Живсэн үү?

-Намагт живсэн. Цонхоор шидүүлсэн, шатнаас өнхөрсөн, машинтай онхолдсон, метилен ногооноор будуулсан, над дээр аалз өндөглөсөн, харх баавгайд идүүлсэн. 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд намайг аймаар хүйтэнд 35 метр өндрөөс үсэргэсэн. Новшнууд.

-Аавын дүрд тоглох ямар байв?

-Миний дүр залуу аав. Жаахан хүүтэй. IQ нь бараг ижил түвшинд. Өмнө нь дандаа том охидуудтай аавын дүрд тоглож байсан. Дүр сонгохдоо би энийг тоглож чадах болов уу гэж сонгодог.

-Удахгүй дэлгэцнээ гарах “Нойргүйдэл” кинонд та ховсддог хүний дүрд тоглосон. Ямар байсан бэ?

-Их хөгжилтэй байсан. Хагас жилийн дотор бүгд ээлжлээд ковидоор өвдсөн. Үргэлж зураг авалт зогсоно. Зураглаач Алишер Хамидхожаев гар камераар ажилладаг. Их гоё болсон. Би дубльгүй зураг авалт анх удаа хийж үзсэн. Киноны хөгжим бас их гоё болсон.

-Netflix-ийн “Анна К” төслийн талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Үүний талаар их ярьж, бичиж байна. Таньд Стив Облонскийн дүрд тоглох санал ирэхэд гайхсан уу. 34 настай, буржгар үстэй, дурламтгай залуугийн дүрд?

-Энэ талаар их зүйл ярьж чадахгүй нь. Гэрээ хийхдээ мэдээлэл тараахгүй гэсэн байгаа. Ер нь бол их гайхсан, баярласан.

-Таны том охин жүжигчин Полина Куценкогийн талаар асуумаар байна. Тэр 25 настай. Одоогоор их кинонд тоглоогүй байгаа. Түүний талаар “Эелдэг охидын дүр түүнд таарахгүй. Эсрэг талын дүр яг тохирно” гэж бичих юм?

-Би Полинад зориулж бичсэн дүр бий. Одоогоор дэлгэрэнгүй ярьж чадахгүй байна. Өөрийнхөө ажлыг цэгцлээд дараа нь энэ ажилдаа орно. Полина хүүхдээрээ, карьерын тухай бодохгүй, театрын студид ажиллаж байгаа. Таганкад бас жүжигт тоглож байна. Түүнтэй хамт нэг тайзан дээр гараад туршлагаасаа хуваалцмаар байна.

-Өөрөө гол дүрд тоглож байхдаа, миний охиныг тоглуулаач гэж продюссеруудаас гуйж болохгүй юу?

-Тэгж болохгүй муухай. Полина өөрөө ч хүсэхгүй. Тэр их хурдтай. Ер нь бол уянгын, инээдмийн киноны жүжигчин. Чадвараа илүү сайжруулах хэрэгтэй. Энэ мэргэжилд урсгалаа дагаж болдоггүй, сөрж урж тасдаж байж дээшээ гардаг юм.

-Амрах завгүй ажиллах ямар вэ?

-Нэг талаас ажилтай байх сайхан. Нөгөө талаас хэдэн сараар зөвхөн шөнийн ээлжинд ажиллаад, өглөө гэртээ харьж унтахдаа л нар хальт харах үе байдаг. Найзууд “Чи хаана байна. Амьдрал дууслаа. Биднийг бүр мартжээ” гэдэг. Кино урлагийн арын албанд 12 цаг бидэнтэй адил хамт зүтгэж байгаа хүмүүстээ талархмаар байна. Жүжигчид бид олны танил гээд нэр хүнд, мөнгө олж байна. Зураг авалтын баг, гэрэлтүүлэгчид, нүүр хувиргагчид, дууны найруулагчид, ямар нэгэн юм болохоо байхад би дуугүй л сууж байдаг. Тэд ч бас хүн. Тэдний ядрах, уурлах, бүтэлгүйтэхийг би уучилдаг. Тэд ч бас биднийг ойлгодог.

-Ажлын санал бага байсан үед юу хийж байв даа?

-Хөгжим. Би хөгжимд дуртай. Зургаан жил анхны 3D тайзны засалтай “Пола Негри” мюзиклд дуулсан. Энэ жүжгийг их санаж байна. Дуучны хувьд надад их зүйлийг өгсөн. Би амьд хөгжмийн хамтлагтай. Би рок од биш. Гэхдээ цар тахлын үед бид студиэс шууд тоглолт дамжуулсан анхны хамтлаг. Намайг хөгширсөн хойно урьж дуулуулаасай гэж хүсэж байна. Тэр үед л дутуугаа нөхөе.

-Гэр бүлийнхээ талаар яриач. Завгүй хүний хувьд гэр бүл гэж юу вэ?

-Есдүгээр сарын 1-нд охиноо нэгдүгээр ангид хүргэж өгсөн. Өөрийнхөө хүүхэд насыг дурсан, ээж аавыгаа бодож байлаа. Тэд олон ачтай болохыг хүсэж байсан юм. Ганц Полина тэдэнд хангалтгүй байсан. Аав ач хүү гаргаж өгсөнгүй гэж дургүйлхэж байлаа. Манай ээж аавыг өнгөрөхөд Ира бид хоёр бараг салж байсан үе. Тэднийгээ алдаад намайг бүр хэцүүднэ гэж Ира бодсон бололтой үлдсэн юм. Намайг хоёр дахь удаагаа аврах нь тэр. Эхний удаа би ид мандаж явахдаа ааш зан өөрчлөгдсөн байсан. Тэр үед Ира намайг газардуулж, ухааруулсан. Манай аав ээж, Ирагийн аав өнгөрсний дараа хоёулаа гэр бүлдээ илүү анхаарлаа хандуулъя гэж шийдсэн юм. Хүүхэдтэй болоё гэж шийдээд гэрлэлтээ батлуулсан. Хоёр дахь охиноо манай ээжийн нэрээр Светлана гэж нэрлэсэн. Хүүхэдтэй болохоор эрч хүчтэй болдог, юуны төлөө амьдарч байгаагаа ойлгодог. Миний ажил эхнэр, гурван охины минь ачаар урагшилж байдаг. Тэд миний хамгийн том амжилт.

 

Эх сурвалж: www.7dn.ru

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

34 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

1 цаг 8 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

1 цаг 30 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

1 цаг 51 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

2 цаг 8 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

2 цаг 24 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

4 цаг 22 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

5 цаг 54 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

8 цаг 27 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

8 цаг 37 мин