63000 өрхийн угаар мэдрэгчийг 24 цаг хянаж байна

2021-09-16
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ШИНЭХҮҮ 

Засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах асуудалд анхаарч 2019 оноос эхлэн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглон, гэр хорооллын айл өрхийг сүүлийн хоёр жил сайжруулсан түлшээр бүрэн хангаж байна. Үүний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурчээ. Тиймээс агаарын бохирдлыг ойрын дөрвөн жилийн дотор 80 хувиар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна. Энэ зорилтыг хангахын тул нийслэлийн зүүн бүс, Налайх дүүрэгт сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулан, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд орших гэр хорооллын айл өрхийг сайжруулсан түлшээр бүрэн хангаж байгааг албаныхан хэллээ. Энэ үеэр “Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяныг өчигдөр нээлээ. Иргэдийн өвлийн бэлтгэл ажлаа хангахад нь дэмжиж, хяналт авахаар БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, ЦЕГ, ОБЕГ, “Таван толгой түлш” компани бусад байгууллагатай хамтарч байгаа юм. 

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭ ХОЁР ДАХИН ӨСЧЭЭ

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 189 мянган өрх сайжруулсан түлш хэрэглэдэг. Эдгээр өрх сайжруулсан түлш түлдэг болоод гурав дахь өвөлтэйгөө золгож байна. Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил тутамд өсөж байгаа. 2019-2020 оны өвөл нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол 2020-2021 оны өвөл  708 мянган тонн болж өссөн. Үүний 504 мянган тонн шахмал түлшийг үнийн дүнгийн 75 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авсан. Энэ жилийн хувьд мөн 50 хувийн хөнгөлөлт эдэлж, шуудай түлш тутмыг 1875 төгрөгөөр худалдан авч байгаа. Ийн хямд үнийн бодлого барихын сацуу утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхэд анхаарч байгаа аж.
Айл өрхүүд галлагааны улиралд сайжруулсан шахмал түлш түлснээр Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисууд ялангуяа тоос, тоосонцрын хэмжээ 40-50 хувиар буурсан байна. Сайжруулсан түлш хэрэглэгч 200 мянга орчим өрхийн 700 мянга гаруй иргэний эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор  гурван сарын аяныг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд угаарын хийн хордлогод өртөж болзошгүй өндөр эрсдэлтэй  63620 өрхийн угаар мэдрэгчид дохиолол суурилуулж, “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 24 цагийн турш хянаж буй юм. Өндөр эрсдэлтэй хэрэглэгчдэд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон олон хүүхэдтэй, хүүхдүүдээ гэртээ харах хүнгүй үлдээдэг, нэн ядуу, зуух, яндангийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөх боломжгүй айл өрхүүдийг багтаажээ. Тухайн айл өрхөд угаар алдагдах үед Хэрэглэгчдэд үйлчлэх төвд мэдээлэл ирэх бөгөөд эрсдэлийг бага, дунд, их, аюултай, онц аюултай зэргээр үнэлэн, айл өрхүүдийг аюулаас авран хамгаалах юм. Аюулын төвшин өндөр байна гэж зарлан мэдээлэл дуугарахад хаяг байрлалыг нь харуулах юм байна. Энэ талаар Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал “Энэ жилийн хувьд нийт угаарын дуудлагын 70 орчим хувь нь борооны улиралд гал түлсэн айлуудаас ирсэн. Хүмүүс бороо ормогц гал түлчихээд үдэш нь түлш бүрэн шатсан эсэхийг шалгалгүй, өрхөө битүүлээд унтаж байгаагаас угаарын хийн аюул нүүрлэдэг. Түүнчлэн яндан, зуухаа хөөлөөгүй, зуухны соролт таталт муудсан, зуух, яндангийн битүүмж алдагдсанаас угаарын хий ялгарч байгаа. Тиймээс ноднин жил “Яндангаа хөөлье” аян зарлаж 30 гаруй мянган өрхийн янданг хөөлж байсан. Сүүлийн үед иргэд сайжруулсан түлшээ түлж сурч байна” гэлээ. 

 

ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮНСИЙГ АНГИЛАН ЯЛГАЖ, ДАХИН БОЛОВСРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

 Иргэд угаарын хий мэдрэгч авахаас цааргалдаг, авсан ч цэнэг нь дууссан байх нь элбэг аж. Зах зээл дээр 15-30 мянган төгрөгийн үнэ ханштай угаарын хий мэдрэгчийг өрх бүр худалдан авч заншихын чухлыг мэргэжилтнүүд онцолж байна.Түүнчлэн энэ жилээс сайжруулсан шахмал түлшний үнсийг ангилан ялгах дадлыг иргэдэд суулгаж, дахин боловсруулж эхэлжээ. 
2020 оноос эхлэн УБЗАА-наас санаачлан ШУТИС-ийн Барилгын инженерийн сургууль, МУИС-ийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран шахмал түлшний үнсийг дахин ашиглах боломжийг нарийвчлан судалжээ. Урьд нь гэр хорооллоос өөр эх үүсвэр, уурхайн нүүрс байсны дээр зарим төрлийн үнсэнд цацраг идэвхт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тохиолдол ч гарч байж. Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсний хувьд нэг ижил бүтэцтэй учир шигшиж ялгаад  явган замын хавтан, замын хашлага, тоосго, блок үйлдвэрлэж болохын дээр ургамлын бордоо болгон ашиглах боломжтойг эрдэмтэд тогтоогоод байгаа юм. Тиймээс үнсийг дахин боловсруулахтай холбоотойгоор үнс ашиглах стандартыг боловсруулан батлуулахад бэлэн болжээ. Нэг шуудай сайжруулсан түлш түлэхэд 5-7 кг үнс ялгардаг бөгөөд айл өрхүүдийн ялгасан үнсийг Цагаан даваанд байгуулсан үнсний ландфиллийн байгууламжид нарийвчлан шигшиж, үйлдвэрлэлд ашиглах боломж бүрдэнэ гэж  үзэж буй. Мөн Монгол инженерүүдийн зохион бүтээсэн автомат яндан хөөлөх технологи болон уламжлалт аргаар яндан хөөлөх зааварчилгааг иргэдэд өглөө. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

9 цаг 13 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

23 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

23 цаг 17 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12