
З.БАТЦЭЦЭГ
Реногийн тоглосон домогт кино болох “Леон”, “Никита” нар гараад багагүй хугацаа өнгөрчээ. Жан Холливудад өөрийн байр сууриа аль эрт эзэлсэн нэгэн. Түүний тоглсон хит кинонууд “Ронин”, “Франц үнсэлт”, “Биелэгдэшгүй даалгавар”, “Код да Винчи” гээд олон. Үг дуу цөөтэй тэрбээр ухаантай, сайхан сэтгэлтэй, жаахан гунигтай хүн шиг сэтгэгдэл төрүүлдэг. Тэр урдын адил Холливудад ч, Европод ч ажилласаар байгаа. Түүний сүүлд тоглосон шинэ кино болох “Дэлхийн сүүлчийн өдөр” нь (2021.8.26-нд нээлт нь болно) бүх хүн төрөлхтөний найдвар болсон сансрын нисгэгчийн тухай юм. Тэр л ганцаараа дэлхийн аюул болсон улаан сарыг устгадаг. Гэвч яг нислэгийн урд өдөр гэнэт тэр алга болдог. Сансрын нисгэгчийн аавын дүрд Жан Рено тогложээ. Түүний www.7dn.ru-д нийтлэгдсэн ярилцлагыг орчуулан толилуулж байна.
* * *
-Барууны хэвлэлээр “Дэлхийн сүүлчийн өдөр” киног Францын зөгнөлт киноны дахин сэргэлт, найруулагч Ромен Кирог залуу Люк Бессон гэж нэрлэж байна. Таныг кинондоо урьж тоглуулахад хэцүү юу?
-Би залуу найруулагчдад туслахдаа үргэлж баяртай байх болно. Энэ киног хийх зөвшөөрөл авахын тулд алдартай франц жүжигчин, хүүгээ сансарт явуулах чадвартай, олон улсын бизнесмений дүрд тоглож, үзэгчдэд итгэл төрүүлэх хүн хэрэгтэй гэсэн. Надад шууд сонирхолтой санагдсан. Уншиж үзээд, таалагдаад, би зөвшөөрч байна гэж хэлсэн.
-Найруулагч таныг зөвшөөрсөнийг сонсоод бөөн баяр болсон гэж хэлсэн. Ромен хэлэхдээ энэ кино таньд Люк Бессоны киног санагдуулсан байх гэсэн.
-Ромен баяртай байсан гэж найдаж байна. Зарим нэг талаараа үнэхээр Люк Бессоны найруулсан “Сүүлчийн тулаан” кинотой адил байсан. Миний мэдэж байгаагаар Роменд санхүүжилт авах бүрт Бессоноос өөр ийм кино хийж чадах хүн байхгүй гэж татгалзсан хариу байнга сонсож байсан байна. Энэ тийм биш, би Роментай санал нэг байна. францчууд зөгнөлт кинондоо шилдэг. Жюль Вернийг сана л даа. Тэр бараг л шинжлэх ухааны зөгнөлийг үүсгэсэн хүн биз дээ. Надад зохиол нь их шинэлэг, сонирхолтой санагдсан. Яагаад энэ аялалд гарч болохгүй гэж.
-Даалгавар хүнд байх тусам биелүүлэх дуртай юу?
-Миний баатар онгоцны инженер, пуужин, сансарын чиглэлээр ажилладаг. Тэрбээр нэг эрдэс олоод, энэ нь дэлхийг аварч болох юм гэж үздэг. Өнөөдрийн манай дэлхийг хар даа. Аврах шаардлагатай байгаа биз....Энэ нэг ёсондоо сургааль, зүйрлэл гэсэн үг. Энэ дүрийг бүтээхэд надаас их эмоци гарсан. Ромен надтай адил их мэдрэмжтэй хүн. Тиймээс бид их ярилцсан. Найруулагчийн яг хүссэнээр тоглох нь их чухал. Би чадсан байх гэж найдаж байна.
-Өнгөрсөн жил таны тоглосон зургаан кино гарсан. Тэдний нэг нь “Ааштай бүсгүй”. Таны дүр ураг зураг сонирхож, цуглуулдаг, гэхдээ муу хүн.... Та бас зураг цуглуулдаг байх аа?
-Тийм ээ, би олон зураач найзтай. Заримдаа зураг хархаараа баян ч болоосой, авах юмсан гэсэн хүсэл төрдөг. Гэхдээ үүний төлөө хүн амины хэрэг хийхгүй ээ. Надад хэдэн урлагийн бүтээл бий, их үнэтэй биш. Би уран зургийг өдөр бүр харах дуртай. Хүссэн үедээ. Энэ их чухал. Харамсалтай нь би өндөр цалинтай биш. Өөрийн эртний мөрөөдөл Магриттыг бүтээлийг авахыг хүсэж байна. Би нэгэн цагт Стив Мартинтай “Ягаан пантера”-д тоглосон. Тэгэхэд тэр надад өөрийн цуглуулгын тухайгаа ярьж өгсөн. Тэр бас орчин үеийн урлагт дуртай. Би гэрт нь очин зургуудыг нь үзсэн. Стив хэлэхдээ, залуу байхдаа зарим нэгийг нь санаандгүй байдлаар 25 доллараар авч байсан гэсэн. Би харамсалтай нь хожуу сонирхож эхэлсэн.
-Таныг Холливудын хамгийн муу Европ залуугийн дүр бүтээгч гэдэг?
-Чамд бэлдсэн замаар явахгүй л бол, чиний оронд өөр нэгнийг олоод авна. Тэд нарт бодоод байх хугацаа байдаггүй. Сөрөг дүрийн хувьд би санаа зовдоггүй. Сонирхолтой бол, яагаад дахиад муу хүн болж болохгүй гэж. Зарим нэгийг нь элит гээд, заримыг нь над шиг юу ч тоглоход бэлэн хүмүүс гэж ангилдагийг би ойлгодоггүй. Танд авъяас байгаа л бол тэрийгээ нутагтаа гаргах хэрэгтэй гэж Францад үздэг. Америкийн зүг рүү хараад ч хэрэггүй гэж. Инээдтэй юм. Сайн теннисчин олон улсын тэмцээнд орох ёсгүй юу? Би Холливудад эртхэн очсон бол илүү амжилтад хүрэх байсан байх. Гэвч миний аялга засрахааргүй болсон байлаа. Өөрөө би хэзээ ч Де Ниро, Клуни нар шиг болъё гэж бодож байгаагүй.
-Гэсэн хэдий ч таныг Францын кино урлагын төлөөлөгч гэж үздэг. Гэтэл та Франц хүн биш. (Түүний гэр бүл Франкогийн дарангуйллаас зугтан Испаниас Мароккод нүүж иржээ. Тэнд Касабланкад ирээдүйн жүжигчин мэндэлсэн. Түүнийг 12 настай байхад ээв ээж нь Францад нүүж ирэн, дараа нь иргэншил авахын тулд Францын армид алба хашжээ).
-Би зарин талаараа Франц, зарим талаараа Франц биш. Францын бэлгэ тэмдэг болсон хайрын роман, камамбер, баян хуур, берет малгай зэргийг би ойлгодог, надад таалагддаг. Гэхдээ энэ миний түүх биш. Би Францын жүжигчний сургуульд орохыг хүссэн. Гэвч эхлээд цэрэг болохоос өөр арга байгаагүй. Франц намайг Германд алба хаалгахаар явуулсан. Энэ их тэнэг явдал бас хэцүү байсан. Над шиг хүмүүс офицеруудтай ойлголцдоггүй, бид яг л ууртай ноход дунд байгаа хонь шиг байсан. Азаар би урлаг уран сайхан хариуцсан офицерын итгэлийг олж чадсан. Ингэснээр алба хашихад арай дээр болсон. Парист би 100 франктай буцаж ирээд театрын сургуульд орж билээ. Театр миний нуугдах газар болж хувирсан гэж хэлж болно. Би тэр үед аз жаргалтай байгаагүй. Миний амьдрал надад таалагддаггүй, өөртөө ч дургүй хүрдэг байлаа. Энэ нь би цагаачдын гэр бүлд төрсөнтэй холбоотой байсан байх....Надад одоо болтол баг хамт олны уур амьсгал чухал. Кинонд тоглохдоо ч бас орчин, хүмүүсийн уур амьсгалыг харж байж зөвшөөрдөг. Ер нь би их гунигтай хүн л дээ. Аавыгаа дуурайсан. Аав минь үхэл зайлшгүй зүйл гэдгийг надад ойлгуулсан. Гунигтай байх үедээ чи амьд, амьдрах ёстой гэдэгээ санадаг....Их гунигтай үед идэж, уугаад, хөгжим сонсдог.
-Та хэдэн кино зохиол уншсаныг төсөөлөхөд бэрх. Та дуустал нь уншдаг уу? Шууд ойлгочихдог уу?
-Аль болохоор дуустал нь уншихыг хичээдэг. Заримдаа үнэхээр хурдан залхдаг ч, дуустал нь хүчээр уншдаг. Шударга байх хэрэгтэй, учир нь кино зохиол авна гэдэг ямар ч жүжигчин хүнд том боломж. Би одоог хүртэл кино зохиол авч байна гэдэг чинь надад боломж бий гэсэн үг.
-Та Натали Портмантай холбоотой байдаг уу? Тэрээр саяхан 12 настайдаа “Леон” кинонд тоглоход хэцүү байсан гэж ярьсан. Түүнд эрчүүд захиа их бичдэг байсан гэсэн...
-Би Наталитай хамт анхных нь кинонд тоглосноороо бахархдаг. Гайхалтай хүн. Би түүнд маш их хайртай. Эрт нэрд гарсан нь түүнд муугаар нөлөөлөхгүй, учир нь тэр их ухаантай. Тэр хар, цагааны ялгааг сайн ойлгож байсан. Би түүнтэй холбоотой байдаг. Тэр манайд хүүхдүүдтэйгээ зочилж ирж байсан. Ясны жүжигчин. Газарт бат зогсож чаддаг. Яг л мод шиг. Модод тийм л байх ёстой. Чанга, хүчтэй, салхинд сөхөрдөггүй. Би гаднаа чидун жимсний мод тарьж, тос гаргаж авдаг. Эдгээр модод надад уг үндсийг минь мэдрүүлдэг, аавыг минь санагдуулдаг. Чидун жимсний мод миний хувьд бас мөнхийн билэгдэл. Хэзээ ч үхэхгүй. Дэлхий дээр тасрахгүй үргэлжилдэг зүйл бий гэдгийг санагдуулдаг. Бидний хэн нь ч хийж чадахгүй зүйл.
Би саяхан Испани сериалд тоглосон. Үйл явдал нь миний төрсөн 1948 онд болдог. Шууд сайхан дурсамж төрсөн. Би өөрийн зургаан хүүхэддээ шууд өвөө, өвөг эцэг, өөрийн залуу насны санаж байгаа бүх зүйлээ ярьж өгсөн. (Жан Рено 3 эхнэрийн 6 хүүхэдтэй. Анхны эхнэртэйгээ 18 жил амьдраад салсан. Хүү охин хоёртой. 1996 онд Польшийн загвар өмсөгчтэй гэрлээд хүү, охинтой болсон. 2001 онд салсан. 2006 онд польш гаралтай английн загвар өмсөгчтэй гэрлэн 2 хүүтэй болжээ).
-Таньд дахиад Наталитай ажиллах санал ирвэл?
-Мэдээж зөвшөөрнө. Дуртайяа. Бүр үнэгүй. Би түүнийг аз жаргалтай байгаад баяртай байгаа.
-Цар тахлын үед чидун жимсний диваанжиндаа нуугдсан уу?
-Тийм ээ, бид тэнд бүхнээс тусгаарлагдан амьдарч байгаа. Өвчнөөс хол....эхний саруудад хэцүү байсан. Одоо юу хийх вэ? Цаашаа яаж амьдрах вэ? Би хөгшин хүн, энэ өвчнийг тусвал үхнэ гэж бодож байсан. Энэ өвчнөөс болж бүгд л хөгшрөлт, насны тухай ярьж, бодох болж. Дараа нь эхнэр бид хоёр дасан зохицсон. Гол нь их идэж, таргалахгүй шүү гэж шийдсэн. Тэгээд чидун жимсний модоо их арчилж эхэлсэн. Их өгөөмөр мод. Жаахан услахад л чамд, олив, тос, түлээ өгдөг.
-Таны хобби юу вэ? Та төгөлдөр хуур муугүй тоглодог байх аа?
-Тийм ээ, би төгөлдөр хуур тоглох дуртай. Продюсертайгаа нийлээд хөгжимтэй холбоотой кино хийе гэж ярьж байгаа. Хөгжим бол хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг. Зарим нэг нь зүгээр хөгжим сонсдог, зарим нь хөгжмөөр дамжин бусадтай харилцдаг.
-Хамгийн сүүлд ямар найруулагчийн урилга гэнэтийн бэлэг болов?
-Спайк Ли “Тавуулаа нэг цустай” киноны талаар утасдахад. Би түүнтэй уулзахдаа их баяртай байсан. Манай Нью-Йоркийн гэрээс холгүйхэн сургуульд тэрээр найруулагчийн хичээл ордог. Зураг авалт сайхан болсон. Тэр юу хүсэж байгаагаа яг сайн мэддэг. Надтай их эелдэг хбайсан. Намайг кинондоо урьсанд би хувьдаа их бахархаж байгаа.
-Энэ улс төрийн тухай кино. Вьетнамын дайн, арьс өнгөөр ялгаварлах...Та ийм кинонд их тоглоод байдаггүй.
-Би улс төрөөс хол байхыг хичээдэг. Ном, хөгжим, уран зохиолын талаар ярихад бэлэн. Энэ кино юун түрүүнд хүнлэг байх, ялгаварлан гадуурхах үзэл байж болохгүй талаар. Надад тэр дайнаас бага дурсамж үлджээ. Надаас хол болсон үйл. Намайг хүүхэд байхад Франц колони улсаасаа ангижирч байсан үе. Гэхдээ би хүүхдүүдтэйгээ киног үзсэн, тэр цагаас хойш их зүйл өөрчлөгджээ. Би болон манай хүүхдүүд Вьетнамын дайны үеэр маш олон хар арьстай цэргүүд тулалдаж байсныг мэдээгүй. Одоо цагт өөр арьстай амрагтай байх асуудал биш болж. Энэ нь найдвар төрүүлж байгаа учраас би баяртай байгаа. Бүх хүн улаан цустай.
-Таны бас нэгэн сүүлд тоглсон кино бол “Аниг хүлээх”. Энэ кино дэлхийн II дайны үеэр еврей хүүхдүүдийг Францаас авран Испанийн уул руу илгээж байгаа тухай өгүүлдэг.
-Би өөрийн гарал үүсэлтэй холбоотойгоор ийм түүх их мэднэ. Олон франц айл гэртээ хүүхдүүдийг нуун, хил давхад тусалж байсан. Хүн бие биедээ их тусалсанаар оршин тогтнож байгаа гэдэгийг би сануулахыг хүссэн. Энэ ажлын хамгийн их таалагдсан зүйл бол миний баатар их ярьдаггүй. Их чалчихгүй, хийх ёстой зүйлээ хийдэг. Одоо үед хүмүүс жаахан юм хийчихээд насан туршдаа ярьж амьдардаг болж. Бид Испани, Францын хил дээр бодит газар нь зураг авалт хийсэн. Тэндхийн хүмүүс их энгийн. Цонхоороо улирал солигдож байгааг харж амьдардаг. Ер нь манай өвөө, эмээ, аав, ээжтэй адилхан. Хийх ёстой зүйлээ хийгээд л амьдардаг. Борооны араас заавал нар гарна.
-Та тэтгэвэрт гарах талаар бодож байсан уу?
-Тэтгэвэр гэдэг миний хувьд сонин үг. Цаг нь болохоор миний бие сэтгэл өөрөө сонголтоо хийнэ.
Эх сурвалж: www.polit.mn