"Д.Ганхуяг арслангийн шавь болсноор амжилт маань өссөн"

2021-08-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Дэлгэр зун монгол нутагт наадамтайгаа хамт айлчлан ирдэг. Энэ зуны хувьд цар тахлын улмаас үндэсний их баяр цэнгэл наадам нэг жилээр хойшилсон шийдвэр долдугаар сард гарсан. Үндэсний бөхийн холбооны саналын дагуу намрын эхэн сард бөхийн барилдаан зохион байгуулахаар боллоо. Зүлэг ногоон дэвжээнд чуулах хүчит эрсээ санагалзсан монголчуудын сэтгэлийг дэвтээх энэ барилдаан дөхсөнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат  “Алдар” спорт хороо, АПУ хувьцаат компанийн бөх Б.Цэдэнсодномыг энэ удаагийн “Дугаарын зочин” булангийнхаа зочноор урилаа. Түргэн шуурхай, уран гоёмсог барилдаанаараа үзэгч түмнээ баясгасан залуу начинтай “Тоорил хааны хүрээ” амралтын газарт саатаж ярилцсан юм.

 

-Долдугаар сарын эхээр наадам хойшлох шийдвэр гарсан. Та хаана бэлтгэл сургуулилтаа хийж байсан бэ?

-Төв аймгийн нутаг “Цагаан нуга” амралтын баазад зургадугаар сарын 13-наас бэлтгэлээ хийж байсан.Бэлтгэл жигдэрсэн байхад наадмаа цуцлахад их харамсалтай байсан. Нэгэнт наадам болохгүйгээс хойш хөдөө явсан. Энэ хугацаанд бэлтгэл хийгээгүй. Гэхдээ хур бэлтгэл сайн байгаа учраас хэд хоног амраад хөлс гаргаад барилдаан болбол сайхан барилдана гэж бодож байна.

-Удахгүй улс, аймгийн цолтой бөхчүүд барилдах сураг гарсан. Энэ талаар юм мэдэв үү?

-Одоогоор Монголын үндэсний бөхийн холбооноос албан ёсны мэдээллийг өгөөгүй байна.

-Наадам дөхөхөөр сэтгэл зүйд өөрчлөлт ордог уу?

-Миний хувьд их догдлоод байдаггүй. Бусад үед ямар байдаг тэрэн шигээ л барилдах өдрөө хүлээгээд бэлтгэлдээ анхаараад аль болох тайван байж элдэв юм бодохгүйг хичээдэг. 2018 оны баяр наадмаар анх улсын наадамд зодоглосон. Тэр наадмын өмнөх шөнө нойр хүрэхгүй гэгэлзэж хоносон. Харин начин болсон жилээ тайван байж амардаг хугацаандаа амарч сэтгэл тогтуун байсан. Ерөнхийдөө сэтгэл зүйд өөрчлөлт ордоггүй гэхэд болно.

-Начин болсон наадмаар дөрвийн даваанд Б.Батмөнх заантай таарсан. Өмнө нь давж үзээгүй байсан гэсэн. Давж үзээгүй хүнтэйгээ зүлэг ногоон дэвжээн дээр таарахад юу бодогдож байв?

-Мэдээж олон унасан хүн унахгүйг л бодно. Хэрэв олон давсан бол давахаа боддог гэдэг. Өөрийнхөө барилдааныг гаргаад сайхан барилдъя гэж бодож байсан. Өмнө нь тахимдуулаад унаж байсан болохоор түрүүлээд сугадаад авъя гэж төлөвлөж гарсан. Тэгээд өрсөж сугадаад мэхээ даалгаж давсан.

-Начин болоод туг тойрч явахдаа өөрөөрөө бахархах сэтгэл төрж байв уу?

-Дараагийн даваагаа л бодож байсан. Ер нь дээшээ барилдахыг зорьж байсан учраас зургаагийн даваа л бодогддог юм билээ.

-17 настай сумын начин болсон гэж сонссон. Өсвөр насны хүүхэд сумынхаа том цолтой бөхчүүдтэй барилдаж цол авна гэдэг их л том сэтгэл зүйтэй байж дээ?

-Багаасаа нутгийн бөхчүүдээ харж өссөн. Тэдэн шиг сумын заан болохыг мөрөөддөг байлаа. Нутгийн олны бахархал, хүүхдүүд бидний үлгэр дууриал болсон сайхан ах нарыг даваад начин болохдоо их баярласан. Тэр үед айж сандарсан зүйл байгаагүй. Би 16-тайгаасаа барилдаж эхэлсэн. Овооны наадам, танхимын барилдаанд заримыг нь даваад үзчихсэн байсан учраас сайхан барилдсан. Би барилдахдаа хүнээс айж бэргэх нь бага байдаг.

-Тэр наадамд өөрөө зодоглоод бас хусуур зүүж хурд сорих гэж хурдан морь хөтөлж ирсэн гэсэн. Хурдан морь хэдээр давхисан бэ?

-13 дээр ирсэн.

-Одоо хурдан морь сонирхдог уу. Ирээдүйд морь хурдлуулах бодол бий юу?

-16, 17 настай өсвөр насны хүүхэд юм бүхнийг л туршиж үздэг. Өөрөө барилдаад, морь ч уядаг байсан. Өөрийгөө зовоож амжилтад хүрэх гэж байж адуу зовоогоод дэмий гэж боддог. Ирээдүйд яахаа мэдэхгүй байна. Одоохондоо сайн барилдахаа л бодож байна даа.

-Сумын зааны барилдаанд хэр амжилт үзүүлсэн бэ?

-Сумын зааны барилдаан гэдэг бол адилхан цолтой ид өсөж яваа залуучууд барилддагаараа онцлог. Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрч, байгаа залуучууд бүгд л дээшээ том цолонд хүрч барилддаг. Миний хувьд нэг удаа л шөвгөрсөн хэд хэдэн удаа дөрөв давж байсан.

-Та ямар их сургуульд сурч байв?

-Би “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд суралцаж байгаад 2013 онд сургуулиасаа гарсан.

-Сургуулиа орхисон шалтгаан тань бөхтэй холбоотой юу?

-Тийм ээ. Их сургуульд сурахын хажуугаар бэлтгэл сургуулилт хийдэг байсан. Манай сургууль хэдий спортын сургууль ч танхимын хичээл их орно. Өдөрт нэг удаа бэлтгэл хийх боломжтой, зарим өдөр нь хийж чаддаггүй. Тиймээс сургуулиасаа гарах шийдвэр гаргасан. Тэгээд “Их Монголын хүчтэн” дэвжээнд Д.Ганхуяг арслангийн шавь болж бэлтгэлээ илүү хийснээр амжилт маань ч өссөн.

-Та анх чөлөөт бөхөөр хичээллэж байсан гэсэн. Ямар амжилт үзүүлж байв?

-2010 оноос Өвөрхангай аймгийн Хархорин сумын чөлөөт бөхийн спортын мастер Л.Мөнхжаргал багшийн шавь болсноор чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Өсвөр үе, залуучуудын улсын аваргаас хүрэл медадь авч байлаа.

-Олимпийн наадмын үеэр үндэсний бөхийн улсын алдар цолтой бөхчүүдийг их спортоор хичээллэвэл өндөр амжилт гаргана гэж үзэгчид бодож байх шиг байна. Та үндэсний болон чөлөөт бөхийн ялгааг хэлээд өгөөч?

-Би 2013 онд Д.Ганхуяг багштайгаа бэлтгэл хийж эхэлснээс хойш чөлөөт бөхөөс хөндийрч тэмцээнд оролцоогүй. Чөлөөт бөх барьцгүй, барилдааны хурд техник шаарддаг цаганд баригдаж барилддаг учраас өөрийгөө илүү дайчлах шаардлагатай болсон. Миний хувьд багаасаа үндэсний бөхийн том цолонд хүрэхийг мөрөөддөг байсан учраас үндэсний бөхөө дагнаад бэлтгэлээ хийгээд явсан. Бусад бөх ч ялгаагүй байх. Чөлөөт бөхөөр барилдаж байгаа залуус амжилт гаргахыг мөрөөддөг. Аль спортоор өрсөлдөх вэ гэдэг нь тухайн хүний  физиологийн онцлог, барилдааны арга барилаас шалтгаалдаг. Хамгийн гол нь өөрийн хүсэл мөрөөдлөөс шалтгаална. Хүн юуг хүснэ түүнийгээ л хийнэ шүү дээ.

-Урилга хүлээн авч ярилцсан таньд баярлалаа. Улсын том цолонд хүрч үзэгч түмнээ олон жил баясгахыг ерөөе?

-Баярлалаа. Үндэсний бөхийн нэр хүнд сэвтэж байгаа энэ үед бөхчүүдээс ярилцлага авч, бөхийн тухай нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлчдэд их баярладаг. Сэтгүүлчид үндэсний бөхийг нийгэмд зөвөөр сурталчилан таниулж байна. Миний хувьд тэдний саналыг хүлээн авч ярилцах нь нийгэмдээ хийж байгаа эерэг зүйл гэж боддог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)

 

Иргэн
зүгээр л мөнгөний төлөө бөгсөө ч үнэлэхээс буцахгүй хэдэн допингоор дүүрэн явдаг Жо нууд. Улс орныхоо хөгжилд , ядахдаа их спортод улсынхаа нэрийг гаргачих. Хуучин бол ажлаа хийж байгаад наадмаар нэг барилддаг, зарим нэг нь жудо, чөлөөтөөр дэлхийн тавцангаас медаль авдаг байлаа, одоо бол Нутгийн зөвлөлөөс хэдийг өгөх бол гээд юун улс эх орны төлөө, та нарыг наадамчдын нүдэн дээр ам авах гэж мөнгө яриад, тохирч чадсангүй гэж барилдах биш зодолдоод, тохирсон бол унаж өгч үнсэж үлгэж жүжиг тавьдгийг чинь бүгд мэднэ. Ичих үх, ядахдаа цэвэрлэгчийн хэмжээнд татвар төлчөөд хуц....
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

1 цаг 56 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

1 цаг 58 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

5 цаг 48 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

5 цаг 53 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

5 цаг 58 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

6 цаг 3 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

6 цаг 8 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

6 цаг 13 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

16 цаг 12 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

23 цаг 41 мин