Б.Цэрэнтогтох: Ширээний теннисчид олимпод өөрсдийнхөө чансааг харууллаа

2021-08-09
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Р.ОЮУН

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх ширээний теннисийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Цэрэнтогтохыг урьж, ярилцлаа.

 

Энэ спортыг хөгжүүлэхэд бодлого, санхүү хэрэгтэй

 

-Ширээний теннис Монголд хөгжөөд 60 гаруй жилийн түүхтэй спорт. Спорт тоглоомоос анхдагч болж олимпийн наадамд оролцсондоо баяртай байна. Манай тамирчид сайн тоглож хожил авлаа.

Энэ спортыг цаашид хөгжүүлэхэд хамгийн түрүүнд санхүүгийн асуудал байгаа. Үүнийг шийдчихвэл Монгол Улсад хөгжихгүй спорт гэж байхгүй. Мөн бодлого хэрэгтэй. Бодлогынхоо дагуу ажлуудыг нягт нямбай хийвэл илүү үр дүнтэй гэж харж байна. Илүү сайн хөгжүүлэхэд мэдээж гадаадын багш, дасгалжуулагч, тамирчдыг урьж авчирвал манайд боломжууд нь бий. Бид өөрсдийнхөө нөөц бололцоог шавхаад явж байгаа.

1959 онд албан ёсоор анхны холбоогоо байгуулсан. 1961 онд Монголын бүх спортоос түрүүлж Бээжинд дэлхийн аваргын тэмцээнд оролцож байсан. Үүний дараа чөлөөт, волейболын тамирчид оролцож байсан юм билээ. Олимпийн төрөл болтлоо хөгжсөн нь 1988 он. 1988 оны Сөүлийн олимпоос хойш ширээний теннисийн төрлийг албан ёсны олимпийн төрөл гэж явж байгаа. Энэ хугацаанд ширээний теннисийн төрлөөр есөн удаа олимпод оролцсон.

 

Анх удаа ширээний теннисийн төрөлд олимпод оролцох эрх авсан

Блиц:

Мэргэжил: Ширээний теннисийн багийн ахлах дасгалжуулагч.

Боловсрол: Үндэсний биеийн тамирын дээд сургулийг багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Ажилласан туршлага:

-2005-2006, 2009 онд “Оч” клубт ширээний теннисийн багш

-2006-2007 онд “Тэмүүжин” спорт сургалтын төвд ширээний теннисийн багш

-2007 оноос өнөөдрийг хүртэл оюутны ширээний теннисийн шигшээ багийн дасгалжуулагч

-2009 онд “Шинэ эргэлт” клубт ширээний теннисийн багш

-2017 оноос ширээний теннисийн шигшээ багт дасгалжуулагч

-2015-2020 онд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуульд багш

-2021 оноос Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Цар тахал гээд 2020 оны нэгдүгээр сараас хойш гадагшаа нэг ч тэмцээнд яваагүй. Манай олимпийн эрхийн тэмцээн 2020 оны дөрөвдүгээр сард зарлагдсан ч цуцлагдаад, олимп ч нэг жилээр хойшлогдсон. Энэ хугацаанд бид өөрсдийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийсэн. 2021 он гараад Биеийн тамир, спортын улсын хороо шигшээ багуудыг хамтарсан хаалттай бэлтгэлд гарсан. “Найрамдал” хүүхдийн зусланд манай ширээний теннисийн баг Монголын топ бокс, жүдо, чөлөөт бөх, таеквондо, хөнгөн атлетик, пара цана гэсэн багтай бэлтгэл сургуулилтаа хийснээр бидний нүд нээгдсэн. Бид 50 хоногийн бэлтгэл хийснээрээ Катарын Дохагаас олимпийн эрхээ авсан. Гуравдугаар сарын 18-нд тоглосон тоглолтоороо Х.Болор-Эрдэнэ маань хамгийн анхны эрхийг Монгол Улсдаа ширээний теннисийн төрлөөр авлаа. Дараагийн эрхийг эрэгтэй тамирчин Э.Лхагвсүрэн мастер авч Монгол Улс нэг биш хоёр эрхтэй болж Токиогийн олимпод оролцсондоо талархалтай байгаа. Хосын төрөлд оролцохоор нэр өгсөн ч чансаагаараа манайх хойгуур байсан учраас оролцох боломж байгаагүй.

Тамирчнаа олон болгоно гэхээр бэлтгэл хийх газар, санхүүгийн хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ шугмаараа цаашид амжилт үзүүлж мөн сонирхогч хүмүүст эрүүл мэндийн хувьд нэлээн том дэмжлэг болох үүд нээгдэж байна. Ширээний теннисийн холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат гуайн байгуулсан “Оч” клуб дээр бэлтгэл сургуулилтаа хийдэг. Сүүлийн жилүүдэд хотод 20 клуб ажиллаж байна. Хөдөө орон нутагт 33 клуб ажиллаж байна. Энэ нь нэг клубт дунджаар 10 хүн хичээллэнэ гэхээр 1000 хол давсан сонирхогч тамирчинтай гэсэн үг. Өнөөдөр өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дөрвөн насны ангилалтай байгаа. 700-800 хүүхэд улсын аваргад оролцох эрхээ аваад хот, хөдөөгөөс ирдэг. Тэгэхээр бидний үйл ажиллагаа цаашид хөгжих боломж, бололцоо харагдаж байна.

Бидэнд хугацаа хэрэгтэй. Манай зүүн Азийн бүс өрсөлдөөнтэй, дэлхийд эхэнд жагсдаг хүмүүс байдаг. Тухайлбал, Хятад, Япон, Солонгос, Тайвань,  Хонгконг, Хойд Солонгос, Макао, Монгол ордог. Манай чансаа 50-60-ын хооронд явж байгаа. Гэтэл манай өрсөлдөгч нар эхний 10-т байдаг. Эднийгээ гүйцэхийн тулд хугацаа хэрэгтэй. Үүний тулд бэлтгэлээ чанартай хийж хурдан тэр түвшин рүү гарах төлөвлөгөөгөө сайн боловсруулах нь чухал.

 

Мөрөөдлөө биелүүлсэн 2021 он

 

-Энэ спортоор хичээллэж байгаа манай ахмад тамирчид болон одоо байгаа залуу тамирчид бүгд олимпод оролцохыг хүсдэг байсан. Энэ хүсэл маань 2021 онд биеллээ олж “Токио-2020” зуны олимпийн ширээний теннист эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд оролцлоо. Бид нягт нямбай бодлоготой ажиллаж байж цаашид явах боломжтой юм билээ. Зүгээр байхад ямар ч төрлийн спорт, ямар ч хүн амжилтад хүрэхгүй учраас холбоо маань сүүлийн 4-5 жилийн хугацаанд өмнөхөөсөө илүү их ажил хийсэн нь бидэнд ийм үүд нээгдэх боломж нь харагдсан юм болов уу гэж харсан. 2012, 2016 онд олимпод оролцох боломжтой байсан гэж хувьдаа харж байгаа. Тэр үед мэдээллээ дутуу авсанаас мэдэхгүй өнгөрөөх зүйлүүд гарсан байна лээ.

Өмнө нь олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй гурав гурван тамирчин ордог байсан учраас манайхан эрхийн төлөөх тэмцээнд явж байсан. 2007, 2008 онд Хонгконгод очиж байсан. Тэгэхэд автоматаар Хятадын багийн хоёр тамирчин авсан байхад гурав дахь тамирчин нь дэлхийн нэг номерын тамирчин ирж авдаг байсан нь бидэнд нэлээн хол харагдаж байсан. Харин энэ удаа ойрхон байгаад гарц, гаргалгаа байна гэж хараад бид өөрсдөө зориглоод оролцсон.

 

Олон хүний хүч хөдөлмөрөөр энэ спорт хөгжинө

 

-Ширээний теннисийн холбоо жил бүр тогтмол гадаадын хүүхэд, залуучууд, ахмадууд гэсэн ангиллаар 15-20 тэмцээнд тамирчдаа оролцуулдаг болсон. Дотооддоо мөн ялгаагүй доод тал нь 20 удаагийн тэмцээн зохион байгуулдаг болсноор үйл ажиллагаа жигдэрч байна. Олон хүний хүч хөдөлмөр шаардаж, олон тамирчин ур ухаанаа уралдуулж, олон дасгалжуулагч сайн ажиллаж байж энэ спорт цаашид хөгжинө. Спорт хөгжсөнөөр дэлхийн тавцанд Монгол гэдэг нэрийг дуудуулах сайхан байдаг. Сая олимпод оролцсоноороо ширээний теннисээр хожил авч болдог юм байна гэдгийг харлаа. Цаашид олуулаа болно гэсэн бодолтой байгаа. Ширээний теннист багийн, хосын, холимог хосын, ганцаарчилсан төрөл гэж байдаг. Энэ удаагийн олимпод манайхаас эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд явсан. Эрэгтэй 65, эмэгтэй 70 ширээний теннисчин эрх авч өрсөлдсөн. Манайд цагаан хуудас гэж байдаггүй, эрхээ авч оролцдог. Цагаан хуудас гэдэг нь эрх авах биш норм нормативаа биелүүлж ордог учраас ганц нэг улс дэмжлэг авч ордог. Багийн төрөлд эрэгтэй, эмэгтэй 16 баг, хосын төрөлд нь мөн 16 баг оролцсон.

60 жил болохдоо 1961 оноос хойш шигшээ баг гэж бий болоод түүхэндээ дэлхийн аваргад 1961, 1973, 1991 онд оролцсон байдаг. 1991 оноос хойш Монгол Улс дэлхийн аваргад завсаргүй оролцсон. Тухайн үед улсаас шигшээ баг гээд барьчихдаг. Нэг, хоёрдугаар шигшээ бүгд цалинтай, байрлаад бэлтгэлээ хийгээд амжилт гаргавал улс дэмжээд явдаг байсан бол 1990 он гараад Монголын эдийн засаг уналтад ороход спорт маань ч уналтад орсон. 2020 оноос ширээний теннисийг шигшээ багт багтаасанд баяртай байгаа. Ингэснээр эм витаминжуулалт, арга зүй, тамирчид маань цалин дэмжлэг авсан учраас бидэнд энэ нь нөлөөлж цаашид ажил хийх урамтай болсон. Бид олимпод оролцох боломж байгаа юм байна эрх авчих болов уу гээд төлөвлөгөөндөө оруулж явсан.

Ширээний теннисийн шигшээ баг эмэгтэй дөрөв, эрэгтэй хоёр тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй. Цаашид бид олуулаа болох хэрэгтэй. Олон хүн байж олон арга техниктэй өрсөлдөөн гарч байж цаашаа тамирчдын хэмжээнд илүү хөгжинө. Мөн багш нар, тамчирчид маань гадаад, дотоодын сургалтуудад явах, гадаадын олон тэмцээнд явбал амжилт үзүүлэх боломжтой.

 

Бидний хүсэл шигшээ багийн том заалтай болох

 

-Бодлогын хувьд бид шигшээ багаа ерөнхийдөө залуучуудаар бүрдүүлсэн. Хамгийн ахмад нь 21, 22-той, хамгийн бага нь 15 настай хүүхэд байгаа. Х.Болор-Эрдэнийн хувьд 18 настай. Энэ хугацаанд 10 дэлхийн аваргад оролцож байраа урагшлуулах, Монгол Улсын баг тамирчид В зэрэглэлд 40-өөс өмнө орох зорилго тавиад байна. Ирээдүйтэй олон хүүхэд байгаа учраас шат шатандаа бодлогынхоо түвшинд тэднийгээ бариад, нас насных нь ангилалд таарсан багш нарт өгөөд явах бодлогыг Ширээний теннисийн холбоо барьж эхэлсэн. Ерөнхийдөө ажлууд бага багаар цэгцрээд явж байна. Аль ч юман дээр санхүүгийн асуудал байна. Үүнийг зохицуулж чадвал тэр бодлогууд хэрэгжээд хурдан амжилтад хүрэх, өөрийнхөө төлөө хичээдэг болно.

2020 оны дөрөвдүгээр сараас хойш шигшээ багт ширээний теннисийн төрөл нэмэгдэж оролцсоноор төр, засаг бүх боломж бололцоогоор хангасан. Биеийн тамир, спортын улсын хороо, Спортын анагаах ухааны төвийн хүмүүстээ талархал илэрхийлье. Биднийг тэмцээн уралдаанаар тасалдуулахгүй авч явдаг Оюутны спортын холбоо, Монголын ширээний теннисийн холбооны удирдлагууд, ширээний теннисийг дэмжиж үздэг, сонирхож тоглодог хүмүүсээс бид урмын үг авч, зэмлүүлэхдээ зэмлүүлээд хамт явж байгаадаа баяртай байна. Бидэнд эм витамин, хоолзүйч, сэтгэлзүйч, гэмтэл бэртэл гарвал гээд эмч хүртэл гаргаж өгсөн. Төр, засгаас зохих хэмжээнд бидний хүсэлтийг хүлээж аваад шигшээ багтаа багтаачихлаа. Олимпийн наадамд оролцлоо, бидний цаашдын хүсэл шигшээ багийн том заалтай болох. Байнгын бэлтгэл сургуулилт хийх мөн гадаадын дасгалжуулагч багш, тамирчдыг урьж авчирах, тамирчдаа явуулах асуудлыг шат дараатай авч хэрэгжүүлж, туслах байх гэж харж байна.

Монголын ширээний теннисийн холбоо өмнө нь олон орны тамирчин, дасгалжуулагчийг авчирч байсан. 1990 оны эхээр БНСУ-ын Кан Ён Сун буюу монгол нэр нь Гантуяа гэдэг эмэгтэй Монголд ирж ажилласан. Энэ хүн 1988 оны Сөүлийн олимпийн ширээний теннисийн төрөлд орсон ширээ, бөмбөгнүүдийг оруулж ирж бидний нүдийг анх нээж байлаа. Мөн одоогоор БНСУ-ын өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Пак багшийг Монголд урьж 5-6 жил бидэнтэй ажиллаж байгаад нутаг буцсан. Энэ багшийн өмнө хятад багш нар жил жилээр ажиллаж байсан. 1961 онд Хятадад сурч байсан манай ахмадууд Бээжинд очиж цанын бэлтгэл хийхээс гадна хятад багш нар манайд ажиллаж байсан сайхан дурсамжууд байдаг юм билээ. 1990 онд нэг хятад багш жил гаруй ажиллаж байсан. Үүний дараа 2012 онд Хойд Солонгосын Чой Юн Хай гэж мундаг багш ирж байлаа. Мөн 2018 онд Хойд Солонгоын дасгалжуулагч тамирчин байсан Ли Гин Сан гурван шавь, нэг багштайгаа ирээд буцсан. Бид энэ багшийг хоёр жил байлгах төлөвлөгөөтэй байсан ч НҮБ-ын хоригийн улмаас дөрвөн сар болоод буцсан байгаа. Одоо манай Ширээний теннисийн холбоо БНСУ-ын дасгалжуулагч, шигшээ багтаа тоглож байсан Кан Дун Хун гэж залууг сүүлийн хоёр сар олимпийн багтайгаа бэлтгэл хийлгэсэн. Өнөөдөр ч гэсэн манай тамирчидтай бэлтгэл хийж байгаа. Энэ хүнийг 2-4 жил байлгах хүсэлтээ албан ёсоор өгчихөөд байна. БНСУ-ын ширээний теннисийн холбоо Монголын ширээний теннисийн холбоотой нягт хамтын ажиллагаатай байдаг учраас биднийг дэмжих тал дээр явуулж байгаа бодлогууд нь байгаа.

 

Тогтвортой ажлын байр хэрэгтэй байна

 

-Санхүүгийн хувьд тааруу ч бид аль болох өөрсдийнхөө нөөц бололцоо болон эцэг эх, компаниуд, хувь хүмүүсийн санхүүжилтээр олон тэмцээнд хамрагддаг. Үүний үр нөлөөгөөр олимпийн эрх авсан гэж боддог. Би 1992-2000 он хүртэл ширээний теннисээр хичээллэж байгаад гадагшаа яваад 2006 онд ирээд дасгалжуулагчаар ажилласан. Хүүхдүүдийг анхнаас нь авч бэлдээд өөрийнхөө мэддэг, чаддаг зүйлээ зааж байгаад 2017 оноос шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон. Саяхан Биеийн тамир, спортын улсын хорооны дэргэдэх Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах сайхан боломж нээгдээд ажиллаж байна. Хийж хэрэгжүүлэх ажил их бий. Мөн ширээний теннисийн дасгалжуулагч, тамирчдын зүрх сэтгэл нэг зүг рүү харах хэрэгтэй байна. Бидэнд тогтвортой бэлтгэл сургуулилт хийх заал хэрэгтэй байна. Тогтвортой хичээллэх заалгүйгээс 1-2 жил ажиллаад багш нар, тамирчид бутарч байна. Тиймээс тогтвортой ажлын байрыг бий болгож чадвал багш нар маань санаа зовохгүйгээр ажлаа хийвэл амжилт гарах болов уу гэж хардаг.

Заал бэлэн байна гэдэг чинь багш байна. Тэгэхээр багшийг дагаад тамирчид байх учраас үүнийг тогтвортой гэж хэлээд байгаа юм. Хэрэв багш тогтвортой байвал өнөөдөр олон тамирчин амжилт үзүүлэх боломж, бололцоо нь харагдаж байна. Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хүнд дэмжлэг туслалцаа нэмэгдэнэ. Тэгэхгүй нэг жил болоод клуб нь хаагдаж эсвэл тамирчин нь явчихаар багш нар тогтвортой ажлын байргүй болно. Ер нь ямар ч спортын багш дасгалжуулагчийг төрөөс харж үзэх боломж байдаг бол харж үзээсэй гэж хүсдэг. Сургуульд ажилладаг багш нар байнгын ажилтай,  хичээлээ заагаад хүүхдүүд нь мэдлэгээ авна. Улсад ажилласан жилээ дуусгаад ажилласан жилийнхээ урамшууллыг авдаг. Гэтэл дасгалжуулагч бидэнд ийм юм байдаггүй. Өнөөдөр шигшээ багт орлоо олимп хооронд тамирчнаа бэлдэнэ. Хэрэв муу ажиллавал шигшээ багаас хасагддаг юм билээ.          

Энэ спортоор монгол хүн олимпод тоглож чаддаг гэдгээ харуулсандаа манай холбоо, эцэг эхчүүд, спонсор байгууллагууд баяртай байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.7 ДАВАА № 154 (6631)

 

Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

2 цаг 22 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

2 цаг 27 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

2 цаг 37 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

2 цаг 42 мин
Сурах бичигт сул тал бий юү?

“Зууны мэдээ” сонин “Математикаас хүнд Монгол хэл” эрэн сурвалжлах нийтлэлээ хү

2 цаг 47 мин
Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт

СЭЗИС-ийн НББ-ийн тэнхимийн ахлах багш, татварын мэргэшсэн зөвлөх Ч.Өнөржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2 цаг 52 мин
Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо

Парламент Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг эцэслэн батлав.  Монгол Улсын Ү

2 цаг 57 мин
Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

Д.Амарбаясгалан: "Ачит Ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т буцаан авна

17 цаг 48 мин
“Х.Баттулгыг намын үндсэн дүрэмд заасны дагуу намаас яаралтай хасахыг шаардаж байна”

АН-ын "Эрх чөлөө төв"-өөс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гишүүнээ

18 цаг 49 мин
"АН-ын дарга нарын ялыг наймаалцаж байхаар 1072 хувьцааны асуудлыг цэгцэл"

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар иргэн Ч.Хажидмаа мэдээлэл өглөө. 

18 цаг 50 мин