Ш.Чимэдцэеэ: Уртын дууны хөгжил  тооны хувьд сайн ч чанарын хувьд дутагдалтай

2021-08-06
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа  Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэтэй ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн  Уулбаян сумын нутаг   “Хоолой” хэмээх газар мэндэлж, монгол ардын  уртын дууны их өвийг тээж, нотжуулан  судалж,  хойч үедээ өвлүүлж яваа  дуун ухааны их мастеруудын нэг  билээ.

 

-Монгол ардын уртын дууны хөгжил таны өмнөх үе болон таны дараа үеэс хэрхэн уламжилж ирэв?

-Миний үеийнхэн бас ч гэж сургууль, соёлтой болсон үед уртын дууг сурчээ. Тэр үед СУИС-д уртын дууны анги нээгдээгүй байсан цаг.

Миний өмнөх багш нарын үе бол шавь сургалт, гэр сургалтаар л  явж ирсэн. Манай Норовбанзад багш бол хөдөө жаахан хүүхэд арган дээр гарч зогсоод дуулдаг байж. “Хөөрхөн хоолойтой хүүхэд байна” гээд нутгийн хүмүүс өхөөрдөж  дуу заасан гэдэг.

Сүүлд Бальдар гэж хүн багшилж дуу зааж өгсөн юм билээ. Хотод ирснээр Дорждагва багшид шавь орж, тэр хүн уртын дууны ертөнцөд нэгэн сайхан цэцгийг ургуулж дээ. Бидний үед ч  СУИС гэж байсангүй, уртын дуу хөшигний ард хөгжим, тайз засахад л хэрэг болдог. Нэг ёсондоо тоглолтын үеэр хөшиг хаах, нээхэд зориулсан  хавсарга маягийн үзүүлбэр  байлаа. Нэг удаа Соёлын яамнаас их нааштай  бодлого хэрэгжүүлсэн. Тэр нь  юу вэ гэвэл 1974 онд  дуучин болсныг нь  биш дуучин болох боломжтой хүмүүсийг Улаанбаатарт  авчирч курст хамруулсан. Би чинь тэр курсыг төгссөн  дуучин байхгүй юу. Тухайн үед нэг үеийн 16, 17-тууд энд тэндээс цугласан даа. С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Хэнтий аймгаас  Ж.Нансалмаа, Говь-Алтайгаас Г.Тэрбиш, Сүхбаатараас  миний бие  гээд хэдэн жаахан хүүхэд цуглаж дууны урлагт шамдан суралцсан юм. Ингэж 21 аймаг нэг нэг  уртын дуучинтай болж байлаа. Бид нутагтаа очоод бүгд уртын дууны дугуйлан хичээллүүлсэн. Бидний нэг хэсэг үеийг Соёлын яам бодлогоор ингэж бэлдсэн юм. Бид залуудаа  бүгд л дуулж байлаа. Одоо нас явж бүгд багш болсон. Бид тухайн үед зургаан сарын хугацаатай курс гэж байсан ч  дөрвөн сар болоод төгссөн. Алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва нарын шавь нар шүү дээ. Нэг үгээр хэлбэл, бид дөрвөн сарын курсын дуучид юм даа.

-Та нараас хойш уртын дуучдыг бодлогоор  сургаж, сургалтад хамруулсан зүйл бий юү? 

-1986 онд курс маягийн сургалтад хамруулсан. Гэхдээ өмнө нь дуулж байсан хүмүүсийг хамруулсан. Энэ курс ганцхан сар хичээллэсэн. Түүнээс хойш төрөөс гүн гүнзгий бодлого хэрэгжүүлсэнгүй. Багшийн дээдийн дэргэд дуулаачийн курс гэгч зүйл байгуулагдаж, түүнд ирж нэг сар сууж байлаа. Тэгж байтал СУИС гэж ер нь бол Хөгжим бүжгийн коллежиос тасарсан газар шүү дээ, шинээр бий болж оперын дуучдыг бэлдэж эхэлсэн. Сүүлд уртын дуучдыг давхар бэлтгэх болсон. Ер нь дээхнэ үед 21 аймагт нэг нэг уртын дуучин байлаа. Уртын дууны хөгжлийг усалдаг, хөгжүүлдэг хүн нь тухайн дуучин  өөрөө байсан. Түүнээс хойш  хэсэгтээ  байхгүй болсон. Одоо СУИС бэлдэж, аймаг болгон уртын дуучинтай болжээ. Тэгэхдээ чанарын хувьд ярихаас биш тооны тухайд олон болсон.

-Монгол төрийн наадмыг уртын дуугаар нээдэг шүү дээ. Тэгэхээр төрийн бодлогоор уртын дуугаа хөгжүүлж  хадгалж үлдэх, хойч үедээ өвлүүлэхэд анхаармаар санагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Монголын төр бодлогоор анхаармаар байна. Уртын дуучин бид нэгэн цагт  энэ өв соёлыг нуруундаа үүрч явсан бол  одоо ч  ачаа үүрч багшлаад явж байна шүү дээ. Тиймээс энэ чиглэлд төрийн бодлого хэрэгтэй. Уртын дуу гэдэг зам дээр байж байдаг, хэзээ ч хамаад авчихаж болох “үхрийн баас” биш шүү дээ. Энэ бол монгол түмний хадгалж, өвлөж, уламжилж байх ёстой өв соёл. Тиймээс бодлого хэрэгтэй. СУИС, Монголын үндэсний консерваторит уртын дуучдыг бэлтгэж байна. Гэвч олдохоороо өлдөх гэж үг бий. Тооны хувьд сайн ч  чанарын хувьд бодолцмоор. Яг уртын дуучныг бэлдэхэд бодлого алга. Тиймээс төгсөгчид дэмий л сургууль төгсөж, гараад гудамжинд  лааз өшиглөж байна шүү дээ.

-Захын хүн  уртын дуучин болъё гээд болчихгүй байх. Тэгэхээр уртын дуучин болох өгөгдөл гэж байдаг байх?   

-Дуртай болгон  нь уртын дууг дуулчихгүй. Таны хэлснээр дээрээс өгсөн өгөгдөлтэй эд. Биднийг арван хэдхэн настай хүүхэд уртын дуучин болохоор агуу Н.Норовбанзад, Ж.Дорждагва нарын курст сууж байхад багш нар маань хэлдэг байлаа. Мөн тэр үед С.Сүглэгмаа гэж сайхан хүүхэн, сайхан ч  дуучин, “Жаахан шарга”-ын буюу Баатарын Лхамжав гэж гайхалтай дуучин бидэнд хичээл зааж явлаа. Бид алт шиг хүмүүсээр заалгаж уртын дууг сурсан юм шүү дээ. Тийм багш нараар заалгасан юм чинь дуулахгүй гээд яах билээ.

Багш нар минь бидэнд “Та нар бурханаас заяасан” гэж хэлдэг байлаа. Тэр үед “өгөгдөл” гэж үг байгаагүй. Тэгж яривал шоронд орох байсан биз. “Бурханаас” гэж ярьж болохгүй, тэр үгийг багш нар шавьдаа итгэж, чихэнд нь шивнэж хэлдэг байж дээ. Төвөнхийн цохилго, хоолойн цохилго, том хоолой, шуранхай гээд энэ бүхэн бурханаас заяадаг байхгүй юу гэж ярьдаг байсан. Өнөөдөр  шинжлэх ухаан өргөжиж, уртын дуучин олширч, бид ч багш нарынхаа  орон зайн дээр зогсож байна. Уртын дуучин хүн дуунд хайртай, дуртай байдаг. Тэгэхээр ёстой л дээрээс өгөгдөлтэй юм болов уу даа. Бага шиг  өгөгдөл байвч  багш сайн хөгжүүлдэг, хариуцлагатай, хүний төлөө байх л чухал. Тийм багш байвал болох юм. Түүнээс дуртай болгон дуулахгүй.

-Та бол монгол ардын  уртын дууг нотжуулсан анхны хүн, бас судлаач. Судалгаа ямар түвшинд явааг хэлэх байх?

-Би уртын дууны нотыг 1974 оноос зохиосон. Тэр бол дөнгөж эхлэл. Түүнийгээ сайжруулсаар нот маягийн юм болсон. Яагаад нот гэж хэлж байна гэвэл Ж.Бадраа багш амьд сэрүүн байхдаа миний бичсэн нотыг үзсэн юм. Мөн  МҮОНРТ-ийн Соёл урлагийн газрын Лхамсүрэн гэж хүн Сүхбаатар аймагт очиж миний туршлагыг судалж гаргаж байлаа. Тэр үед нот гэж хэлээгүй ч бичиж тэмдэглэснийг  минь Ж.Бадраа багш үзээд Монгол Улс уртын дууны ноттой болох дөхжээ, үүнийгээ чанаржуул гэсэн. Ингээд би бичиж тэмдэглэсэн, судалж гүнзгийлүүлснээ нотны зэрэгтэй болгосон. Орчин цагийн хөгжмийн урлагт долоохон нот бий, давхар ноттойгоо нийлээд 14 болдог. Миний нот 24 байгаа юм. Уртын дуу, дуучны тооны хувьд харахад хөгжөөд байгаа юм шиг, чанарын тухайд учир дутагдалтай.

Өнөөдөр уртын дуугаар байнгын судалгаа хийж байгаа хүн цөөн. Ж.Энэбиш багш судалгаа явуулж байна. Миний бие жаахан ч гэсэн оролдож байгаа. М.Дорждагва гэж  хүү Завхан аймгаас анх ирж бидэнд шавь орж байсан, сүүлийн үеийн  судалгааг тэр л голлон явуулж байх шив дээ. Дөрвөлжингийн Оюунцэцэг гэж монгол ардын дуугаар анх  гадаадад доктор хамгаалсан хүн бий.

-Та уртын дууны сургалт, шавь сургалт хэр явуулж байна?

-Сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалан  цахимаар голдуу сургалт явуулж байна. Давуу тал нь дэлхийн өнцөг булан бүрээс хандаж, цахим сургалталд хамрагдаж байгаа. Япон, Хятад, Солонгос АНУ, Өвөрмонголоос холбогдож залуус монгол ардын уртын дуугаа сурч байгаа нь сайхан юм даа.

-Монголчууд өөрсдөө яагаад сурахгүй байна вэ?

-“Бурхан мэндэлсэн газраа хүндгүй” гэж үг байдаг. Монголчуудаас  надад шавь орж уртын дуу суръя гэсэн хүн алга. Танхимаар бол олон хүнийг хамт суулгаж байгаад заадаг. Цахим хичээл бол өөдөөс нь харж сууж байгаад заадаг яг  нүүр тулсан хичээл байхгүй юу. Гэтэл монголчууд маань тун идэвхгүй, өнгөрсөн жилээс өнөөг хүртэл 4-5-хан хүн л цахим хичээлд хамрагдлаа. Ёстой нөгөө  “Бурхан мэндэлсэн   газраа хүндгүй” гэгчээр Чимэдцэеэ гуай байж л байх юм чинь, тэгж байгаад сурна даа гэж боддог юм болов уу.

-Монгол төрийн наадам уртын дуугаар нээлтээ хийдэг. Эрийн гурван наадам  уртын дууны шуранхайн аялгуунд болж түмэн олон дэлгэр сайхан нааддаг. Тэгсэн атал төр бодлогоор ханддаггүй юм байна, тийм үү?

-Энэ хамгийн бодох ёстой асуудал. Монголын төр цаашид анхаарах биз дээ.

-Та анх дуулж эхэлсэн дурсамжаасаа товчхон сонирхуулаач?

-Сургуульд байхдаа нэг их дуулдаггүй, багш “дуул” гэхээр самбарын өмнө гараад уйлчихдаг  охин  15 настайдаа урлагийн үзлэгээр сумынхаа клубт анх удаа  “Жаахан шарга”-ыг дуулж байлаа.  Сумаасаа шалгараад аймагт, аймгаасаа Зүүн бүсэд, тэндээсээ  шалгарч,  улсын нийслэл Улаанбаатарын тайзнаа дуулсан юм. Урлагийн хүн, дуучин болох миний  зам ингэж эхэлсэн. 1974 онд “Дуучин болох хүмүүсийг курст суулгана” гэж аймгийн Соёлын хэлтсийн дарга Доржцэрэн  багш  нь дуудсанаар  хотод очиход алдарт дуучин Н.Норовбанзад, Дорждагва нарын шавь болж,  нэг үеийн 16, 17-тууд, хожмын цуутай дуучин С.Сүглэгмаа, Б.Лхамжав, С.Нэргүй, Ж.Нансалмаа, Г.Тэрбиш  нартай хамт  дууны урлагт  шамдан суралцаж, төгсч ирээд Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд гоцлол дуучнаар ажиллаж, дуулалт жүжгийн гол дүрүүдийг бүтээн, хөгжим анги дутагдалтай тул өөрөө хөгжмөө тоглон урлаг соёлыг түгээн дэлгэрүүлсээр 1986 онд Соёлын тэргүүний ажилтан, 1991 онд Монгол Улсын гавьяат жүжигчин болж 1993 онд  Улаанбаатар хотноо ирж “Морин хуурын чуулга” анх байгуулагдахад гоцлол дуучнаар орж, 2003 оноос Хөгжим бүжгийн коллежид  багшилж өнөө хүртэл дууны хорвоод амьдарч явна даа.

Урлагийн алтан тайзнаа  “Монгол Улсын Ардын жүжигчин, уртын дуучин  Шарын Чимэдцэеэ дуулна” хэмээн зарлуулж,  Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Орос, Герман, Англи, Франц, Швейцар, Америк, Польш, Канад, Голланд, Чех гэсэн 40 гаруй орноор аялан тоглож,  Японы Suntory hall alcoross АНУ carnegle hall, Нью-Йорк хотын НҮБ-ын танхим, Германы Берлин филармони, Францын Юнеско гэсэн дэлхийн алдартай тайзан дээр дуулсан тэрээр яахын аргагүй их талын энгүй хоолойтон, Монголын нэгэн бахархал юм. Монголчууд “энгүй” гэх үгийг зах хязгааргүй, тоо томшгүй, тоолж баршгүй гэсэн утгаар хэрэглэдэг. Тэгвэл хүчит бөхчүүдээ энгүй хүчтэн, энгүй бяртай  гэхчлэн ярьж бичих нь бий. Ш.Чимэдцэеэ их талын энгүй хоолойтон болохыг Монголд анх удаа дуучин хүний хоолойн царааг шалгасан  гурван октавтай дуу зохиож дуулсан гайхамшиг нь хэдийнэ баталсан. Дэлхийд энэ хэмжээний дуу дуулсан хүн  өдгөө  түүнээс өөр бүртгэгдээгүй  байна. Өнөөдөр Ш.Чимэдцэеэг судлах, түүнээс суралцах “Уртын дууны өргөө”-г  байгуулбал уртын дуугаа дэлхийд гаргах нэгэн гэрэлт  зам бий болж мэдэх  юм. 

Ш.Чимэдцэеэ зөвхөн  уран бүтээлч бус, дарьгангын  өв соёлын тээгч, түүнийгээ судалгааны эргэлтэд оруулж “Дарьганга дууны хэл соёлын судалгаа” нэг сэдэвт бүтээлээрээ докторын зэрэг хамгаалсны зэрэгцээ Монгол Улсаа уртын дууны ноттой болгосон  эрдэмтэн, судлаач.  Өдгөө түүний зохиосон нотоор ар, өвөр Монголын уртын дуучид уртын дуугаа сурч байна. Дарьганга судлалтай холбоотой өөр  нэг зүйлийг онцолбоос дэлхий дээр 300 гаруй үндэстний хэл устсан атал 2010 оны хүн амын тооллогоор дарьганга хүний тоо цөөрсөн нь хэл устах аюул  хаалга тогшиж буй дохио болохыг сэрэмжлүүлж тэрбээр “Дарьганга хэл аялгууны толь бичиг” гаргажээ. Бид  “Өв соёл” булангийнхаа дараагийн дугаарт  дарьганга, үзэмчин урт богино 108 дууг судлан цуглуулсан түүний урын сангаас хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.6 БААСАН № 153 (6630)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

5 цаг 1 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

12 цаг 30 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

13 цаг 21 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

13 цаг 28 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

13 цаг 42 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

14 цаг 3 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

18 цаг 27 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

18 цаг 32 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

18 цаг 42 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

18 цаг 47 мин