Б.Хишигжаргал: Хагас бие даасан байдалд шилжсэн тул эмч, ажилчдынхаа цалинг ирэх онд 50 хүртэл хувиар нэмэгдүүлнэ

2021-07-08
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Т.САЙХАН

 

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Анагаах ухааны доктор, Тэргүүлэх зэргийн эмч Б.Хишигжаргалтай ярилцлаа.

 

- Хоёр хоногийн өмнө эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэхээр болсон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Манай эмнэлэг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлтүүд орсон. Энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүждэг даатгалын шинэ журмаар ажиллаж байна. Энэ бүх хууль, эрхзүйн өөрчлөлтийн хүрээнд нийт эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг үе шаттайгаар нэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. УНТЭ 2020 онд хагас бие даасан байдалд шилжин ажиллаж эхлэх үедээ цар тахлын улмаас олон удаагийн хөл хорио тогтоосонтой холбоотойгоор үндсэн тусламж үйлчилгээгээ төлөвлөсний дагуу үзүүлж чадаагүйн улмаас эмнэлэг 2020 оны санхүүгийн тооцоогоор 653 сая төгрөгийн  өглөгтэй гарсан.

2021 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаар санхүүгийн хувьд ашигтай ажиллаж он дамжиж ирсэн өглөгөө бүрэн төлж барагдуулсан.  Тиймээс бид энэ хэцүү цаг үед цар тахлын эсрэг зогсолтгүй тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан юм.  Бид он дуустал эмнэлгийнхээ борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллах бөгөөд оны эцэст болон 2022 оны эхний хагаст гэхэд цалин, урамшууллаа 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

-Танай эмнэлгийн хувьд үйл ажиллагаа нь доголдож байгаа тасаг нэгж байна уу?

- Цар тахлын үед УНТЭ болон бусад нэгдсэн эмнэлгүүд цар тахлын үед хүний нөөцийн хомсдолтой байгаа хэдий ч зөв менежменттэй ажилласнаар хүнд цаг хугацааг хүндрэл багатайгаар даван туулж байна. Цар тахал анх Монгол Улсад дэгдсэн үеэс бүх эмнэлгийн байгууллагууд өөр, өөрийн менежментийг хийж ажиллаж байна. Хуучин эмнэлэг гэдэг энэ том байгууллагад эмч, үйлчлүүлэгч нь холилдоод л явдаг байсан бол өнөөдөр тэр байдал бүрэн утгаараа өөрчлөгдсөн. Өнөөдөр бид эмнэлгийг таван хэсэгт тусгаарлаж ажиллаж байна. Амбулаторийн эмч нар болон үйлчлүүлэгчид хэвтэн эмчлүүлэх тасаг руу орохгүй, хэвтэн  эмчлүүлэх хэсэг нь улаан бүс буюу Ковидын бүс, ногоон бүс буюу бусад тусламж үйлчилгээг явуулах хэсэг болон хуваагдсан. Үүнээс гадна хүлээн авах хэсэг ч гэсэн халдвартай болон халдваргүй иргэнийг тус тусад нь хүлээн авч, дундын бүс буюу шинжилгээний хариу гартал хүлээх, эргэлзээтэй өгүүлэмжтэй иргэнийг байрлуулах хэсгийг гаргасан.  Ингэснээр ард иргэдэд илүү аюулгүй үйлчлэх боломж бүрдсэн.  Хэдийгээр цар тахалтай цаг үе хүнд хэцүү байгаа ч бид хандивлагч байгууллагуудынхаа тусламжтайгаар эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бүх тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг эхлүүллээ. Мөн чих хамар, хоолой болон эрүү нүүрний мэс заслынхаа тасгийн багаж тоног төхөөрөмжийг шинэчлэх үйл ажиллагааг ЭМЯ, болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр шинэчлэхээр болсон. Мөн дөрөвдүгээр давхрынхаа мэс заслын оперцоныг бүрэн шинэчлэж олон улсын жишигт нийцсэн вакум мэс заслын өрөөнүүдийг улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд удахгүй ашиглаж эхэлнэ. Тус вакум мэс заслын өрөөний дотор тохижилтыг Монголын ипотекийн корпораци 79 сая төгрөгөөр тохижуулж өгч байгаа бөгөөд энэ завшааныг ашиглаад талархаж байгаагаа илэрхийлье. 

-Яаралтай тусламжийг хэрхэн үзүүлж байна?

-Цар тахал дотоодод тархсантай холбоотойгоор бид яаралтай тусламж, хүлээн авах тасгаа хоёр хэсэг болгон салгасан. Яаралтай тусламж-1 гэсэн хаалгаар сэжигтэй өгүүлэмжтэй үйлчлүүлэгчдийг, Яаралтай тусламж-2 хаалгаараа энгийн иргэдийг харъяалал харгалзахгүй хүлээн авч үйлчилж байгаа. Мөн Мэдрэлийн эмнэлзүйн төвтэй бөгөөд тус төв дээрээ мэдрэлийн эрчимт эмчилгээний хэсгийг нээж ажиллуулж байна. Улс орнуудын эмнэлгийн чадлыг нийт орны хэдэн хувийг эрчимт эмчилгээний ор эзэлж байна вэ гэдгээр нь үнэлдэг. Өмнө нь манай эмнэлгийн нийт хэвтэн эмчлүүлэх орны 2.4 хувийг л эрчимт эмчилгээний ор эзэлдэг байсан бол өнөөдөр энэ орны тоо нэмэгдэж, нийт орны есөн хувийг эрчимт эмчилгээний ор эзэлж байна. Үүнээс гадна эрчимт эмчилгээний ор нь өмнө нь ганцхан нэгжид хамаардаг байсан бол өнөөдөр мэс заслын дараах, дотор, зүрх, мэдрэлийн гэж дөрвөн нэгжид хуваагддаг болсон. Энэ нь эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй хүндээ түргэн шуурхай хүрч байгааг харуулж байна.  Үүнээс гадна бид Нөхөн сэргээх тасгаа иж бүрнээр нь засварлаж, удахгүй ашиглалтад оруулах гэж байна. Мөн Эрүү нүүрний мэс заслын тасгийг иж бүрэн шинэчлэхээр ажлаа эхлүүлээд явж байна.  2020 оноос эхлэн УНТЭ нь Мэдрэлийн болон Зүрхний мэс заслын тусламж үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ жил тус үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, өмнө нь манай эмнэлэгт хийгдэж байгаагүй зүрх, тархины нээлттэй мэс заслыг хийж эхлээд байна.  Өнгөрсөн жил манай эмнэлэгт шинэ технологи болох БиПлан ангиографийн аппаратыг суурилуулсан бөгөөд тус аппаратын тусламжтайгаар мэдрэл, элэг, зүрхний судасны оношилгоо, эмчилгээг нийтдээ 700 гаруй тохиолдолд амжилттай хийгээд байна. Мөн хэвлийн хөндийн мэс засал, цээжний хөндийн мэс засал гэх мэт ажилбаруудаа дараагийн шатанд хөгжүүлж, шинэ эмчилгээний арга, технологиудыг судалж байна.

-Цар тахлын үед эмнэлгүүд ор дэлгэн ажиллаж байгаа. Тэгвэл танай эмнэлэгт нийт хэдэн ор дэлгэсэн байгаа вэ?

-Эрүүл мэндийн сайдын А/318 тоот тушаалаар анх манай эмнэлэгт 80 орыг дэлгэсэн. Тэгэхдээ нөхцөл байдал хүндэрсэн, манай эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн хүсэлтээр бид ороо нэмж, өнөөдрийн байдлаар нийт 176  орыг зөвхөн коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулан дэлгээд байна. Тэгсэн хэдий ч зөвхөн манай эмнэлгээр үйлчлүүлдэг буюу эрхтэн солиулах мэс засалд орж  дархлаа дарангуйлах эм уудаг, цусны хавдартай, бөөрний дутагдалтай хүмүүс халдвар авч бие нь хүндрэх тохиолдол их байна. Тиймээс бид дэлгэсэн орнууд дээрээ хүнд өвчинтэй хүмүүсээ түлхүү авах тал дээр анхаарч байна. Мөн бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад хүндрэх, дөнгөж амаржсан эхчүүд ч манай эмнэлэгт хандах нь их байна. Манай эмнэлэгт уушиг түр орлуулах ЭКМО аппарат байдаг бөгөөд манай баг өнгөрсөн хугацаанд нийт 20 орчим хүний амь насыг авраад байна.

-Цаашид УНТЭ эмнэлэг санхүүгийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой юу. “Хагас бие даасан байдал” менежментийн онцлог нь юу гэж харж байна вэ?

-Хагас бие даасан байдлыг зарим иргэд эмнэлэг хувьчлагдчихлаа гэж буруу ойлгох нь бий. Хагас бие даасан байдалд шилжсэнээр эмнэлэг өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж, тусламж үйлчилгээгээ үзүүлэх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Өмнө нь эмнэлгүүдэд Сангийн яамнаас ажилчдын цалин, засвар үйлчилгээ, эм эмнэлгийн хэрэгсэл авах төсвийг тавиад өгчихдөг, бид түүндээ л тааруулж эмчилгээ, үйлчилгээгээ үзүүлдэг байсан бол гүйцэтгэлээрээ санхүүжих, хагас бие даасан байдалруу шилжсэнээр эмнэлэг аль илүү салбараа бренд болгон хөгжүүлэх, түүгээрээ эмчлүүлэгч, үйлчлүүлэгчээ татах, бусад тусламж үйлчилгээгээ өргөжүүлж хөгжүүлэх боломжтой болсон. Мөн шинэ шинэ технологийг нэвтрүүлэх, эмч, эмнэлгийн ажилчидынхаа цалин нэмэх боломжтой болж байгаа.  Үүнээс гадна гүйцэтгэлээрээ санхүүжих буюу ЭМД-ийн 03 дугаар тоот тогтоолоор бүх оношийн хамааралтай бүлгүүдээрээ үнэлгээтэй болж өгсөн. Энэ үнэлгээ зарим эмчилгээ, үйлчилгээн дээр дутуу тавигдсан ч юм уу, эсвэл эмчилгээ үйлчилгээг илүү өргөжүүлээд хийлгэхээр санхүүжилт болохгүй ч юм уу асуудлууд байгаа. Бид ЭМДЕГ болон төслийн багт хэлж ойлгуулаад аль болох орчин үеийн хөнөөл багатай эмчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээг хийхийг зорьж байна. Мөн 2020 онд манай эмнэлэгт байгуулагдсан амбулаторын буюу хоёрт талт эмийн сангийнхаа үйл ажиллагааг өргөжүүлж, хөнгөлөлттэй үнээр иргэдэд эмээ авах боломжийг бүрдүүлсэн. Эмийн сангийн үйл ажиллагаа өргөжсөнөөр эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд маш том дэм болж байна. Мөн Эрүүл мэндийг Дэмжих төв буюу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлж, улсын болон хувийн томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг болон шаардлагатай тохиолдолд манай эмнэлгийн VIP тасаг буюу төлбөртэй тасгаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлсэн.

-Цар тахлын үед ажиллаж байгаа эмч нар халдвар авах нь нэмэгдсэн. Үүн дээр эмнэлэгийн зүгээс ажилчиддаа чиглэсэн ямар ажлуудыг хийж байна вэ?

-Эмнэлэг нь хамгийн эрсдэлтэй бүс учир  эмнэлгийн эмч, ажилчид ажлын байран дээрээ халдвар авах нь нэмэгдсэн. Тиймээс бид халдвар авсан ажилчидаа эмнэлэгтээ нэмэлт ор дэлгэн хэвтүүлэн эмчилж байна. Өнгөрсөн хугацаанд 70 гаруй ажилтнаа эмчилсэн бөгөөд ажилчид маань ч эмнэлгийн удирдлагын зүгээс гаргасан уг шийдвэрт баяртай байгаа. Мөн улаан бүсэд 14 хоног тусгаарлагдан ажиллаж байгаа ажилчдынхаа амрах хэсэг буюу ногоон бүсийг өөрийн эмнэлгийн хамгийн үнэ цэнэтэй тасаг болох VIP тасагт амрааж, амин дэмээр тогтмол хангаж, эрч хүчтэйгээр ажиллах боломж нөхцлийг нь бүрдүүлсэн. Улаан бүсэд ажиллаж байгаад гарч ирсэн ажилчдаа өөрсдийн хүсэлтийг нь үндэслэн зочид буудалд долоо хоног тусгаарлалтад байлгаж байна.  Энэ мэт УНТЭ-ийн удирдлагууд эмч, ажилчдынхаа эрүүл мэнд, сэтгэл санааны байдалд тогтмол анхааран тэднийхээ хүсэл, шаардлага бүрийг боломжтой бүхий л хэлбэрээр биелүүлэхийг хичээн ажиллаж байна.

-Цар тахалтай энэ үед нэгдүгээр эмнэлэг гадаад хамтын ажиллагаандаа хэрхэн анхаарч байна вэ?

-Цар тахалтай манай эмнэлэг БНСУ-ын хэд хэдэн томоохон эмнэлгүүд болон Герман, АНУ, Тайвань гэх мэт улсын эмнэлгүүдтэй олон жил хамтран ажиллаж ирсэн. Яг өнөөдрийн байдлаар манай эмнэлгийн нэг эмч БНСУ-д Зүрхний хэм алдагдлын мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр суралцаж байна. Цар тахлын нөхцөл байдал намжиж хэвийн амьдралын горимд шилжих үед бид эмч ажилчдаа гадаадад багаар нь олон төрлийн сургалтад хамруулахаар одооноос бэлтгэлээ хангаж, судалгааны ажлуудаа эхлүүлээд байна. Эмнэлгийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс томоохон байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, урьдчилан сэргийлэх үзлэг болон оношилгоог хийж байна. Цаашид дэмжих төвийнхөө үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор томоохон байгууллагуудтай гэрээ байгуулж ажиллах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.7.8 ПҮРЭВ № 137 (6614)

 

зөв
Зөв байна, гүйцэтгэл буюу ажлын үр дүн, өөрөөр хэлбэл, өвчтөнд сайн үйлчилгээ үзүүлж байгаа бол тэр хэмжээгээрээ санхүүжилт авдаг болж байгаа нь сайн хэрэг, одоо цалинг хавтгайруулж тэгш биш, ур чадварт нь тааруулж ялгаатай нэмэх хэрэгтэй. Тэгвэл, бүгд 50 % биш, зарим нь магадгүй 100 %, зарим нь 20% авч болно шүү дээ, бүх зүйлээ ил болгох хэрэгтэй, өвчтөн эмч рүү мөнгө, бэлэг сэлт барьж гүйдгийг болиулж, зөвхөн эмнэлгийн дансаар гүйлгээ хийдэг болгох хэрэгтэй.
DR. UROLOGIST
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

4 цаг 56 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

5 цаг 19 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

5 цаг 19 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

5 цаг 20 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

6 цаг 32 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

7 цаг 6 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

7 цаг 28 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

7 цаг 49 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

8 цаг 6 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

8 цаг 22 мин