Б.Хонгор: Монгол хорхогоо олон улсад таниулна

2021-06-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАРЬБАЗАР

 

“Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Start-Up” буланд хорхогны чулуу худалдаанд гаргасан “Horhog Stone” гарааны бизнес эрхлэгч Б.Хонгорыг урьж ярилцлаа.

 

- Хорхогны чулуу худалдаанд гарахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Энэ санааг ажил болгосон талаараа сонирхуулаач?

-Намайг Баярсайханы Хонгор гэдэг. Үндсэн ажлын хувьд “CinemaNext” кино театрын захирлаар ажилладаг. Одоогийн байдлаар цар тахалтай холбоотойгоор уг ажил маань зогссон. Тиймдээ ч олон сарын хөл хорионы хугацаанд өөрийн гэсэн брэнд гаргая гэж шийдсэн нь миний хүсэл мөрөөдлийн эхлэл болсон юм. Түүний дараагаар надад яг ямар бизнесийн хүрээнд, юу хийвэл илүү үр өгөөжтэй, эрэлттэй байх вэ гэдэг асуулт гарч ирлээ.

Өөрийн гэсэн брэндтэй болохоор шийдсэнээсээ хойш үргэлж бизнесийн санаагаа эрэлхийлж, хайж, судлаж байсан. Ер нь аливаа бизнес бол хэн нэгний асуудлыг шийдсэнээрээ эрэлттэй болдог гэж дүгнэсний үндсэн дээр өнгөрсөн жил зуслан дээрээ хорхог хийхийн тулд их асуудалтай нүүр тулж байснаа санасан юм. Ингээд хорхогны хэрэгслийг хайж судлаад олсонгүй. Эндээс л анх шинэ бизнесийн санаа төрж өнгөрсөн тавдугаар сараас “Horhog Stone” хорхогны чулууны бизнесээ эхлүүлээд байна. Одоогоор “Номин” болон бусад сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж байгаа.

-Хорхогны бизнес бол цоо шинэ санаа гэж хэлж болох байх. Энэ бүтээгдэхүүнээ анх борлуулж эхлэхэд борлуулагч сүлжээ дэлгүүрүүд болон худалдан авагчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Би Улаанбаатар хотын ихэнх сүлжээ дэлгүүрүүдээр явж уулзсан л даа. Хамгийн түрүүнд “Номин” сүлжээ дэлгүүртэй уулзсан нь их оносон гэж бодож байна. Тухайн дэлгүүрийн хувьд “Хүний хэрэгцээ цөм бүрэн” гэсэн үйлчилгээний соёлтой ажилладаг болохоор маш нааштайгаар хүлээж авсан нь надад дараа дараагийн байгууллагуудтай уулзахад их урам өгч байсан. Хувь худалдан авагчид ч мөн адил сайнаар хүлээж авсан. Энэ нь хүмүүс эрүүл хүнс, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хэрэглэх хандлагатай болсныг харж болох байх.

-Таны гаргаж буй бүтээгдэхүүний хувьд хүмүүсийн өдөр тутамдаа хорхогондоо ашигладаг байгалийн чулуунаас юугаараа онцлог вэ?

-Хүмүүсийн ашиглаж сурсан энгийн чулуунуудын хувьд хорхог хийхэд нийцэх, нийцэхгүй гээд янз бүр байна. Бид чулуунуудаа голын эрэг орчмоос мөлгөрийг нь түүж савладаг. Тухайн чулууны хувьд эрэг дээр наранд халснаас  үүдэн хатуужилтай болсон байдаг. Яг голоос авсан чулууны хувьд хатуужилгүй, хүйтэн байдаг тул хорхогонд ашиглахад тохиромжгүй, чулуу хагарах асуудал үүсгэдэг. Мөн ариун цэвэр, эрүүл ахуй талаасаа түүж авсан чулуунуудаа угаалгаар байгалийн бохирдлоос цэвэрлэж гаргадаг. Түүнчлэн чулуу галд цагаас цаг гучин минутын хооронд байхдаа 1200 цельс градус хүртэл халах учир хангалттай хэмжээнд ариутгадаг. Иймээс манай бүтээгдэхүүний хувьд хэрэглэгчиддээ эрүүл ахуйн шаардлага хангасан, чанарын баталгаатай бүтээгдэхүүнийг санал болгож байгаа юм.   

Олон сарын хөл хорионы хугацаанд өөрийн гэсэн брэнд гаргая гэж шийдсэн нь миний хүсэл мөрөөдлийн эхлэл болсон.

-Хорхогны чулуунаас гадна хорхог халаагч шинэ төхөөрөмж худалдаалагдаж байгаа юм байна. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Анх бизнесийн санаагаа олчихоод судлаж байхад хүмүүст хорхогийг зөвхөн зуны цагт, аялал зугаалгаар явахдаа л иддэг гэсэн хэвшмэл ойлголт байдгийг олж мэдсэн. Ингээд уг хэвшмэл ойлголтыг эвдэж гэрийн нөхцөлд хорхогийг идэх боломжтой гэдэг соёлыг түгээхийг хүссэн юм. Мэдээж гэрийн нөхцөлд хорхог хийхийн тулд нэгдүгээрт халуун чулуу байх хэрэгтэй шүү дээ.  Халуун чулуугаа хээр галд хийдэг бол гэрийн нөхцөлд тийм боломж байхгүй. Ийм учраас маш их судалсны үндсэн дээр энэхүү “Horhoghome”  халаагч төхөөрөмжийг оруулж зах зээлд танилцуулаад байна. Төхөөрөмжийн маань хувьд тойрог нь 16см тул угсраад шууд газан плетка дээр тавьж ашиглах боломжтой, шорлогны нүүрс асаагч зориулалттай эд юм. Дотор нь 20-иод чулуу хийж халаах боломжтой, бүтцийн хувьд галыг хамгийн дээд цэгт нь хүртэл жигд тараах үүрэгтэй. Америкт эзэмших эрх нь харьяалагддаг, аяллын хэрэгсэл гэж явдаг л даа. Бүтээгдэхүүнээ оруулж ирээд чулуугаа халааж туршихад амжилттай болсон. Ингэснээрээ хорхогийг хэзээ ч хаана ч идэх боломжтой болж байгаа юм. Хорхог бол гал дээр хийхэд маш эрсдэлтэй хоол. Хийж байгаа хүн нь түлэгдэхээс эхлээд буруу хийсэн тохиолдолд магадгүй буудах, түүхийрэх эрсдэлтэй. Тиймээс тухайн төхөөрөмжний хамгийн зузаан төмрийг сонгож, хэрэглэгчдийнхээ эрүүл аюулгүй байдлыг ханган, хамгийн таатай байдлаар оруулж ирж байгаа гэдгээрээ давуу талтай.

-Цар тахлын нөхцөл байдал эдийн засагт тэр дундаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд олон сорилт болж байна. Таны хувьд бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа ч цар тахлын энэ нөхцөл байдал нөлөөлж байна уу. Борлуулалтын хувьд хэр байна вэ?

-Ковид олон бизнес эрхлэгчдэд хүндхэн асуудал болж байгаа байх. Харин миний хувьд илүү боломж болсон гэж бодож байгаа. Хөл хорионоос үүдэн гэртээ олон сар дэглэмээ сахиж байхдаа бизнес санаагаа олсон. Тэгэхээр үндсэн ажил хэвийн үргэлжилж байсан бол тус бизнес санааг олж хэрэгжүүлэх боломж надад олдохгүй байсан.  Ингээд брэндтэй болох хүсэл мөрөөдлийн минь эхлэл  тавигдсан тул сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөн жил мөн “Лудо” тоглоомыг хийж 1000 гаруй ширхэгийг амжилттай худалдаалж чадсан. Ингээд эхлэлийн хөрөнгийг босгосон тул хорхогны чулууны бизнесээ эхлүүлэхэд төдийлөн асуудал гараагүй. Түүнчлэн дулааны улирал болж байгаа тул хүмүүс хотоос холгүй гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалганд явах нь ихэссэн. Мөн цахим сүлжээнд маркетинг, мэдээллээ байнга байршуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор  бүтээгдэхүүн худалдаанд гарснаас хойшхи хоёр сарын хугацаанд борлуулалтын хувьд чамгүй сайн үргэлжилсээр байна.

-Цаашдын бизнесийнхээ хүрээнд юуг зорьж байна вэ?

-Бид гадны хоолны соёлыг хангалттай нэвтрүүлсэн. Дуртай газраасаа утсаар холбогдон пицца, тахиа болон солонгос хоол гэх зэргийг захиалан идэж болдог. Тэгвэл монгол хоол, хорхогоо гэрийн нөхцөлд амар хялбар аргаар хийж идэх боломжтой болсон тул энэ соёлыг хүмүүст илүү таниулан, түгээн дэлгэрүүлж хувийн бизнесээ өргөжүүлэн жижиг дунд үйлдвэр байгуулна гэж төлөвлөж байна. Магадгүй цаашдаа гадаадын зах зээлд монгол хорхогоо экспортлож, олон улсад таниулах боломж гарч ирнэ гэж найдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.29 МЯГМАР № 129 (6606)

 

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

АТГ-т шалгагдаж байхдаа хил давсан Ж.Мөнхбат эх орондоо иржээ

52 мин
МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

МАН-ын бага хурал ирэх баасан гарагт болно

3 цаг 46 мин
Засгийн газар бонд гаргахаар болжээ

Засгийн газар бонд гаргахаар болжээ

3 цаг 50 мин
Орон сууцжуулалтын тусгайлсан банк байгуулах ажил юу болов?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо дараа нэг бодлогыг маш тодорхой зарласан. Энэ бол иргэдийн

7 цаг 0 мин
Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаа дууслаа, эрчим хүчний салбар цэгцэрсэн үү

Засгийн газар эрчим хүчний салбарын доройтолд “онцгой анхаарна” хэмээн мэдэгдэж, Эрчим хүчний

7 цаг 0 мин
С.Баярцогт Ерөнхийлөгчид нэр дэвших үү, Ерөнхий нарийн бичгийн дарга болох уу?

Монголын улс төрд эргэж ирдэг улстөрчид бий. Тэд нам гүм болдог ч бүр мөсөн алга болдоггүй. Харин

7 цаг 0 мин
УИХ тарвал дахин сонгох уу, эсвэл засаглалыг өөрчлөх үү?

Уг нь, “…УИХ-ыг тараая” гэдэг санал үе үеийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гарсаар ирсэн.

7 цаг 0 мин
Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Д.Тогтохсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ

Өчигдөр 12 цаг 19 мин
1072 хувьцааны ногдол ашиг олгоно

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

Өчигдөр 12 цаг 07 мин
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар Эпштэйнтэй нэр холбогдсоноо ингэж тайлбарлав

АНУ-д насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт оруулж, хүний наймааны сүлжээ ажил

Өчигдөр 06 цаг 00 мин