Б.Бат-Ундрал: Монгол эмэгтэйчүүдийн чадварыг дэлхийд харуулахыг хүсэж байна

2021-06-23
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.ЭНХДӨЛГӨӨН

Дэлхийн цомын цуврал уралдааны нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж Монгол Улсаас медаль авсан анхны хүн болж түүхэн амжилт тогтоож чадсан, авто, мото спортын Олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундралтай ярилцлаа.

 

-Таныг бизнесийн чиглэлийн мэргэжилтэй гэж сонссон. Яаж авто, мото спорттой холбогдсон бэ?

- Авто, мото спорт бол миний багын хобби байсан. Хөдөө өссөн болоод ч тэр үү багаасаа л хурдан морь унах, хурд, хүчинд дуртай хүүхэд байлаа. Том болсон хойноо хотын амьдралд орж ирээд хоббигоо санагалзаж, орхиж чадахгүй байсан болохоор тэр л мартагдашгүй мэдрэмжээ мотоциклоос авдаг болсон. Тэгээд хамгийн анх 2013 оноос мотоциклиор хичээллэж, сүүлд 2018 оноос авто машины төрөлд уралдаж эхэлсэн. Авто, мото спорт  өртөг өндөртэй учраас уралдаандаа сайн оролцохын тулд сүүлд бизнесийн салбар руу орсон.

-Олон тэмцээн уралдаанд оролцож, олон ч удаа бэртэж гэмтсэн байх. Шантраад болимоор санагдаж байсан үе бий юу?

-Шантарч болимоор санагдаж байсан үе байсан. Мотоцикль харьцангуй гайгүй, бэртсэн ч дараагийн тэмцээндээ яаж илүү сайн оролцох вэ гэж боддог байсан. Сүүлд 69 авто машины төрөлд ороод машинаа хоёр дараалж унагаахад больё гэж бодогдсон. Тэр үед манай клубын тэргүүн болон гишүүд маань намайг дэмжиж, урам өгч миний машиныг босгож өгч байсан. Тэгж л хэрэгтэй мөчид урам зориг аваад үргэлжлүүлэн авто машинаараа уралдаж байна даа.

 Авто спорт мэдээж эрсдэлтэй.  Гэхдээ уралдаанд гарахын өмнө чадна л гэж бодож, хичээдэг. Янз бүрийн эрсдэл тооцоод хэт өөрийгөө айлгаад байвал хойшоо сууна. Өөрийнхөө ур чадварыг сайн мэдэрч ямар үед юу хийхээ мэддэг байх хэрэгтэй.

-Уралдахаас гадна ууланд авирах хоббитой гэж сонссон. Европын ноён оргилд хүртэл гарсан гэсэн. Ер нь хоббигоо яаж хөгжүүлвэл амжилтад хүрэх вэ?

-Тэмцэж туулж ирсэн туршлагаасаа харахад ямар ч үед тууштай байвал амжилтад хүрнэ гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Ямар ч төрлийн спорт байсан шантраад болимоор хэцүү үе ирэхэд дуртай учраас сонгосон гэдгээ алхам тутамдаа санаж аль болох бүтээнэ, болгоно гэсэн гарцыг олж байх хэрэгтэй юм билээ. Ууланд авирч байхад оргилд нь хүрэхийн өмнөхөн буюу 100 метрийн наана ирээд буцаж болох ч үүнийг би чадна гээд дээшээ өгссөөр зорилгодоо хүрнэ. Харин оргилд нь гарсны дараа хүнд хэцүү байсан мөчүүдийг бүгдийг мартдаг учраас хоромхон зуурын бэрхшээлд шантарч, хөл алдалгүй тууштай байхад л зорилгоо биелүүлж чадна.

-Авто, мото спорт өндөр өртөгтэйн дээр хүссэн хүн бүр хичээллэж амжилт гаргахад хүндрэлтэй. Энэ спорт Монголд хэр хөгжиж байгаа вэ?

-Техникийн хувьд ч ур чадварын тухайд ч Монгол тамирчид дэлхийн авто, мото спортын хөгжлөөс хоцорч байгаа гэж боддоггүй. Ялангуяа, мото кроссын тамирчид гадны компаниудын нэр дээр уралдаж, дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөж байна. Монголд төрөл төрлөөр л хөгжиж байна. Жишээлбэл, Монголын бартаат замын авто спортын холбоо удахгүй Орос руу явж уралдахаар төлөвлөж байна. Дэлхийн том цуврал уралдаануудад оролцож туршлага судалж ирээд машиндаа хэрэгтэй тоноглолоо авчирч өөрсдөө угсардаг.

-Олон хүн  бартаат замын уралдааныг сонирхож хичээллэхийг хүсдэг ч эрсдэлтэй. Анхлан суралцагч залуучуудад юу гэж зөвлөх вэ?

-Хүнд дуртай юмаа хийхийг хүсдэг ч ойр тойрныхон нь дэмжихгүй байх зэргээр олон янзын шалтаг, шалтгаанаас болж орхих, хойшлуулах тохиолдол бишгүй. Магадгүй олон хүн ийм эсэргүүцэлтэй тулгардаг байх. Гэхдээ үнэхээр л дуртай бол ямар ч эсэргүүцлийг давж гараад эхний алхмаа хийж чадвал дараагийн алхам ямар ч асуудалгүй, хялбар байх болно. Би хүмүүст тийм мотоцикль ав, тэг, ингэ гэж зөвлөдөггүй. Зөвхөн өөрийн мэдрэмж, зүрх сэтгэлээ л сонсох ёстой гэж боддог.

- Монгол тамирчид дэлхийн авто, мото спортын хөгжлөөс хоцроогүй гэж та хэллээ. Авто, мото спортын мэргэжлийн багш нар хэр байдаг вэ?

-Мэргэжлийн багш бий.  Сүүлийн үед мотоцикль унах нээлттэй болсон.Олон клуб сургалт явуулж байна. Ямар мотоцикль, хаана унахаас эхлээд чиглэл чиглэлээр нь сургаж бэлтгэж байна.

-“Silk way-2019” дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн Монголын анхны уралдаанч болж чадсан. “Silk way-2021”-т анх удаа эмэгтэй баг бүрдүүлж орох гэж байгаа гэсэн. Яагаад баг бүрдүүлж орохыг хүссэн бэ?

-“Silk way-2019” дэлхийн цомын уралдаанд мотоцикльтой оролцоод тодорхой хэмжээний амжилт гаргасан. Энэ тэмцээнд оролцсоны дараа дахиж мотоциклиор  уралдахгүй, миний хувьд болсон гэж бодож байгаа. Харин “Silk way-2021”-т эмэгтэй баг бүрдүүлж ороод “Монгол эмэгтэйчүүд чадвартай шүү” гэдгийг харуулахыг хүсэж байна.

-Тэмцээн уралдааны өмнө хэрхэн өөрийгөө бэлтгэдэг вэ. Ялангуяа сэтгэл зүйн бэлтгэл хэр хийдэг вэ?

-Авто спорт  өртөг өндөртэй болохоор санхүүгээ босгоно. Хажуугаар нь өөрийнхөө биеийг бэлдэнэ. Амжилт гаргахын тулд хамгийн гол нь эрүүл, саруул байх хэрэгтэй. Ямар ч уралдаан тэмцээнд сэтгэл зүй хамгийн чухал. Уралдаанд  оролцохын өмнө гараан дээр зүрх маш их догдолдог. Тиймээс уралдаанд орно гэж бодсон цагаасаа эхлээд л “Сайн байх болно, чадна”  гэж өөртөө хэлдэг. Хүн юу бодно тэр нь биелэдэг учраас аль болох болно, бүтнэ, чадна л гэж боддог доо.

-Залуу хүний хувьд илүү том том зорилго, мөрөөдөл тээж байгаа байх ?

-Амьдрал, хобби хоёр бол тусдаа. Амьдралын зорилго бизнесээ хөгжүүлнэ. Мөн олон хүүхдүүдийг дэлхийн тэмцээнд бэлдэхийг хүсч байна. Өөр ч олон зүйл бий. Харин авто спортын хоббигоороо бол 2022 онд “Дакар ралли”-д оролцоно. Мөн дэлхийн  хоёр дахь ноён оргил болох К2 ууланд авирч, 8000 метрээс дээш гарч үзнэ гэж зорьж бэлтгэлээ хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.6.23 Лхагва № 125 (6602)

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

9 цаг 21 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

10 цаг 4 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

12 цаг 20 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

12 цаг 28 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

16 цаг 14 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

16 цаг 20 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

17 цаг 8 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

18 цаг 53 мин
Ээлжит чуулганаар тодотгол, ирэх оны төсвийг хамтад нь хэлэлцэхээр болов

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар т

22 цаг 36 мин
2001 оны есдүгээр сарын 11-ний Нью-Йоркийн эмгэнэл, дэлхий дахины өөрчлөлт, Монголын оролцоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ТВ-9” телевизийн “Анализ тойм” хөтөлбөрт оролц

22 цаг 36 мин