
С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор “Корпорэйт трейнинг” компанийн үүсгэн байгуулагч, сургагч багш С.Баатарсүрэнг урьсан. Түүний зайнаас ажиллах талаарх онцлох эшлэлийг хүргэж байна.
-Сүүлийн 20 жилд хүн төрөлхтөн өмнөх цаг хугацаанд хийж бүтээж байснаасаа бараг хэдэн мянга дахин илүү хөгжлийг бүтээчихлээ. Үүнийг дагаад хувь хүмүүсийн хувьд IQ хөгжүүлэх, EQ төлөвшүүлэх, LQ –д суралцах түүгээр дамжуулаад GQ –г өөртөө бий болгох шаардлага үүсээд байна. Өөрөөр хэлбэл бид глобал түвшинд ажиллахад бэлэн үү.
- Зайнаас ажиллах үед ажилтан болоод байгууллага хуучин арга барилаараа ажиллах нь үр өгөөж төдийлөн өгч чадахгүй байна. Нэг ёсондоо шинэ тоглоомыг хуучин дүрмээр тоглохыг оролдвол бүтэлгүйтдэгтэй адил асуудал.
-Зайнаас ажиллахад хэрэглэгчид төлөвшсөн, ажиллах технологи шийдэгдэж нөхцөл боломж нь бүрдсэн ч ажиллах хүчний чадавх сул байгаа мэдрэгдэж байна. Ажиллах хүчний чадавх сул зайнаас гүйцэтгэх арга зүйд суралцаагүйгээс байгууллагууд зорьсон үр дүндээ хүрч чадахгүй нөхцөл байдал үүсчихсэн. Тиймээс хүн төрөлхтөн газар зүй, цаг хугацаа хамааралгүй ажилладаг болсон энэ үед ажлаа урагшлуулахын тулд ажилтан суралцах, байгууллага нь бодлого болоод зохицуулалтаа хөгжүүлэх шаардлага үүсэж байна.
- Зайнаас ажиллахад хүний нөөцийн чадавх сул байгаа бол нэгдүгээрт бодлогын, хоёрдугаарт, түүнийгээ дагасан зохицуулалтын бичиг баримттай байх ёстой. Бодлогын бичиг баримт бол нэг, тав, 10, 20 жилийн дараа хаана байх, ямар түвшинд хөгжих вэ гэдгээ харж, төлөвлөх юм. Харин зохицуулалтын бичиг баримт бол тэдгээр харилцааг хэрхэн зохицуулах вэ гэдгээ томьёолсон байх ёстой.
-Онлайнаар ажиллах туршлага байгаагүй учраас бүхий л улс орон зайнаас ажиллахыг эрхзүйн хувьд хэрхэн зохицуулах, цаашлаад нийт ажлын байрны хэчнээн хувь нь зайнаас ажиллах арга зүй рүү шилжих юм гэдгээ тодорхой болгох шаардлагатай боллоо. Тиймээс эдгээр асуудалд шийдэл хайж цаг алдалгүй бодлого боловсруулахгүй бол дэлхийгээс улам их хоцрох болно.
-Өнөөгийн нөхцөл байдлаас харвал ирээдүйд нэлээдгүй ажлын байранд зайнаас ажиллах юм байна.Үүнийг дагаад бодлогын түвшний өндөр ур чадвар шаардсан ажлуудыг гаднын ажиллах хүч зайнаас гүйцэтгэх эрсдэл тулгарч мэднэ. Ер нь бүхий л салбарт зайнаас ажиллах үндсэн нөхцөл бүрэлдэж байгаа учраас суурь болон мэргэжлийн боловсрол олгох талбарт анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, байгууллагын хүсэж байгаа суурь боловсрол эзэмшсэн ажилтныг бэлтгэж өгөх хэрэгтэй.
-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга яригдаж байгаа энэ үед зайнаас ажиллах асуудлыг эрхзүйн хувьд маш цэгцтэй, системтэй зохицуулж өгөх ёстой. Зайнаас ажиллаж байгаагийн давуу тал нь цагийн ажил бий болох учраас хагас цагийн ажлын байрны зохицуулалт, цалин хөлс, хариуцлагыг Хөдөлмөрийн хуульд тусгаж өгөх хэрэгтэй.
-Зайнаас ажиллахад үр дүнгүй өнгөрөөдөг цаг ихэс байгаа, зохион байгуулалтгүйгээс нэгж ажилбар болгон дээр маш их цаг зарцуулж байхыг үгүйсгэхгүй. Үүнээс улбаалаад улс орон, байгууллагын түвшинд ирээдүйд ямар ажлын байр бий болох юм гэдгийг, байгууллага дээр аль хэсгийг нь зайнаас буюу хагас цагаар хийх вэ гэдгээ шийдэх юм. Хамгийн чухал нь зайнаас ажиллаж байгаа хүмүүсийнхээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд л анхаарах хэрэгтэй.
-Судалгааны зарим баримтад монгол хүний суурь чадамж 1990 онд 34 хувь байсан бол 16 хувь болж буурсан нь дэлхийн өөрчлөлтийг дагаж хувьсаж, боловсорч чадахгүй байгаатай холбоотой.
-Байгууллагууд хүний нөөцийн суурь бодлогын асуудал буюу аль хэсгийг нь гаднаас “аутсорсинг”, аль хэсгийг нь дотооддоо хийхээ зохицуулах шаардлага үүслээ. Бизнесийн байгууллагууд ажилтан төвтэй талбараас альянс хэлбэр рүү шилжиж байна. Энэ нь компани болгон менежментийн бүхий талбарын ажлаа дотооддоо гүйцэтгэхээ больж альянс буюу нэгнийхээ гүйцэтгэж чадахгүйг нөхдөг аутсорсингийн компаниуд бий болж, ажилтантайгаа үр дүнг гүйцэтгүүлэх гэрээ контрактаар төсөл ажилбаруудыг шилжүүлэн өгч хамтран ажилладаг боллоо.
-Байгууллага болоод ажилтан хоёул хамт хөгжиж суралцах ёстой гэсэн ойлголт дээр нэгдэх ёстой. Яагаад гэвэл орчин цагт бүх л ажлын байр мэдлэг шаарддаг болсон.
-Бид энэ цаг үед дэлхийд өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж чадаж байгаа эсэхээ эргэж харах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бага дунд, ерөнхий, дээд боловсрол буюу суурь боловсролын чанарын асуудалдаа анхаарна гэсэн үг.
-Нэг ёсондоо ирээдүйд тохирсон хүн бэлтгэх шаардлага тулгарч байна.
-Суралцагч цахимаар суралцахад бэлэн үү. Бид танхимаар суралцах зан үйлийг төлөвшүүлчихсэн учраас цахимд төдийлөн бэлэн биш байна.
-Сүүлийн үед “Master class” гэх арга зүй олон улсын түвшинд нэлээд давамгайлж байна. Энэхүү арга зүй нь сургалтын бүхий л арга зүйгээр дамжуулан тухайлсан нэг сэдвийн талаарх мэдлэгийг ерөнхийгөөс нарийвчлан олгодог арга зүй юм.
-Цахимаар суралцахыг сонгож байгаа бол нэн тэргүүнд сургагчийн туршлага аргазүйг харах хэрэгтэй. Дараагаар нь сургалтын хэлбэрийг маш сайн анхаарах хэрэгтэй. Онлайн сургалтын хамгийн сайн арга зүй бол “Classic training” буюу 60 хувьд нь онолын арга зүйд суралцаж, 40 хувьд нь суралцагч өөрөө гүйцэтгэдэг. Сүүлийн үед “Master class” гэх арга зүй олон улсын түвшинд нэлээд давамгайлж байна. Энэхүү арга зүй нь сургалтын бүхий л арга зүйгээр дамжуулан тухайлсан нэг сэдвийн талаарх мэдлэгийг ерөнхийгөөс нарийвчлан олгодог арга зүй юм.
-Сургалт бол мэдээллийг боловсруулж системчлэгдсэн мэдлэгийг өгөх замаар суралцагчийнхаа ур чадварыг нэмэгдүүлж, туршлагыг нь ахиулж ажил амьдралд нь өөрчлөлт гаргах зорилготой. Бүр цаашилбал, сайн мэдлэг хандлагыг өөрчилдөг гэсэн аргазүй юм.
-Сургалт авахдаа бидэнд юу үлдэх вэ гэдгийг асуух ёстой. Хариуд нь бүхлээр нь өөрчилнө гэж байгаа бол бодолцох, тодорхой өөрчлөлт гарна гэвэл судлаад үзээрэй. Харин ганц, хоёр зүйлийг чинь өөрчилнө гэж байгаа бол алдахгүй байх магадлалтай.
-Хүн төрөлхтөн биологийн биш мэдлэг, хандлага, сэтгэлгээний нөөцөөрөө өрсөлддөг болсон. Мэдлэг, хандлага, сэтгэлгээний нөөцийг хөгжүүлж байж нийгмийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах боломжууд бүрэлддэг бүр цаашлаад нийгмийн бүхий л “өвчин”-ийг зөвхөн шаардлага хангасан боловсролоор л эмчилдэг.
Эх сурвалж: www.polit.mn