Малын гажиг өвчлөлд нөлөөлөх хэмжээнд хүрсэн бэлчээрийн чанарт анхаарах цаг болжээ

2021-04-08
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Сэтгүүлч А.Энхцэцэг

 

Мал төллөх цаг айсуй. Яг энэ үетэй давхцаад гажиг малын асуудал сөхөгдөх болоод хэдэн жилийн нүүр үзэв. Тэр дундаа уг үзэгдэл зөвхөн уул уурхай хөгжсөн аймаг эсвэл ураны хайгуул хийж буй Дорноговь зэрэг аймагт л тохиолддог мэт ойлголт нийгэмд бий болжээ.

Тэгвэл харин эсрэгээрээ Монголын баруун аймгуудад малын гажиг төрөлт бусад орон нутгаас илүү олон бүртгэгдсэнийг мэргэжлийн байгууллагын судалгаа харуулав. Хэдийгээр Монгол орны хангайн бүс зонхилсон баруун аймгууд өвс ургамал халиурсан таатай уур амьсгалтай ч эрдсийн элементийн хэмжээ нь зарим газраа дутагдалтай байдаг нь ийнхүү малын гажиг төрөлтийн бас нэгэн шалтгаан болжээ. Харин хамгийн их адлуулдаг Дорноговь аймаг малын ургийн гаж төрөлтийн тохиолдлоороо аймгууд дундаа 11 дүгээрт бичигдсэн байна.

 

“Уул уурхайтай аймгууд бус, жишээлбэл Архангай аймагт малын гажиг зонхилж байна”

 

Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршоо Улаанбаатар хот болон 18 аймаг дахь 1,006 мал эмнэлгийн нэгжүүдийн 81.4%-ийг нь хамруулж, 20 асуултад хариулт авах байдлаар малд тохиолдож байгаа төрөлхийн болон олдмол гаж хөгжил, эрхтэн, тогтолцооны гажигтай төл малын дээрх судалгааг хийжээ.

Тус хоршооны Малын их эмч Г.Бат-Ирээдүй “Бид судалгаа хийхдээ малын гажиг өвчлөлийн талаар лабораторийн нарийн шинжилгээг хийх бус, манай хоршоонд харьяалагддаг хувийн мал эмнэлгүүдэд гажиг мал төрсөн тухай иргэд хандсан буюу мал эмнэлэгт бүртгэгдсэн үзүүлэлтээр гаргасан гэдгийг дурдах хэрэгтэй” гэсэн юм.

Малын гажиг төрөлт 2000-2005 онд 41 тохиолдож байсан бол

•2006-2010 оны хооронд 14

•2011-2015 онд 15

•2016-2018 онд хамгийн их буюу 129

•2019 оны эхний гурван сарын байдлаар 15 тохиолдол бүртгэгджээ.

Малын гаж төрөлтийг аймгаар нь гаргасан статистик тоо баримтаас харвал хамгийн их бүртгэгдсэн эхний 5 аймаг нь Архангай, Төв, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий буюу уул уурхай төдийлөн хөгжөөгүй аймгууд байгаа нь анхаарал татаж байна. Тухайлбал, Архангай аймаг алтны хоёр, Завхан нэг уурхайтай бол Дундговь аймаг 17 уурхайтай байна. Гэсэн хэдий ч Дундговь аймагт бүртгэгдсэн ургийн гаж хөгжлийн тохиолдол ердөө 7 буюу нийт аймгуудаас 16-д жагсаж байна.

Эндээс малын  гажиг төрөлт бараг байхгүй гэж бодохоор аймгуудад илүүтэй байгаа бөгөөд уул уурхай гол шалтгаан биш болох нь харагдаж байна. Тэр дундаа ураныг иргэд хамгийн ихээр харддаг.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 131 дүгээр тушаалаар томилогдож, малын гажигтай холбоотой асуудалд, иргэдийн эрүүл мэндэд үнэхээр уран нөлөөлж байгаа эсэхийг судлах ажлын хэсэгт БОАЖЯ, МХЕГ, Стандарт, хэмжил зүйн газар, Хими, химийн технологийн хүрээлэн, Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтэн, мэргэжлийн судлаачид, эрдэмтэд оролцоод “нөлөөлөл байхгүй” гэсэн дүгнэлтийг мөн гаргаж Засгийн газарт танилцуулсан. Яагаад гэвэл уран нь зөвхөн Дорноговь аймагт бус, бусад аймагт, товчхондоо байгаль дээр оршиж байдаг. Задралд ороогүй л бол биологийн амьдралд нөлөөгүй болохыг мэргэжлийн хүмүүс удаа дараа тайлбарласаар ирснийг дээрх судалгаа баталгаажуулав.

Тэгвэл монголчуудыг үе үе бухимдуулж, талцуулдаг малын гажиг төрөлтийн шалтгааныг бэлчээрийн чанар болон цус ойртолттой холбоотой гэсэн үр дүн судалгаагаар гарчээ.

2020 оны статистик үзүүлэлтээр малын тоо толгой, бэлчээрийн харьцаа ямар байгааг харъя. Өнгөрсөн жилийн тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал тоологдож, тэмээнээс бусад төрлийн малын тоо толгой буурсан байна.

Ийнхүү малын тоо тасралтгүй өссөөр өнгөрсөн онд л өмнөх жилээсээ 3 саяар буурчээ. Гэвч манай улсын бэлчээр 25 сая мал тэжээх экологийн чадавхтай болохыг сүүлийн 20-оод жил бэлчээрийн менежментийн талаар судалсан Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн менежер Ц.Энх-Амгалан хэвлэлд ярьжээ.

Монгол орны нийт газар нутгийн 70 хувь буюу 110 сая га газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашигладаг. Гэтэл хамгийн сүүлийн үеийн судалгааны дүгнэлтээс үзэхэд бэлчээрийн 65 хувь нь талхлагдалд өртсөн байна. “Бэлчээрийн даацыг олон жилээр ийнхүү хэтрүүлэн хэрэглэснээр бэлчээр тахлагдахаас гадна байнгын өлөн зэлмүүн байдал нь малын үржил шимд муугаар нөлөөлж байна” гэдгийг Тэрбээр iKon.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. https://ikon.mn/opinion/1rwp Өөрөөр хэлбэл, мал шаардлагатай шим тэжээлээ бэлчээрээс бүрэн авч чадахаа больсон гэсэн үг.

“Хүн ам суурьшиж, хотжихын хэрээр бэлчээрийн газар нь хот суурингийн дэд бүтэц, ашигт малтмал, газар тариалан зэрэг өөр ангилалд шилжиж байгаагаас үүдэн 1964 онтой харьцуулахад бэлчээрийн талбайн хэмжээг 9 сая га-гаар багассан” гэдгийг Монгол орны бэлчээрийн нөхцөл байдал, менежментийн талаар "Севори" институтийн судлаач Байрон Шелтон дүгнэсэн байдаг.

Нэг ёсондоо бэлчээрийн даац, ургамлын шим тэжээл явсаар явсаар малын гажиг өвчлөлд хүртэл нөлөө үзүүлэх болсныг Монголын нэгдсэн хувийн мал эмнэлгүүдийн дундын хоршооны уг судалгаа бас харуулсан байна билээ.

Уг нь мал аж ахуйн салбарт сүүлийн хоёр жилд ихээхэн ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэх хэрэгтэй. Коронавирусийн цар тахал Монгол Улсын эдийн засгийг дөрвөн улирал дараалан хасах утга илэрхийлэх хэмжээнд унагаж, анх удаа хилээ хааж, хөл хорио тогтооход хүргэсэн. Харин тэр дунд ганц эерэг үзүүлэлттэй байсан салбар нь 13%-ийн өсөлт бий болгосон хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар байсан юм.

Ялангуяа, цар тахлын үеэр Монголын махны экспортод хамгийн сөрөг мэдээлэл болдог шүлхий огт бүртгэгдээгүй бол малын гоц халдварт өвчнүүд улсын хэмжээнд 49.2% буурсан болохыг Мал эмнэлгийн ерөнхий газрын Малын эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг онцлов. Энэ бол эдийн засгийн хувьд маш таатай мессеж. “Коронавирусийн халдвартай холбоотой хилийн хөдөлгөөн багассан нь ийнхүү малын гоц халдварт өвчин буурахад нөлөө үзүүлсэн” хэмээн тэрбээр хэлээ. 2018 онд Мал амьтны эрүүл мэндийн тухай хуультай болсноор сүүлийн хоёр жилд ихээхэн ахиц дэвшил гарч байгааг тэрбээр мөн ярилаа.

Харин том малын зүй бус хорогдол өссөн гэсэн тааруу мэдээг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. 2021 он гарсаар эхний хоёр сард улсын хэмжээнд 540.4 мянга буюу хагас сая гаруй мал зүйл бусаар хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 дахин өссөн тоо юм. Үүнээс ямаа 299 мянга буюу талаас илүү хувийг, хонь 20 орчим хувийг эзэлжээ. Малын зүй бус хорогдолд 

•өвчний (халдвартай, халдваргүй) хорогдол

•гэнэтийн аюулын (цас зуд, үер ус, гал түймэр, аянга цахилгаан зэрэг) хорогдол

•бусад шалтгааны (малын хариулга, арчилгаа маллагаатай холбогдон гарсан) хорогдлыг оруулж үздэг.

Гол хүчин зүйл цас зуд болон маллагаа буюу бэлчээр хамаарч байна. Өнгөрсөн өвөл өвөлжилт хүндрэх эрсдэлтэй, зуншлага тааруу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв зэрэг аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах 1.9 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаасаа гаргахаар шийдсэн. Зөвхөн Баянхонгор аймагт л гэхэд зудын эрсдэлтэй хэмээн тооцогдсон 13 сум байснаас гадна бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн, ургамлын гарц муудаж, хөрсний доройтол толгойн өвчин болсныг малчид ярьж байсан юм.

Ийнхүү бэлчээрийн даац ихэсч, малд хангалттай хэмжээний тэжээл өгөхөөргүй болсон тул тараг тэвээргээ сайн базааж чадаагүй мал зудад хагас саяараа хорогдож, Засгийн газраас өвс тэжээлд зориулж 2 тэрбумаар нь хөрөнгө гаргах хэмжээнд асуудал хүндэрсэн хэмээн дүгнэж болохоор байна. Мал аж ахуйн салбарын өсөн нэмэгдэх боломж, цаашлаад малын гаж төрөлтөд хүртэл бэлчээрийн даац, чанар нөлөөлөх хэмжээнд хүрснийг дээрх мэдээллүүд харуулж байна. Малын өвчлөл сүүлийн хоёр жилд харьцангуй сайжирч, мал эмнэлгүүд аймаг бүрд албан ёсоор үйл ажиллагаа явуулах болсноор малын өвчлөлтэй холбоотой мэдээлэл өргөдлийг албан ёсоор цахимаар хүлээн авч бүртгэх болжээ. “Харин малчдаас малын гажигтай холбоотой албан ёсны гомдол гаргаагүй, ялангуяа Дорноговь аймгийн Улаанбадрах суманд” хэмээн Т.Тунгалаг дарга хэлсэн.

Тэгэхээр асуудлын гол нь хэн нэгэн рүү бурууг чихих биш, шинжлэх ухаанч, судалгаатай мэдээллийг хүлээн зөвшөөрч, оронд нь зүй бус хорогдол, гажиг өвчлөлийн шалтгаан болж буй бэлчээрийн менежмент, малын удмын санд анхаарах цаг болжээ.

Малын зүй бус хорогдол 2%-аас дээш гарвал эдийн засагт ноцтой хохирол учруулах гамшгийн хэм¬жээнд хүрсэн гэж үздэг болохыг тухайн үеийн ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зо¬хицуулах газрын дарга Н.Ганибал хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан удаатай. Хэдийгээр энэ хэмжээнд хүрээгүй ч хагас саяд хүрч, 3 дахин өссөн нь бидэнд дохио өгч байна.

Малын тоо толгойг зохистой түвшинд хүргэж, чанартай, үр ашигтай мал аж ахуйн үндсийг тавих зорилгоор Малын тоо толгойн албан татварын тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-нд баталсан ч цар тахалтай холбоотойгоор хэрэгжих хугацааг 2021 оны долдугаар сар болгон хойшлуулаад байгаа. Уг хууль хэрэгжиж эхэлснээр малчид малын тоонд бус чанарт анхаарснаар бэлчээрийн даац хэтрэлт тодорхой хэмжээнд буурна гэсэн хүлээлттэй байна. https://www.legalinfo.mn/law/details/15729

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Фото: Эрүүл мэндийн сэдэвт хэлэлцүүлэг боллоо

58 мин
Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг дэмжив

1 цаг 25 мин
Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

Ц.Даваасүрэн:Төрийн өмчит компани байгуулж болохгүй гэсэн хууль баталвал Үндсэн хууль зөрчинө

1 цаг 28 мин
М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

М.Оюунчимэг: Эмийн салбарын монополь байдал олон ноцтой асуудал үүсгэж байна

1 цаг 31 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

1 цаг 35 мин
Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

Олон эмэгтэйн краш, улстөрч С.Баярцогт

1 цаг 52 мин
Г.Дэнзэн: Алдагдсан найман жилийн алдааг засах хөтөлбөр боловсрууллаа

АН-ын Стратеги бодлого, сургалт, судалгааны газрын дарга, 2024 оны УИХ-ын сонгуульд АН-аас дэвшүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг ахалж ажилласан Г.Дэнзэнтэй Үндэсний аудитын газарт намынхаа мөрийн хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үеэр уулзаж ярилцсан юм.

8 цаг 0 мин
Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг улс ирэх таван жилд улс орноо удирдах удирдагчдыг сонгохоор бэлтгэж байна. Тиймээс ч ирэх дөрөвдүгээр сарын 19-нөөс зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх парламентын сонгууль энэ улсын хувьд нүсэр ажил байх нь ойлгомжтой.

8 цаг 5 мин
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нар мэдээлэл хийлээ. Сайд нарын байр суурийг хүргэе.

8 цаг 11 мин
МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

...Тэгэхээр нам, намын лидер эмэгтэйчүүд жагсаалтад “жагсаад” орж ирэхээр болж байгаа юм. Энэ боломж дээр хэн хэн гэдэг эмэгтэй улстөрчид “тоглох” вэ. Энэ бас сонин.

8 цаг 21 мин