• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Хотын тохижилт, барилгажилтын талаар  мэргэшсэн архитектор Ч.Баярсайханы хэлсэн эшлэлүүд

2021-04-07 10:57

Х.ОЮУНБОЛД

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. 2021.4.5 ДАВАА № 67 (6544) дугаарын зочин  барилгын зураг төслийн “Эл энд Эйч констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал, мэргэшсэн архитектор Ч.Баярсайханы  хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

 

-Хот тохижилтыг хийхийн тулд эхний ээлжинд газар олгодог. Өөрөөр хэлбэл, 70 хүртэлх хувьд нь барилгажилтаа хийдэг. Харин үлдсэн 30 хувьд нь хотын тохижилтын ажлыг хийдэг ёстой юм. Гэхдээ энэ нь уг барилгыг бариулж байгаа захиалагч, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн ухамсар, ёс зүйгээс их  шалтгаалдаг.


-Зураг төслийн хувьд инженерийн тооцооны программууд орж ирснээр илүү сайжирсан. Социализмын үед инженерүүд бүх тооцоогоо ихэвчлэн өөрсдөө бодож гараараа хийдэг байсан. 2010 оноос хойш бүх зураг төслийн салбарт программ хангамж сайтай болсон гэх мэтээр өөрчлөлтүүд бий болж байна. Гэхдээ программаар бодсон ч тооцооллоо шалгадаг.


-Манайд нэн тэргүүнд шаардлагатай, шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал юу байна вэ гэхээр улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгасан гэж ярьдаг. Хуваарилсан төсөвтөө тааруулж хийдэг яаруу үзлийг болимоор байгаа юм.


-Улсын төсвөөр барилга барих нэг өөр. Хувийн хөрөнгө оруулалтаар барилга барих нэг өөр байна. Тиймээс энэ тал дээр миний хувьд захиалагч тал аймгуудын Засаг даргын Тамгын газар  нэлээн ул суурьтай нарийн тооцоо, судалгаа, шинжилгээ хийлгэж байж төсөвт мөнгөө суулгадаг баймаар байгаа юм. Өөр нэг анхаарах зүйл нь төсөвт мөнгө нь суучихсан байлаа ч инфляцийг тооцсон төсөвтэй баймаар гэж боддог.


-Хуучин барилгуудаа нураахын оронд насжилтыг нь уртасгах зорилгоор засаж сайжруулаад нөхөн сэргээх, бэхэлгээ хийх, дагуул хотыг байгуулах нь зөв гэж үздэг. Одоо Улаанбаатарт барилга нэмж барих нь гэмт хэрэг болж байна. Учир нь олон хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулийн эрхийг зөрчиж байгаа гэж хэлж болно.  Энэ нь олон байгууллагын ажил хоорондоо уялдаа холбоо багатайгаас болж байна.


-Дагуул хотыг барьж болно. Гэхдээ нийслэлд байгаа бүх бүсчлэлийг давхар төлөвлөснөөр тэнд хүн тогтож амьдарна. Улсын  хөгжлийн газар, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн дэргэд цогцоор нь инженерийн  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулан гаргаж ирдэг хүрээлэн их хэрэгтэй байна. Хуучнаар Барилгын зургийн институт гэж том байгууллага татан буугдаад жижиг аж ахуйн нэгж болчихсон. Ингэснээр хүрээ хүрээндээ хүмүүс захиалга өгөөд ажлаа хийдэг газрууд болсноос хойш яг том зургаар нь харж төлөвлөдөг мэргэжилтнүүд ховордсон байна. Ерөнхий төлөвлөгөөн дээр мэргэжлийн бүх хүн ирдэг энэ хүмүүсийнхээ үгийг сонсдог, дагадаг болгомоор байна.


-Манай улс ОХУ-ын норм нормативт суурилдаг. Харин ОХУ өөрөө Европын холбооныход суурилдаг. Тэднийг үндэслэж байж барилгын бүх салбарынхан ажлаа хийдэг. Тиймээс энэ тал дээр мэргэжилтнүүдээ сайн бэлдэх, цаасан дээр байгаа бичиг баримтуудаа сайн цэгцэлж чадвал зөв голдрилдоо орох үндэс болно. Норм стандартад шинэчлэлийн тодотголыг таван жилээр хийх хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ манай зургийн салбарынхан боломжоороо шинэчлэлт хийгээд явж байна. Харин бичиг баримт, зураг боловсруулах дээр мэргэжилтнүүдийг илүү сайн чадавхжуулах хэрэгтэй. Сайн инженер олон бий. Тэдний хүчийг зөв ашиглаад ажлын үнэлгээний хөлсийг нь нэмэх шаардлагатай. Норм дүрэм, стандартаа цаг тухайд нь шинэчлэх тал дээр анхаарч ажиллавал их дөхөмтэй.


-Улаанбаатар хот чинь 6, 7, 8 гэсэн газар хөдлөлтийн бүстэй. Сүүлд Геофизикийн хүрээлэнгээс газар хөдлөлтийн бүсийн нэг балл нэмээд есөн баллын бүсчлэлээр хуваагддаг болгосон. Гэтэл 1970 оноос өмнө барьсан барилгууд бий. Түүнээс хойш барьсан барилгууд нь газар хөдлөлийн хэдэн балл гэдгээсээ шалтгаалаад норм дүрмийнхээ дагуу хүчитгэл хийсэн учраас чичирлээ, хөдөллөө гэж хүмүүс санаа зовох хэрэггүй. Харин 40, 50, 120 мянгатын барилгуудыг тэр чигээр нь хадгалж үлдмээр санагддаг. Өнөөдөр тэдгээрийг 1950-аад оны үед барьсан учраас нураана, нураахгүй гэж ярьж байна. Нураах хэрэггүй, харин нөхөн сэргээж, хүчитгэн бэхжүүлээд, судалгаа шинжилгээ хийгээд аль болох насжилтыг нь уртасгах хэрэгтэй. Мөн салбартаа олон жил ажиллаж байгаа түшигтэй инженерүүдийнхээ хүчийг ашиглах хэрэгтэй. Түүнээс биш нураагаад өндөр барилга бариад байх  шаардлагагүй. Дээр үед барьсан барилгуудыг газар хөдлөлтөд хэр тэсвэртэй болохыг техник технологи хөгжсөн энэ үед шалгаж үзэх боломжтой.


-Ногоон  байгууламж нь хотын дуу чимээ, халууныг дарж, саармагжуулж өгдөг давуу талтай. Тиймээс хүмүүс барилгын орчин дахь мод, зүлгийг бүү тайраасай гэж хүсдэг. Мөн нийтийн орон сууц, амины орон сууцны ялгааг ойлгоосой гэж боддог. Амины орон сууц нь өөрийн дэд бүтэцтэйгээ явж байдаг. Нийтийн орон сууц нь цахилгаан дулаан гээд бүх юм төрөөс хангаж өгдөг бол аминых нь цахилгаан, дулаан, ус хангамжийн асуудлаа өөрөө шийдсэн, зардал ихтэй байдгийг ойлгоосой гэж хүмүүст хэлмээр санагддаг.


-Харин би ирээдүйд барилга байшин төлөвлөхдөө эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй пассив хаус ялангуяа, зуслангийн байшин, амины сууцыг төлөвлөхөөр илүү судалж байна. Пассив буюу ногоон барилгын технологи харьцангуй сүүлд гарч ирсэн ойлголт юм. Энэ чиглэлээрээ Германы  олон улсын хамтын ажиллагааны нэг сургалтад сууж дуусаад гэрчилгээ авсан. Ер нь хүмүүсийн анзаардаггүй микро зүйлсийн талаар зөвлөгөө өгөхөөр төлөвлөж байна. Өөр бусад хийхээр төлөвлөсөн ажил бий.

Эх сурвалж: www.polit.mn


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.