Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажил эхэллээ

2021-04-07
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Р.ОЮУН

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн даваа гарагт болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Богд уул болон Туул гол дагуух тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг сайжруулах үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Хотын дарга холбогдох албаны хүмүүсийн хамт Богд уул, Туул голын эрэг орчмоор хийгдэх тохижилтын ажилтай танилцлаа. Тухайлбал, Сонсголонгийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх Туул голын эрэг дагуух 27 км газарт нийт 15 байршилд тохижилт хийхээр төлөвлөжээ. Ингэхдээ зуны цагт хамгийн их устай үед голын эргийн аюулгүй байдлыг хангасан байршлуудыг сонгосон байна.

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “15 байршлаас 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар батлагдсан. Мөн таван байршилд загвар зураг нь батлагдаж, нэг байршилд тохижилтын ажлыг хийсэн. Богд уулын арын зам буюу Дүнжингаравын зам дагуу 17.8 км дугуйн замын тохижилт хийж байгаа” хэмээн танилцууллаа.

Туул голын эрэг дагуух бүтээн байгуулалтын тохижилтыг ихэвчлэн сагс, хөл бөмбөгийн талбай, тоглоомын талбай, машины зогсоол, дугуйн болон явган хүний замтай байхаар төлөвлөжээ. БОАЖЯ-ны зөвшөөрлөөр газар олгогдсон байсныг хүчингүй болгуулж, тохижилт хийхээр болсон газар ч байна. Хотын дарга мөн газрын хэмжээг нэмэгдүүлэх боломжыг судлахаас гадна эрүүл, аюулгүй, өнгө үзэмжтэй байх стандартад анхаарал хандуулахыг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламд үүрэг болголоо.

Хотын дарга мөн иргэдийн хамгийн ихээр зорин очдог Богд уулын Баруун ширээт, Дугуй цагаан руу алхдаг хэсэгт ажиллалаа. Тус газар нь “Энигма” ХХК-ийн мэдэлд байдаг. Гэвч “Энигма” компани нь тохижилтод анхаарал хандуулалгүй өнөөг хүртэл явж ирсэн тул холбогдох албаны хүмүүсийг анхааралдаа авч, шаардлагатай бол Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахыг үүрэг болголоо. Мөн “Компани болон БОАЖЯ-нд мэдэгдэл хүргүүл. Арга хэмжээ ав, шаардлагатай бол Засгийн газар, Улсын их хурлаар оруул” гэсэн юм.

Түүнчлэн Богд уулын Баруун ширээт рүү гарах замд тав, Зүүн ширээт рүү гарах замд зургаан амралтын цэг байгуулахаар төлөвлөжээ. Дугуй цагаан буюу амралтын талбайг ч мөн тохижуулахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Явган замыг байгалийн материал ашиглаж хийнэ. Гэхдээ бүх газар зам тавихгүй. Халтиргаа, гулгаа үүсдэг гол хэсгүүдэд чулуу, модоор зам хийнэ. Горхи урсдаг учраас ус уух цэгүүд байгуулна. Нэгдсэн хогийн цэгийг доор байгуулна. Эс бөгөөс дээрээс хог буулгах хүндрэлтэй” гэсэн бол Хотын дарга “Тохижилтын ажлыг модоор болон байгалийн шийдлээр нь хий. Өнгө үзэмжтэй, эко байх ёстой. Төр, хувийн хэвшлийн хүрээнд өнгө үзэмж, чанартай орчны тохижилтыг хийхэд анхаараарай” хэмээлээ.

“Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгоно

Хотын дарга мөн Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна. “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих төлөвлөлт хийж, батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц, гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.

Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээн Хотын даргад танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ газар орон сууц бариулахгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилц. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.

Иргэд “Энд дахин төлөвлөлтийн барилга байгаагүй. Жижиг цех байсан газрыг хашаа татаж, томруулсан. Хоёр орон сууцны дунд талын талбай байсан юм. Одоо газар ухсаар хажуу талын байрны суурь руу орсон. Энэ давчуу зайнд барилга барина гэдэг хэцүү. Хажуу талын байрнаасаа найман метрийн зайнд л барилга барих гээд байгаа юм. Хөл гишгэх газаргүй болж байна. Бидэнд хүүхэд тоглох тоглоомын талбай, ахмад настнууд нарлаж суух газар хэрэгтэй байна. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай л байгуулмаар байна” гэдгээ уламжилж байлаа. Мөн тэд Хотын даргыг зорьж ирэн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож, барилга бариулахааргүй болгосонд талархаж буйгаа илэрхийллээ.

“Эко констракшн”-д сарын хугацаанд гарц гаргах шаардах бичиг явуулахаар боллоо

Хотын дарга Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Кинг тауэр” хотхоны орц, гарцыг нэмэгдүүлэх, улсын сургууль барихаар төлөвлөлтөд оруулах үүргийг холбогдох албаныханд өглөө. Тус хотхоныг “Эко констракшн” барьж ашиглалтад оруулсан бөгөөд төлөвлөлтөөр таван гарц хийх байжээ. Гэвч компаниудын маргааны улмаас иргэд зөвхөн нэг гарцаар орж, гарч байгаа юм. Мөн тус компанийн эзэмшилд 20 га газар байгаа бөгөөд дахин орон сууцны барилга бариад эхэлжээ. Түүнчлэн сургууль барих газрыг нь шийдэж өгсөн ч 600 хүүхдийн хүчин чадалтай хувийн сургууль барихаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Эко констракшн”-нд сарын дотор гарц гаргах шаардах бичиг явуул. 5000 айлын орон сууцанд хэдэн хүүхдийн сургууль, цэцэрлэг шаардлагатай вэ, тэр дагуу нь төлөвлөж, барих хэрэгтэй. Улсын сургууль, цэцэрлэг барих гэхээр газар олддоггүй. Хувийнх болохоор олгоод байдаг. Төлөвлөлтийг дахин оруулж ир. Улаанбаатарын хот төлөвлөлт гамшиг болчихсон юм байна. Хэдүүлээ үүнийг засах хэрэгтэй” хэмээн онцоллоо. Мөн тэрбээр “Хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ хуулийн хүрээнд төлөвлөсний дагуу ажлаа хийх шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.7 ЛХАГВА № 69 (6546)

 

МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

1 цаг 2 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

1 цаг 7 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

1 цаг 12 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

1 цаг 17 мин
Жижиг орнууд “ах” оронд найдах биш өөртэйгөө адилхан улсуудтай найзалж дэмжиж хөгжих хэрэгтэй

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын 16 дахь зорилгын баталж,

1 цаг 22 мин
Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьдаг билээ

1 цаг 27 мин
Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

11 цаг 26 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

18 цаг 56 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

19 цаг 47 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

19 цаг 53 мин