Г.Батзаяа: Хос бичгийн хэрэглээнд сэтгэл хөдлөлөөр биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй

2021-02-01
Нийтэлсэн: Админ
 14 мин унших

Б.ЭНХТУУЛ

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа бид Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Г.Батзаяаг урьж, “Даяаршил - эх хэлний бодлого” сэдвээр ярилцлаа.

ДАЯАРШИЛ ЭХ ХЭЛНИЙ БОДЛОГОД ХЭРХЭН НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

 

-Даяаршилд сайн ч, саар ч тал бий. Бид дэлхий дахинтай хөл нийлэн хөгжих хэрэгтэй. Үндэстний үнэт зүйлсээ хамгаалж, хадгалж авч үлдэх ёстой. Хэл амьд учраас байнга хувьсаж, хөгжиж байдаг. Хөгжүүлж байгаа эзэд нь тухайн хэлээр яригч ард түмэн юм. Тиймээс ард түмэнд зөв ухааруулах, чиглүүлэх, эх хэлээ цэвэр ариун байлгаж, дотоод зүй тогтлынхоо дагуу хөгжих орчин нөхцөлийг бий болгохын тулд төр засаг болон мэргэжлийн байгууллагуудаас хэрэгжүүлэх зөв бодлого зайлшгүй хэрэгтэй.

Хөгжиж байгаа амьд хэлэнд дэвшил ч бий, гажуудал ч бий. Сонирхолтой нь, гажуудлыг ихэнх тохиолдолд ард түмэн өөрсдөө мэдрээд, шүүмжлээд, шахаад гаргачихдаг юм. Жишээ нь өвдөлт өгөх, тандалт хийх, жирэмслэлтийн хувцас, хүргэлт үнэгүй гэх мэтчилэн “-лт” гэсэн дагаврыг дэндүү их хэрэглэснээр монгол хэлний найруулгыг бохирдуулж байна. Зүй нь: өвдөх, тандах, жирэмсний хувцас, үнэгүй хүргэнэ гэвэл ойлгомжтой, тодорхой болох юм. УИХ-ын гишүүдээс эхлээд “Энэ утгаараа”, “Тэр утгаараа” гэж нэг хэсэг ярилаа. Өгүүлбэр болгоныхоо ард тэ, тээ гэж санаагаа тулгах, үг бүрийнхээ дараа бас гэж хэлээ “бөөстүүлэх” болсон. Хэн хүнгүй сайхан, таатай байгаагаа “Би happy байна” гэж хэлдэг, хүүхэд залуус “яах вэ?” гэдэг асуултыг аман дуудлагаар “яахуу”  гэж бичээд, утгын ямар ч холбогдолгүй “yahoo” гэдэг үгээр орлуулж маягладаг боллоо. Гэтэл иймэрхүү гажуудлыг хэлний мэргэжилтнүүд хэлсэн ч, хэлээгүй ч ард түмэн өөрсдөө яриад, шүүмжлээд, бухимдаад байна. Эх хэлэндээ хайртай, эх хэлнийхээ онцлогийг мэддэг ард түмэн энэ гажуудлыг мэдрээд байна шүү дээ. Тэр уурлаж бухимдаад байгаа хүмүүс өөрсдөө ингэж ярихгүй, бичихгүй гэсэн үг. Тэгээд энэ гажуудал аяндаа шахагдаж, хэлний хэрэглээнээс гарна. Харин цөөн хэдэн үгийн бичлэгийг буруу, зөв гэж талцаж муудалцах нь дэмий хэрэг юм. Зөв бичгийн дүрэм бол арай өөр асуудал.

Монгол хэл мөхөх гэж байна гэсэн буруу ташаа ойлголтыг дахин хэн ч бүү түгээгээсэй. Өнөөдөр дэлхийд 6000 орчим хэл байдгаас гуравны хоёр нь л өөрийн үндэстний бичгийн хэлтэй. Үүний нэг нь монгол хэл. Арван саяас дээш хүн ярьдаг 60 хэл бий. Үүний нэг нь манай монгол хэл. (Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг улсын монголчууд нийлээд арван сая орчимд хүрдэг.) 6000-аас 60-ын дотор жагсаж байгаа хэлийг мөхөж байна гэж хэлж болохгүй. Харин энэ сайхан хэлээ ядууруулахгүй, бохирдуулахгүй, хадгалж, хамгаалж, хөгжүүлж, эх хэл, эх хэлээрээ сэтгэх сэтгэлгээг хойч үедээ өвлүүлж дамжуулж явах нь өнөөгийн бидний үүрэг, хариуцлага юм.

 

2018 ОНД ХЭВЛЭГДСЭН, ЖУРАМЛАСАН ТОЛИО БАРИХ ЁСТОЙ

-“Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөөд байна. Бид яг ямар зөв бичгийн дүрэм, журамласан толийг баримтлах вэ” гэж хүмүүс их асуудаг. Ер нь бол тухайн хэлний бичиг үсгийн асуудал, тухайн бичгийн зөв бичгийн дүрмийн асуудал бол хэл шинжлэлийн нэг судлагдахуун юм. Ийм учраас монгол хэл шинжлэлийн эрдэмтэд энэ тал дээр өөрийн байр суурьтай байдаг. Харин нийтийн хэлний журамласан хэл зүй гэдэг гол асуудал байна. Манай улс 1941 онд кирилл бичгийг авч, академич Ц.Дамдинсүрэн зөв бичгийн дүрмийг зохиосон. Түүнээс хойш 1951, 1962, 1974, 1983 онуудад зөв бичих дүрмийн толиуд хэвлэгдсэнээс Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 18000 толгой үг бүхий “Монгол үсгийн дүрмийн толь” (1983)-ийг 2018 он хүртэл баримталж ирсэн. 2011 онд олон нийтийн, ялангуяа мэргэжлийн хүмүүсийн саналыг авах зорилгоор 700 үгийн бичлэгийг журамлах ажил хийсэн. Хүмүүсийн нийтлэг алддаг, андуурдаг, эргэлздэг 700 үгийн бичлэгийг голдуу Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын толийг баримтлан журамласан болохоос 700 үгийг өөрчлөөгүй. Тэгээд тавьсан зорилгынхоо дагуу хүмүүсийн санал, хандлагыг авч, 2018 онд 16 эрдэмтэн хамтран 38000 толгой үг бүхий “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг гаргаж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс батлан, хэвлүүлсэн юм. Таны асуусан зарим үгийн тухайд хэлэхэд, чээж биш “цээж”, эрвээхий биш “эрвээхэй” гэж журамласан.

Журамласан толиос хойш ч хувь хүн, байгууллага, компаниудаас хэвлүүлсэн толиуд бий. Энэ олон толийн цаана олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулагдсан. Тиймээс энэ нь зөв, тэр нь буруу гэж чичих нь үнэндээ бүдүүлэг явдал юм. Ер нь аливаа хэлний зөв бичих дүрмийг зохиодог авиа-авиалбарын зарчим, үгийн бүтцийн зарчим, утга-гарлын зарчим гэж гурван үндсэн зарчим байдаг. Аль эрдэмтэн аль зарчмыг барьж бичсэнээс тухайн үгийн бичлэг өөр өөр болно. Тэгэхээр, алдаа гэдэг үг өөрөө харьцангуй ойлголт. Тэгвэл аль нь ч буруу биш юм бол алиныг нь барих вэ? гэдэг асуудал гарна. Одоо бид журамласан толиос өмнөх толиудыг ч биш, дараах толиудыг ч биш, 700 үгийг ч биш, гагцхүү энэ 2018 онд хэвлэгдсэн, батлагдсан, журамласан толио барих ёстой, үүрэгтэй. Энд зориуд тэмдэглэхэд, журамласан тольд Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон зөв бичих дүрмийг огт өөрчлөөгүй. Харин цөөн хэдэн үгийн язгуур-үндсийн бичлэгийг тодорхой дүрэм-зарчмын дагуу засаж журамласан юм. Би хоёр толио бариад түүж үзсэн, ердөө 18 үгийн зөрөө байна лээ.

Үүнийг дүрмийн хамт танилцуулъя.

1. авлига, авлигал (үйлээс нэр бүтээх -лага, -лига дагавар)

2. билиг, бэлэг, бэлгэ (авьяас билиг, бэлэг дурсгал, бэлгэ тэмдэг)

3. гараг (нохой сарих, гарих; гараг эрхэс, гараг өдөр)

4. будилаан, давилуун (улирал, халтирах гэдэгтэй адил монгол бичгийн 3-р үеийн и эгшиг урагшилсан)

5. дэгдээхэй (-аахай4 дагавар)

6. эрвээхэй (-аахай4 дагавар)

7. замбатив (гарлын зарчим)

8. эшлэл (юмны иш; хүний хэлсэн үг, зохиол бүтээл зэргээс эш татах)

9. муруй (гарлын зарчим)

10. олонтоо (эгшиг зохицох ёс)

11. пижигнэх, сэржигнэх (авиа дуурайсан язгуураас үйл үг бүтээх -жигнэ4 дагавар)

12. саримс (саримсаг биш саримс)

13. төвөд, ойрад (төв дунд,ойр мөд; үндэстэн ястан )

14. толт (толти юмуу тольт гэж зөөлрөхгүй)

15. үнсэх (уг нь үнэр гэдэг үгээс үүсэлтэй үнэсэх боловч нийтээр хэвшсэний дагуу журамласан)

16. эмхэтгэл, цомхотгол, номхотго (эмх+д=эмхэд+ гэ=эмхэтгэ, цомхон+ д=цомход+го=цомхотго гэх мэт бүтэцтэй)

17. хирдхийх (хиртхийх биш)

18. хэр (хэд, хэчнээн, хэр гэдэг үгс язгуур нэг)

Үүнээс гадна аль ч тольд ижил бичлэгтэй байгаа доорх хэдэн үгсийн талаар хүмүүс нэлээд маргалддаг учраас энэ дашрамд тайлбарлаж өгье.

-байцаа (асууж байцаах), байцай (хүнсний ногоо)

-бөжин (туулайн), Бүжин-Бүжинлхам (Бүзималхамо хэмээх, төвөд хэлний “хүүхдийг тэтгэгч охин тэнгэр”-ийн нэрээс монгол хэлэнд орж ирсэн хүний нэр)

-шавж (зөв дуудлага нь шавьж /šȧvdž/, зөв бичлэг нь шавж /гарал нь шав+ж/)

-сурвалжилга (үйлээс нэр үг бүтээх -га4 дагавартай үг. сур+валж+л+га)

-оношилгоо (үйлээс нэр үг бүтээх -гаа4 дагавартай үг. оно+ш+л+гоо)

-санаачилга (үйлээс нэр үг бүтээх -га4 дагавартай үг. сана+аа+чил+га)

-дамжлага (үйлээс нэр үг бүтээх -лага4 дагавартай үг. Язгуур-үндсийн утга нь дамжил биш дамж)

Харин Я.Цэвэл гуайн “Монгол хэлний утгын тайлбар толь”-оос үгийн утгыг харах хэрэгтэй. Зарим үгийн бичлэг журамласан толиос зөрдөг, зарим үгийг 2-3 янзаар бичсэн байдаг.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСэл ХЭЛНИЙ МЭРГЭЖИЛТЭНтэй БОЛОХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн үед эх хэлнийхээ соёл боловсролд анхаардаг, санаа тавьдаг, тодорхой ажил зохион байгуулдаг санаачилгатай байгууллагууд олон болж байна. Хэлний мэргэжилтнүүд, багш нарыг урьж, хичээл заалгаж, нэвтрүүлэг хийж байна. Үүнээс гадна телевизийн нэвтрүүлэг, ялангуяа хүүхэд залууст зориулсан уралдаан цэнгээнт нэвтрүүлгүүд маш их үүрэгтэй. Сүүлийн үед “Боловсрол” телевизээр “Үндэсний үсэглэлийн аварга” хэмээх нэвтрүүлэг гарч, нэлээд маргаан дагуулаад байгаа. Би хувьдаа энэ нэвтрүүлгийг дэмждэг. Нэвтрүүлгийн зүгээс олон нийтийн хэрэглэж хэвшсэн үгсийг оруулах хэрэгтэй байж болох юм. Гэхдээ сууригна-суурин болох, суурьших; усаж (усжих, усжуулах) -ус ихтэй болох; дэдгэнэ -зан авир тогтворгүйтэж гар хөл салганан чичрэх, дэдгэнүүл-үйлдүүлэх хэв; цуудам-хэтрүүлж ярих, худлаа ярих зан; цуудамлах -хэтрүүлэн дэгсдүүлж ярих; амьдарлага, амьдарлагын  -өдөр тутмын амин зуулга -эдгээр үгс журамласан тольд бий. Манай хүүхдүүд харин ч сайн байна. Ер нь бол монгол хэл баян хэл. “Монгол хэл сая гаруй үгтэй. Ардын аман зохиол, нутгийн аялгууны үгстэй нийлээд гурван саяас наашгүй үгтэй гэж бодоход хүний сэтгэл оюунд ордог бүхнийг илэрхийлэхэд үгээр дутахгүй” хэмээн их бичгийн хүн Б.Ринчен гуай нэгэнтээ тэмдэглэсэн байдаг. Түүнээс Я.Цэвэл гуайн “Монгол хэлний утгын тайлбар толь”-д ердөө 50000, дээр ярьсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д 38000 толгой үг орсон байдаг. Сая дурдсан хэдэн үг журамласан тольд байж л байна. Наад зах нь нэг сая үгээс ердөө 38000 үгийг тольчилсон байхад яагаад бид энэ хэдхэн үгийг “ад үзэх” ёстой гэж. Үүнийг л эх хэлээ ядууруулах гэж хэлнэ. Энэ мэтээр ядууруулчихаар тэр орон зайд нь гадаад үг л орж ирнэ. Тэгэхээр уурлаж, бухимдаж, будилуулж, үймүүлж байхын оронд манай баялаг хэлэнд ийм үгс байдаг юм байна. Ойлгож, мэдээд авчихъя гэсэн сэтгэлээр хандах хэрэгтэй. Зурагт эвлүүлэг хийж, тэр нэвтрүүлгээр гарсан үг мэт болгож, олон нийтэд цацна гэдэг бол үнэндээ тухайн телевизийг, нэвтрүүлгийг гүтгэн доромжилсон зөрчил юм. Хэдийгээр наргиан наадам юм шиг боловч нээрээ л чокобоов, хуньлиатор, түүгдэглэгдэх гэх мэт ийм хачин үгс оруулсан юм байх даа гэж итгэх, эргэлзэх хүн олон байна. Энэ чинь л ёстой эх хэлээ эвдэж, бохирлож байгаа бодит жишээ шүү дээ. Үнэндээ европын кино орчуулгаар бүдүүлэг муухай үг хэллэг бөөн бөөнөөрөө орж ирж, хүүхэд залуусын хэл ярианы соёлыг “алж”, хадмал орчуулгатай киногоор зөв бичих дүрмийг “алж” байна шүү дээ. Өгзөг, бөгс, нөгөөх,  чөтгөр ав, хараал ид гэсэн үг ороогүй кино алга. Хэлэхэд ч зовмоор энэ хэдэн үгийг энд ингэж шуудхан хэлж байгаа нь даруйхан аваад хаячихаасай гэж бодсоных юм шүү. Утгыг нь алдуулахгүйгээр, энэ хэдэн үгийг монгол хүний сэтгэлгээнд тохируулаад, орчуулчихаж болмоор санагддаг. Тиймээс орчуулагч, сэтгүүлч, хөтлөгчдөд зөв бичиг, найруулгын сургалт зохион байгуулах, телевиз, сонин, сэтгүүл бүр хэлний мэргэжилтэнтэй болох хэрэгтэй байна. Ингээд бодохоор аль ч их, дээд сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгсөгчдөд ажлын байр олдохгүйн зовлон байхгүй болно.

       

ХЭЛНИЙ БОДЛОГЫГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХЫН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Төр засгийн зүгээс Хэлний бодлогын үндэсний зөвлөл маш сайн ажиллах, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, багш нартайгаа хамтрах хэрэгтэй. Олон нийтийн зүгээс гэвэл Хэлний хуулиа баримталдаг. Хүн бүр толины соёлтой байж, энэ тэр үгийг ингэж тэгж бичиж сурсан гэж муйхарлан зүтгэж хэрэлдэх биш толио харж бичдэг байх хэрэгтэй. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс “Зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг батлаад гаргачихсан байхад зөв бичих тийм хэцүү асуудал биш шүү дээ. Мэргэжлийн байгууллага, багш, эрдэмтэд үүнийг зөв ойлгуулаад, чиглүүлээд өгчих юм бол иймэрхүү маргаан гарахгүй. Тийм ч учраас саяхан Монгол хэл шинжлэлийн нийгэмлэгээс ЕБС-ийн багш нарт зориулсан сургалт семинар зохион байгууллаа. Энэ  ажлын хүрээнд миний бие “Монгол хэлний кирилл үсгийн дүрэм, түүнийг тайлбарлах нь” сэдвээр нэг цагийн лекц уншсан.  Энэ сургалтад 250 багш хамрагдсан. 

 

ХҮҮХДИЙГ АНХ БИЧИГ ҮСЭГТЭЙ ТАНИЛЦАХАД ЭХ ХЭЛЭЭР НЬ, ЭХ БИЧГЭЭР НЬ “АМЛУУЛ”

-“Гадаад хэлийг заахдаа бид эх хэлнийхээ бодлогыг тогтвортой байлгахын тулд хичээл сургалтандаа яаж тусгаж өгөх ёстой вэ” гэж цөөнгүй хүн надаас асууж байсан.  Хэлний цаана сэтгэлгээ гэж чухал юм бий. Ганцхан жишээ хэлье. Би МУБИС-д багшилж байхдаа оюутны багшлах дадлага удирдаад, ЕБС-ийн уран зохиолын хичээлийн ард сууж байлаа. Зургаа билүү долоодугаар анги байсан санагдана. Багш нь “Миний нутаг” шүлгийн тухай өнөөдөр ярилцана, сурах бичгээ нээгээрэй гэлээ. Тэгтэл арын ширээний хоёр охин ярилцаж байна. Нэг нь “Энэ шүлэг чинь хэнээр бичигдсэн билээ” гэж асуухад нөгөө охин номоо нээж үзээд

-Д.Нацагдоржоор бичигдсэн юм байна гэж хариулж билээ. Монгол хүн бол “Энэ шүлгийг Д.Нацагдорж бичжээ” гэж хэлнэ биз дээ. Гэтэл яагаад “Энэ шүлэг Д.Нацагдоржоор бичигдсэн” гэж тэр хоёр жаахан охин ярьж байна вэ.  This poem was written D.Natsagdorj гэсэн англи өгүүлбэрийн үгчилсэн (кальк) орчуулга байгаа биз. Ингэж эх хэлний сэтгэлгээ эвдэрч байна. Хүүхдийг анх бичиг үсэгтэй танилцахад нь эх хэлээр нь, эх бичгээр нь амлуул, эх хэлээрээ ярьж, бичиж, сэтгэж сурга гэж монгол хэлний багш болгон хэлдэг. Яагаад манай улсад бага боловсролыг таван жилээр тогтоосон бэ.  Хүүхэд эх хэлээрээ чөлөөтэй ярьж, бичиж, хамгийн гол нь сэтгэж, зөв найруулж сурах хугацаа гэж байна. Тэгээд дунд анги буюу зургаадугаар ангиас нь гадаад хэл сургаж эхлэхэд яагаад ч оройтохгүй гэж би боддог. Би хүүгээ зургаадугаар ангиас нь гадаад хэл сургасан, одоо маш сайн суралцаж байна.

Нэрээ иргэний үнэмлэх дээрээ буруу бичүүлсэн хүмүүс зөндөө байна. Тэгэхээр, Иргэний бүртгэл мэдээллийн төв, аймаг, сум, баг, дүүрэг, хороо гээд төр засгийн шат шатны байгууллагын ажилтнууд бүгд зөв бичгийн дүрмийн мэдлэг, найруулан бичих чадвар сайтай байх шаардлагатай. Гудамж талбайн хаяг реклам хийдэг хэвлэлийн байгууллагын залуучууд компьютерын чадвараас гадна эх хэлний мэдлэг чадвартай байх ёстой. Ингэхийн тулд бүх шатны сургуулийн бүх мэргэжлийн багш нар эх хэлний өндөр мэдлэг, чадвартай байж, сурагч, оюутнуудад зөвхөн монгол хэлний хичээлээр биш бүх хичээлээр эх хэлний зөв мэдлэгийг дамжуулах хэрэгтэй юм.

 

МОНГОЛ ХЭЛНИЙ ЗӨВ БИЧИХ ДҮРМИЙН ЖУРАМЛАСАН ТОЛИЙГ ХҮН БҮР ХЭРЭГЛЭЖ ХЭВШИХ ХЭРЭГТЭЙ  

-Монголчууд бидний дэлхийд гайхуулж ирсэн оюуны үнэт өвүүдийн нэг нь босоо бичиг яах аргагүй мөн. Өнгөрсөн хавар Өвөрмонголчууд маань ямар хэцүү бэрхшээл туулсныг бид бүгд харсан. Тиймээс тусгаар тогтносон Монгол Улс хэний ч хавчлагагүйгээр энэ үндэсний бичгээ авч хэрэглэх нь туйлын зөв юм. Багагүй бэрхшээл, хүч хөдөлмөр, цаг хугацаа орох нь дамжиггүй. Хурдан сурах эсэх нь бас өөр асуудал. Сэтгэл хөдлөлөөр биш шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Монгол бичиг бол мянга гаруй жилийн түүхтэй бичиг. Тийм ч учраас өнөөдрийн ярианаас ихээхэн холдсон, үг бүр нь дуудлагаасаа өөр галигтай, тэр бүрийг цээжлэхэд амаргүй. Бидэнд 1990-ээд оны туршлага байна. Гэвч бэрхшээлгүй шилжилт гэж байхгүй. Үүнд л ёстой төр засгийн мэргэн бодлого, монгол хэлний мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, багш нарын хүчин зүтгэл хэрэгтэй.

-Миний хувьд,  2007 онд доктор, професор Ж.Санжаа багшийн удирдлагаар  боловсролын доктор, 2020 онд доктор, профессор Ц.Өнөрбаян багшийн удирдлагаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Оюутан ахуйдаа буюу 1997 онд  буриад аялгууг анх сонирхон судалж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл монгол хэлний нутгийн аялгуу, улмаар монгол төрөл хэлийг судалж байна. ЕБС, их, дээд сургууль аль алинд нь багшилсан. Энэ мэргэжилдээ, шинжлэх ухаандаа дуртай, хайртай. Цаашид юуны түрүүнд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” (2018)-ийг олон мянгаар хэвлэж багш бүрт, айл бүрт үнэгүй тарааж, хэрэглүүлж сургах хэрэгтэй. Айл бүрийн ширээн дээр журамласан толь байвал энэ мэт явган хэрүүл гарахгүй болчихно. УИХ-д нэр дэвшигчид их мөнгө хөрөнгө зарж хэвлүүлдэг өөрийнхөө зурагтай том том танилцуулга, сэтгүүлтэйгээ хамт зөв бичих дүрмийн журамласан толийг тойргийнхоо айл бүрт тараачихвал эх орон, эх хэлнийхээ төлөө хийж буй бодитой ажил болох сон. Мөн дээр ярьсанчлан бүх шатны сургуулийн бүх мэргэжлийн багш нар, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эх хэлний мэдлэг чадварыг дээш­лүүлэх хэрэгтэй. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т зааснаар “Төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах”-ын тулд эхлээд кирилл бичгийн асуудлаа цэгцлэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.2.1 ДАВАА № 22 (6499)

Фото: Төрийн ордон /2024.03.29/

Фото: Төрийн ордон /2024.03.29/

3 цаг 8 мин
"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

"Хот, хөдөөгийн сэргэлт"-ийн талаар хийсэн ажлаа тайлагналаа

3 цаг 32 мин
“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

“Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

3 цаг 32 мин
БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

БНСУ-аас Монголд суух элчин сайдаар Чой Жин Воныг томилжээ

3 цаг 33 мин
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

4 цаг 44 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

5 цаг 18 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

5 цаг 41 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

6 цаг 2 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

6 цаг 19 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

6 цаг 34 мин