“Жо Байден Д.Трампын олон шийдвэрийг өөрчилнө”

2021-01-27
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын 46 дахь ерөнхийлөгч Жо Байден энэ сарын 20-нд албан ёсоор үүрэгт ажилдаа орсон. Ийн  Байдены Засаг захиргааг тойрсон асуудлаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.

-Капитолын ордны үймээнтэй холбогдуулан Жо Байдены тангараг өргөх ёслол харуул хамгаалалт чанга, цар тахлаас үүдэн цөөн хүний хүрээнд боллоо.Тэгэхээр тангараг өргөх ёслолын онцлог, шинэлэг талуудын талаар ярилцлагаа эхэлье?
-Энэ удаагийн тангараг өргөх ёслол өмнөх ёслолуудаас их онцлогтой боллоо. Цар тахлын тархалттай холбогдуулж зохион байгуулалтыг өөрчилж, олон нийт цуглахыг хориглож, иргэд цуглаж үздэг хэсэгт АНУ-ын 200 мянган далбаа, COVID-19-өөр амиаалдсан иргэдийн дурсгалын гэрлийг байрлуулсан.Конгрессийн байранд болсон халдлагаас үүдэж Үндэсний гвардын 25 мянга орчим цэргийг аюулгүй байдал хангахад оролцуулснаараа ойрын үеийн тангараг өргөх бүх ёслолоос ялгарсан. Мөн Америкийн иргэдийн дунд арьс өнгө, улс төрийн үзлийн ялгаатай байдлаас болж хагарал үүссэнийг нэгтгэх зорилгоор “Нэгдмэл Америк” уриаг сонгожээ. Цугласан цөөн зочин нь халдвар хамгааллын дүрэм баримталж бүгд амны хаалт зүүж, хоорондын зайгаа барьсныг ёслолын үйл ажиллагаанаас бид харсан.Сонгуулийн үр дүнг огт зөвшөөрөхгүй байгаа Дональд Трамп ёслолд биечлэн оролцоогүй нь гол онцлог нь гэж үзэж байна.

-Трамп тангараг өргөх ёслолд оролцоогүй нь АНУ-ын түүхэн дэх анхны тохиолдол гэж мэдээлж байна. Хуучин ерөнхийлөгч нь шинэ ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд оролцох уламжлал хэзээнээс эхтэй вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ялагч нь тангараг өргөж дараагийн ерөнхийлөгч болж эрх мэдлээ шилжүүлдэг нь АНУ-ын чухал үзэл санаануудыг өөртөө шингээж байдаг. Тухайлбал, өрсөлдөх, шилдэг нь шалгарч гарах, хамгийн чухал нь эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх зарчим юм. Хэдийгээр АНУ-ын хүчирхэг хоёр нам өрсөлдөөн ихтэй, сонгуулийн үед их сөргөлддөг ч ялагч тодорсон үед ажлаа өгч буй ерөнхийлөгч нь шинэ сонгогдсоноо хүндэтгэх, шинээр сонгогдсон нь өмнөх ерөнхийлөгчийнхөө АНУ-ын төлөө зүтгэж байсанд нь талархдаг байдал бичигдээгүй хууль хэлбэрээр үйлчилж ирсэн. Харин энэ удаагийн сонгуулийн уур амьсгал өөр, дайсагнасан, харилцан үл хүлээн зөвшөөрсөн байдалтай байсныг Жо Байдены тангараг өргөх ёслол илтгэлээ. Сонгуулиар талцсан талууд эвлэрч, ялагч талын удирдлага дор бүрэн эрхийн хугацааг өнгөрүүлэх, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх, түүхэн уламжлалаа хадгалах ач холбогдол бүхий үйл ажиллагаа болдог тул үе үеийн ерөнхийлөгчид тангараг өргөх ёслолд оролцдог. Энэ жил Д.Трампын захиргаанаас дэд ерөнхийлөгч М.Пенс, өмнөх ерөнхийлөгчөөс Б.Клинтон, Ж.Буш, Б.Обама нар ёслолд оролцсон.

-Байден ажлаа хүлээж авсан эхний өдрөө Трампын шийдвэрүүдийг цуцалж, цар тахлыг зогсоох шинэ арга хэмжээ, Парисын гэрээ, цагаачлал гэсэн чухал асуудалд анхаарлаа хандуулахаа мэдэгдлээ. Үүнийг тангаргаа өргөөд юу хийхээ нарийн төлөвлөсөн байсны илрэл гэж үзэж болох уу?

-Жо Байдены хувьд Д.Трампын бодлого, үйл ажиллагааг хурцаар шүүмжилж, тэдгээрийг залруулж өөрчилнө гэдгээ сонгуулийн үеэр байнга дурдаж байсан. АНУ-ын ерөнхийлөгчийн захирамж нь онцлог бүхий баримт бичиг болдог. Ерөнхийлөгч захирамж гаргаж гарын үсэг зураад л тэр нь үйл хэрэг болдог бол ерөнхийлөгч цуцалсан гэсэн гарын үсэг зурсан захирамж хүчингүй болдог. Энэ нь нэг хүнд хэт их эрх мэдэл олгохгүй гэсэн АНУ-ын ардчиллын эрх мэдлийн хуваарилалтын зарчмын нэг юм. Яг ийм байдлаар Ж.Байден өмнөх ерөнхийлөгчийн захирамжуудыг хүчингүй болгож, 12 баримт бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр сонгуулийн амлалтаа биелүүлж COVID-19 цар тахлын эсрэг далайцтай арга хэмжээ хэрэгжүүлэх, хилийн дагуу хана босгох үйл ажиллагааны санхүүжилтийг даруй зогсоох,цагаачдын бодлогыг өөрчлөх, ДЭМБ болон Парисын хэлэлцээрт АНУ-ыг эргэж нэгтгэх гэсэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлж Д.Трампын шийдвэрүүдийг буцааж, засч эхэлж байна. Цаашид ч энэ байдал үргэлжилж Д.Трампын гадаад бодлого, олон шийдвэрийг Ж.Байден үргэлжлүүлэн өөрчлөх болов уу.

-Трампын сонгуульд ялагдсан гол шалтгааныг цар тахлын тархалтыг зогсоож чадаагүйтэй холбон тайлбарлаж байна. Шинэ ерөнхийлөгчийн тахлыг намжаах төлөвлөгөө чухам юу вэ?

-Д.Трампын ялагдлын шалтгаан нь ганц цар тахал бус олон талын шийдвэр, баримталсан бодлогуудаас нь үүдэлтэй гэж үзэж болно. Гэхдээ их хүчтэй өрсөлдөж, олон хүний таамгаас давсан саналын бага зөрүүтэй сонгууль болж өнгөрсөн. Д.Трамп цар тахлыг Хятадын вирус гэж нэрлээд, халдвартай тэмцэхээс илүү буруутай улс орны эсрэг арга хэмжээ авахад анхаарч байсан.Харин Ж.Байден цар тахлын тархалтыг яаралтай хумьж, багасгах, иргэдээ амны хаалт зүүж хэвших 100 хоногийн аян эхлүүлэх, шинжлэх ухаанд суурилсан хариу арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн өөрийн ажлын албаны дэргэд цар тахалтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа. Үүнээс үзэхэд Ж.Байден цар тахлыг нэн даруй зогсоох, иргэдээ бүрэн вакцинжуулахад анхаарч, харин вирусын тархалтыг олон улсын харилцаатай хутгах, буруутгах, шийтгэхээс зайлсхийх болов уу гэж харж байна.

-Аливаа орны удирдагч солигдоход гадаад бодлого хамгийн их анхаарал татдаг. Энэ жилийн тухайд АНУ, Хятад хоёрын маргаан, цар тахлын эх үүсвэртэй холбоотойгоор нэлээд хурцадлаа. Худалдааны дайн ч өндөр түвшинд хүрлээ. Энэ харилцааг зөөлрүүлэх тал дээр Байден хэрхэн ажиллах бол?

-Д.Трамп, Ж.Байден нар тэс өөр үзэл бодол, баримтлалтай. Үүнийг дагаад тэдний хэрэгжүүлсэн бодлогууд ч өөр байна гэж таамаглаж болох ч зарим талаар тэдний үйл ажиллагаанд залгамж чанар хадгалагдсан зүйлс байхаар харагдаж байна. Тэдгээрийн нэг нь АНУ-Хятадын харилцаа юм. Д.Трампын бүрэн эрхийн хугацаанд АНУ-Хятадын харилцаа хурцадмал байдалд орж, харилцан хурц шүүмжлэл шидэлцэж, худалдааны зөрчилдөөн үүссэнийг бид мэднэ. Одоогоор Ж.Байден болон түүний захиргааны багийн гишүүдээс илэрхийлээд буй байр суурийг үзвэл Ж.Байден Хятадтай харилцаагаа сайжруулах гэж яарахгүй, яаран буулт хийхгүй. Ялангуяа, Уйгаруудад баримталж буй бодлогыг нь хурцаар шүүмжилсэн хэвээр байхаар байна. Ж.Байдены хувьд хэдийгээр Д.Трампын үйл ажиллагааг гадаад бодлого, олон улсын харилцааны хүрээнд өөрчилж байгаа ч АНУ-ын олон улсын харилцаанд эзлэх их гүрний байр суурийг хамгаалах, нэр нөлөөг алдахгүй байх, бэхжүүлэх ерөнхийлөгчийн чухал үүрэг хүлээж байна.

-Байден нам үл харгалзан улсаа нэгдмэл байлгахын төлөө хамтдаа хичээе хэмээн нэгдмэл байх гэсэн үзлийг ихэд чухалчилж байгаа нь бослого, үймээнээс сэргийлсэн нэг илрэл үү?

-Сонгуулиар талцаж хуваагдсан иргэд сонгуулийн дараа нэгдэж нягтардаг нь АНУ-ын түүхэнд хэвийн үзэгдэл байсан ч Д.Трампын ялалтаас хойш энэ байдал эвдэгдэж талцсан талууд улам зөрчилдөх болсон.Ж.Байдены хувьд тун амаргүй шийдвэрлэх асуудал хүлээж байна. Энэ бол маш хүчтэй хуваагдаад байгаа иргэдээ нэгдмэл болгох, хэн нэг нам эсвэл улстөрчийн төлөө бус АНУ-ын төлөө гэсэн үзлээр өөрчлөх юм. Үүнийгээ ч Ж.Байден тангараг өргөхдөө онцгойлон дурдаж Авраам Линколин боолчлолыг халсан шийдвэр гаргаж байхдаа “Сэтгэл зүрхээ шингээсэн шийдвэр боллоо” гэсэн үгийг эшлэн америкчуудыг нэгдэж нэгдмэл болохыг уриалсан өөрийн үгтэй зүйрлэсэн. Мөн америкчууд үзэл бодлоосоо болж хуваагдсан дайснууд биш хөршүүд байж, хүчээ нэгтгэж нүүрлээд буй бэрхшээлийг нэгдмэл АНУ-ын хүчээр давцгаая гэж хэлсэн. Эдгээр нь аливаа улс төр, нийгмийн үзлээс болж хуваагдмал, дайсагналцсан байдал улам даамжрах, газар авахаас сэргийлсэн, тулгамдсан асуудлуудыг нэгдмэл байдлаар туулахыг уриалсан прагматик үг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2021.1.27 ЛХАГВА № 19 (6496)

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

10 мин
Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

Б.Энх-Амгалан: Хүний эрхийн зөрчлийг цэц шийдвэрлэх нь зөв

44 мин
АН-ын бүлэг: Цэцийн хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй

АН-ын бүлэг: Цэцийн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

1 цаг 6 мин
О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

О.Цогтгэрэл: Гурван сурагч тутмын нэг нь монгол хэлээрээ уншаад ойлгохгүй байна

1 цаг 27 мин
ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгүй

ХНХЯ: Асрамжийн төвд байдаг хүүхдүүдийн эцэг эхэд хүүхдийн мөнгө олгохгү

1 цаг 44 мин
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

Малын хорогдол 5.9 саяд хүрлээ

2 цаг 0 мин
Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

Н.Алтанхуяг: Цэцийн хууль морин дэл дээгүүр явчихвий

3 цаг 58 мин
Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

Ройтерс:Монголын экс Ерөнхий сайд уул уурхайгаас олсон хууль бус мөнгөөрөө Нью-Йоркт байшин худалдан авчээ

5 цаг 30 мин
Гал зогсоох тогтоол, улс орнуудын сэрэмжлүүлэг, экс Ерөнхий сайдын дуулиан өрнөсөн долоо хоног

Энэ долоо хоногт дэлхий дахинаа болсон үйл явдлын нэг нь Газын зурвастай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс нэн даруй гал зогсоох тогтоолыг баталж чадлаа. Түүнчлэн өнгөрсөн баасан гарагт Москва хотноо болсон зэвсэгт халдлагын дараа улс орнууд ОХУ руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсаар байна.

8 цаг 3 мин
Сошиал орчинд ёс зүйтэй мэдээлэхийг уриаллаа

Бодит байдлыг сурвалжлан мэдээлэхдээ хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж, хэвшмэл ойлголтын золиос болгохгүй байх нь хэвлэл мэдээллийн мэргэжлийн ёс зүйн зарчим билээ. Иймд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид жендэрийн тэгш эрхийг хангах чиглэлд манлайлж, хариуцлагаа дээшлүүлж ажиллах шаардлага сонгууль хаяанд ирсэн энэ үед чухал болоод байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ёс зүйтэй нийтлэл, нэвтрүүлэг түгээхийг уриалж байдаг “Хэвлэл мэдээллийн зөвлөл”, Их британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Хэвлэл мэдээлэлд эрх тэгш байдлыг бүрдүүлэх нь” сэдэвт симпозиумыг өчигдөр зохион байгуулав. 

8 цаг 13 мин