Соёлын салбарыг хувьчлал, хулгайгаас салгахаа С.Чулуун амлав

2021-01-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Уламжлал ёсоор албан байгууллага, хувь хүн бүр өнгөрсөн онд хийж бүтээсэн бүхнээ дүгнэн, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаад хагас сар гаруй хугацаа өнгөрчээ. Тухайн хийсэн ажил нь үр дүнгээ өгсөн эсэх эсвэл иргэдийн амьдралд нөлөөлсөн эсэхээс үл хамааран жил бүрийн эцэст тайлангаа гаргах нь төрийн байгууллагын зөрчиж үл болох нэгэн дүрэм юм. Тиймээс 2020 онд хийсэн онцлох 20 ажлаа жагсаан, өнгөрсөн оныг  тун чиг ололт амжилттай өнгөрүүлсэн хэмээн зарлаад байгаа Соёлын яамны ажил нийгэмд хэрхэн тусгалаа олсныг хамтдаа шүүе. Тус яамыг удирдаж буй сайд С.Чулуун архивын үнэ цэнэтэй баримтуудыг БНХАУ-ын  судлаачдад үнэ төлбөргүй өгсөн гэсэн асуудалд орооцолдоод байгаа билээ.

 

“Чингис хаан” музейн барилгын явц 90 хувьтай байна”


Монгол Улсын соёл, урлагийн салбарыг шинэчлэн хөгжүүлэхээр 24 жилийн дараа дахин байгуулагдсан Соёлын яам энэ онд хэд хэдэн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Үүнд Үндэсний номын сангийн шинэ байр, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр гэсэн томоохон барилгын бүтээн байгуулалт багтжээ. Эдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь Үндэсний номын сангийн шинэ байрны ажлын явц юм. Хэрэв уншигч та бүхэн санаж байгаа бол бид “Үндэсний номын сангийн үнэн төрх” хэмээх сурвалжлагаа 2019 оны аравдугаар сард бичиж байх үед “Шинэ номын  сангийн барилгын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа. 2020 оны наймдугаар сард ашиглалтад орно” хэмээн номын сангийн удирдлагууд ярьж байсан. Тэгвэл Соёлын яамны энэ сарын 6-нд мэдээлснээр номын сангийн барилга 85 хувьтай үргэлжилж байгаа аж. Ийн нэг жил гаруй хугацаанд номын сангийн барилгын ажил ердөө 15 хувиар урагшилжээ. Үүнд цар тахал нөлөөлсөн гэв.
Гэсэн атлаа өнөөх дуулиан шуугианы бай болоод байгаа Байгалийн түүхийн музейн суурин дээр өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн, 100 жил Монгол Улсын түүхэнд хийгдээгүй томоохон соёл урлагийн бүтээн байгуулалтын нэг илэрхийлэл хэмээгээд буй   “Чингис хаан” музейн барилгын явц 65 хувьтай үргэлжилж байгаа хэмээн Соёлын яам өөрсдийн “амжилтаа” бахархалтай бичжээ. Гэвч дээрх 20 ажлаа танилцуулахаас хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 4-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа сайд С.Чулуун “Чингис хаан, хаад язгууртны музейн барилгын ажил COVID-19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор нэлээд удааширч байгаа ч барилгын гүйцэтгэл 90 орчим хувьтай, дотоод ажлын тохижилт графикийн дагуу явж байна. Үндэсний номын сан бас урагшилж байна” хэмээн ярьсан байдаг. 50 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн музейн барилгын явц чухам тэгээд 65 хувь юм уу эсвэл 90 хувьтай үргэлжилж байгаагийн учрыг тайлахыг Соёлын яамныхнаас хүсье.

 

С.Чулуун сайд циркийнхэнд “молиго үмхүүлжээ”


Бидний өмнөх нийтлэлүүдээрээ удаа дараа хөндөж байсан Циркийн сургуулийн байр болон циркийг уран бүтээлчдэд нь буцаан өгөх тухай ганц ч үг, өгүүлбэрийг Соёлын яамны энэ онд хийх ажлын жагсаалтаас харамсалтай нь олж харсангүй. Уг нь Соёлын сайд С.Чулуун 2020 оны аравдугаар сарын 14-нд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Соёлын яамнаас ажлын хэсэг гаргаж, циркийн асуудлыг судалж байна. Улсын циркийг менежментийн хувьчлалаар авсан хүмүүстэй нь уулзаж,  хувьчлалын гэрээнд циркийн үйл ажиллагааг хэрхэн тусгасныг судалж, шийдвэрлэнэ” гэж ярьж байв. Шинээр томилогдсон сайдын энэ үгэнд уран бүтээлчид олзуурхаж, циркээ буцааж авах итгэл найдвар тээн баярлаж байлаа. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгчихөөд буцаад явахдаа тэр энэ амлалтаа мартчихсан. Дахин нэг ч удаа дуугараагүй. Өнгөрсөн оны онцлох ажилдаа багтаагаагүй юмаа гэхэд ирэх онд хэрэгжүүлэх ажилдаа ч тусгаагүй байна. Түүнчлэн Соёлын сайд циркийг буцааж авна хэмээн “молиго үмхүүлсэн” гэдгээ баталжээ. 
Энэ талаар сайд С.Чулуун  “Соёлын яамнаас циркийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нэг л бодлого баримталж байна. Одоогоор “Аса” циркийн засварын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин циркчдээс ямар нэгэн шаардлага албан ёсоор ирүүлээгүй. Хуучин циркийн тухайд нэлээн асуудал бий. Мөн циркийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцна” хэмээн циркийн асуудлыг өөрөөсөө холдуулж байгаагаа саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Түүнчлэн “Сүүлийн 30 орчим жилд хамгийн их хувьчлал, хулгай, дээрэм тонуулд өртсөн салбар бол соёлын салбар байв. Үлдсэн юм ер нь бараг үгүй болсон байлаа. Байгаа юм гэвэл хэдэн театр, музейг хэлэх байх. Тэдний эргэн тойрны газрыг бараг бүгдийг нь авчихсан, зарчихсан байсан. Тиймээс дэд бүтцээ сайжруулах ёстойг ойлгосон” гэдгээ С.Чулуун өөрөө хүлээн зөвшөөрчээ. Энэ хувьчлал, дээрэм гэдэг үгийг тэр магадгүй циркийнхэнд хаягласан буй за. Мөн  түүний энэ яриаг энэ онд соёл урлагийн салбараа хувьчлал, хулгай, дээрмээс салгана гэсэн амлалт гэж ойлголоо.

 

“Бид хүүхдийн төлөө 30 жил шон ч босгоогүй”

Соёлын яам өнгөрсөн онд эхлүүлсэн, энэ онд үргэлжлүүлэх онцлох ажлаараа “Хүүхдийн төлөө фонд”-ыг дахин байгуулснаа нэрлэжээ. Төр нь ард иргэдийнхээ халааснаас хүүхдийн нэр барин мөнгө цуглуулж байгаа гутамшигт үйлдэл хэмээн нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа энэ фонд хэдхэн цагийн дотор 22 тэрбум төгрөг цуглуулсан нь бахдам ажил мөн. Энэ фондоор цуглуулсан мөнгийг Хүүхдийн номын сан, Хүүхдийн театр, Хүүхэд, залуучуудын соёл, спортын цогцолборыг барихад зарцуулахаа мэдээлсэн. Энэ талаар сайд С.Чулуун “Хүүхдийн төлөө фонд бол Соёлын яамнаас санаачлан урлаг соёлынхныхоо хүчийг дайчлан нийгэмд үйлчилж, санхүү босгож томоохон зүйл хийе гэж эхлүүлсэн ажил юм. Бид хүүхдийн төлөө 30 жил шон ч босгоогүй шүү дээ. Одоо манай соёл урлагийн салбарынхан хамтран дэмжиж, хуримтлалыг ард түмэн маань өгч дэмжин энэ ажил эхлэх үүд нээгдэнэ гэж итгэж байна. Ер нь сануулж хэлэхэд ямар ч тохиолдолд улстөржүүлж болдоггүй хоёр асуудал байдаг юм. Нэг нь соёл, нөгөө нь хүүхэд. Яривал их зүйл байна. Хийх ч ажил тоймгүй” хэмээн ярьжээ. Ийн номын сан, хэд хэдэн музей, хүүхдийн ордонгийн барилгаас эхлээд соёлын салбараа хувьчлал, хулгай, дээрмээс холдуулах гэсэн олон ажлыг бид 2021 оны төгсгөлд Соёлын сайд С.Чулуунаас нэхэх “өр”-тэй боллоо. Тус яамныхан ч эдгээр ажлаа биелүүлэхийн төлөө ямар ч завгүй, амрахгүй ажиллана гэдгийг сайд нь амлаад байна. Өөрсдийн  өнгөрсөн онд хийсэн 20 ажилдаа онцолсон мэргэжлийн мэргэшсэн албан хаагчид нь амлалтаа биелүүлэхийн төлөө тун шаргуу ажиллана гэдэгт итгэж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ"  сонин 2021.1.21 ПҮРЭВ № 15 (6492 )

С.Чулууныг огцруулах ёсто Й У Хүрэлсүхийн засгийн газрыг муухай харагдуулж байгаа соёлын өвийн хулгайч
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2 цаг 27 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

8 цаг 0 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

14 цаг 18 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

14 цаг 18 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин