Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээгээд 109 жил боллоо

2020-12-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр /2020.12.29/ тохиож байна. УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Үндэсний эрх чөлөөний энэ хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Энэ түүхэн өдөрт зориулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг  бүрэн эхээр нь хүргэж байна.

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн
Од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы
Омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын
Онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн
Одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний
Зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний
Зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн
Хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны
Янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний
Ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөргөний
Даалин дарах наргиан дээр
Хүүшийн сүүдэр буусан
Уулын гацаа бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан
Улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний
Шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний
Шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран
Хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо
Ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын
Найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн
Наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага
Хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхий
Хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Индэр улаан галын
Цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын
Цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн
Цас чахрах цайдам дээр
Илд есөн голын
Цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны
Хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний
Хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн
Хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны
Хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны
Хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны
Хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн
Дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн
Дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлгийн
Гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн
Ган царцах хайлш дээр
Амар төвшин жаргалтай
Ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй
Айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний
Амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн
Арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн
Анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан
Атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрт айлын хаяа
Дархан хилийн дээсэн дээр
Энх тайвны харуул
Дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний
Зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний
Зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг
Ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо
Адбиш баян сан дээр
Эрдэнийн арга билиг
Алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны
Амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай
Өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой
Өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн
Өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн
Өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн
Үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн
Үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын
Үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний
Үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн
Харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн
Хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөнд
Хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо
Хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны
Асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын
Аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй
Амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй
Амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог
Захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын
Зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн
Заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан
Засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан
Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн
Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн
Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан
Монгол Улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан
Их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа
Ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн
Итгэлийн сувд үгсээр
Эрх жаргалаа баталсан
Иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Эх сурвалж:www.polit.mn

 

Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

4 цаг 21 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

4 цаг 26 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

4 цаг 26 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

4 цаг 26 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

4 цаг 26 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

14 цаг 28 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

14 цаг 33 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

20 цаг 17 мин
О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

О.Алтангэрэл: Хууль бус хөрөнгө орлогыг хураах эрх зүйн зохицуулалт байхгүй

20 цаг 23 мин
21 жил яригдсан төмөр замыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин