
Сүүлийн үед өрнөж буй үйл явдалтай холбогдуулан хуульч Ц.Монголтой ярилцлаа.
-Та сүүлийн үед юу хийж байна даа. Ямар хэрэг дээр ажиллаж байна гэх үү?
-Өмгөөллийн ажлаа хийж байна. Зарим нэгээс нь хэлье. Хариуцлагагүй уул уурхай: Налайхад хятад эзэнтэй уурхайд гарсан ослын улмаас нас барсан гурван иргэний ар гэрийнхнийг, өнчирч хоцорсон, насанд хүрээгүй 9 хүүхдийн эрх ашгийг хамгаалж өмгөөлж байна. Зам тээврийн осол: шөнийн цагаар засмал замын голд, ардаа ямар ч гэрэл ойлгогчгүй, аваарын гэрэл асаахгүйгээр, ослын гурвалжин стандартын дагуу тавихгүйгээр ачааны машин байрлуулсны улмаас араас нь ирж байсан машин осолд өртөж хүний амь нас хохирсон автоослын хэрэг дээр ажиллаж байна. Манай улсад ийм төрлийн гэмт хэрэг нэг бус удаа гарч байгаа бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх ялын бодлого, замын цагдаагийн хяналт хангалтгүй байна. Ийм төрлийн осол гаргасан жолоочийг хамгаалж, буруугүй жолоочийг нь буруутгах тохиолдол байна. Жишээлбэл, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж ослын нөхцөл байдал анх үүсгэсэн гэмт этгээдийг шийтгэх зарчим үйлчлэх ёстой гэтэл, дүрэм зөрчөөгүй,осол гаргасан биш, өсөлд өртсөн гэм буруугүй жолоочид нь ял өгөх тохиолдол гарч байна. Энэ бол Замын хөдөлгөөний дүрэм зөрчигч гэмт этгээдүүдийг өөгшүүлсэн ноцтой алдаатай практик гэж хэлмээр байна.
Хуулиас давсан эрх мэдэлтнүүд: Худалдаа хөгжлийн банк Дүрслэх урлагийн музейн барилга, зэргэлдээ орших 14 дүгээр байрны оршин суугчдын эрхийг маш ноцтойгоор зөрчиж, нийтийн эзэмшлийн талбайг хүртэл булаан эзэлж, хууль бусаар 32 давхар оффис барьж байгааг зогсоохоор гаргасан оршин суугчдын нэхэмжлэлтэй Захиргааны хэрэгт оршин суугчдыг өмгөөлж байна. Захиргааны хэргийн шүүх барилгын ажлыг эхлүүлэх эрх зүйн актыг түдгэлзүүлсэн боловч Давж заалдах шатны шүүх нь хүчингүй болгоод байна. Банкны зүгээс шүүхэд нөлөөлсөн гэж нэхэмжлэгчид хардаж байна. Шалгах ч ёстой.
Хэлмэгдэл: Зүүнхараад Б гэх монгол иргэний газар дээр орон сууц барихаар хятад иргэн, компани гэрээ хийгээд, улмаар уг монгол иргэнийг “залилан хийсэн” мэтээр гүтгэж 10 жилийн хорих ял оноолгож, газрыг нь булаан авч 96 айлын орон сууц барьж худалдсан байдаг. Уг иргэн ялаа эдэлснийхээ дараа надтай уулзаж тусламж хүссэн тул би уг хятад иргэнээс хохирол нэхэмжлэхээр шүүхэд хандаж, иргэний хэрэг үүсгүүлээд байна. Цаашид Б-г цагаатгахаар ажиллах болно.
За тэгээд албан тушаалтнууд шалгалт хийхдээ шударга бизнесменуудээс хахууль горьдож, тэр нь бүтэхгүй болохоор албан тушаалаа ашиглан янз бүрийн аргаар матаж, шалгуулж хохироож байгаа тодорхой хэрэг байна. ТҮЦ ажиллуулж байгаа олон арван иргэдийг хотын менежер Гантөмөр дарамталж бүр өөрөө очиж ТҮЦ ачаалж байсан тул Захиргааны хэргийн шүүхээр тав дахь жилдээ заргалдаж байна. Энэ бол төрийн албан тушаалтнууд сонгосон иргэдийнхээ эсрэг ажилладгийн нэг муухай жишээ. За ингээд ярих юм бол монгол хүний, Монголын жирийн иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хаа сайгүй ноцтой зөрчигдсөөр байна. Системийн, Төрийн тогтолцооны, эрх мэдлийн хуваарилалтын гажуудал, хямрал гүнзгийрсээр байна. Би бол нутаг ус, танил тал гэдгийг харахгүй, хууль журмаа л барьж ажилладаг хүн.
-Жирийн иргэдэд хууль үйлчилж, төрийн өндөр албан тушаалтнуудад үйлчлэхгүй байгаа тухай та жишээгээр ярьж байна. Хуульч хүний хувьд танаас асуухад УИХ-ын индэр, суудал дээрээс хүн гүтгэж, худал мэдээлэл хийж байгаа гишүүнийг яах ёстой вэ?
-Монголын одоогийн төрийн тогтолцоо бол төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэдэггүй “гаж үзэгдэл”-ийг хамгаалсан байдаг. Хүнийг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан УИХ-ын гишүүнийг шийтгэсэн, зөрчлийн арга хэмжээ авсан тохиолдол бараг байхгүй, харин сэтгүүлчид, жирийн иргэдийг хавтгайруулан торгож шийтгэдэг. УИХ-ын индэр дээрээс худал мэдээлэл ярьсан гишүүнд прокурор, цагдаагаас шууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой. Яагаад гэвэл гэмт хэрэг үйлдэж байгаа үйлдэл нь ард олон, нийтийн өмнө ил тод байгаа юм. Гэтэл тэдэнд хууль үйлчлэхгүй байгаа шүү дээ
-Яагаад? УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж мангар хууль байдаг юм биш үү?
-Хүлээх ёстой. Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчим хэрэгжих ёстой биз дээ? Манайх шиг ямар ч хяналтгүй, нэг парламенттай төрийн тогтолцоо бол “дүр үзүүлсэн” ардчиллын хэлбэр шүү дээ. Ийм парламент бүхий тогтолцоо ирээдүйгүй, сайн хууль гаргах чадваргүй, гарч байгаа хуулиудыг хар л даа. Бүгд л муу хууль баталдаг гэдгийг мэддэг, гэхдээ эрх баригчдад ашигтай байдаг тул тэд энэ гаж тогтолцооноос салахыг хэзээ ч хүсэхгүй байгаа нь гамшиг. УИХ-ын гишүүд гэхэд өөрсдөдөө сонгогчидтой уулзалт хийх гэх мэтээр жил бүр 250-360 хүртэл сая төгрөгийг авдаг, зарцуулалт нь ямар ч хяналтгүй байгааг хар л даа. Ер нь УИХ-ын индэр дээрээс худал мэдэгдэл хийсэн тохиолдолд Эрүүгийн хуульд зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг баймаар байна. Энэ нь 2 танхимын тогтолцооны үед л боломжтой болох юм.
-Хэрэгжихгүй байгаа нь илт байна. Яаж хэрэгжүүлэх вэ?
-УИХ-ыг хоёр танхимтай болгох, Хууль тогтоогч Бага хуралтай, хяналт тавих Ардын Их хуралтай \ард түмний төлөөлөгчдийн танхим гэж нэрлэсэн ч болно\ болгож төрийн хяналтын тогтолцоог сэргээх. Үүний тулд Үндсэн хуульд нэн даруй өөрчлөлт оруулж одоогийн тогтолцоонд өөрчлөлт оруулах хэрэгтэй .
-Та Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш олон хэрэг, мөн 49 хувьтай холбоотой асуудлыг хуульч хүний хувьд юу гэж харж байна вэ?
-2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид “Эрдэнэт үйлдвэрийг мэдэлдээ авахыг зөвшөөрсөн” гэж өөрөө ярьсан байсан. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын хууль зөрчсөн маш ноцтой тохиролцоо, завхралуудын нэг жишээ мөн гэж үзэх үндэслэлтэй. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрт тавих хяналтаа алдсан тул нэг бүлэглэл уг үйлдвэрийн 49 хувийг төрөөс булаан авах эх суурь тавигдсан юм биш үү? Одоо энэ эрүүгийн гэмт хэргийг шалгаж байгаа эсэх нь тодорхойгүй, харин ч Засгийн газар “хэлэлцээр хийж байна” гэж дуулдах юм. Тэгэхлээр Монголын Засгийн газар бүлэглэлийн эрхшээлд орчихож байгаа юм биш биз дээ гэсэн хардлагыг яах аргагүй төрүүлж байна. Гэхдээ арай үгүй байх л даа. Ер нь манан бүлэглэлтэй тэмцэж байсан 5 гишүүн нэгдмэл байр сууриа алдаж, тэдний ярьсныг хэрэгжүүлж, шударга үнэний төлөө төрөө хамгаалж байсан Хууль зүйн сайд Нямдоржийг элдвээр гүтгэсээр сонгуульд ялагдуулж, МАНАН-гийн төлөөлөгч нарыг албан тушаалд томилж эхэлж байгаа нь гайхширлыг төрүүлэх боллоо. Харин Прокурор Цагдаагийн байгууллага ажлаа сайн хийж байгаа гэж харж байна. Гэхдээ улс төрийн аясыг дагадаг шүү дээ. Төрийн маань төмөр нударга сулраагүй л байлтай.
-Өмнөх Ерөнхийлөгч болон бусад хүмүүс энэ хэрэгтэй холбоотой гэж ойлгож болох уу?
-Өмнөх Ерөнхийлөгч УИХ-ын индэр дээрээс Эрдэнэтийн 49 хувийг улайн цайн зөвтгөөд байсан бичлэг сошиалаар тарсан байгаа шүү дээ. Энэ 49 хувьтай холбогдох асуудлыг хуулийн байгууллага шалгаад тогтоосон гэж ойлгож байгаа, олон нийт ч ийм ойлголттой байгаа гэж харж байна. Заримтыг нь яллах дүгнэлт үйлдээд Шүүхэд шилжүүлж байгаа бололтой.
-Та “Ачит Ихт” компанийн өмгөөлөгч. Энэ компанийн талаар буруу зөв нь мэдэгдэхгүй мэдээлэл их гарч байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Манай өмгөөллийн хуулийн фирм “Ачит Ихт” ХХК-д гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлж ажилладаг. Бид анх гэрээ байгуулах үедээ энэ компанийг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг эсэх, үүсгэн байгуулагч хэн болохыг судалж үзсэний үндсэн дээр эрх зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн. Би шударга ёсыг эрхэмлэдэг, газар шороо, хохирсон иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг дээгүүрт тавьж, тэднийг хамгаалахын төлөө тэмцэж явдгийн хувьд, аливаа бүлэглэл, хууль бус үйл ажиллагаа явуулдаг этгээд, компанийг өмгөөлөхөөс зайлсхийдэг.
Сүүлийн 2 жилийн хугацаанд“Ачит Ихт” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нэг иргэн уг компаниас 7.8 тэрбум төгрөг, мөн компанийн 10 хувийг авахаар Орхоны шүүхэд нэхэмжлэл гаргаад, олон нийтэд худал мэдээлэл цацаж эхэлсэн. Яг энэ үеэс эхлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ компани руу элдвээр дайрч “Элбэгдорж Цагаан хоёрын компани” мэтээр гүтгэж, худал мэдээлэл цацаж эхэлсэн. Тэгэхлээр Эрдэнэтийн 49 хувийг булаасан бүлэглэлтэй холбогдоод байгаа Ц.Элбэгдоржийн нэр хүнд Монголын ард түмний дунд туйлын доогуур түвшинд байгаа тул түүнтэй холбоотой хүн бүрийг иргэд “тааламжгүй этгээд” гэж хүлээж авдаг, тийм хүмүүсийг бүр үзэн ядах болсон гэхэд ч хилсдэхгүй байх. Тэгэхлээр Цагааныг Элбэгдоржтой холбоход “П.Цагааны нэр хүнд ихээр унана” гэдгийг энэ хүн тооцоолсон гэж үзэхээр байна. Хулгайч хүн илүү хурдан гүйдэг гэж үг байдаг даа.
П.Цагаан руу дайрахаасаа өмнө тэрээр Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг “Элбэгдоржийн гар хөл” гэх утгатай ярилцлага өгсний дараа түүнийг баривчлан, хорьж шалгасан, зарим этгээд түүний талаар олон нийтэд худал мэдээлэл цацаж шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад “гэмт хэрэгтэн” болгосон. Д.Дорлигжавт алдаа оноо байдаг л байх. Гол нь түүнийг Ерөнхий прокурор хийж байх үед “шударга бусын хонгилынхон” түүнийг мөн л хяналтад авсан, бүх шүүгч, прокуроруудад, хэнд ч гэсэн нөлөөлөх, дарамтлах арга барил, тогтолцоогоо баталгаатай бий болгосон байсан. Энэ хэлмэгдүүлэлтүүд түүний хүсэл зоригоос үл хамааран шүүхээр ордог байсан гэдгийг тухайн үед өмгөөлөгч гэх мэргэжлийн ажил хийж, үйл явдлын дунд ажиллаж байсны хувьд ерөнхийдөө гадарлаж байна. Тэгэхлээр, Н.Алтанхуягийн эхний оролдлого нь ийнхүү амжилттай болсон тул тэрээр үүнийгээ П.Цагаан дээр хэрэгжүүлж эхэлсэн гэхэд логикийн хувьд таарч байна. Ер нь ”Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шиг П.Цагаан туулайг гүйцэх байх.
Саяхан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монголд өөрийн дургүй хүнээ, хувийн өчүүхэн эрх ашгийг нь гүйцэлдүүлэхэд саад болдог хүнээ эсвэл өрсөлдөгчөө хэлмэгдүүлдэг тодорхой технологи бий боллоо. Эхлээд дотоодын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр захиалгаар гүтгэлэг тараана. Зарим тохиолдолд энэ нь төгс боловсронгуй болж гадаадад захиалгаар гүтгэх, харлуулах ажиллагаа явуулдаг, түүнийгээ пий паа муухай гээд дотооддоо оруулж ирдэг. Энэ нь нийгэмд тухайн хүнийг ямар муу хүн бэ гэдэг хөрс бий болгох зорилготой ажиллагаа юм” гэж УИХ дээр ярьсан. Ийм технологи Монголд бий болжээ.
Ер нь, Ц.Элбэгдоржтойгоо шууд тулж, тэмцэхгүйгээр “түүнтэй хамааралтай” мэтээр бусдыг гүтгээд, нэр төрд нь халдаад байгааг би сайн ойлгохгүй байна. Та нар санаж байгаа байх, Н.Алтанхуяг, Л.Гансүх нар “хэлмэгдэгсдийн холбоо” гэж байгуулсан. Тэд хэлмэгдсэн иргэдийг нэгтгэх болов уу гэсэн чинь үгүй. Тэд тухайн үед эрх нь зөрчигдсөн хүмүүсийг ТВ нэвтрүүлэгт оруулахыг хүсэхэд элдэв шалтгаан зааж “Хонгил” гэх нэвтрүүлэгтээ оруулахгүйгээр саармагжуулж байсан. Харин өөрсдийн эрх ашигт нийцүүлж, хэлмэгдэлтэй огт хамаагүй асуудлыг “хонгилоор орсон” мэтээр нэвтрүүлж байсан. Мафийн бүлэглэл Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хэрхэн “хонгил”-оор оруулж төрөөс дээрэмдсэн талаар “Хонгил” нэвтрүүлгээр оруулж өгөөч гэж би Л.Гансүхтэй уулзаж хүсэхэд тэрээр огт хүлээж аваагүй, хясан боогдуулж, олон нийтээс нуусан. Ингэхэд хэлмэгдсэн хүмүүс хэний золиос болж, ямар хүмүүсийн арга зальд автагдаад байгаа юм бэ? Тэднийг цагаатгамаар байна шүү дээ.
-АТГ-аас тус компанийг шалгаад байсан. Юу болсон бэ?
-АТГ-аас иж бүрэн мөрдөн шалгах ажиллагааг “Ачит Ихт” ХХК дээр хуулийн дагуу маш нарийн хийсэн, шударга, сайн шалгасан. Энэ компани бол бүх санхүүгийн үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулдаг, бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэггүй, санхүүгийн бичиг баримтыг нэг бүрчлэн хуулийн дагуу бүрдүүлж ил тод ажилладаг юм байна лээ. Нэгэнт хууль зөрчдөггүй компанийг өмгөөлөхөд надад их бэрхшээл гараагүй. Тухайн үеийн архивын бүх баримтыг Эрдэнэт үйлдвэрээс болон “Ачит Ихт” ХХК-иас гаргуулж, холбогдох бүх гэрчийг асуулгаж, санал хүсэлтээ л гаргаж байсан. АТГ-аас бүхий л талаар шалгасны эцэст “эрүүгийн хэрэг ч үүсгэх үндэслэл байхгүй” гэдгийг тогтоосон. Одоогийн АТГ өмнөх үеийн “хонгилын гэх” АТГ-аас тэс өөр, шударга, хуулиа дээдэлж ажиллаж байгаа юм байна гэсэн ойлголт авсан. Гэхдээ тогтолцооны хувьд Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах албыг заавал байгуулах шаардлагатай юм. Эс бөгөөс шинэ хонгил үүсэх юм уу, эсхүл хэн нэгнийг хохироох магадлалтай. Эрх баригчид үүнийг анхаараасай билээ.
-Эрдэнэтэд өгөх 34 хувиа өгөөгүй, ТЭЗҮ байхгүй гэх мэтчилэнгээр тэнд ажиллаж байсан нэг хүн яриад байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-“Ачит Ихт” ХХК 2011-2014 онд өөрийн хөрөнгөөр \зээл\ үйлдвэрээ барьж, Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан гэрээнийхээ дагуу 34 хувиа өгөх, Эрдэнэт үйлдвэрээс ТУЗ-д орох хоёр гишүүнээ томилохыг хүсэж албан ёсоор бүх материалаа хүргүүлсэн болохыг хуулийн байгууллага тогтоосон. Баримт материал нь бүрэн байгаа. Орчин үеийн ноухау, нарийн технологи бүхий үйлдвэрийг ТЭЗҮ-гүйгээр барьсан гэхэд хэн итгэх юм бэ? Мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн яам ТЭЗҮ-гүй үйлдвэрийг хүлээж авахгүй шүү дээ. Ийм ор үндэслэлгүй зүйл, худал мэдээлэлд хэн итгэх юм бэ? Эрдэнэт үйлдвэр харин 34 хувийг нь яагаад аваагүй юм бол гээд судалж үзсэн. Ер нь Эрдэнэтийн түүхээс харахад үйлдвэрийг түшиглэн олон жижиг, дунд үйлдвэрүүдийг барьж байгуулж туршиж ажиллаж үзсэн юм байна лээ. Тэдгээр нь ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэрээс санхүүжилт гаргаж улмаар эцэст нь бүгд дампуурч шүүхээр маргаж, улмаар Эрдэнэт л хохирч үлдсэн байдаг. Тухайн үеийн захирал Ц.Даваацэрэн“Ачит Ихт” ХХК-ийн 34 хувийг ав гэсэн саналыг хүлээж аваад шалгаж судлан дүгнэлт гаргах 11 хүний өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж 2 сар гаруй хугацаагаар ажиллуулсан байдаг. Улмаар ажлын хэсэг уг үйлдвэр их хэмжээний зээлтэй, зардлаа нөхөх хүртэл Эрдэнэт үйлдвэр алдагдалтай байх, цаашид Монголд огт ажиллуулж байгаагүй энэ шинэ үйлдвэр ашигтай ажиллах эсэх нь тодорхойгүй байгаа тул “эрсдэлгүй” хувилбарыг сонгох талаар дүгнэлт гаргасан байдаг. Үүний дагуу олсон орлогоос нь ямар ч эрдэлгүйгээр тодорхой хувийг нь роялти хэлбэрээр авч байхаар гэрээ хийсэн. Ийм л учиртай. “Ачит Ихт” ХХК одоо хүртэл 34 хувиа өгье л гээд анхныхаа байр сууринаас огт буцаагүй байгаа шүү дээ. Тэгээд 34 хувийг авахгүй байгааг мэдсээр байж хөндлөнгийн, хувийн ашиг сонирхолтой этгээдүүд худал мэдээлэл тараагаад олон нийтийг төөрөгдүүлээд байгаа нь харамсалтай. Хуулийн байгууллагаас шалгаад ямар ч хууль зөрчөөгүйг нь тогтоочихсон байгаа бодит байдлыг уншигч олон түмэн эрх биш нэг ойлгож буруу зөвийг ялгаж салгана гэдэгт найднам би. Монголчууд бид гэдсэндээ хөлөө жийлцэж, нэг нэгнийгээ хэмлэхийн оронд өдөр бүр өрөнд орж, одоо бүр 3.6 тэрбум ам. долларын өрөнд оруулаад байгаа Оюутолгойн гэрээг өөрчлөх, баялаг зөөж байгаа замыг хаагаад ч болов, хүчгүйдэж байгаа төрдөө дэмжлэг үзүүлэх, ирээдүй хойч үеийнхээ төлөө, эх орныхоо төлөө нэгдэх нь чухал цаг үе бус уу?
-Ц.Даваацэрэн “Ачит Ихт” компаниас болоод баривчлагдсан юм уу?
-Мэдэхгүй юм. Тэр хүнийг би танихгүй, мэдэхгүй. Харин тухайн үеийн архивын материалд байгаа баримтаас үзэхэд Ц.Даваацэрэн гэдэг захирал Эрдэнэт үйлдвэрийн эрх ашгийн төлөө ажиллаж улмаар хамтын шийдвэрийг үндэслэн, эрсдэлгүй, ашигтай гэрээ байгуулсан нь тодорхой харагддаг. Эрүүгийн хэрэгт татах буюу Иргэний маргаан үүсгэх ямар ч нотолгоо би олж хараагүй. Ер нь хэрвээ “Ачит Ихт” ХХК, эсрэгээрээ “ашиггүй ажилласан” бол Ц.Даваасүрэнг бас л шийтгэх ёстой байсан уу? Би энд нэг зүйлийг огт ойлгохгүй байна. Жишээ авья, нэг хүн найздаа даага бэлэглэж гэж бодьё. Гэтэл тэр нь улсад алдартай хурдан хүлэг болсон. Асар их орлого олсон. Тэгвэл дааганы эзэн “энэ хүн намайг залилсан байна” гээд Эрүүгийн хэрэг үүсгээд заргалдаад явах уу?
-Н.Алтанхуяг гэдэг хүн яагаад ийм худлаа мэдээлэл тараагаад байдаг юм бэ?
-Харин ээ? Шударга бусын хонгилыг нураахад л ихээхэн анхаарч бусадтай хүчээ нэгтгээсэй билээ. Харин хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж бусдыг гүтгэх, харлуулах нь төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүний хувьд байж болохгүй үйлдэл. Ялангуяа ийм хүмүүс ярих зүйлээ нотлох баримттайгаар олон нийтэд түгээхгүй бол худал мэдээлэл тараах замаар олон нийтэд таалагдах гэсэн санаа нь хэтдээ нэр хүндэд нь харшилж, улмаар өөрт нь сөрөг үр дагаврыг бий болгож, олон нийтийн итгэлийг алддаг.
Ардчиллын төлөө олон жил хамтран ажилласан журмын нөхрөө, баялаг бүтээж, улс эх орондоо орчин үеийн үйлдвэрийг өөрийн хүч хөдөлмөрөөр барьж, 200 гаруй гэр бүлийг ажилтай болгож, улсад 200 гаруй тэрбум төгрөгийн татвар, Эрдэнэт үйлдвэрт 10 гаруй тэрбумын орлого оруулж байгаа “Ачит Ихт” ХХК, үндэснийхээ үйлдвэрийг ад үзэхээ болимоор юм. Иймд “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” гэсэн ардын цэцэн үгийг санаж журмын нөхөртэйгээ “эвлэрээсэй”, уучлал хүсээсэй л гэж хэлмээр байна.
С.НОМИН
Эх сурвалж: http://mminfo.mn/