Цагаан олимпод мөнхөрсөн “Замчин”-ы Д.Энхээ

2020-12-14
Нийтэлсэн: Админ
 17 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

Монгол Улсын түүхэнд төдийгүй тив, дэлхийн спортын салбарт дуудах нэртэй, дуурсах алдартай, замтай, жимтэй, мөртэй явна гэдэг энэ хорвоод хүмүүн болж төрсний гавьяа билээ. Тиймээс “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амьдралын тойрог”-тоо УБТЗ хэмээх их айлын эрхэм гишүүн, Монголын цанын спортод анхны гэх тодотголтой хамгийн олон амжилт, алдрын шанг татсан эмэгтэй тамирчин,  Монгол Улсын цанын спортын 28 удаагийн аварга, ОУХМ Д.Энхээг зочноор урьсан юм.

Монголын эмэгтэй тамирчин цанын спортын төрлөөр дэлхийн дэвжээнээс алт, мөнгөн медаль хүртэж, ар араасаа олон амжилтыг буухиалан эх орныхоо нэрийг өндөрт өргөнө гэдэг нөр их хүч хөдөлмөр, бахдам амжилт юм.  Тийм л учраас ОУХМ Д.Энхээг спортын салбарынхан, спортод элэгтэй монголчууд түүнийг тив, дэлхий, олимпийн дэвжээнд тасралтгүй түрүүлж, монголчууд бидний итгэлийг алдаагүй хөдөлмөр, зүтгэлээр нь үнэлж хүндэтгэсээр ирсэн.  Улсын хэмжээнд хөл хорионы дэглэм тогтоосон, хот хөдөөгүй хүн болгон гэртээ бүгсэн, өвлийн жавар, цасны үнэрийг мэдрэх чөлөөгүй, цар тахал хэмээн сэтгэл зовинон суугаа энэ үед хээрийн задгай талд салхи, жаврыг сөрөн, хацар час хийн даарах, хайрахыг үл ажран идэр залуу насаа их спортын салбарт, тэр дундаа цанын спортод зориулсан эрхэм зочныг нийтлэлийнхээ хойморт урьсан нь бас учиртай. Ингээд бидний яриа түүний ажил, амьдралын замналаар эхлэв.

 

Малчин сумын цаначин охин

Монгол Улсын цанын спортын 28 удаагийн аварга, ОУХМ Д.Энхээгийн аав, ээж хоёр.

Цаначин бүсгүй маань Увс аймгийн Малчин суманд төрж, өсчээ. Аав, ээж хоёр нь Увс аймгийн уугуул. Түүний аав Б.Даваа гуай Увс аймгийн Наранбулаг сумынх. Ээж Ч.Бадам нь Малчин сумынх уугуул. Тэрээр есөн хүүхэдтэй айлын зургаа дахь охин. Дороо гурван дүүтэй, аав ээждээ тус дэмтэй, ажилд гаргуун охин байж. Өнөр гэр бүлээсээ харин тэр ганцаараа спортын салбартай ажил, амьдралаа холбосон байна. Ах, дүүс нь бүгд спорт сонирхдог, спортын олон төрлөөр хичээллэдэг ч  бүгд өөр салбарт мэргэшсэн гэж байв.  Энэ тухай тэрээр “Манайх сэхээтэн гэр бүл байлаа. Аав минь насаараа дунд сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч хийж явсан, багш хүн. Ээж минь худалдагч. Би дээрээ дөрвөн ах, нэг эгчтэй. Манайхан бүгд их, дээд сургууль төгсөж, ажил мэргэжилтэй болцгоосон. Бүгд л өөр өөрийнхөө хүсэл сонирхлын дагуу мэргэжил эзэмшиж, замын инженер, худалдан авах мэргэжилтэн, санхүү эдийн засгийн мэргэжилтэн гээд салбар бүрт ажиллаж байна. Ах, дүүс маань хүүхэд байхдаа бүгд спорт сонирхдог, спортоор хичээллэдэг байлаа. Харин тэр дундаас би ганцаараа спортын хүн болсон. Намайг аав, ээж минь их дэмждэг байлаа. Дөрвөн ахтай өссөн учраас ах нартайгаа их тэрсхэн өссөн. Хатуу хөтүү ажилд дуртай, эршүүд, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. “Хэн спортоор хичээллэх вэ”, “Хэн урлаг уран сайхны тэмцээнд хэн орох вэ” гэхээр “Би”  гэсэн л хүүхэд явлаа. Яг л энэ “Би чадна” гээд явж байх үедээ холын гүйлт, өндөрийн харайлтаар  хичээллэж байгаад тавдугаар ангиасаа цанын спортоор идэвхтэй хичээллэж эхэлсэн” гэв.

Хүн амьдралаас, хүмүүсээс, орчноосоо суралцдаг гэдэг шиг дээлийнхээ хормойг дэрдийтэл цанаар гулгаж өссөн түүний хүүхэд нас, цанатай холбогдсон түүх бас их сонирхолтой юм. Түүнийг дунд ангид байх үед сумын сургууль нь спорт заалгүй байв. Биеийн тамирын хичээл ихэвчлэн гадаа орно. Зун нь гүйлт, харайлтын тэмцээн, өвөл нь цанын хичээл орно. Тэр үед хүүхдүүд бүгд л цанаар хичээллэдэг байв хэмээн нэгэн хөгжилтэй яриа дэлгэв. “Би өөрийн гэсэн цанагүй, тэгсэн хэрнээ цанаар гулгах дуртай хүүхэд байлаа. Манайхаас аав цанатай, тэшүүртэй. Ах нар спортоор хичээллэнэ. Аав амралтын өдрүүдэд өглөө эрт босож, гэр орны бүх ажлаа хийчихээд, үдээс хойш цанаар гулгадаг байсан. Цанаа өөрөө л хэрэглэнэ. Би түүнийг нь хааяа хулгайгаар авч гараад зэмлүүлнэ.  Тэгэхэд ах нар маань нэг болзол тавьсан. “Чи бид хэдийн хувцасыг сайн угаагаад, гэрийн ажилд туслах юм бол бид хэд чамд цана авч өгье” гэсэн. Би ч хичээсэн, ах нар ч хэлсэндээ хүрч, миний дээд талын Баясаа ах цагаан сараар айл хэсч цуглуулсан 12 төгрөгөөр хамгийн анх “Ну погоди”-ын зурагтай цана авч өгч байлаа. Тэгээд тэр цанаараа дээлийнхээ хормойг дэрдийж хөлдтөл гулгадаг байлаа. Би 1975 онд анх сургуулийнхаа аварга болсноос хойш одоог хүртэл цанын спортоор 40 жил хичээллэж явна” гэв.

...“Увс аймаг, гол нуурын жавар ихтэй их хүйтэн гэж сонссон. Та тийм л хүйтэнд гулгаж тоглодог байж дээ” гэвэл “Цаначин болсон минь төрж, өссөн нутаг устай минь бас холбоотой. Увс аймгийн Малчин сум Увс нуур, Хяргас нуур гээд хоёр том нуурынхаа дунд байдаг. Уулаар хүрээлэгдсэн, эрт сэрүү ордог газар байдаг. Гол нуурынхаа мананд уул тал, модод нь цасанд хучигдахдаа уран нарийн хээтэй, үзэсгэлэнтэй сайхан тогтоцтой харагддаг. Цас нь хүртэл бүдүүн ширхэгтэй, тийм л газар төрж өссөн. Хүүхэд байхад хүйтэн агаарт уралдаж гүйгээд, буруу амьсгалснаас болж хоолой үе үе өвддөг байлаа. Гэсэн ч хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд, уралдахсан, уралдаан тэмцээнд орохсон гэж бодно уу гэхээс цанын спортыг орхих тухай бодол төрдөггүй байлаа. Аймаг, бүсийн тэмцээнд оролцож, газар үзэхсэн. Улаангом, Улаанбаатар хот орж үзэхсэн гээд л боддог байлаа. Хүүхэд насны минь мөрөөдөл, өсөж төрсөн орчин, энэ бүх зүйл намайг өнөөдөр цаначин болоход нөлөөлсөн” хэмээн ярих нь түүний өнө холын мөрөөдөл энэ олон амжилтын шанг татах эхлэл болсон гэлтэй.

 

“Наймдугаар ангидаа тэр “Спортын мастер” цол хүртжээ

 

Цаначин охин эхнийхээ уралдаанд зургадугаар ангид байхдаа оролцож байв. Улсын тэмцээнд хамгийн анх оролцохдоо хувийн бэлтгэл, техник тааруухан оролцож байлаа. Харин дараа жил нь долдугаар ангидаа мэдсэн, сурсан, үзсэн харсан бүхнээсээ суралцаж, Улаанбаатар хотод анх удаа, улсын тэмцээнд ирж оролцож байлаа. Хүүхэд байхаасаа тэр өөрийгөө ирлэж, дайчилж хурцалж өссөн нь түүний ярианаас харагдах. “Би тэр үед өндөр туранхай хүүхэд байлаа. Насанд хүрэгчдийн улсын уралдаан 16-17 , 17-18 насны ангилалаар уралдаж байв. Үеийнхээ хүүхдүүдийг дотроо жаахан голж, насаа нэмж, 17-18 насны ангилал өөрийгөө сориод үзье гэж бодсон. Тэгээд 1979 онд анх удаа улсад түрүүлж байлаа. Анхныхаа тэмцээнд түрүүлэхэд ээж минь хичээл, сургуульдаа сайн шамдвал цана авч өгнө гээд жижиг цанаа сольж, ээж минь пластмасан цана авч өгч байлаа.

Насанд хүрэгчдийн улсын уралдаанд оролцох гээд Улаанбаатар хот орж ирэхэд тухайн үеийн спортын салбарын мундагчууд, багш нарын маань хувцас хэрэглэл бүгд сүрдмээр харагдаж байлаа. Цаначин хүнд өөрт таарсан хувцас хэрэглэл, ялангуяа чанартай цана их чухал. Цанынхаа уртыг өндөр  намдаа тааруулна. Хурд хөнгөнийг нь жиндээ тааруулна. Модон цана, пластмасан цана хоёр асар их ялгаатай. Модон цанан дээр сурсан хүн пластмасан цананы хурдыг гүйцдэггүй, техник муутай хүнийг их голдог гэх мэт нарийн зүйлс их бий” гэв.

Спортын салбарт эмэгтэй хүн хүч үзэж, тив дэлхийн тамирчидтай өрсөлдөж, өөрийгөө сорино гэдэг тийм амар сонсогддоггүй. Тэр тусмаа цанын спорт гээд бодохоор тэсгим өвлийн хүйтэнд хацар нүүр хайрагдаж хөлдөхөөс эхлээд, 5-10 км-ийн хол зайд цасан дунд сэлсээр ирнэ гэдэг бол эрэмгий зоригтой  хүний л хийж чадах ажил. Ийм л хүнд хэцүү салбарт тэрээр хүүхэд байхаасаа дурлаж, өөрөө өөрийгөө дайчилсаар иржээ. Д.Энхээ наймдугаар ангийн шавилхан охин байхдаа улсын чанартай хоёр том тэмцээнд  түрүүлээд, “Спортын мастер” цол хүртэж байв. Хөдөө суманд наймдугаар ангийн хүүхэд сарын 50 төгрөгний цалинтай “Спортын мастер” цолтой байна гэдэг өөрийгөө дайчилсан түүний хамгийн том шагнал байв. Хамгийн сонирхолтой нь, түүний амжилт бүрийн цаана дахиад л нэг бэлэг, шинэ цана хүлээж байдаг байлаа. Энэ тухай дурсахдаа тэрээр ““Би долдугаар ангидаа хоёр медаль аваад хүрээд ирэхэд аавын минь ангийн хүүхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх аварга Монголд орж ирээд удаагүй пластмасан цана өгч  байсан. Аварга Увс аймгийн Хяргас сумын хүн. Дээрээс нь манай аавтай найзууд байлаа. Тэгээд “Цаначин охинтой болсон гэсэн. Охиндоо өгөөрэй” гээд гялгар ултай, пластмасан цана өгч явуулсан байв.  Би тэр цанаар нь олон ч тэмцээн уралдаанд оролцож байсан” гэв.  

 

“Тамирчин хүн хүнтэй бус цагтай уралддаг”

 Тамирчин хүний  арга тактик бүр нарийн. Аль ч спортын төрөл цаг минут секунттэй өрсөлдөж, өөрийгөө сорьдог. Тиймээс тэмцээн уралдаан бүрээс сурсан зүйл, даамын нүүдэл шиг аз сорьсон, мөчүүдийг нь асууж сонирхлоо. Мэдээж, олимп, дэлхийн дэвжээнд  нэр алдраа дуурсгасан хүнд залуу тамирчдад хэлэх зүйл нь хэдэн боть болох нь дамжиггүй. Тиймээс хамгийн товчхон, оновчтой зүйлсийн талаар тэр ингэж хэлэв. “Хүүхэд байхад тэмцээн уралдаанд оролцохдоо нарийн арга текникээ сайн эзэмшээгүй, өмнөх хүнээ гүйцээд, уралдах тухай л боддог байлаа. Багш минь хүртэл сайн ойлгуулах гэж” Урдах гурван хүнээ 30-30 секунтын зайтай “ид”-ээд бай.Тэгвэл чи юм дуулгана шүү” гээд л захьдаг байлаа. Тэгээд л анх удаа насанд хүрэгчдийн улсын уралдаанд оролцож, олон мундаг хүмүүстэй уралдаж, анхныхаа хүрэл медалыг авч байсан. Увсын хүүхэд ирж гэнэ ээ, мастерын болзол хангаж байгаа юм байна” гэж яриад,  хүмүүс ирж баяр хүргээд байлаа. Тэр үед тамирчин хүн гэдэг  цаг минуттай уралддаг, хэмжигдэхүүний спорт гэдгийг нарийн сайн мэддэггүй байлаа. “Цаначин хүн газартайгаа ярина” гэхээр санаанд буудаггүй байв. Харин одоо бол цаначин хүн газартайгаа ярьж, мэдэрч, цаг минут, секунттэй уралдаж байж, амжилтанд хүрдэг гэдгийг хамгийн сайн ойлгосон доо. Залуу тамирчиддаа мөн хэлдэг. Тамирчин хүн хамгийн эхэнд техникээ зөв сайн эзэмших хэрэгтэй. Их спортын алдаа, оноо амьдралд болон эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ёсгүй. Тийм учраас хамгийн түрүүнд техникээ зөв эзэмш. Тэгж чадвал бэртэж гэмтэхгүй. Хоёрдугаарт,  байгальтайгаа, газартайгаа харьц. Орчноо болон цаг хугацаагаа мэдэр. Арга ухаантай, мэдрэмжтэй зөв уралд гээд л олон зүйлийг захиж зөвлөдөг дөө” гэв.  Бидний яриа цааш олон сонирхолтой сэдвээр үргэлжлэв. Санаа сэдэл авч суралцмаар зүйл ихийг ярих ажээ. 

 

Хос замтай бүсгүй

 

Хүний амьдралын утга учир гэдэг сонин. Үүнийгээ бид хувь тавилан, бурхны зурсан зураг төөрөг гэдэг. Тэгвэл алганы хээ шиг зурайх энэ олон салаа замын альхан талаар нь явахыг зарим хүн өөрөө зүглэж чиглүүлж явдаг. Тэдний нэг нь ОУХМ Д.Энхээ. Ингэж хэлэхийн учир нь, тэрээр Улаанбаатар хотод анх ирээд “Октябрийн Энхээ” хэмээн хэсэг дуудуулсан. Түүнээс хойш “Замчин”-ы гэдэг овогтой болсон. Одоо түүнийг спортын салбарынхан “Төмөр замын Энхээ” гэдэг. Тиймээс түүний УБТЗ, “Замчин” спорт хороотой хэрхэн холбогдсон түүхийг сонирхов.

-“Намайг 10 дугаар ангид байхад Багшийн их сургуулийн Биеийн тамирын дээд сургуульд суралцах урилга ирж байсан. Тэгээд төгсөөд Улаанбаатар хотод ирэхэд УБТЗ-ын улсын шигшээ багт тамирчин авна гэж байсан. Надад суралцахаас илүү уралдах, улсын шигшээ багт орох нь илүү санагдаж байсан учраас улсын шигшээгийн тамирчин болж, УБТЗ гэдэг их айлтай холбогдсон түүхтэй. Мөн тухайн үед дөнгөж хөдөөнөөс ирсэн жаахан хүүхэд хэдэн спорт хороо, нийгэмлэгүүдийг л мэдэхээс биш УБТЗ гэсэн том байгууллагын талаар сайн мэдэхгүй л гүйж явлаа. Гэтэл тэр үед Увсын Зүүн говийн тамирчин, гавьяат багш Пүүжээ багш яриад “Намайг Октябрийн ройнд цанын багшаар ир гэж байна. Миний хүү Октябрийн ройнд ирээч. Чи улсын шигшээдээ ор. Тэмцээн уралдаанд орохдоо “Замчин” спорт хороо, төмөр замаар овоглоод уралд” гэж хэлсэн. Тэгээд байж байтал, УБТЗ-ын Р.Раш дарга дуудлаа гэсэн. Ирээд уулзвал “Төмөр замын техникумд сонирхсон ангидаа суралцахыг урьж, Октябрийн районд ирээд, төмөр замаар овоглоод уралдахыг санал болгосон”. Би тэгээд Барилгын техникумын ангид орж суралцсан. Тухайн үед энэ мэргэжилдээ төдийлөн дуртай биш байлаа. Тэмцээн уралдаан гээд чамгүй их чөлөө авна. Тэгээд дүн тааруухан гараад эхлэхээр өөрийн эрхгүй  хичээхээс өөр аргагүй болсон. Түүнээс хичээл орж байхад миний хамаг бодол цонхны цаана, цасан дээр л явж байдаг байлаа. Тэгээд 1988   онд техникумаа төгсөх ёстой байсан ч олимпод явах болсон учраас жилийн чөлөө аваад дараа жил нь төгссөн. Мөн гуравдугаар курсээсээ Багшийн их сургуулийн Биеийн тамирын дасгалжуулагчийн ангид давхар суралцсан. Энэ л сурсан мэдсэн бүхнээрээ спортын салбартай холбогдож,  1984 оноос хойш УБТЗ гэдэг айлтай холбогдож, “Төмөр замын Энхээ” гэж дуудуулж явна даа” гэв.

 

Цагаан олимпод  туг залсан анхны эмэгтэй тамирчин

 

Тамирчин хүний мөрөөдөл даамын нүүдэл шиг урагшилж  явдаг. Тэр утгаараа тив, дэлхийн дэвжээнд өөрийгөө сорих, олимпод оролцох нь  тамирчин хүн бүрийн мөрөөдөл байдаг билээ. Харин 24 настайдаа өвлийн олимпод Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан энэ бүсгүй хүүхэд насныхаа холын мөрөөдлийг өвөртлөн 1988 онд Канадын Калгари хотноо болсон өвлийн олимпын XV наадамд төрийн далбаагаа барин жагсаж,  олимпийн  наадамд төрийн далбаагаа залсан анхны монгол эмэгтэй тамирчин болсон байдаг. Ингээд бидний яриа цагаан олимпиор үргэлжлэв. Анхны олимпоо дурсахдаа тэрээр “Би 1988 онд Төмөр замын техникумд суралцаж байхдаа 24 настай, анхны олимпод орж байлаа. 1964 оны өвлийн олимпод Монголоос хоёр эмэгтэй оролцож, манай улс өвлийн олимпын наадамд мөрөө гаргасан түүхтэй. Харин 24 жилийн дараа энэ хүмүүсийг залгамжлаад, би 1988 онд Канадын Калгари хотноо болсон өвлийн олимпын XV наадамд амжилттай оролцоод ирсэн. Түүнээс хойш олимпийн буухайг таслаагүй. Монгол гэдэг нэрийг олон улс, тив, дэлхийд гаргаад явна гэдэг хамгийн сайхан. Намайг анхныхаа олимпид явах гээд Улаанбаатар зочид буудалд байрлаж байхад манай Төмөр замын сургуулийн захирал, багш нар, хамт олон бүгдээрээ ирж гаргаж өгч байлаа. УБТЗ, “Замчин” хорооныхон хүний төлөө гэсэн сэтгэлтэй, үнэхээр сайхан хамт олон байдаг. Хаа ч хүрэх энэ хоёр зам, төмөр зам, цасан далайд мөрөө татуулсан цанын зам миний амьдралын замыг их сайхан зурж өгсөнд би маш их талархаж явдаг даа” гэв. 

Анхны олимпод оролцсон сэтгэгдэл одоо ч танд зураг адил тод үлдсэн байх гэхэд нэгэн хөгжилтэй зүйл ярив. “Намайг 1988 онд анхны олимпод оролцож байх үед зургийн аппраттай хүн байгаагүй. Ганц зураг авч байсан хүн нь дээр суучихсан байсан. Тэгээд Монгол Улс орж ирлээ гэхэд ганц зураг нь дарсан нь төрийн далбаа хийсээд, нүүр халхлагдчихсан,  манайхны хэлдэгээр “Обомадсан” ганц зураг надад түүх болон үлдсэн байдаг гэв. Мөн өвлийн олимпын XV наадамд эмэгтэй тамирчнаар туг бариуллаа гээд багш маань хурлаар орж, хатуухан шүүмжлэл хүртэж байлаа. Тамирчны амжилт ололт гээд бүх талаасаа Д.Энхээгээс өөр барих хүн байгаагүй гэж хэлээд гарч байсан гэдэг. Тэр үед цанын спортод яг л ид ир орсон үе явлаа...”

 

“Замчин” спорт хорооны 60 жилийн ой тохиож байна

 

ОУХМ Д.Энхээтэй уулзах гээд очихдоо бид “Замчин” урлаг, спортын хорооны үйл ажиллагаатай цухас танилцсан юм. Спортын салбарт олон мундаг тамирчдыг хурцалж, ирлэж өгсөн “Замчин” спорт хорооны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа аж. Цар тахал дэгдсэн энэ цагт хүнд хүчир ажилтай УБТЗ гэдэг их айлын 16 мянган ажилчдын  бие бялдар болоод сэтгэлзүй эрүүл өөдрөг байхад нь анхаарч, ажил үүргээ гүйцэтгэсээр, цахимаар үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгааг СУСТ-ийн дарга Л.Биндэръяа онцолж байв. Цахим хуудас нь ч шилдэгүүдийнхээ амжилт бүтээлээр дүүрэн байна. Энд тус хороог дурдахын учир нь, Монголын биеийн тамир, спортын амжилтын арвин түүхийн нэгэн салаа мөчир нь яахын аргагүй УБТЗ-ын “Замчин” спорт хороотой  холбоотой юм. “Замчин” спорт хороо нь ямарч цаг үед төмөр замчдаараа овоглож, улс нийслэлийн болоод олон улс, тив дэлхийн хэмжээний нэр цуутай тамирчдыг төрүүлэн гаргасан байдаг. Нийтлэлийн минь зочин ч бас үүнийг яриандаа онцолсон. Тэрээр “УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласан анхны монгол дарга Р.Раш дарга  “Замчин” спорт хорооны үйл ажиллагаа, тамирчид болоод 16 мянган ажилтныхаа төлөө асар их зүйлийг хийсээр ирсэн. Спортын салбарт “Замчин” спорт хороогоор овоглосон олон тамирчдыг бэлтгэж, спортын олон төрлүүдийг хөгжүүлж ирсэн. Тухайлбал, анхны чөлөөт бөх, 100 буудалт даам, анхны усан замын аялал, анхны мото спорт бүгд төмөр замаас эхтэй. Яагаад гэвэл, орос мэргэжилтнүүд их ирдэг байлаа. Төмөр замын дарга, ҮЭ-ийн холбоо спортод их анхаардаг байлаа. Зөвхөн уралдаан тэмцээн гэлтгүй, ажилчид, тамирчдын төлөө, соён гэгээрүүлэх, эрүүлжүүлэн чийрэгжүүлэх ажилд төсөв хөрөнгө зарж, сайн анхаарч ирсэн. Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа төмөр замын зангилааны ажилчид оролцох боломжтой байдлаар олон сайхан тэмцээн уралдаан, тогтсон ажлуудыг зохион байгуулж ирсэн. Үүнийгээ дагаад спортын төрлүүд их хөгжсөн. УБТЗ-аар овоглосон 18 спортын төрөл байдаг. Одоо ч гэсэн, цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд манайхны хүн бүр ажлын байрны дасгал хөдөлгөөнөө тогтсон цагт босч хийгээд хэвшсэн. Миний бие энэ ажлыг төмөр замын зангилаа бүрт, бичлэгээр дамжуулж, биечлэн очиж зааж байлаа. Одоо энэ ажлаа Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Энхжаргалдаа хүлээлгэн өгсөн. Би өнгөрсөн аравдугаар сараас чөлөөт уран бүтээлч болсон” гэв.

 

Гэр бүлээрээ тэд цагаан замын эзэд

 

Тамирчин хүний гэр бүл гэдэг хамгийн найдвартай ар тал болж байдаг. Өмнөө тавьсан зорилго, үүргээ биелүүлэхэд хань ижил, үр хүүхэд ажил мэргэжлийг нь маш сайн ойлгодог байх ёстой. Тийм л учраас гэр бүл гэдэг үгийн цаана хүний амьдралын том философи оршиж байдаг байх.

Монгол Улсын цанын спортын 28 удаагийн аварга, ОУХМ Д.Энхээгийн нөхөр нь бас цаначин ажээ. Тэрээр гэр бүлээ танилцуулав. “Би  1990 онд Азийн наадамд оролцож ирээд, гэр бүлтэй болсон. Миний хань ижил мөн цанын спорттой ажил, амьдралаа холбосон  Г.Гансүх гэж хүн бий. Нөхөр маань УБ хотод төрж, өссөн, спортын мастер цолтой. Дороо таван дүүтэй. Дүү нар нь бүгдээрээ Монголын цанын спортод амжилт гаргасан, ОУХМ, нэртэй цаначид бий. Манайх хүү, охин хоёртой. Том хүү маань тусдаа гарсан, хоёр ачтай. Нөхөр бид хоёр хоёулаа цанаар хичээллэдэг болохоор хүүхдүүд маань цэвэр агаарт, цасан дээр л өссөн дөө. Би тэмцээн уралдаан гээд бэлтгэлд их гарна. Хүү, охин хоёроо нөхөр маань л гардаж өсгөсөн. Тэмцээнээс, бэлтгэлээс яваад ирэхэд, хэлд орчихсон, хөлд орчихсон л явж байна. Аавтайгаа байсаар байгаад намайг ээж ээ гэхээс илүү аав аа гэж андуурч дуудаад инээлддэг байлаа. Спортын салбарт өдий зэрэгтэй яваа минь сайн хань ижилтэй таарсных гээд баярлаж, талархаж явдаг даа гэв. Хүүхдүүд маань спортын бүх төрлийг сонирхдог ч гэсэн спортын салбарт мэргэшээгүй. Том хүү график дизайн, охин интерер дизайны мэргэжилтэй. Манай хоёр  хүүхэд байхаасаа цанаар гулгадаг байсан. Одоо бид амралтын өдрүүдэд  агаарт гарч уулын цанаар гулгадаг” гэв. Ингээд бидний яриа цааш олон сэдвээр үргэлжилсэн ч  уншигч танаа өргөх нийтлэлийг энэ хүргээд өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.14 ДАВАА № 238 (6463)

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

8 цаг 2 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

8 цаг 8 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

16 цаг 1 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

16 цаг 6 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

16 цаг 6 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

16 цаг 6 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

16 цаг 6 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Өчигдөр 19 цаг 58 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Өчигдөр 19 цаг 53 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Өчигдөр 14 цаг 09 мин