
Ч.ОЛДОХ
Бокс залуу насны, бас эр зоригийн спорт. Энэ спортод хайртай, түүнд сэтгэл зүтгэлээ зориулсан олон хүн бий. Тэд хүүхэд байхдаа ширэн бээлий өмсч рингэнд тулалдаж, ялалтын сайхан, ялагдахын сургамжийг амссан. Бас боксын спортдоо үнэнч үлдэж, зодог тайлсан мөчөөс дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллаж, өсвөр үе, залуусыг бэлтгэсээр ирсэн байдаг. Энэ удаа бид БНХАУ-ын Ганьсу мужид боксын дасгалжуулагчаар уригдан ажиллаж буй Даваасүрэнгийн Орхонтой цахимаар холбогдож “Амьдралын тойрог”-тоо урьсан юм.
Үе үеийн шилдэг боксчдын төрж гарсан нутгийг сонирхвол Сэлэнгэ, Дорнод аймгаас гаралтай байдаг юм билээ. Монголын боксын спортын хүн судар, Ардын багш Д.Банди агсан нэгэнтээ сайн тамирчин гарах нутаг гээд Сэлэнгэ аймаг руу бодлогоор очиж, тэмцээн зохион байгуулж байсан. Тэндээс Т.Үйтүмэнг анх олж харж хот руу авчирсан хэмээн дурсан ярьдаг байв. Нийтлэлийн баатар маань тэр нутгийнх. 1978 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, багаасаа боксын спортоор хичээллэсэн нэгэн. Аав нь төмөр замын машинист, ээж нь сувилагч байсан. Тэд хөвгүүдээ тулааны спортын зам сонгоход хориглож байсангүй. Бас учиргүй дэмжсэн нь үгүй. Яагаад гэвэл социализмын үед цаг наргүй ажилтай, хүүхдүүдэд гаргах цаг зав байхгүй ийм л үе байж.

Ер нь бол ах Д.Батхуяг нь боксоор хичээллэж, аймаг болон улсын чанартай тэмцээнүүдэд оролцдог байсан нь түүний сонирхлыг ихэд татаж, дагаад энэ спорт руу оржээ. Өөрөөр хэлбэл, ах нь дүүгээ “уруу татаж”, дүү нь ч хөглөгдөж тулааны спорт руу орж явчихсан хэрэг. Боксын анхан шатны мэдэгдэхүүн, хоёр шулуун цохилтоос эхлэн эхний суурийг ах нь түүнд тавьж өгчээ. Нэлээн хэдэн сар ах дүү хоёр гэрээрээ ийнхүү хичээллэжээ.
Үүнээс хойш боксын спортод улам шамдан суралцаж, Сэлэнгэ аймгийнхаа спорт нийгэмлэгт Баттулга багшийнхаа удирдлагад хичээллэх болжээ. Энэ бол 1990-ээд оны эхэн үе, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилт ид явагдаж, залгуулаад зах зээлийн нийгэм, картын бараанд шилжсэн амаргүй амьдрал дунд тэрээр боксын спортод хөл тавьсан ч өлсөх, ядрахыг мэдэхгүй үеийнхэнтэй бужигнаж явжээ. Тухайн үед Д.Орхон 14 настай, ер нь тэр үеийн хөвгүүд их төлөв арав гаруй насандаа боксын спорт руу орж байж. Гол гэвэл тэр өргөн Сэлэнгээс боксын спортод цутгасан нэгэн их цутгал, нэгэн их сэтгэл юм.
Түүний урам авч урагшаа тэмүүлсэн анхны тэмцээн нь 1993 онд Сэлэнгэ аймагт олон хотын хооронд зохион байгуулсан Сансрын нисэгчдийн нэрэмжит тэмцээн юм. Энэ тэмцээнд түрүүлсэн нь өөртөө итгэх итгэл урам өгч, дараа дараагийн тэмцээнүүдэд бэлтгэлээ сайжруулахаар зүтгэжээ. Ингээд 1994, 1995 онд аймагтаа зохион байгуулсан тэмцээнд дахин түрүүлэв. 1996 оноос аймгийн тэмцээн нь медальтай болж зохион байгуулагдахад мөнгөн медаль хүртэж байж. Хүүхэд байсан болохоор түүндээ улам урамшиж, мундаг боксчин болно, аварга болж амжилт гаргана гэсэн мөрөөдлөөр улам хичээх болсон байна. Тухайн үед Сэлэнгэ аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа хэдий ч тэр тэмцээнүүдэд Оросын зарим мужаас өсвөрийн тамирчид, хүүхдүүд их ирж оролцдог, иймээс ихээхэн өрсөлдөөнтэй болдог байсан гэлцдэг.
Тамирчин хүний спортын замналд хүч чадлаа сорьж оролцсон тэмцээн бүхэн дурсгалтай байдаг. Мэдээж тэр бүхэн алдаа оноо, баяр баясгалан, туршлага болж үлдсэн байж таарна. Ер нь бүх спортынхонд ийм. Д.Орхон багшийн хувьд оролцсон тэмцээн бүхнийг дурсах зүйлтэй, олон сайхан найз нөхөдтэй болгосон хэмээн ярьж байна. Энэ дотроос 1998 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан нь хамгийн том баяр байсан. Хэдийгээр мөнгөн медалийн төлөө өрсөлдөгчтэйгөө эн тэнцүү хүч үзсэн ч нэг оноогоор ялагдсан ч ялсан юм шиг байж билээ хэмээн дурссан. Түүний оролцсон 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, 1997 оны Унгарын Будапештийн тэмцээнээс алтан медаль хүртсэн Т.Үйтүмэн түрүүлж байсан болохоор энэ жинд тулалдаж хүрэл медаль хүртсэнээ тэрээр хамгийн дурсгалтай гэсэн юм. Үүний дараа мөн 60 кг-ын жиндээ ОХУ-д зохион байгуулсан тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн хамт явж оролцсоноо дурссан. 60 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд машины шагналтай гэсэн учраас олон сайн боксчин очиж оролцсон байдаг. Энэ тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн түрүүлж байсан түүхтэй.
Зөвхөн боксчид төдийгүй аль ч спортоор хичээллэж байгаа хүн өөрийн цаг зав, амьдралын эрч хүч, олон зүйлийг золиосолж байж амжилтад хүрдэг. Спорт хүнд аз жаргал, эрүүл мэнд, баяр баясгалан бэлэглэдэг ч эрсдэл бас бий. Тэр дотроо тулааны спорт хамгийн эрсдэлтэй. Энэ замд Д.Орхон багш энэ олон жил тэсвэр тэвчээрт илүүтэй суралцсан, бас нэг зүйлийг хэлэхэд хариуцлагатай байхад суралцсан байна лээ хэмээн даруухан өгүүлсэн. Мөн тэрээр “том амжилтад хүрэх зорилго тавьж хичээн зүтгэж байгаа тамирчид амьдралынхаа олон зүйлийг хойш тавьж шаргуу хичээллэх хэрэгтэй. Тэгж байж амжилтад хүрнэ” хэмээсэн нь шавь нартаа хандаж хэлсэн үг болов уу. Харин боксчин хүн юу анхаарах ёстой бол гэсэн асуултад минь тэрээр “уйгагүй хичээл зүтгэл, зориг тэвчээр, бэртэл гэмтлээс сэргийлж чаддаг байх” хэмээсэн.
Бокс хүнд хэцүү тулааны спорт. Боксчин хүн рингэнд тулалдахаар гарахдаа эр зориг, тэсвэр, тэвчээрээс гадна ухаан бодлоо уралдуулах ёстой болдог. Үүнийг Д.Орхон багш хэлэхдээ боксчин хүн оюун ухааны тал дээр яг шатар нүүж байгаа мэт толгойгоо ажиллуулах ёстой спорт хэмээн зүйрлэн хэлсэн.
“Амьдралын тойрог”-ийн зочин, манай нийтлэлийн баатар маань 2014 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, боксынхоо рингэн дээрээ зодог тайлжээ. Энэ тэмцээн дээр олон тамирчин зодог тайлсны нэг нь юм. Тухайн үед тэрээр 34 настай настай хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хүрэл медаль авч тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Тамирчны замд амьдралаа төвхнүүлэх амаргүй байсан тухай Д.Орхон багш дурсч байсан. Тэрээр 2000 онд эхнэртэйгээ танилцаж, 2003 онд гэр бүл болжээ. Хүү, охин хоёр нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Гэргий нь эмч, мэргэжлээрээ ажилладаг. Хүүхдүүд нь хичээлдээ шамдаж спортоор тэр бүр хичээллэдэггүй. Үүнийг тэрээр “Миний л буруу. Би өөрөө цаг зав багатай. Хүүхдүүдээ спорт руу хөтөлсөнгүй, өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээсэн.
Шавь бэлтгэж эхэлсэн тухайд тэрээр 2009 оноос Монгол Улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан, түүний дүү Н.Мөнхсайхан нарын үүсгэн байгуулсан УИД-ийн урдах “Барселона” клубт дасгалжуулагчаар ажиллах болсон. Энэ ажлыг түүнд Н.Мөнхсайхан тухайн үед санал болгосон байна. Тэр үед дандаа шинэ хүүхдүүд авч сургаснаараа “Барселона” клуб онцлогтой байв. Дасгалжуулагчийн ажлын гарааг эхлүүлсэн шинэхэн багшийн хувьд тэнд 4-5 жил уйгагүй ажилласны дараагаас шавь нараас нь өсвөрийн боксчдын “Олимпийн гараа” тэмцээн, улмаар залуучуудын болон насанд хүрэгчдийн тэмцээнүүдэд амжилт гаргаж эхэлжээ. Тухайлбал, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн тамирчин аварга болж, залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцож хүрэл медалийн төлөө тоглоод хожигдож байсан. Харин шавь Элбэг нь өсвөрийн боксчдын Азийн аваргын тэмцээнээс хүрэл медаль авчирч байв.

Үүний дараа тэрээр Зайсан дахь “Cardio MMA” клубт боксын дасгалжуулагч багшаар ажиллах болсон. Энэ үедээ холимог тулааны олон тамирчин, багш нартай хамтран ажиллаж, АНУ-д хоёр тамирчин очиж амжилттай оролцсон. Ер нь энэ клубээс цөөнгүй тамирчин холимог тулааны чиглэлээр амжилт гаргасан байдаг. Мөн тэрээр нэгэн үед боксын спортод хамт тулалдаж явсан мэргэжлийн боксын WBC-ийн дэлхийн аварга, Ази тивийн залуучуудын аварга Г.Баяртогтох найзынхаа Монголд зохион байгуулсан мэргэжлийн боксын тэмцээнд таван удаа дасгалжуулагчаар оролцож байсан юм.
Д.Орхон багш урд хөршид анх 2018 оны есдүгээр сард очиж ажилласан. Өдгөө тэрээр БНХАУ-ын Ганьсу мужид ажиллаад хоёр жил гаруй болж байна. Түүний хувьд боксын спортод хамгийн их хүндэлж, туршлагаас нь судалдаг хүн Ардын багш Д.Банди агсан. Мөн 60 кг-ын жинд хамт тулалдаж явсан, нутгийн ах Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн нар. Гэдсэнд ганган цохидог Үүеэ ахдаа тэмцээн дээр гэдсэндээ цохиулж явлаа. Цаг сайхан байгаад боломж нь бүрдсэн бол Үүеэ ах минь дэлхийн мөнгө бүү хэл олимийн алтан медальтай байх байсан тамирчин гэж боддог хэмээн тэрээр ярьж байна.

аварга Г.Баяртогтохын хамт.
Нэгэн үед мөр зэрэгцэн хамтдаа тулалдаж, тамирчны замд цус хөлсөө урсгаж нөхөрлөсөн боксчин найзуудтайгаа бүгдтэй нь одоо ч ойр байдаг. Тэр дотроос WBC -ийн дэлхийн аварга, Ази тивийн залуучуудын аварга Г.Баяртогтох найзтайгаа илүү ойр байдаг хэмээгээд Д.Орхон багш найздаа сонины хуудсаар дамжуулан мэнд хүргэж байгаага уламжилсан.
Өдгөө Д.Орхон багш хоёр жил гаруй хугацаанд өмнөд хөршид боксын мэргэжилтэн, дасгалжуулагч багшаар уригдан ажиллаж байна. Монголын багш, дасгалжуулагчдыг урьж ажиллуулах эхлэл 1990-ээд оны үеэс тавигдаж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Ардын багш Х.Алтанхуяг анх очиж байсан түүхтэй. Тэр үеэс боксын багш, дасгалжуулагчдын туршлага солилцох, мэргэжилтэн багшаар урьж ажиллуулсаар иржээ. Д.Орхон багшийн ажиллаж буй үе БНХАУ-д сovid-19 гарсан хүнд нөхцөл байдалд өрнөж байна. Гэхдээ энэ өвчин гараад бүтэн жил болоход БНХАУ сахилга хариуцлагыг бүх шатандаа улам сайжруулж, зарчимч байж, нэгдмэл хүчээр даван туулсан. Улсынх нь босоо тогтолцоо, зангидсан гар мэт нэг удирдлагатай байсан нь ч их нөлөөгөө үзүүлсэн болов уу. Энд хаашаа ч гарсан камержуулалт сайтай. Техникийн дэвшлийгсайн ашигладаг. Тэр бүхэн нь үр дүнгээ өгсөн байх. Тиймээс Хятад улс амжилттай давж гарлаа. Анх гарсан Уханьд тэр өвчнийг нам дарсан. Бусад газар ч маш сайн хамгаалж чадсан хэмээн тэрээр хэллээ.
Мөн “Миний ажиллаж байгаа газар хотхон дотор байрладаг, тамирчид бүгд эндээ амьдарч, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Дотроо бэлтгэлийн заал, хоолны газартай. Гадагш огт гараагүй. Хоол хүнс хүргэлтээр ирчихдэг. Тиймээс цар тахлын хүнд хэцүүг ажралгүй давсан. Бас цар тахлын халуун голомтоос миний ажиллаж байгаа шигшээ багийнхан хол байлаа. Монголд цар тахлын халдвар илэрч батлагдсан гэсэн мэдээг анх сонсоод санаа зовсон. Тиймээс монголчууддаа хаа хаанаа хариуцлагатай, эвтэй байж энэ өвчнийг хурдан давж гараарай. Маскаа сайн зүүж, гараа ариутгаж, явсан газар бүртээ халуунаа байнга хэмжүүлж, дархлаагаа дэмжиж яваарай. Элгээрээ энх, төрлөөрөө түмэн амгалан байхыг ерөөе. Мөн Монголд байгаа шавь нартаа бэлтгэлээ сайн базааж, эрүүл байгаарай. Багш нь удахгүй очиж хамтдаа бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаандаа оролцоно шүү гэж танай сониноор дамжуулан захия” гэв. Хаана ч явсан эх орноо, монголчуудынхаа төлөө гэх сэтгэл, санаа зовнисон байдал түүний ярианд дүүрэн байлаа. Нийтлэлийн баатартаа зорьсон хэргээ бүтээгээд эх орондоо саадгүй сайн явж ирэх сайхан ерөөлийг тавъя. Монголын бокс мандтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.7 ДАВАА № 233 (6458)