
Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, Үндсэн хуультай холбоотой сэдвүүдээр TV-9 телевиз шууднэвтрүүлэг зохион явуулдаг. Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан тус телевиз шууд хэлэлцүүлгээ онлайн хэлбэрээр үзэгчдэдээ хүргэж байна. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг” сэдвээр явуулсан ээлжит хэлэлцүүлэгт “Шинэтгэлийн гарц”судалгааны хүрээлэнгийн захирал, санхүүч, эдийн засагч Д.Амгалан, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс, Үндсэн хууль судлаач, эрхзүйч Н.Уламбаяр, Мэдээллийн технологийн чадамжийг дээшлүүлэх үндэсний төвийн захирал Ч.Чулуунцэцэг, Монголын худалдаачдын холбооны тэргүүн, эрхзүйч Т.Энхсайхан нар оролцлоо. Тэдний байр суурийг хүргэе.
-Ерөнхийлөгчийн зүгээс цар тахлын хүнд үед өрх бүрт 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авах ваучер олгох санал гаргасан. Мөн 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Энэ зөв үү, боломжгүй бол үндэслэл нь юу вэ?
Б.Отгонтөгс: Вакцинд мөнгө төсөвлөөгүйг гайхаж байна
-Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хориг тавих эрхтэй гэж заасан. Иймээс эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч буй нөхцөл байдлаас үүдэж хөрөнгө оруулалтын болон урсгал зардлаас онц шаардлагагүйг нь хасч танах хэрэгтэй. Тодорхой хэмжээний эрсдэлийн санг бий болго. Түүгээрээ хүн амдаа вакцин худалдаж авч өг гэсэн Ерөнхийлөгчийн санал болон төсөвт тавьсан хоригтой би санал нийлж байгаа. Covid-19 үргэлжлэхэгзэгтэй үе, хоёр болон гуравдугаар давалгаабий болсон байхад төсөв батлагч УИХ-ын гишүүд, Засгийн газар яагаад хүн амд нэн хэрэгтэй вакцины мөнгийг тавьсангүй вэ гэдгийг их гайхаж байна. Жишээ нь, вакцин дөрвөөс эхлээд 40, 50 ам.доллар хүртэл үнэтэй байгаа. Гурван сая хүнээ вакцинжуулахад нэг ам.долларыг 2880 төгрөгийн ханшаар бодож хамгийн хямд вакциныг авахад нийт хүн амаа хоёр удаа вакцинд хамруулах боломжтой. Бүх хүн амдаа дөрвөн ам.долларын вакцин авахад 34 тэрбум болно. 30 ам.долларынхыг авахад 56 орчим тэрбум төгрөг болно. Хамгийн үнэтэй 50 ам.долларынхыг авлаа гэхэд 427 тэрбум болно. Тэгэхээр Ерөнхийлөгчийн төсөвт тавьж буй хоригийн гол үндэслэл нь хэрэгцээгүй байгаа урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлыг танаад, тэр мөнгөөрөө вакцин авч ард түмнээ вакцинжуул гэсэн санал оруулсан. Үүнийг би бүрэн дэмжиж байна.
Ч.Чулуунцэцэг: Дундаж давхаргыг ядуусын эгнээ рүү оруулж болохгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Ер нь бол Ерөнхийлөгч жил бүр төсөвт хориг тавдаг. УИХ, Засгийн газар хүлээж авалгүй баталдаг.
Жил болгоны төсөв алдагдалтай гардаг. Энэ жил онцгой үе, дэлхийн нийтийг хамарсан цар тахлын халдварыг манай улс дотооддоо алдчихлаа. Бүрэн хянаж чадахгүй байна.
Саяхан Чингэлтэй дүүргийг тусгайлан авч тусгаарлаж байгаад хөл хориог хэрэгжүүлэн тэг зогсолт хийж туршиж байсан. Үүний үр дүн хаана байна вэ. Ямар ч үр дүн гарсангүй. Дээр нь өмнөх жилийнхтэй адил Ерөнхийлөгч дахиад төсөвт хориг тавилаа. Ингэхдээ дөрвөн зүйлийг тодотго гэсэн. Үүнээс үйлдвэр, аж ахуй нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өдрийн орлогоороо амьдардаг иргэдэд зориулсан тусгай бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэсэнтэй би санал нэг байгаа.
Монгол Улс З.296. 866 хүн амтай. Үүнээс хүүхэд болон 55-аас дээш насныхан, төрийн бүх хэлбэрийн албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гадаадад байнга оршин суудаг иргэд, гадаадад хөдөлмөр эрхэлж буй хүмүүс, насанд хүрсэн ял эдэлж буй иргэд, гадаадад ял эдэлж байгаа хүмүүс, малчид, орон гэргүй тэнэмэл хүмүүс, мансуурагч болон архины хамааралтай хүмүүс, гурван саяас дээш орлоготой буюу дансандаа хадгаламжтай хүмүүсийг хасахад 600 мянган хүн үлдэж байна. Энэ ямар хүмүүс вэ гэвэл өөрөө өөртөө ажлын байр бий болгосон, амьдралаа аваад явдаг хөдөлмөрийн идэвхтэй нөөц юм. Энэ дундаж давхаргынхныг цар тахлын хөл хорио, элдэв хязгаарлалтаас болж орлого олох боломж, өдрийн орлогыг нь хаачихаар доошоо гулгаад нэн ядуучуудын эгнээд орохоор байна. Ингэвэл Монгол Улс бүхэлдээ нэн ядуу улс болно. Тэгэхээр Ерөнхийлөгч энэ асуудалд гол анхаарлаа хандуулжээ гэж харж байна. Монгол Улсын Засгийн газар хоёр гуравхан жилийн өмнө ямаанд 178 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Гэтэл цар тахал дэлхий нийтээр түгшээж, олон улс вакцин гаргахад анхаарч, түүнийг авахад төсөв мөнгө гаргаж байхад манай улс яагаад нэг ч төгрөг төсөвлөсөнгүй вэ. Дээр нь 23 тэрбум төгрөгөөр соёлын төв, музейг шинээр барихаар төсөвлөсөн. Үүнээс гадна засварлах, тохижуулах гээд тусдаа зардлууд ч гарсан байна лээ. Монгол Улсад яагаад тэвчиж болох зардал, тэвчиж болохгүй зардал гэдгийг ялгаж салгаад ойлгочих чадвартай Сангийн сайд байж болдоггүй юм бэ. Тийм хүн яагаад олдохгүй байгаа юм бол. Засгийн газар ийм онцгой нөхцөлд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авч төсвөө яаралтай тодотгож, дундаж давхаргынхныг дэмжих тусгайлсан төрийн бодлого гаргах шаардлагатай.
-Монгол Улс 823 мянга орчим өрхтэй. Ерөнхийлөгчийн саналаар өрх бүрт нэг сая төгрөг олговол 823 тэрбум төгрөг болно. Нэг сая төгрөгийн 200 мянга нь бэлнээр, 800 мянга нь ваучер хэлбэрээр хэрэгжинэ гэж үзэж байгаа. Энэ мөнгийг олгоход төсөвт хэр ачаалал үүсэх вэ, мөнгөний ханш унах гэх мэт сөрөг байдал үүсэх үү?
Д.Амгалан: Шийдэл бус улс төрийн сонирхол давамгайлжээ
-Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжиж байгаа. Нэгдүгээрт, УИХ-д өргөн баригдсан 2021 оны төсөв маш олон алдаатай. Эдийн засгаа эрэмбэлэж чадаагүй. Хоёрдугаарт, цар тахлын нөхцөл байдлаа тооцоолоогүй. Гуравдугаарт, төсвийг иргэд рүү биш барилга байшин, хөшөө дурсгал руу чиглүүлсэн. Шийдэл гэхээс илүү улс төрийн сонирхлоо хангахад чиглэсэн. Багцлаад хэлбэл, ийм төсөв болжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавих нь зүйн хэрэг. Ерөнхийлөгчийн саналын тухайд өрх бүрт нэг сая төгрөг өгнө гэдэг нь хэрэглээгээр нь дамжуулан эдийн засгаа дэмжиж байгаа хэлбэр. Өнөөдөр үнэхээр орлогогүй болсон иргэд, айл өрх олон байна. Сая нийт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 70 орчим хувь нь тэг зогсолт хийлээ. Монгол Улс ДНБ-ээр тооцвол өдөртөө 109.7 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ хэрэглэдэг. Хөл хорионы үед бараа, ажил үйлчилгээ нь хязгаарлагдмал явсан аж ахуй нэгжээс бусдыг тооцвол 86.7 тэрбум төгрөгийн алдагдлыг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүлээлээ. Энэ нь цаашаа үргэлжлээд явна. Тэгвэл өнөөдөр өдрийн орлогоороо амьдардаг 200 мянган өрх, ядуурлын түвшинд очоод байгаа 900 мянган өрх бий. Энэ нөхцөл байдлаа бодолцож төсвөө цаг үе рүүгээ чиглүүлэн тодотгож яагаад болохгүй гэж. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад улс төрийн агуулгаараа оноо алдчих гээд байгаа бол эрх баригч намынхан өөрсдөө яаралтай энэ сардаа багтаж төсвийн тодотголоо хийх шаардлагатай, нөхцөл байдал тулчихаад байна. Өнөөдөр аж ахуй нэгжүүд орлого алдсанаас болж хүндхэн нөхцөл байдал руу орлоо. Иймд судалгаа болоод нөхцөл байдлаа харах хэрэгтэй. Аж ахуй нэгжүүд ажлын байрны 70 орчимд тэг зогсолт хийж, борлуулалтын орлого нь 40 орчим хувиар буурсан. Цааш ийм байдлаар явбал аж ахуй нэгжийн 50 гаруй хувь нь эргэж хөл дээрээ босох чадамжгүй болчихлоо. Засгийн газар байшин барилга, музейд оруулж буй 1.4 их наяд төгрөгийн төсвөө танах боломжтой. Дээр нь дэд сайд, яам агентлагийн газар, хэлтсийн орлогч дарга нарыг цөөлж урсгал зардлыг хэмнэх зэргээр цаг үедээ тохирсон эдийн засгийн тохируулгыг хийх хэрэгтэй. 2019, 2020 оны төсвийг хуулбарлаж тавиад явах нь харамсалтай. УИХ ч, Засгийн газар ч энэ чиглэлээр ажиллах хэрэгтэй байна.
Н.Уламбаяр: Сангийн сайд эдийн засгаа аврах алхам хийсэнгүй
-Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрх бий. Үүнд УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчилсэн хориг тавих бүрэн эрхтэй. Гэтэл Сангийн сайд үүнийг хууль зөрчсөн хориг байсан гэх мэтээр мэдээлэл хэлж байх шиг байна лээ. Миний хувьд 2021 оны төсвийг хоёр зорилготойгоор хийх ёстой байсан гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, цар тахлын нөхцөлд эдийн засгийг яаж авч явах вэ, хоёрдугаарт цар тахлын дараа эдийн засаг маань ямаршуу байдалтай байх вэ гэдэг агуулгаар Монгол Улсын 2021 оны төсвийг авч үзэх ёстой.
Сангийн сайд бол Монгол Улсын сан хөмрөг, эдийн засгийг хариуцаж байгаа хүний хувьд магадгүй эдийн засаг сөхөрчихвөл өөр дээр нь ачаалал их ирнэ. Мөн ямар нэгэн буруу зөрүү асуудал гарвал хариуцлага үүрэх учраас ихээхэн ухамсартай хандах ёстой. Гэхдээ ингэж чадахгүй байна гэж би харж байгаа. Ерөнхийлөгчийн гол санаа нь улсын төсвийн 25 хүртэлх хувийг бууруулаач гэж байна уу гэж ойлгосон. Тэгэхээр 2021 оны төсөв өөрөө 13.9 их наяд төгрөг, орлого талыг харвал 11.8 их наяд, алдагдал нь 2.8 их наяд төгрөг байна. Үүнийг 25 хувиар бууруулбал хоёр их наядыг хэмнэх бололцоотой. Өөрөөр хэлбэл, 2.1 их наяд төгрөгийг бууруулж чадвал төсвийн алдагдлыг арилгаж, цаана нь 858 өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх 1.1 их наяд төгрөг гарна. Ерөнхий сайдыг ийм байдлаар төсөвт хандах байх гэж бодож байна. Эдийн засгаа хумилгүй, иргэдийнхээ амьдралыг доошлуулахгүй, нэн ядуучуудын эгнээг нэмэхгүй эдийн засгийгаварч чадах гарц харагдаж байгаа. Харамсалтай нь Сангийн сайд хараахан энэ өнцгөөс харж чадахгүй байх шиг байна. Алдагдалгүй төсөв батлах боломж бий. 858 мянган өрхөд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх боломжтой. Цар тахлын сул талыг давуу тал болгон ажиллаж чадах юм бол олон боломж байна.
Цар тахлын үед яаж ажиллах вэ гэдэгт саналаа хэлэхэд, 858 мянган өрхөд нэг сая төгрөг олгоё гэж үзэхэд 0.9 их наяд төгрөг болно. Өөрөөр хэлбэл, нэг их наяд төгрөг хүрэхгүй. Үүнийг хэмнэсэн 1.1 их наядаас шийдэх бүрэн боломжтой. Гэхдээ өрх бүрт хавтгайруулж өгөхгүйгээр төрийн болон захиргааны алба хашиж байгаа 25 мянган өрхийг хасч болох юм. Саяхан хэвлэлээр гарсан мэдээг харахад төрийн болон төрийн захиргаа, улс төрийн албан тушаалтнууд өөрслийн цалинг нэмэгдүүлсэн байсан. Эдгээр албан тушаалтан төрөөс дэмжлэг авахгүйгээр амьдралаа аваад явах боломжтой учраас төсөвт ачаалал болохгүй, халамжийг хавтгайруулахгүй шийдээд явах боломжтой. Ийм алхмыг бид хийх гээд байгаа юм биш дэлхийн олон улс орон ийм арга хэмжээ авч байна. Ингэж байж эдийнзасгаа аварч үлдэх, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх боломжийг бий болгож байна. Жишээ нь, Дани, Герман, Швед, Их Британи, Франц улс иргэддээ ийм маягаар дэмжлэг үзүүлж байна. ОХУ ажилчдынхаа хөдөлмөрийн хөлсний зардлыг төрөөс нөхөн төлж, цар тахлын улмаас орлого нь буурсан аж ахуй нэгжийн нэг ажилтанд зориулж, 12429 шилжих рубльтэй тэнцэх нөхөн төлбөр олгож байгаа. Их Британийн Засгийн газар хувиараа хөдөлмөр эрхлэгчид сар бүр 8.5 сая төгрөгтэй тэнцэх нөхөн төлбөр, Германд сар бүр 500 евро олгож байна. АНУ-д долоо хоног тутамд 560-1500 доллар буюу сард 6.3-17 сая төгрөгийг олгож байна, ингэхдээ гадаадын иргэдийг ч мөн адил хамруулж байгаа. Энэ мэтчилэн улс орнууд цар тахлын үед болон дараа нь эдимйн засгаа аварч үлдэх бодлого баримталж байхад манай улсын Засгийн газар үүний эсрэг арга хэмжээ авч байгааг ойлгохгүй байна. Тиймээс Ерөнхийлөгийн хоригийг зөв гэж үзэж дэмжиж байна.
Т.Энхсайхан: Задарсаныг засаглаж, ядарсныг тэтгэдэг төр чинь хаана байна вэ, У.Хүрэлсүх ээ?
-Засгийн газар 14 хоногийн хөл хориог дахин 10 хоногоор сунгалаа. Ингэхдээ 18 төрлийн үйл ажиллагааг нээлээ гэсэн нь худалдаачдыг хуурсан шийдвэр байлаа. Энэ дотор нь ерөөс ажлын байр бий болгодоггүй, зөвхөн өөрсдийнх нь бизнес байдаг салбарыг л голлон оруулсан. Голдуу үйл ажилагааны чиглэлийг бариад худалдаачдыг орхисон. Өнөөдөр Монгол Улсад 300 гаруй мянган хүн худалдаа эрхэлж байна. Эдгээр хүмүүсийг урьдчилсан бэлтгэл хангуулахгүйгээр шууд ажлыг нь зогсоон хорио цээрийн дэглэм тогтоосон. Үүний улмаас зарим нь амархан муудах хүнсний зүйлүүдээ цэгцэлж амжаагүй учир түрээсийн зардал, орлогын алдагдал дээр нэмж хохирол амслаа. Түрээслэсэн лангуугаа яах вэ гэдэг зохицуулалт хийж чадсангүй. Ингээд бөөн дарамт, олон асуудал үүслээ. Энэ 300 гаруй худалдаачин бол хүн амын доторх том масс, дээр нь улс орны эдийн засгийн 80 гаруй хувийг бүрдүүлж байдаг. Гэтэл урьдчилсан бэлтгэл хангуулалгүй шууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар маш том эрсдэл, хохирол дарамтад орууллаа. Дээр нь хөл хорионы дэглэмээ дахиад 10 хоног сунгачихаар бүр ч эрсдэл үүрэхээр боллоо. Худалдаа эрхлэгчдийн түрээсийг бүрэн шийдэж, зээлийн хүүг царцааж өгч чаддаггүй юм бол өрх бүрт нэг сая төгрөг олгох, бэлэн мөнгө тараах алхмыг одоо зайлшгүй хийх ёстой. Энэ бол төрийн хийх ёстой үүрэг нь. Сул зогсоочихоод юугаар амьдар, яаж гэр бүлээ тэжээ гээд байгаа юм бэ. Энэ бол эдийн засгийг шууд боомилж алж байна. Монголын эдийн засаг өнгөрсөн 30 жилд өчнөөн унаж босч байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн. Одоо энэ зах зээлийн амин сүнс болсон худалдаачдын үйл ажиллагааг сүйрүүлчихваэл эргээд сэргэж хөл дээрээ босоход маш хүндрэлтэй. Магадгүй дахиад 30 жил болно. Эрх баригчид ард иргэд рүүгээ чиглэсэн, массыг хамарч байгаа жижиглэнгийн худалдаа эрхлэгчид рүү хандсан дорвитой бодлого хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүрлээ. 14-хөн хоногт хөл хорио тогтооход улс орноо, ард иргэдээ сүйрлийн байдал руу оруулж ямар ч зохицуулалт хийж чадахгүй байгаа ийм үхээнц төр цаашид ард түмнээ ямар гээч ангал руу түлхэх бол. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Задарсныг засагладаг, ядарсанд нь тусладаг төртэй болгоё” гэж их ярьдаг. Ийм гоё үг хэлчихээд ядарсан ард түмэндээ одоо л туслах хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр ядарсанд тусладаг төрийн нэг ч субьект, дарга, удирдах албан тушаалтан алга. Ганц Ерөнхийлөгч л өрх бүрт нэг сая төгрөг олгоё гэж дуугарсан. Тэр саналыг нь эрх баригч намынхан дэмжилгүй унагаасан. Гэтэл 2021 оны төсвийг нь хар, ичиж үхмээр. Хэнтий аймагт хамгийн их төсөв буюу 310 тэрбум тавьсан байх юм. Улсын төсвөөр хөрөнгө оруулалт хийх обьект байгууламжууд нь нийтдээ нэг их наяд 300 тэрбум төгрөг, энэ дотроо “Чингис хааны музей” барихад 67.9 тэрбум төгрөг, Үндэсний урлагийн их театр барихад 152.5 тэрбум, цаашлаад 21 аймаг, есөн дүүрэгт Соёлын төвд 67.8 тэрбум , спорт цогцолборт 98.7 тэрбумыг төсөвлөжээ. Цар тахлын эрсдэлтэй ард түмэн бүгд хөл хорионд орчихоод байхад Соёлын төв, спорт цогцолбор бидэнд өнөөдөр хэрэгтэй юу. Өмнө нь концессоор бариад дуусгаагүй өчнөөн барилга, тухайлбал 10 спорт цогцолбор улсын хэмжээнд дуусаагүй байна. Соёлын төв гэхэд 30 байна, баригдаж дуусаагүй. Гэтэл дээрээс нь нэмээд өчнөөн Соёлын төв, спорт цогцолбор барина гэж том мөнгөнүүд төсөвлөөд байж байна. Энэ олон спорт цогцолбороор яах гээд байгаа юм бол. Төрийн эрх барьж байгаа энэ хүмүүс ард түмнээ бодохгүй байна. Төсөв ихээр зарцуулж, тэр дундаас өөрсдийн халаасыг зузаатгах ажлыг л сэдэж байна. Энэ олон барилга, түүнд шаардагдах тоосго, цемент, материалаар дамжуулан өндөр үнээр шахаа хийж, идэж уухаа бодож байна. Хулгай хийхээ л бодож байгаа болохоос ард түмнээ нэг ч бодохгүй байна. Энэ бүхнийг ярьж, бичихээр, улс орнуудын сайн туршлагыг жишээ болгоод дурдахаар сошиал дахь троллууд, Ардын намын хөлсний бичээч гэх сард гурван саяар цалинждаг 300 мянган хүн нь шаагилдаж орж ирээд эсэргүүцэж элдвээр хэлж доромжилдог. Өөрсдийгөө дандаа ядуу гуйлгачин гэж боддог сэтгэлгээнээс бид салах цаг болсон. Тэгж яривал манай улс баян орон, газар доорх баялаг, мал сүрэг, түүх соёл гээд арвин их зүйл байна. Харин дээр байгаа хулгайч нар ард түмний толгойг сандайлж суусан Ардын нам гэгч намаараа удирдуулсан “Утсан хүүхэлдэй” нар улс орныг уруудуулан мөхөөж байна.
Эх сурвалж: www.polit.mn