Халдвар авах эрсдэлтэй бүлэг нь ахмадууд гэж тэднийг дарамтлахаа зогсооё

2020-12-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Өнөөдөр хэдэн хүнээс халдвар илэрсэн бол, шинэ голомт нэмэгдсэн болов уу” гэсэн бодолтойгоор өглөөг угтаад хагас сар боллоо. Нэгэнт дотооддоо халдвар тархчихсан учир гадуур тайван явах боломжгүй. Халдвар авчих вий гэсэн айдсын сүүдэр хэдийнэ бидний сэтгэл зүйг бүрхчихсэн. Тийм нэг амар амгалан бус байдалтай өдөр хоногийг элээж сууна. Иргэд нь “Хөл хориогоо цуцал, бидний амьдрал хэцүүдлээ. Орлого тасарлаа” хэмээн шуугив. Төр, засаг нь зарим албан байгууллагад үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгөв. Ийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь залуу болон дунд үеийнхэн.

Харин ямар ч цаг үед төрдөө, эх орондоо үнэлэгдэггүй хэсэг бол ахмадууд. Энэ удаа ч төр тэднийг мартлаа.  Сэтгэлээ нээн ярилцаж, айдсаа мартах боломжийг олгох хамт олон, ажил алба тэдэнд үгүй. Үр хүүхдүүд нь тус  тусын ажлаа амжуулж, маргаашийнхаа идэх хоолны төлөө зүтгэнэ үү гэхээс тэдний сэтгэл санаа ямар байгаа бол хэмээн сураглах нь үгүй. Сургууль, цэцэрлэг амарсан учир ихэнх ахмадууд хүүхдийн асрагч хийгээд, дотроо харин битүүхэн шаналж суугаа даа. Жирийн үед маш эмзэг, ганцаардмал, аливаа зүйлийг хүндээр тусгаж авдаг, сөрөг бодлуудад дарагддаг сэтгэл зүйн онцлогтой ахмадууд цар тахлын үеэр хамгийн их шаналж байгаа. Эрх  ашгийг нь хамгаална гэж төрийн сэнтийд заларсан түшээд шаналлыг нь хуваалцах нь атугай улам бүр нэмэгдүүлсээр байгаа нь харамсалтай. Учир нь “Халдварт хамгийн их өртөх эрсдэлтэй хүн нь ахмадууд. Тэдний өвчин хүндрэх магадлал өндөр. Биеийн байдал хүндэвтэр байгаа хүмүүс ахмад настнууд байна” гэж Эрүүл мэндийн яам өдөр бүр шахам мэдээлж, тэдэн рүү дайрсаар л. Энэ мэдээг сонсож суугаа ахмад настны сэтгэл зүй ямар байгаа бол гэж бодох сөхөө үнэндээ тэдэнд алга. “Халдвараас сэргийлэхийн тулд дархлаагаа сайн дэмж. Сэтгэл зүйгээ тайван байлга” гэсэн зөвлөгөө өгдөг атлаа мэдээллүүдээрээ сэтгэл зүйг нь дарамталж, дархлааг нь улам унагаж байна. Тухайлбал,  ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл ням гаригийн 11:00 цагийн хурлын үеэр “Манай улсад тархалтын голомт нэмэгдэж байгаа нь бие биенийдээ их зочилдог, гэртээ зочин урьдагтай холбоотой. Хөдөө, хотоос ирээд хамгийн түрүүнд өндөр настай хүмүүстэйгээ уулзаж тэднийг  эрсдэлд оруулж байгаа тул өндөр настнуудтай алсын зайнаас харьцах, гэрт нь байлгах хэрэгтэй. Утас, цахимаар холбогдож, биеийг нь анхаарах нь чухал” хэмээн ярьсан.

Сэтгэл зүйн хэцүү байдал, ганцаардал, халдвараас айх айдсаа тэд үр хүүхэд, найз нөхөд, хамаатан садантайгаа ярилцаж байж л даван туулна. Гэтэл хамгийн хэцүү цаг үед ганцааранг нь байлга хэмээн зөвлөх нь бидний өмнөх нийтлэлүүдээрээ хөндөж байсан Монголын төр ахмадаа хаясны, тэдний зүрх сэтгэлийн гүн рүү нэг ч удаа өнгийгөөгүйн тод илрэл юм. “Би хүүхдүүдээ ирэхийг хүлээдэг. Гэтэл амьд үгүйг минь шалгах мэт хааяа нэг утсаар ярьчихаад сураг тасардаг” хэмээн өдөр өнжүүлэх төвд явдаг ахмад настан ярьж байсан. Яг ийм хүнд хэцүү үеэр эцэг эхчүүдтэйгээ ярилцаж, сэтгэл зүйг нь дэмж гэж зөвлөхийн оронд “Битгий оч. Утсаар ярь” гэдэг чинь эрсдэлээс хамгаалах нэрээр улам ихээр тэднийг зовоосон зөвлөмж байлаа.

Ямар ч үед залуу үе нь өмнөх үеэ ад үздэг нь манай улсад тогтсон хэвшил. Уг нь ахмадуудын  залуу насныхаа хөдөлмөр, хичээл зүтгэлээ шингээж бүтээсэн нийгэмд аж төрж амьдарч яваа. Хамгийн анх Франц иргэнээс халдвар илэрснийг зарлахад дотоодод анхны халдвар илрэхэд хүнсний зах, худалдааны төвүүдийн ачаалал эрс нэмэгдсэн. Нэг дор олон хүн цугларлаа, махны үнэ огцом өслөө хэмээн шуугисан. Тэнд дараалан, бөөгнөрөл үүсгэн олны хэл амны бай болон зогсож байгаа дийлэнх нь ахмадууд.”Нөөцийн мах авах гээд олон хүн цугларчээ. Зай барьсан зүйл алга. Халдвар тархчихаад байхад ямар арчаагүй юм бэ” гэсэн шүүмжлэлд өртсөн нь мөн настнууд. “Хөдөө орон нутаг руу явах иргэд шинжилгээгээ өгөх гээд зай баримталсангүй зогслоо. Энэ хүмүүсийг яах вэ” гэсний ихэнх нь өндөр настнууд байв. Энэ бол тэдний сэтгэл зүй тайван бус байгаагийн илрэл. Халдвар авчих вий гэсэн айдсыг нь үр хүүхдээ хоол ундтай, хүнстэй байлгах юмсан гэсэн хүсэл сэтгэл нь давж гарсан нь энэ. Тэдний ихэнх нь өөртөө бус үр хүүхдэдээ хүнс цуглуулж, тэдний даалгавраар яваа даа. Гэсэн атлаа үүрэг өгсөн нь нэр цэвэр үлдэж, үүргийг гүйцэтгэсэн нь олны хэл амны бай болоод дуусах шиг. Одоогийн ахмадуудын ихэнх нь социалист нийгэмд төрж, ардчилсан нийгэмд өсч, лангуун дээрээ элсэн чихрээс өөр бараагүй үеийн “бүтээгдэхүүн”.  Тэд хойч үеийнхээ сайн сайхны төлөө тэмцэж, жагсаж хүссэндээ хүрч бас чадсан. Эцэст нь хэнд ч хэрэггүй мэт хаягдсан.

 Ахмад настны сэтгэл зүй, тэднийг хэрхэн анхаарч, халамжлах талаар ганц ч хүн ам нээгээгүй атлаа 17-ноос доош градустай согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрөх нь ичмээр. Монголын ахмадууд архинаас хямдхан үнэлэгддэг болсны илрэл энэ. Иргэдийнхээ эрүүл мэндийг хордуулах шийдвэрээ үндэсний үйлдвэрлэл гэсэн сайхан нэрийн дор хавчуулчихаад бусад үед халамжилдаггүй юмаа гэхэд цар тахал дэгдсэн онцгой цаг үед ахмадын сэтгэл зүйг нь дэмжих ганц атугай шийдвэр гаргаж болсонгүй юу. Үгүй бол халдвар авах эрсдэлтэй бүлэг нь ахмадууд гэж тэднийг дарамтлахаа зогсооё. Тэдэнтэй ярилцаж, сэтгэл зүйг нь дэмжих, өөдрөг байлгах тал дээр үр хүүхэд нь анхаарал хандуулж, халдварын хэцүү үеийг хамтдаа даван туулъя.

 

Сэтгэл зүйч Я.Батхүү:  Ахмад настантай амьд харилцаа үүсгэж ярилцах нь чухал

 

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа ахмадуудын тоо эрчимтэй өсч байна гэсэн судалгаа гарсан. Бусад оронд идэр нас гэж нэрлэгддэг үе дээрээ манай улсад ахмадын тоонд орох нь нийгмээс тусгаарлагдах шалтгаан болдог. Түүнчлэн сэтгэл гутрал болон үл хайхрах нөхцлийг үр хүүхдүүд нь бүрдүүлдэгт харамсалтай. Ахмадууд сэтгэл зүй нь эмзэг болж, урдах амьдралдаа харамсах сэтгэл төрж, гутранги шинж рүү ордог. Үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ биеийн болон сэтгэл зүйн доройтлыг ойлгохгүй, үг хэл, үйлдэл, хүсэл сонирхлыг нь үл тоож, өөрсдийн хүчээр байлгахын тулд засч өөрчлөхийг эрмэлздэг.  Мөн хүүхдээ харуулж, өдөрт юу хийж байгааг нь үл хайхран, гэрийн мухар сахиулдаг. Гэтэл ахмадууд олон нийттэй харилцах, өөрийн дураар ажил хийх хүсэлтэй байдаг. “Та юу хийж байна” гэсэн ганц дуудлага тэдний сэтгэлийг сэргээдэг. Тэд эмзэг, уярамтгай, сэтгэл санааны хувьд өгөөмөр, өглөгч болдог. Гэхдээ амьд харилцаа үүсгэж харилцах нь хамгийн чухал. Хамтдаа сууж, хооллож, аяга цай уухад тэр хүнд хэрэгтэй гэдгээ мэдэрч, элдэв зүйл бодолгүй тайван байж чаддаг. Аливаа өвчин сэтгэл санаанаас шууд хамааралтай байдаг болохоор тэдэнтэй ярилцаж, ойлголцож байгаарай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.12.2 ЛХАГВА № 230 (6455)

 

 

О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

5 цаг 3 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

18 цаг 30 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

19 цаг 51 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

19 цаг 52 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22