COVID-19: Сэрэмжтэй байя хариуцлагатай байх цаг үе ирлээ

2020-11-12
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улс цар тахлын халдварыг дотооддоо алдаж нийслэлийн хэмжээнд хөл хорио тогтоолоо.Өнгөрсөн долоо хоногт ХӨСҮТ-ийн сувилагчаас, уржигдар эмнэлгийн багийн нэг эмчээс дахин илрээд байсан юм. Гэтэл өчигдөр шөнө 21 хоног тусгаарлагдаад гарсан иргэний шинжилгээний хариу эерэг гарснаар УОК шөнө дөлөөр шуурхай хуралдаж шат дараатай арга хэмжээнүүдийг авсныг тоймлон хүргэе. 

 

21 ХОНОГ ТУСГААРЛАГДСАН ИРГЭНЭЭС “COVID-19” ИЛРЭВ

 

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон орон нутгуудаас гарах хөдөлгөөнийг гурван хоног хааж, мөн энэ хугацаанд нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргасан билээ. Уг шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “21 хоног тусгаарлагдсан олон улсын автотээврийн жолооч дөрөв хоногийн өмнө гэртээ очсон. Тухайн жолооч болон гэр бүлийнх нь хүнээс коронавирусын халдвар илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.

Тиймээс хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний дагуу нийслэл хотод гурав хоногийн хугацаатай хөл хорио тогтоохоор шийдвэрлэлээ” гэсэн мэдээллийг өгсөн. Мөн нийслэлийн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрийг хүртэл түр зогсоох, үзвэр үйлчилгээний байгууллага болон олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хурал, цуглаан, тэмцээн уралдаан, урлаг соёл, кино теарт, цахим болон бага насны хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг дээрх хугацаанд түр зогсоосон юм.

 

АЛТАНБУЛАГ, ТЭС, АРЦСУУРЬ, ХАНХ, УЛЬХАН, БОРШОО БООМТЫГ ХААЛАА

 

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн талаар ХХЕГ-ын дарга  Ж.Бямбасүрэн мэдээлэл өглөө. Тэрээр “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16-наас 2021 оны нэгдүгээр сарын 18 хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Зорчигчийг гадагшаа гаргах оруулахдаа Засгийн газрын шийдвэрийг үндэслэнэ. Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтоор арваннэгдүгээр  сарын 23-ны өдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэхь долоо хоногт шатахуун тээвэрлэх машинуудыг нэвтрүүлнэ. Тэс, Арцсуурь, Ханх, Ульхан боомтыг арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн, Боршоо боомтыг арваннэгдүгээр сарын 26-наас түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргалаа” гэв.Алтанбулаг чөлөөт бүсэд тусгаарлалтын бүс, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн ачих талбай байгуулна. 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрөөс эм, эмийн бүтээгдэхүүн, өндөг, жимс, жимсгэнэ зэрэг түргэн гэмтэж, муудах бараа бүтээгдэхүүнийг энэ талбайд шилжүүлэн ачих юм байна.

 

ХАМГААЛАХ ХУВЦАСНЫ ГУРВАН САРЫН НӨӨЦ, 1000 ОР БЭЛЭН БАЙНА

 

Засгийн газрын хуралдааны дараа Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Орны бэлэн байдлыг хангаж байгаа. Заавал ХӨСҮТ-д эмчлэх шаардлагагүй зарим өвчлөлийг дүүргийн эмнэлгүүд рүү шилжүүлж байна. Нийтдээ 1000 орчим орыг бэлэн байдалд байлгаж байна. Энхсаран сувилал дээр халдвар алдагдсан байж болзошгүй гэж таамаглаад тус сувилалд байсан хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тандалтаа үргэлжлүүлээд халдвар хожуу илрэв үү, тусгаарлалтын явцад халдвар авсан уу гэдэг нь тодорхой болно. Хамгаалах хувцас хэрэгслийн гурван сарын нөөц байгаа. Манай үйлдвэрлэгч ч сайн чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой” гэсэн мэдээллийг өгөв.

 

0-12 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО

 

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар “COVID-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Захирамжид нийслэлийн нутгийн захиргааны болон харьяа байгууллага, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгж, байгууллагын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-д байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр гэрээ­сээ цахимаар ажиллах болом­жийг бүрдүүлж, цалин хөл­сийг ажилласанд тооцож ол­го­хыг үүрэг болгосон байна.

Мөн бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хараа хяналтгүй үлдээхгүй байх, олон нийтийн үйлчилгээний газраар дагуулж явуулахгүй байх талаар арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгажээ.

 

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХОМСДОЛ, ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭВЭЛ 2-20 САЯАР ТОРГОНО

 

Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед аж ахуйн нэгжүүдийг бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шаардлаа. Үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэсэн бол иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохыг анхааруулжээ. Мөн Зөрчлийн хуулийн дагуу давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх Хэмжээний төгрөгөөр торгодог байна. Үүнтэй холбогдуулан Хүнс, барааны үнийн хөөрөгдлийн талаарх мэдээллийг иргэдээс ШӨХТГ-ын 115 дугаарт авна. Тэгвэл өчигдөр 18:00 цагийн байдлаар 470 орчим иргэдийн гомдол санал өгчээ. Үүнд, махны үнэ нэмсэнтэй холбоотойгоор 260, амны хаалт 155, өндөг болон бусад бүтээгдэхүүнд 30, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй холбоотой 25 гомдол ирсэн. Амны хаалтны хувьд 1000 төгрөг хүрсэн гэдэг гомдол ирсэн байна.

 

 “COVID-19” “ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-Г ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

 

Засгийн газрын хуралдаанаар 0-12 насны хүүхэдтэй эх, эцгийг аль болох гэрээсээ ажиллах боломжоор хангахыг төрийн байгууллагуудад үүрэг болгож, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа. Мөн “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, дотоодод халдвар алдсан тохиолдолд авч хэрэгжүүлэх “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэг, үзвэр, баар, цэнгээний газар болон хотоос гарах хөдөлгөөнийг гурав хоногийн хугацаанд хаалаа. Нийтийн тээвэр 06:00-10:00, 17:00-21:00 цагийн хооронд буюу ажил эхлэх, тарах үед үйлчлэх юм. Хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа бөгөөд өчигдөр 50 тонн мах гаргаж зах зээлд нийлүүлсэн байна.

 

ХАДАМ ЭЭЖ, ОЮУТАН ДҮҮГИЙНХ ХАВЬТЛЫГ ТОГТООЖ ЭХЛЭВ

 

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ 15:00 цагт өгөв. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “24 хүнийг эхний ээлжид тусгаарлан шинжилгээ хийхэд хоёр хүн халдвартай гарсан. Хадам ээж болон оюутан дүүгийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан. Энэ хоёр хүн цааш халдвар тараасан эсэхэд судалгаа хийж байна. Судалгаа хийнэ гэдэг ярвигтай цаг хугацаа орсон ажил. Шинэ илэрсэн хүмүүс зовуурьгүй. Ер нь халдварын тохиолдлуудын 80 хувьд хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Өнөөдрийн байдлаар нэг хүний биеийн байдал хүнд буюу уушгинд нь нэвчидэс үүссэн байгаад тохирох эмчилгээг хийж байгаа” гэв.

 

АЙМГУУД ХӨДӨЛГӨӨНӨӨ ХЯЗГААРЛАВ

 

Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Дорнод, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн онцгой комисс хуралдаж, хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргалаа. Энэ талаар УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Энэ оны гуравдугаар сард  цар тахлаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг баталсан. Тус төлөвлөгөөнд хүн хүч, нөөц бололцоо болон байдал хүндэрвэл хэрхэн хязгаарлах талаар бүх салбар бэлэн байдлаа хангасан” гэв.

 

 “COVID-19”-ЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХӨД ТӨЛБӨР АВАХГҮЙ

 

 Иргэд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн хэсэгт болон хойд, урд хаалган дээр баригдаж байгаа сорьц авдаг явуулын кабинд очиж шинжилгээ өгч болох юм байна. Мөн өөрийгөө хянах зорилгоор “COVID-19”-ын шинжилгээ өгөхөд төлбөр авахгүй. Харин гадаад улс руу явж байгаа иргэд төлбөртэй шинжилгээ өгч, тамга тэмдэгтэй бичиг авч байгаа гэдгийг албаныхан өглөө.

 

ХҮҮХДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛ ХҮРГҮҮЛЛЭЭ

 

Бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл  ажиллагааг түр зогсоох шийдвэртэй холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги шуурхай хуралдаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр шийдвэр гаргаж, аймаг нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нарт хүргүүллээ. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх, болзошгүй эрсдэлийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах.  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нар эрсдэлт нөхцөлд амьдарч буй суралцагч хүүхэд, сургууль, цэцэрлэгийн хоолноос хамааралтай хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллэж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллах чиглэл өгчээ.

 

ҮАБЗ хуралдаж, мэдэгдэл гаргалаа

 

Дэлхий даяар тархсан COVID-19 олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан ҮАБЗ  өчигдөр хуралдлаа. Хуралдааны дараа зөвлөлийн гишүүд мэдэгдэл гаргав.

Ерөнхийлөгч Х.Баттулга:-Хуралдаанаар олон нийтийн дунд тархаад байгаа цар тахалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, ард иргэддээ хандан анхааруулга, сэрэмжлүүлэг гаргахаар шийдлээ. Иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, бие биедээ хариуцлагатай үгийг хэлж байхыг ард иргэддээ уриалж байна. Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална гэдгийг анхааруулж, энэ мэдэгдлийг гаргаж байна” гэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: -Монгол Улс 2020 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хилээ хааснаас хойш өнөөдрийг хүртэл дэлхий нийтээр тархсан цар тахлыг дотооддоо алдалгүй амжилттай барьж ажилласан. Харамсалтай нь ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж ирсэн жолооч хорио цээрийн дэглэмийн дор 21 хоноод гарсан ч гэсэн түүнээс коронавируст халдвар илэрч, гэр бүлийнх нь хүнд халдварласан хүндрэлтэй нөхцөл байдал үүслээ. Нөхцөл байдал хүндэрвэл бид хорио цээрийн дэглэмийг сунгаж ажиллах нөхцөл байдал үүсэхийг ард иргэддээ урьдчилан сануулъя. Ард иргэд үймж болохгүй тайван байж, бие биедээ хариуцлагатай хандаж, ахуйн ариун цэврийг сайтар хангах ёстой. Хүнсний байдлыг Засгийн газар урьдаас төлөвлөн ажиллаж байсан учраас манай улс хүнсний хомсдолд орохгүй. Үүнд ард иргэд битгий санаа зовоорой. Дэлгүүр хоршоо, зах зээлээр явж, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь худалдаж авах шаардлагагүй. Урьдын, хэвийн байдлаар бараа бүтээгдэхүүнээ авах ёстой. Хүнсний хангамжийг Засгийн газар урьдчилаад хийсэн байгаа учраас зохиомол хомсдол битгий үүсгээрэй гэдгийг хэлье” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засгийн нөлөөллийг бууруулах тухай” хуулийг батлан гаргасан. Энэ хуулиар иргэн бүрийг нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлын асуудлыг хамгаалахын тулд иргэн бүр үүрэг хариуцлагаа өндөржүүлж, хорио цээрийн дэглэмийг чанд сахиж, хувийн ариун цэвэр, төрийн холбогдох байгууллагуудаас тавьж буй шаардлагыг чанд биелүүлэхийг үүрэгжүүлсэн. Энэ бол онцгой нөхцөл байдал. Үндэсний аюулгүй байдал, хувь хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудал учраас иргэн бүрийг хуулиа чанд сахиж, бие биедээ шаардлага тавьж, хүндрэлтэй үеийг эв санааны нэгдэлтэй давахын төлөө хамтарч ажиллахыг уриалж байна.

Үүний тулд хамгийн гол нь тайван байдлыг хангаж, худал хуурмаг мэдээллээр нийгмийг цочирдуулахгүй, нийгмийн дархлааг дордуулахгүй байж, нийтийн эрх ашгийн төлөө эв нэгдэлтэй, сахилга хариуцлагатай, өндөр ухамсартайгаар энэ цаг үеийг давахыг уриалж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.12 ПҮРЭВ № 219 (6444)

 

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Өчигдөр 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Өчигдөр 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Өчигдөр 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Өчигдөр 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Өчигдөр 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Уржигдар 19 цаг 58 мин
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Уржигдар 19 цаг 53 мин
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Уржигдар 14 цаг 09 мин