Тариаланч, малчин хоёрын маргааныг төр ингэж зохицуулна

2020-11-03
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг гэдгээрээ алдартай Сэлэнгэ аймгийн  атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй сууриа тавиад хэдийнэ 61 намрыг үджээ. Ийн амьдрал тэтгэх алтан сайхан намар цагт өглөөнөөс орой хүртэл цаг наргүй ажиллаж, сая л нэг уужим амьсгаа авч байгаа тариаланчдын ургац хураалтын үр дүнтэй танилцахаар бидний сурвалжлах баг Зэлтэрийн сангийн аж ахуй сууриа тавьсан Сэлэнгэ аймгийн Түшиг сумыг зорилоо. Сэлэнгэ аймагт ургац хураалтын ажил бараг шуударч байгаа боловч зарим нэг ургацын талбайд шуугиан, хөгжөөн тасраагүй тракторын дуу хангинаж, тариаланчдын ажил үргэлжилсээр биднийг угтав.

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 90 хувьтай байна

 

Улсын хэмжээнд ургац хураалт 86 хувьтай үргэлжилж байна. Нийт 480 мянган тонн буудай хураан авахаас өнөөдрийн байдлаар 360 мянган тонныг  хураажээ.  Харин 17 сумын 16 сумынх нь 42 баг газар тариалангийн гол бүс нутаг хэмээн тооцогдож, улсын нийт ургацын 50-60 хувийг хангадаг Сэлэнгэ аймгийн хэмжээнд ургац хураалт 90 гаруй хувьтай үргэлжилж байлаа. Энэ талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр “Манай аймаг арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 174 мянган тонн үр тариа хураан авч, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах үүргээ Сэлэнгийн тариаланчид сайн гүйцэтгэлээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийн 305 мянган эргэлтийн талбайтай Сэлэнгэ аймаг улсын нийт үйлдвэрлэлийн 50-60 хувийг 60 жил хангаж ирлээ. Цаашид Атрын-IV аян, цахим газар тариаланг хөгжүүлэхэд голлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэж ярилаа.

 

“Малчин, тариаланч хоёрын ойлголцол маш чухал”

 

Зэлтэрийн сангийн аж ахуйн үндэс суурийг тавьсан чулуун хөшөөг үзэж сонирхсоны дараагаар ургац хураалт хэмээх асар их хариуцлагатай, ашиг шим ихтэй ажлынхаа ард амжилттай гарсан тариаланчидтай уулзахаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумыг зорилоо. Цагааннуур сумын “Атар трейд” ХХК-ийн захирал Ө.Чимэддорж  тариалангийнхаа талбай дээр биднийг тосов. Тэдний энэ намрын ажил дуусч, хэдийнэ өвлийн бэлтгэлдээ оржээ. Түүнчлэн “Өмнөх жилээсээ 10 хоногийн өмнө ургацаа хурааж дууслаа” хэмээн сэтгэл хангалуун, нүүр дүүрэн инээмсэглэсээр ургац хураалтынхаа сонин сайхнаас хуваалцлаа. Тэрээр “Энэ намар 3000 гаруй га-д улаан буудай тариалсан. Манай аймаг энэ жил зуншлага сайтай байсан тул ургац арвин байлаа. Тухайлбал,  га-ийн дундаж ургац 17.3 центр буюу 4000 гаруй тонн буудай хураан авч, ургац хураалтын ажил бүрэн дууссан. Тариаланчид өвлийн хувийн бэлтгэлээ хангаж ажиллаж байна. Онцлог нь өмнөх жилээс 10 гаруй хоногийн өмнө ургац хураалт дууслаа” гэсэн юм.  Мөн өдийг хүртэл шийдэгдээгүй малчин, тариаланч хоёрын зөрчилтэй холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрээр “Жил ирэх тусам манай бүс нутагт малын тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтэрсэнээс  малчид малаа тариалангийн талбайгаас өөр бэлчээх газаргүй болсон. Өвөл тариалангийн талбайд мал идээшиж, хөрс элэгдэж улмаар ургацын үр шим муудаж байна. Малчид, тариаланчдын хөдөлмөр хүнд хүчир, цаг наргүй гэдгийг бүгд мэднэ. Тиймээс энэ маргааныг шийдэхийн тулд малчин, тариаланч хоёрын ойлголцол, хоорондын уялдаа маш чухал. Үүнийг орон нутаг төдийгүй төр засгаас дэмжих шаардлагатай. ХХААХҮЯ санаачилж  2018 онд Цагааннуур суманд тариалангийн талбайг хамгаалах 150 километр хашаа барьсан нь  бидний нөхцөл байдалд яг тохирсон. Ийм хашаа бариагүй бол ургац хураахад хэцүү байдал үүснэ. Учир нь хашаагүй  компаниуд 10-20 хувийг малд алдаж байгаа” гэлээ.

 

“3.2 сая хүний гурилны хэрэгцээг бид нэн тэргүүнд  хангах ёстой”

 

Олон жил үргэлжилсэн малчин, тариаланчдын маргааныг зохицуулахад орон нутгийн зүгээс хэрхэн анхаарч байгаа талаар тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр “Малчид, тариаланчдын зөрчил ихэссэн хүнд нөхцөлд бид тариалангаа хурааж авлаа.Сэлэнгэ бол эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг байх ёстой гэдгийг тариаланч, малчидтай удаа дараагийн хурал цуглаанаар ярилцсан. Малчид тариалан руу малаа оруулж болохгүйг мэддэг. Гэвч бэлчээрийн даац хэтэрснээс мал тариалангийн талбай руу орохоос өөр аргагүй байдал үүссэн.  Цаашид өөрсдөө тогтмол малаа малладаг  4500 өрхөө өдөр болгон орлоготой байлгах  тал дээр дэмжих ёстой. Мөн нэг малаас авч байгаа  ашгийг нэмэгдүүлэхийн  төлөө бид хичээх ёстой.  Малчин, тариаланч хоёр зөрчилгүй болно гэдэг монголчууд бүгдээрээ эрүүл, аюулгүй хүнсээр хангагдахын  үндэс суурь юм” гэж ярьсан юм.

Олон мянган малчин, тариаланч төдийгүй  эх орныхоо хөрсөнд ургасан хүнсний ногоо, улаан буудай хэрэглэдэг монгол хүн бүрийн хувьд дээрх асуудал маш чухал. Үүнийг шийдэх тал дээр төрөөс хэрхэн анхаарч байгаа талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь ургацыг тогтвортой авах, эрүүл хүнсээр хангах зорилтод төдийлөн нийцэхгүй байгаа нь харагдаж байна. Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн заагийг тодорхойлох тогтоол 2018 онд  гарсан боловч орон нутгийн хэмжээнд төдийлөн хэрэгжээгүй. Тиймээс  үүнийг эрчимжүүлэх шаардлага бидний өмнө тулгарсан.  Энэ зун  зургаан аймагт ган болж, бэлчээрийн мал аж ахуйд хадлан тэжээл хүрэлцэхгүй асуудал үүссэн. Тодруулбал, болц гүйцээгүй буудайг ногоон тэжээлд шилжүүлснээр  улаан буудайны хэмжээ буурсан.  Тиймээс ирэх хаврын тариалалтыг  өөр зохицуулалтаар зохион байгуулж, бэлчээрийн мал аж ахуйн зохистой харилцааг бий болгож, шаардлагатай тохиолдолд  малчдыг өөр нутаг руу шилжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймагт есдүгээр сард ажиллах үеэрээ “Энэ бүс нутагт малчид бэлчээрийн мал аж ахуй эрхлэх боломжгүй гэдэг  нь таагүй сонсогдох ч бид зохицохоос өөр аргагүй.  Учир нь Монгол Улсынхаа 3.2 сая хүний гурилны хэрэгцээг бид нэн тэргүүнд  хангах ёстой” гэж ярьж байв. Ийн шийдлээ одоог хүртэл олоогүй тариаланч, малчин хоёрын маргаан ирэх хавраас эерэгээр шийдэх эхлэлийг төр тавьж, хоёр талын эрх ашгийг хөндөхгүй шийдвэр гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.3 МЯГМАР № 212 (6437)

 

Иргэн
болтугай. Манай дарга нар ч сайхан ярихаас цаашгүй амьтад даа
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

21 цаг 59 мин
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

21 цаг 59 мин
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

21 цаг 59 мин
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

Уржигдар 06 цаг 00 мин
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

Уржигдар 06 цаг 00 мин
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Уржигдар 06 цаг 00 мин
“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

“Хархорум хотыг түүхэн төрхөөр нь сэргээн байгуулахад монголч эрдэмтдийн оролцоо чухал”

2026-08-12
“Kharkhorum Bazaar” дээр өнөөдөр “Шийдний ах -Хүүхдүүдтэй сагсан бөмбөг тэмцээн”-тэй

Төв цэнгэлдэхийн гадаа өнөөдөр “Kharkhorum Bazaar”-ыг 2 дахь өдрийн хүрээнд “Ший

2026-08-12
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

2026-08-12