Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, шударга ёсыг ханган, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх явдлыг эцэслэж, охид, эмэгтэйчүүд бодит ба цахим орчины ХААНА Ч АЮУЛГҮЙ байх нөхцөлийг бүрдүүлэхэд НЭГДЭХИЙГ Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага бүх нийтэд хандан уриалж байна.
Монгол Улсад охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл өргөн тархсан хэвээр байна. 2017 оны үндэсний судалгаагаар хамтрагчтай байсан эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь хамтрагчийн зүгээс үйлдсэн хүчирхийлэлд өртөж байсан бол тэдний ердөө 8.3 хувь нь тусламж хүссэн эсвэл хүчирхийллийн талаар мэдээлсэн байна. 2021 оноос 2026 оны есдүгээр сар хүртэл 147 хүн гэр бүлийн хүчирхийллийн улмаас амиа алдсан байна. Харамсалтай нь энэ бүх хүний эрхийн зөрчлүүдийг урьдчилан сэргийлэх боломжтой байсан юм.
Хүчирхийллийн үйлдлүүд цахим орчинд улам ихээр шилжиж байна. НҮБ-ийн Хөгжлийн Хөтөлбөрийн 2024 оны судалгаагаар 13-17 насны монгол хүүхдийн 51.3 хувь нь цахим дээрэлхэлтэд өртсөн байна. Гэсэн хэдий ч зураг, бичлэг ашиглан дарамтлах, заналхийлэх, бэлгийн сэдлээр хүүхэдтэй холбоо тогтоох, мөшгөх, бусдын зураг бичлэгийг өөрчлөн түгээх зэрэг хор уршгийг хууль эрх зүйн хүрээнд бүрэн шийдвэрлэж чадаагүй байна. Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн төрлүүдийг тусдаа гэмт хэрэг гэж хуульчлаагүйн дээр үндэсний хэмжээний тархалтын мэдээлэл байхгүй нь хариуцлага тооцох, шударга ёсны хүртээмжийг хязгаарлаж байна.
Мөн айдас, дарамт, сүрдүүлэг нь эмэгтэйчүүд нийгмийн болон улс төрийн амьдралд оролцоход саад болсоор байгааг судалгаа харуулж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх хууль тогтоомжийг сайжруулах Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байна. Үүнд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг хуульд тусгах талаар бий болж буй нийтлэг ойлголцол, хэлэлцүүлэг багтаж байна. Бид бүх оролцогч талуудыг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоохын тулд яаралтай, шийдэмгий арга хэмжээ авахыг уриалж байна.
Бидний хамтын уриалга маш тодорхой. Үүнд:
- Нотолгоонд суурилсан урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бэхжүүлэх. Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх тоо мэдээллийг сайжруулж, нарийвчилсан задаргаатайгаар нийтэлж, технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг оруулан үндэсний тархалтын судалгаа явуулснаар үр дүнтэй урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, хууль эрхзүйн хамгаалалтыг сайжруулах.
- Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг гэмт хэрэгт тооцох. Хүүхэд, охид, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн хүмүүс болон олны танил хүмүүсийг технологи, цахим платформоор дамжуулан үйлдэгдэх хор хохирлоос бүрэн хамгаалахын тулд хууль эрхзүйн орчныг сайжруулах.
- Даван туулагч төвтэй дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлэх. Хууль сахиулах болон шүүхийн салбарт тусгай сургалт, хариуцлагын механизм нэвтрүүлж даван туулагчдыг дахин хохироохоос сэргийлэх.
- Нэн шаардлагатай тусламж үйлчилгээг тогтвортой санхүүжүүлэх. Тусламжийн утас, нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байр, хууль зүйн туслалцааг улсын өнцөг булан бүрт хүрэх нөхцөлийг бүрдүүлэх.
- Цахим аюулгүй байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг боловсролын хөтөлбөрт тусгаж, бодлого боловсруулахад залуучуудын оролцоог бодитоор хангах.
- Даван туулагч төвтэй нийгмийн хэлэлцүүлгийг дэмжих. Олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, хохирогчийг буруутгах, нийгмийн зүгээс гутаан доромжлох байдлыг арилгах.
- Эдийн засгийн хүчирхийлэл, тэгш бус байдлыг арилгах. Эмэгтэйчүүдийн зохистой хөдөлмөр эрхлэлт, хууль ёсны, аюулгүй шилжилт хөдөлгөөнийг дэмжих, орон сууц, газар өмчлөх эрхээ эдлэх, ялгаварлан гадуурхалт, албадлагаас ангид эдийн засгийн боломжуудыг тэгш эдлэх нөхцөлийг хангах.
- Хамтын хариуцлагыг дэмжих. Технологи, харилцаа холбооны компаниуд платформынхоо аюулгүй байдал, хариуцлагыг хангаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдрэмжтэй, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан мэдээлэл түгээхийг уриалах.
- Улс төр, нийгмийн амьдрал дахь жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх. Улс төрд оролцож буй эмэгтэйчүүдийн эсрэг үзэн яддсан үг хэллэг, дарамт, сүрдүүлгийг таслан зогсоох, цахим болон бодит орчны хүчирхийллийг арилгах, мэдээлэх, хамгаалах, хариуцлага тооцох механизмыг бэхжүүлэх.
Хариуцлагаас мултарч, ял шийтгэлгүй үлдэх явдлыг таслан зогсоох нь хамтын үүрэг хариуцлага бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллага Монгол улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, залуучуудыг алхам тутамд дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Монгол охид, эмэгтэйчүүд ХААНА Ч АЮУЛГҮЙ байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтдаа НЭГДЭЦГЭЭЕ.