-Хууль зүйн байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг нээж, Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилтийг дурдав-
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ хүчирхийлэл бол зөвхөн нэг хүн, нэг гэр бүлийн асуудал биш гэдгийг онцлов. Түүний хэлснээр, энэ нь хүний эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн шударга ёстой шууд холбоотой асуудал юм.
Л.Мөнхбаатар аяны “Бодит ба цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэсэн уриа өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлыг тодорхой илэрхийлж байна гэв. Тэрээр Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг зөвхөн хууль батлах хүрээнд бус, хуулийн хэрэгжилт, төрийн байгууллагуудын хариуцлага, хохирогчийн эрхийн бодит хамгаалалтын хүрээнд авч үзэх шаардлагатай гэж үзсэнийг мэдэгдэв.
УИХ Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан бөгөөд эдгээр хуулийн хэрэгжилттэй холбоотой арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолыг мөн баталсныг тэрээр дурдав. “Хууль хэрхэн хэрэгжиж, хүүхэд, гэр бүлийн гишүүдийн эрхийг хэрхэн хамгаалж байгааг үр дүнгээр үнэлэх ёстой” гэж тэрээр онцлов.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баатаржав Засгийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч буй асуудлаар, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Баярбаясгалан жендэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал, бодлого, үйл ажиллагааны талаар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хөтөлбөрийн менежер С.Байгалмаа төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Эх сурвалж: polit.mn