Бүгд Найрамдах засаглал бол ард түмний засаглал. Монгол Улс 102 жилийн өмнө анхдугаар Үндсэн хуульдаа “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн…” гэж бичсэн юм. Улмаар Улсын Хурлаараа 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байв.
Тэртээх он жилүүд бол дэлхий дахины дэг журам үндсээрээ шинэчлэгдэж байсан цаг үе. Эдүгээх тооллын эрин эхлэхээс ч өмнө ярьж эхэлсэн “ард түмэн”-ий тухай ойлголт Дэлхийн I дайны нөлөөгөөр сая л шинэ шатанд гарч ирсэн юм. Хаа сайгүй хаант засаглалууд нуран унаж байлаа. Үндэстний бие даасан байдал, Бүгд Найрамдах засаглалын үзэл санаа тив дамжин түгэж, дэлхий дахиныг бүхэлд нь нөмрөв.
Бүр 1906 онд эхэлсэн Ираны Үндсэн хуулийн хувьсгал эзэн хааны эрх мэдлийг хязгаарлаж, ард түмнийхийг нэмэгдүүлэх үзэл санаагаар өрнөсөн бол хаант засгаа түлхэн унагасан португалчууд Бүгд Найрамдах засаглалыг, тэртээ Америкт мексикчүүд арван жил үргэлжилсэн хувьсгалын үр дүнд Үндсэн хуульт төрийн тогтолцоог бүрдүүлж байлаа. Синьхайн хувьсгалаар манай өмнөд хөршид Бүгд Найрамдах засаг тогтсон бол монголчууд Богд хаанаа олноор өргөж, харин сүүлчийн Цагаан хаанаа түлхэн унагасан октябристууд умард хөршид засгийн эрхэнд гарав.
Дэлхийн I дайнаар Европын газрын зураг орвонгоороо өөрчлөгдөн, шинэ шинэ улсууд бий боллоо. Герман, Австри улсууд Бүгд Найрамдах засаглалд шилжив. Олон зууны турш бат бөх оршсон хаант засаглалууд нурж, эзэнт гүрнүүд задран, чухамдаа дэлхий дахин тэр аяараа донслон доргисон юм.
Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Чин гүрний эрхшээлээс салж, Богд Хаант Улсынхаа тусгаар тогтнолыг зарласан нь монголчуудын олон үе дамжсан туйлын хүслэн, түүхэн чухал агаад хэмжээлшгүй баярт үйл явдал байлаа. Гэвч эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг тийм ч амар олддог зүйл биш ажээ.
Умард, өмнөд хөршийн улсууд өвөр зуураа тохиролцож, Монголыг Хятадын мэдэлд оруулах “Бээжингийн тунхаг”-ийг байгуулаад, тулган хүлээлгэв. Гамин цэрэг орж ирлээ. Монголын автономит эрхийг өөрсдөөр нь устгуулах Сүй Шүжаны балмад төлөвлөгөө монголчуудын “ясыг маажив”.
Ард ноёд, лам хар ялгалгүй монгол хүн бүр эх орноо чөлөөлөх тэмцэлд бослоо. Гамин цэргийг Их Хүрээнээс хөөж, Хиагтад хиар цохив. Цагаан Оросын үлдэгдлийг улаантнуудтай нь нийлж дарлаа. Гэвч Кремльд төвхнөсөн Зөвлөлтүүд гадаад улсуудаар дэмжүүлэх бодлогынхоо дотор бас л Монголыг Хятадад өгөөд, Бээжинд үзэглэсэн юм. Энэ бол 1924 он. Монголчуудад цор ганц зам үлдсэн байлаа. Тэр нь Үндсэн хууль.
Юу юугүй алдуурч буй тусгаар тогтнол, эрх чөлөөгөө авч үлдэх эцсийн боломжийг алдалгүй шүүрч, бидний ухаант дээдэс Улсын анхдугаар Хурлаа хуралдуулсан юм.
Тэр жилийн өвлийн эхэн сарын уур савссан өдрүүд улс гэрийнхээ тусгаар тогтнолыг хадгалаад зогсохгүй ирээдүйн хувь заяаг шийдсэн түүхэн өдрүүд байлаа. Хүрээ, хөдөөгийн олон ардыг төлөөлсөн Улсын Хурлын 77 төлөөлөгч хорь шахам хоног хуралдаж, үзэл санаа, оюун бодлоо уралдуулан мэтгэлцэж, хэлэлцэн зөвшилцсөний эцэст анхдугаар Үндсэн хуулиа баталж, “Бүгд Найрамдах Ардын Засгийг явуулахаар” тогтжээ.
Хэмжээт эрхт эзэн хаан Богд Жавзандамба хутагт мөн онд жанч халж, таалал бараад байсан нь Бүгд найрамдах засаглалыг сонгох хүчин зүйл болсныг Үндсэн хуулийн угтвар бичээст тэмдэглэсэн нь бий. Дэлхийн олон улс гүрэнд хаант засаглал халагдаж, дэвшилтэт тогтолцоо бүрдэж буй тул улс орныг хөгжлийн энэхүү чиг хандлагад нийцүүлэх нь зүйн хэрэг байсныг ч мөн дурдан үлдээжээ.
Ард түмэнд тулгуурласан, нийтийн эрх ашигт суурилсан засаглал хүн төрөлхтний улс төр, нийгмийн хөгжлийн явцад бий болсон төрийн удирдлагын хамгийн дэвшилтэт тогтолцоо юм. Монголын анхны Үндсэн Хуулиар “улсын эрхийг жинхэнэ ардад эзлүүлсэн…” энэ тогтолцоо өнөөгийн дөрөв дэх Үндсэн хуульд ч хэлбэрэлт, өөрчлөлтгүй залгамжлагдсан юм.
Тэр үеийнхээр “жинхэнэ ард”, өнөө бидний хэлдгээр “ард түмэн” гэдэг шууд утгаараа хүмүүс бид. Албан найруулгаар бол Монгол Улсын нийт хүн ам. Төрийн тэргүүнээсээ эхлээд дөнгөж төрсөн нярай хүртэл бүх хүмүүсийг Монголын ард түмэн гэдэг. Намайг, чамайг, та биднийг бүгдийг агуулсан энэ статистик утгын цаана илүү гүн гүнзгий ухагдахуун бий.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ард түмэнд Үндсэн хуулиар олгогдсон “засгийн бүх эрх”-ийг өөр хэн ч хуваалцахгүй. Учир нь Монголын ард түмэн гагцхүү сонгож, төлөөлүүлээд зогсохгүй төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Харин Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар тэргүүтэй төрийн бүх институци ард түмнээс олгосон эрх хэмжээний хүрээнд л ажиллана. Ард түмэнд тангараглаж, ард түмний өмнө хариуцлага хүлээнэ.
Үндсэн хуулийн заалт үг бүрээрээ, утгат хэсэг бүхнээрээ давхар давхар агуулга илтгэж, өргөн уудам харилцааг илэрхийлж байдаг. Улс төр, философийн утгаараа ард түмэн гэдэг улс орныхоо тусгаар тогтнол, эрх ашиг, ирээдүйн хувь заяанд зангидагдсан улс төрийн олонлог юм. Энэ олонлогийн дотор энгийн олонхийн үзэл санаагаар сэтгэх нэгэн байхад этгээд өөр хэв заншлаар явах хүмүүс ч бий. Зуу зуун үзэл бодол, мянга түмэн хүсэл тэмүүллийг агуулсан энэ хүчирхэг олонлог төрийн эрх мэдлийг үүтгэн бүрдүүлж, түүгээр нийтлэг эрх ашгаа хангана.
Та биднээс хүлээн авсан бүрэн эрхийн хүрээнд төр бүхий л бодлого, шийдвэрийг зөвхөн ард иргэд бидний, улс эх орны эрх ашиг, сайн сайхан, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглүүлж гаргах учиртай. Ингээрэй л гэж бид төрдөө эрх өгдөг. Харамсалтай нь манай зарим улс төрчид үүнийг буруу ойлгож, эрх мэдэл өөрт нь бурхнаас ч юм уу, хэн нэгэн давагдашгүй хүчнээс заяасан мэт сэтгэж, түүгээр ард түмнийг ивээж буй аятай авирладаг. Онгиргон, ойворгон загнаж, оройн дээдэд хүрсэн гэлтэй аашилна. Бүхнээс дээгүүр нэгэн болсон мэт төөрч, чухам л “шидийг олоод нисэхийг” шахна.
Эндүүрэл, ташаарал нь улс төрчдийг эргүү тэнэг болгодог байна. Эрх мэдэл олгосон жинхэнэ “эзэд”-ээ танихаа больж аль нэг нам, улс төрийн бүлэглэлд үйлчилж эхэлнэ. Ард түмнээс олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоо хангах, зөвхөн өөрийнхөө хүч нөлөө, байр суурийг бэхжүүлэхэд ашиглахыг хичээнэ. Мэдэхгүй, чадахгүйнхээ хар гайгаар боломжгүй зүйлийг амлаж, буруу шийдвэр, бодлогын алдаа гаргана. Улмаар улс төрийн болон ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилж, тэдэнд зориулсан хууль тогтоомжийг өөрт ашигтайгаар батлуулна. Ингээд авлига, хээл хахуулиар ажиллах болж, төрийн үүрэг, хариуцлагыг бүрэн завхруулдаг байна.
Английн либерал улс төрч Лорд Эктон “Эрх мэдэл хүнийг төөрүүлдэг, үнэмлэхүй эрх мэдэл бүрмөсөн самууруулдаг” хэмээсэн байдаг. Тэр улс төрч төдийгүй түүхч, зохиолч хүн байсан юм. Дорнын гүн ухааны шаштир “Орчлонгийн сав шимийн дуулал”-д “Хэнд эрх буй бөгөөс түүнд хилэнц буй” хэмээн өгүүлдэгтэй ижил үзэл санааг тэр илэрхийлж байлаа.
Эрх мэдэлд хязгаар хэрэгтэй. Улс төрчдийн алдаа завхрал эрх мэдэлтэй болсондоо бус, түүнийг хэнээс, ямар итгэлээр олж авснаа мартдагт байдаг. Тийм учраас эрх мэдэлтнүүдэд хяналт, хариуцлага зайлшгүй гэдгийг Лорд Эктон бичжээ. Хэрэв хүн эрх мэдлийн эх сурвалжаа мартаж, үүрэг хариуцлагаа умартвал “онц аюултай” болдгийг тэр сэрэмжлүүлсэн юм.
Улс төрчийн ёс зүй бол өөрт нь олгогдсон эрх мэдэл, албан тушаал, ард түмний хүлээлгэсэн итгэлд хэрхэн хандаж байгаагаар хэмжигдэх цогц ойлголт. Ард түмний хүлээлгэсэн бүрэн эрхийг үүрэг, хариуцлага дагадаг гэдгийг мартаж, амин хувийнхаа, ашиг сонирхол нэгтэй бүлэглэлийнхээ, намынхаа эрх ашгийг эхэнд тавих нь тэднийг засаж залруулахын аргагүй гэм нүгэл рүү хөтөлдгийг бүх цаг үеийн их сэтгэгчид сануулсаар ирсэн байна.
Хууль зөрчихгүй байх гэдэг бол улс төрчдөд тавигддаг ёс зүйн хамгийн наад захын шаардлага. Үүнтэй зэрэгцээд шударга байх, үнэнийг хэлэх, амлалтаа биелүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг сонсох, эрх мэдэлдээ эрдэхгүй байх гээд олон шалгуур бий.
Ард түмнээ сонсохоо больж дүлийрсэн төр оршин тогтнох аргагүй болж, эцэстээ нуран унадаг. Үндэс, хөрснөөсөө амь тасарч, үхжин хувхайрсан мод адил...
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар