УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нэр дэвшигч Зоригтбаатарын Ганзоригийн талаар танилцууллаа. З.Ганзориг 1985 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 41 настай, ам бүл 4. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2008 онд бакалаврын зэрэгтэй, 2018 онд хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй төгссөн. Шүүхийн тамгын хэлтсийн ажилтан, "Хаан банк"-ны хуулийн зөвлөх, 2014-2023 онд Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, 2023 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. Төрийн албанд 14 жил, шүүгчээр 11 жил 10 сар, үүнээс давж заалдах шатны шүүхэд 3 жил ажилласан. Шүүгчийн сонгон шалгаруулалтад бичгийн шалгалтаар 50.41, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтаар 25.41, нийт 75.82 оноо авч I эрэмбэлэгдсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан. Зөвлөлийн 10 дугаар сарын 7-ны хуралдаанаар түүнийг Дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг УИХ-д танилцуулахаар шийдсэн байна. П.Золзаяа нэр дэвшигч Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд заасан бүх шаардлагыг хангаж буйг нэг бүрчлэн танилцуулав.