Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл Астана хотод шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлыг 2027 онд эхлүүлэхээр төлөвлөж байгааг мэдэгджээ. Төслийг хэрэгжүүлэхэд олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэх операторуудын нэг оролцож байгаа аж.
Токаев ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Казахстан улс нисэх буудлын дэд бүтцийг зэрэг хөгжүүлэх хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгааг онцолсон байна. Тухайлбал, Аркалык хотын нисэх буудал ашиглалтад орсон бол Зайсан, Катон-Карагай, Кендерлигийн нисэх буудлуудыг байгуулах ажил үргэлжилж байгаа талаар дурджээ.
Казахстаны зорилго нь Евразийн бүс нутгийн гол тээвэр, ложистикийн төвүүдийн нэг болох явдал юм. Үүний тулд нисэхийн салбарын дэд бүтцийг өргөжүүлэхийн зэрэгцээ гадаад чиглэлийн тээврийн үйл ажиллагаа, хил нэвтрэх болон дамжин өнгөрөх хяналтыг цахимжуулах шаардлагатайг Ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.
Тэрээр хиймэл оюун ухааны эрин үед тээврийн үйл ажиллагааг цаасан баримтад тулгуурлан зохион байгуулах нь үр ашиггүй гэж үзэж, дижитал шийдлүүдийг нэвтрүүлэхийг чухалчилжээ.
Шинэ нисэх буудлын төсөл хэрэгжсэнээр Астанагийн агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олон улсын чиглэлийн холболтыг өргөжүүлэх боломж бүрдэх эсэх нь төслийн нарийвчилсан төлөвлөгөө, санхүүжилт болон хэрэгжүүлэх хугацаанаас хамаарна.
Эх сурвалж: AsiaToday