УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийн талаар гишүүдийн асуулт, хариултыг сонсов. Тухайлбал,
-Д.Ганмаа: Хариуцлагын механизм, хүүхдэд хортой агуулга түгээсэн болон үүргээ биелүүлээгүй платформд ямар хариуцлага тооцох
Ц.Мөнхтуяа: Хувийн мэдээллийг хэрхэн хамгаалах, сургууль, багш нарт нэмэлт ачаалал үүсэх эсэх
С.Эрдэнэбат: VPN ашиглан хязгаарлалтыг тойрох боломж, цахим тоглоом, залилан, хүмүүжилд үзүүлэх нөлөө
-С.Зулпхар: Хуулийг хэрэгжүүлэх зардал, олон улсын платформтой хамтран ажиллах, хэрэглэгчийн насыг баталгаажуулах технологи
-А.Ариунзаяа: Хүүхдийн эсрэг цахим гэмт хэрэг, бэлгийн дарамт, цахим халдлагын өнөөгийн байдал
-О.Саранчулуун: Meta, TikTok, Telegram, Discord зэрэг платформтой хэрхэн хамтарч ажилладаг
О.Батнайрамдал: Нийгмийн сүлжээний тодорхойлолт, насны ангилал, утасны дугаараар баталгаажуулах аргачлалын талаар тус тус асуусан.
Хууль санаачлагчийг төлөөлж П.Наранбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нар хариулт өгсөн. Төслийг Зөрчлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох хуультай уялдуулсан гэж тайлбарлав. П.Сайнзориг хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай гэж, Ц.Мөнхтуяа, Ж.Баясгалан нар төслийг дэмжиж, цахим дээрэлхэлт, дарамт нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүүхдийг хамгаалах бодлогын анхны том алхам болно гэж тэмдэглэв.
Санал хураалтаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлсэн байна.