Б.Баяр
Монгол Улсын Өмнөговь аймагт орших Оюу толгой орд алт, зэсийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Оюу толгойн 66 хувийг “Рио Тинто” групп, 34 хувийг Монголын Улсын Засгийн газар эзэмшдэг. Энэ ордын ил уурхайг 2011 оноос, далд уурхайг 2023 оноос ашиглаж эхэлсэн.
Уг нь аливаа төсөлд хамтарч ажиллах нь харилцан ашигтай байх зарчимтай. Аль нэг тал нь давуу байдалтай байх нь хамтын ажиллагаа бус мөлжлөг болж хувирдаг. Гэвч анх 2009 онд байгуулсан Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад гэрээний үр дүнгээс тус ордын төслөөс 34 хувийг эзэмшиж буй Монгол Улсад ашиггүй, тэр бүү хэл алдаатай гэрээ гэдгийг харуулсаар байна. Монголын ард түмэн бараг нийтээрээ “Оюу толгойн гэрээ алдаатай, муу болсон” гэж үздэг. Хөрөнгө оруулалтын гэрээг муу болсон гэдгийг Монгол Улсаа төлөөлж байгуулсан Засгийн газрын тэргүүн С.Баяр ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр цахим сүлжээнд “Оюу толгой төслөөс 34 хувийг ав гэдэг нь нийт зардлын 34 хувийг даа гэсэн үг. Тийм мөнгө бидэнд тэр үед ч байгаагүй, одоо ч байхгүй. Тиймээс зээл, хүүгийн зовлонд ороогдож эхлэв. Оюу толгой тойрсон олон асуудлын суурь үүнд л буй юм. Тэр 34 хувийн оронд АМНАТ-ийг таван хувь биш 10 хувиар тогтоосон бол… гэж 17 жил шаналав. Оюу толгойн гайт 34 хувь болж, хэчнээн мөнгө бид алдав, дотроо хэчнээн хямрав даа” гэж байр сууриа илэрхийлдэг болсон.
Хамгийн чухал нь Монгол Улс Оюу толгой төслөөс ногдох 34 хувьдаа хэзээнээс, ямар хэмжээний ашиг хүртэх вэ гэдгээ мэдэлгүй өнөөдрийг хүрсэн. Энэ тухайд “Рио Тинто” групп болон Монголын зарим улстөрчид иргэд, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээллийг байнга өгдөг.
Учир нь Монгол Улсын иргэд Оюу толгой төслийн орлого зарлага, төслийн хөрөнгө оруулалтын талаарх нарийн мэдэх боломжгүй юм. Тийм мэдээлэл нь нууц байдаг. Товчхондоо, “Рио Тинто” Оюу толгой төслийн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг монголчуудаас нуудаг. Ямар нэг хяналт байдаггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” компани нь бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд борлуулан ихээхэн орлого олдог. Гэсэн ч уг орлого, түүний гүйлгээ Монгол Улсын банкаар дамждаггүй учраас экспортолсон бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн эсэхэд монголчууд эргэлздэг. Тиймээс Оюу толгой төслийн төлбөр тооцоог Монголын банкуудаар дамжуулах санаачилга үе үе зарим улстөрчид, эдийн засагчдын зүгээс гардаг. Тэр бүрт хөрөнгө оруулагч талаас “Танай арилжааны банкууд энэ их хэмжээний мөнгийг эргэлтэд гаргах чадвар байхгүй” гэдэг тайлбар тавьдаг байв. Гэхдээ энэ нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараахан өгч байсан тайлбар юм. Өөрөөр хэлбэл, Монголын банкуудыг чадваргүй гэдэг дөрөөлөөд Монголд ашигтай төлбөр тооцоо дамжуулахаас татгалздаг байв. Харин одоо Монголын арилжааны банкууд тэр үеийнхээс чадваржиж, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэн. Гэсэн ч 7-8 жилийн өмнө энэ санаачилга дахин гарсан ч ажил хэрэг бололгүй нам дарагдсан. Үүнд монголчууд гайхдаг. Хэрэв Оюу толгойн төлбөр тооцоо Монголын банкуудаар дамжвал хамгийн эхлээд хяналт сайжирна. Мөн манай улсын банк санхүүгийн хувьд хүчирхэг болох боломжтой. Нөгөөтэйгүүр, Оюу толгой шиг ийм том төсөл эхэлсэн л бол Монголын үнэт цаасны зах, арилжааны банкууд ямар нэг хэлбэрээр заавал оролцох ёстой. Ийм нөхцөл шаардлагыг манай улсаас заавал тавих ёстой байдаг. Гэвч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. Оюу толгойн төлбөр тооцоо гадаадын банкуудаар дамжиж, үр дүнд нь Монгол Улс санхүүгийн мөлжлөгт өртсөөр байна.
Ер нь бол Оюу толгойн төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээг Монголын банкуудаар заавал дамжуулж, дотоодод бүрэн хянах боломжийг хаасан тодорхой гурван гол эрх зүйн баримт бичиг, олон улсын практик бий. Анх 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгой компани нь гадаад улсад хууль ёсоор банкны данс нээх, түүнийгээ эзэмших, гадаад валютаарх борлуулалтын орлогоо гадаадын банкуудад байршуулах, зарцуулах эрхийг хуульчлан баталгаажуулж өгсөн. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадуур мөнгөн урсгал чөлөөтэй шилжих үндсэн суурь болсон. Цаашлаад 2015 онд байгуулсан Дубайн гэрээ буюу Далд уурхайн төлөвлөгөөгөөр “Оюу толгой” компани гадаадын 15 орчим банк, санхүүгийн байгууллагаас 4.4 тэрбум ам.долларын хамтрагчдын зээл авахдаа Олон улсын банкуудын синдикатын тавьсан шаардлагаар орлогын болон зээлийн дансаа Сингапур, Нидерланд зэрэг хилийн чанадад байршуулахаар тохиролцсон. Олон улсын банкууд зээлээ эргэн төлөгдөх баталгаа гэж үзэн дансыг өөрсдийн хяналтад байлгахыг шаардсан тул Монголын тал үүнийг зөвшөөрсөн байдаг. Үүнээс гадна, Оюу толгойн дансыг Монголбанканд заавал байршуулж хянах хуулийн төсөл яригдаж байсан ч “Төв банкны тухай хуулиар Монголбанк нь аж ахуйн нэгжийн данс хөтөлж, өдөр тутмын арилжааны гүйлгээг дур мэдэн шалгах нь олон улсын банкны стандартад нийцэхгүй, Төв банкны чиг үүргийг зөрчих эрсдэлтэй” гэж үзэн тухайн үед буцааж байв. Түүнчлэн, Оюу толгойн гол толгой компани болох “Рио Тинто” нь Нидерланд зэрэг улсуудтай байгуулсан Давхар татвар төлөхөөс зайлсхийх гэрээг ашиглан санхүүгийн менежментийн зардлаа гадаадад шилжүүлдэг. Энэ нь Монгол Улсын Сангийн яам зэрэг манай улсын зүгээс шууд хяналт тавихад хамгийн том саад болдог.
Түүнээс биш монголчуудад гадаадын хөрөнгө оруулагч, “Оюу толгой” компанийн борлуулалтын орлогыг хураах, хязгаарлах, тэдний орлогоо эзэмших эрхийг нь зөрчих, багасгах, хасах, хаах санаархал огт байхгүй. Зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтын орлого нь бүрэн бүртгэгдэж, “Оюу толгой” компанид бүрэн ордог, данс тайланд тусгагддаг байх, “Оюу толгой” компанийн орлого, өртөг зардал ил тод байх, зардлаас илүү орлогоо зохих журам, хууль, бүртгэл тооцооны дагуу гадаад, дотоодод чөлөөтэй эзэмших, зарцуулахыг хэзээ ч хориглоогүй, хязгаарлахгүй, зөвхөн ил тод, бүртгэл тооцоонд хамрагдаж, орлого, өртөг зардал, ашиг, ногдол ашиг бүрэн тооцоотой байхыг л хүсээд байгаа хэрэг.
Ингэж, талууд нэг нь давуу байдал эдэлж, нөгөө нь санхүүгийн мөлжлөгт өртсөөр байгааг зогсоохын тулд наад зах нь Хөрөнгө оруулалтын гэрээний 9.10-д заасан хөрөнгө оруулагчийн хөрөнгө, валют, бүтээгдэхүүний борлуулалтын орлогыг эзэмших, зарцуулах, төлбөр тооцоо хийхтэй холбогдсон заалтыг өөрчилж чадвал монголчуудын эргэлзээ тайлагдаж, хоёр тал итгэлцэх үүд нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК нь бүтээгдэхүүнээ гадаадад ачуулах, хилийн боомтоор бүтээгдэхүүн гарах үед заавал аккредитив нээсэн, эсвэл компанийн дансанд мөнгө нь орсон байх, тэр нь компанийн болон Монгол Улсын экспортын орлого болон бүртгэгдэж байх шаардлагатай. Ингэж байж “Оюу толгой” компанийн экспортын бүтээгдэхүүний биет хэмжээ, орлого бүрэн бүртгэгдэж, ил тод байх нөхцөл бүрдэнэ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)