Т.САЙХАН
УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцэн улс төрийн нөхцөл байдал нэлээд тогтворгүй байна. Улстөрчид ээлжлэн мэдэгдэл хийж, цаг үеийн анхаарал татсан асуудлаар байр сууриа илэрхийлсээр байна. Өчигдөр болсон улс төрийн үйл явдлаас тоймлон хүргэж байна.

Ерөнхий сайд асан Г.Занданшатар С.Амарсайхан сайдын хийсэн мэдээлэлтэй холбоотой өөрийн цахим хуудастаа мэдэгдэл гаргажээ. Тэрээр “Ар хударгаар “Айсан хүнд аргал хөдөлнө”, “Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг С.Амарсайхан миний нэр төрд халдсан, ор үндэсгүй худал мэдээлэл олон нийтэд тараажээ. Үүнд үнэн юм нэг ч алга. Баримт, бодит үйл явдлаар түүний гүтгэлгийг няцаах нь зүйтэй гэж үзэж байна. Би улс төрөөс холдож, өөрийн сонгосон замаар явж байна. Харин хулгай, худалтай эвлэрэхгүй. Нүүрсчдийн бүлэглэлийн авлига, хулгайн сүлжээ, нам дамнасан хуйвалдаан, хууль ёсыг уландаа гишгэж, хүний эрхийг хөсөрдүүлдэг увайгүй үйлдэл хэрээс хэтэрч байгаа тул ард иргэдтэйгээ хамтран улс төрийн шинэчлэл хийх тэмцлийг эрчимжүүлэх болно.

-А.Намсаманд манай компанийг шүүхийн шийдвэрээр 53.6 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн. Энэ бол валютын ханшийн зөрүүнээс үүдэн хоёр компани ХБНГУ-ын Арбитрын шүүхээр шүүхдэж байгаа асуудал. Харин, А.Намсаманд хууль зөрчин компанийн дансыг хааж байсан. МАК ХХК-ийн хувьд ямар ч өр төлбөрийн асуудал байхгүй. Буруу талаас нь тайлбарлаад байгаа. Саяны хэд хоног энэ А.Намсаманд гэж нөхөр над руу залгасан. Яах гэж над руу залгаад байгаа юм бэ. Би утсыг нь аваагүй. С.Амарсайханы өчигдрийн А.Намсамандын тухай ярьсан яриаг энэ хүнийг мэдэх учраас үнэн гэж итгэхийг хүсэж байна. С.Амарсайханыг арай муухай гүтгэж доромжиллоо.

- "Их засаг кинг" сургууль судалгаанд орсон нь үнэн. Гэхдээ тэр хуучин файл байсан. Одоо тэр сургууль өөрөө татгалзсан учир хамтарч ажиллахгүй. Мөн хотхоны сургууль, цэцэрлэг дээр төрөөс санхүүжилт авч байгаа гэвэл АН-ын дарга О.Цогтгэрэлийн хоёр цэцэрлэг байна. Нийт 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Мөн Л.Гантөмөр сайдын хамаарал бүхий Глобал сургууль төрөөс санхүүжилт авсан байна. Батлагдаагүй төсөв, батлагдаагүй сургууль дээр мөнгө аваагүй сургуулийг мөнгө авсан мэт гуйвуулах алиа, данзан асуудлаа болих хэрэгтэй.

-МАН-ынхан намайг авлигач, хулгайч болгож харагдуулах гэж хичээж байх шиг байна. Амжихгүй шүү гэдгийг хэлье. О.Цогтгэрэлд болоод ТЭСО компанид хувийн цэцэрлэгийн бизнес байхгүй, санхүүжилт аваагүй. Улсын цэцэрлэг байгууллагын дэргэд ажиллахад томоохон аж ахуйн нэгжүүд байр саваар хангаж өгөөч гэдэг хүсэлтийг топ-100 аж ахуйн нэгжид тавьсан. Зөвхөн энэ цэцэрлэг ажиллуулахын тулд ТЭСО таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 500 сая төгрөгөөр тохижуулсан. Тоног төхөөрөмж, хүүхдийн хоолны аяга тавгийг хүртэл стандартын дагуу ТЭСО үнэгүй ашиглуулж байгаа. Ном ёсоор яривал ТЭСО улсаас ашиглалтын түрээсийн зардал авах ёстой. Л.Энх-Амгалан сайд мартаж санадаг өвчтэй болсон бол үзүүлдэг газар нь үзүүлээрэй.

–Ер нь МАН-ын Хууль зүйн сайд нар Б.Энхбаяраас эхлээд гэмт хэрэг ярьсан. Гэмт хэрэг ярих болгондоо нууцтай холбоотой асуудлууд яригддаг. Тиймээс УИХ ажлаа хиймээр байна. Жилийн өмнөөс ШШГЕГ тусгай чиг үүргийн Тагнуулын байгууллагатай үйл ажиллагаагаараа өрсөлддөг болсон байна гэдэг нь чих дэлсээд л байсан.Үүнийг хов жив болгож ярих биш. Үнэхээр ийм байгаа бол хяналт шалгалтаа хийх ёстой. Төр нь төр шиг ажиллаж, шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш, УИХ-ын танхимаас шийдвэр гаргах цаг болсон.

- ШШГЕГ-ын удирдлагууд бүгд сууж байгаад хэвлэлийн хурал хийсэн. Энэ бол санаа зовоохуйц үзэгдэл. Хэзээ ч цагдаа, цэргийн байгууллага улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй. ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг огцруулах талаар цахимаас харлаа. Би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах тухай сонсоогүй, мэдээгүй. Хэзээ ч энэ тухай бодож байгаагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7917)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn