Цусан хангамжийг тогтворжуулж, сайн дураараа, үнэгүй цусаа хандивлах соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор ‘Даян дэлхийд Эхийн хайраар аз жаргал түгээе!’ уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэгээс 2026.03.05-нд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-д "Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” 1788 дахь удаагийн цусны донорын аян зохион байгууллаа.
Сүмийн итгэгчид болон иргэд гээд 100 орчим хүн өглөөний 9.00 цагт ЦССҮТ дээр цуглан, эмч, эмнэлгийн ажилтнуудын зааврын дагуу анкет бөглөж, цусны шинжилгээнд хамрагдаад цусаа хандивласан байна.
“Өнөөдрийн энэ хүмүүнлэгийн үйлсэд оролцож байгаа залуучууд та бүхэн дэлхийн хэмжээнд зохион явагдаж байгаа аянд нэгдэж байгаа гэдгээрээ онцлогтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд цус гэдэг бол суурь тусламж үйлчилгээ байдаг. Хэн нэгний амийг аваръя, цаашлаад ар гэрт нь баяр баясгалан бэлэглэе гэсэн сайн санаа, сайхан сэтгэлийн ийм буяны үйлс нь надад үнэхээр сайхан санагдаж байна. Бурханы сүмийнхэн энэ үйл ажиллагааг 2010 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр зохион байгуулж, эрдэнэт хүний амийг аврах буянт үйлсэд нэгдэн хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээн ЦССҮТ -н захирал АУ -ны доктор Б. Нарантуяа ярилаа.

Дэлхий дахинд улс төр, эдийн засгийн тогтворгүй, хямралтай байдалтай байгаа өнөө үед дайн самууны хөлд олон хүний амь үрэгдэж, цус урсаж байхад эрдэнэт хүний амийг цусаа өгч аваръя гэсэн энэхүү сайн үйлсийн аяны үнэ цэн, ач холбогдол өндөр юм.
“Цусны донорын аянд миний бие 2 дахь удаагаа оролцож байна. Нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь авардаг ийм эрхэм нандин үйлсэд оролцож байгаадаа баяртай байна. Оюутан залуучууд та бүхэн цусаа өгч, үнэгүй хүртсэн зүйлээ үнэгүйгээр бусдад өгч хайр түгээхийг хүсэж байна” хэмээн Бурханы сүмийн итгэгч Г. Сайханцэцэг сэтгэгдлээ хуваалцсан бол итгэгч Л. Амгаланбаатар хэлэхдээ, “Би цусны донорын аянд нэгдэж цусаа өгөхөөр 6 дахь удаагаа маш их баяртай сэтгэлээр оролцож байна. Хүний хамгийн чухал зүйл бол амь нь байгаа. Амийг тэтгэгч цусыг орлуулах зүйл байхгүй учраас энэ үйл ажиллагаанд жил бүр алдахгүй оролцохыг боддог. Өнөөдөр ажлаа зохицуулаад ямар ч байсан ирж оролцож байгаадаа баяртай байна” гэлээ.
Бурханы сүм нь Баянзүрх дүүрэгт байрладаг бөгөөд нийгмийн хариуцлагаа сайн биелүүлэх хүрээнд хороотойгоо тогтмол хамтран ажиллаж иржээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн 4 -р хорооны зохион байгуулагч н. Жайнагуль, “Бурханы сүм 2008 оноос хойш БЗД -ийн 4 -р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хугацаандаа манай хорооны ахмад настнууд, зорилтод бүлгийн иргэд, хүүхэд багачуудад тусламжийн гараа сунган хүмүүнлэгийн олон чиглэлээр тогтмол хамтарч ажиллаж ирсэн. Манай дүүрэг донор дүүрэг болсон. Ийм сайхан үр дүнд хүрэхэд Бурханы сүмийнхэн тодорхой хувь нэмэр оруулсан, мөн оруулсаар байгаад хорооныхоо хамт олны зүгээс болон иргэдийн зүгээс талархаж байна. Маш олон хүнийг хамруулсан, өргөн цар хүрээтэй, олон хүний зүрхэнд хүрсэн өнөөдрийнх шиг ийм гоё үйл ажиллагаа цаашдаа ч үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний нэр болох Алгасал баяр (Passover) нь “гай гамшиг алгасан өнгөрөх” гэсэн утгатай Библийн баяр юм. Есүс Христ загалмайд цовдлогдохынхоо өмнө Өөрийн мах, цусыг бэлгэдсэн талх, дарсаар шинэ гэрээг тогтоож, нүглийн уучлал болон мөнхийн амь амласан өдөр аж. Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг нь хүн төрөлхтний амь аврах Христийн хайрыг илэрхийлэхийн тулд дэлхий даяар цус хандивлах буухиа аяныг идэвхтэй өрнүүлж байгаа юм байна.
Тус сүмийн Гэрэлхүү пастор хэлэхдээ, “Цусаа өгөх нь хэн нэгний амь насыг аварч буй үнэ цэнтэй үйлс” хэмээгээд “Алгасал баярт агуулагдсан Христийн хайрыг эргэн санаж, цусны хомсдолоос болж амь нас нь аюулд орсон хүмүүсийг аврахын төлөө итгэгчид маань сэтгэл нэгдэн оролцлоо” гэв.
Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар нийгэмлэг (watv.org/mn) нь жил бүр “Алгасал баярын хайр, амь бэлэглэх хайр” цусны донорын аяныг зохион байгуулж, амь нас нь аюулд орсон хүмүүсийг дэмжин, цусны нөөцийг тогтворжуулахад хувь нэмэр оруулсаар ирсэн. 2025 оны байдлаар 466 хүн цусаа өгсөн бөгөөд нэг хүн цусаа өгөхөд гурван хүний амь авардгийг тооцвол нийт 1398 хүний амь аварсан гэсэн үр дүнтэй байна.

Мөн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эмзэг бүлгийнхэнд туслах, боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, цас цэвэрлэх, “КОВИД-19” цар тахлын халдвараас сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлэх, малчдад хандив тусламж үзүүлэх, тохижилт үйлчилгээний ажилтнуудыг дэмжих зэрэг олон талт сайн дурын үйл ажиллагаагаа зохион байгуулжээ. Өнгөрсөн жил л гэхэд Hold Hope аяны хүрээнд, Цагаан сар, Ахмадын баярыг угтан эмзэг бүлгийн ахмадууд болон бага насны хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн байна.
Уур амьсгалын өөрчлөлт улам хурцдаж буй энэ үед 1000 гаруй мод тарьж, хот суурин, ой мод, гол мөрний цэвэрлэгээг тогтмол зохион байгуулан байгаль хамгаалах, нийгэмд хамтын үнэ цэнийг түгээхэд хувь нэмэр оруулж байна. Эдгээр үйлсийг нь үнэлж Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яам, Ус сувгийн удирдах газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс жуух бичиг, талархал, хүндэт өргөмжлөл хүртээжээ.
Дэлхийн 175 орны 7800 гаруй бүс нутагт байгуулагдсан тус сүм нь Библийн сургаалын дагуу Эцэг Бурхан болон Эх Бурханд итгэдэг дэлхийн хэмжээний сүм юм. 1964 онд БНСУ-д үүсгэн байгуулагдаж, энэ жил 62 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. “Хөршөө өөрийн адил хайрла” хэмээх Христийн сургаалын дагуу олон чиглэлээр сайн дурын үйл ажиллагаа өрнүүлсээр иржээ. Өдийг хүртэл тэд дэлхийн улс орнуудад цусны донорын хөдөлгөөн, байгаль орчны цэвэрлэгээ, эмзэг бүлгийнхэнд туслах, гамшгийн дараах тусламж, соёлын хөгжлийг дэмжих зэрэг 45,000 гаруй удаагийн үйл ажиллагаа явуулж, дэлхий нийтийн хөгжил, эв нэгдэлд хувь нэмэр оруулсан байна.
Идэвхтэй, тууштай сайн дурын үйл ажиллагаа өрнүүлснийг нь үнэлэн, улс орнуудын засгийн газар, байгууллагуудаас нийт 5400 гаруй шагнал хүртжээ. Үүнд БНСУ-ын гурван засгийн газраас Ерөнхийлөгчийн шагнал, АНУ-ын дөрвөн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын шагнал, Английн Хатан хааны сайн дурын ажлын шагнал, Бразилын хууль тогтоох байгууллагын хүндэт одон, Перугийн Үндэсний Конгрессын одон болон байгаль орчны дээд шагнал гэх мэт багтаж байгаа юм байна.
