Ц.МЯГМАРБАЯР
Ирэх жилийн улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ цаг үед эдийн засаг ирэх жил хэрхэх нь олон хүний анхаарлыг татаж байгаа. Тэр тусмаа хөгжиж буй эдийн засагтай, хоёр хөршийн эдийн засаг, дотоод улс төр, БНХАУ-ын уул уурхайн түүхий эдийн эрэлтээс хамаардаг Монгол орны хувьд 2026 оны хүлээгдэж буй төлөв, төсөөлөл, таамаг чухал сэдэв юм. Манай эдийн засагчид ирэх оны эдийн засгийн таамаг төсөөллөө олон улсын судалгааны байгууллагуудын судалгаанд үндэслэн хийж байна. Тухайлбал, эдийн засагч Б.Дөлгөөн, Н.Энхбаяр нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Ирэх оны эдийн засаг, уул уурхайн бүтээгдэхүүн, металлын үнэ ханш хэрхэх талаар тэд дараах байр суурийг илэрхийлэв.

-Бараа, бүтээгдэхүүн тэр дундаа металлын үнийн таамаглалыг харахад зэсийн үнэ цаашид өсөхөөр байна. 2025 оны байдлаар Монгол Улсын нийт экспортын 36 хувийг зэс эхэлж байна. Тэгэхээр зэсийн үнэ унана гэсэн эрсдэлгүй учраас энэ нь биднийг тайвшруулах хүчин зүйл гэж харж болно. Алтны үнэ энэ жилийн тухайд түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн. Гэхдээ 2028 онд 3300 ам.долларт хүрч унахаар байгааг АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк болон бусад банкнуудын олонх нь таамаглаад байна.
Нүүрсний үнэ сүүлийн арван жилийн хугацаанд болон зарим нэг Хөрөнгө оруулалтын банкнуудын таамгуудаас анзаарахад тэр дундаа кокс нүүрсний үнэ унах, эсвэл өсөх хүлээлт харагдахгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд буюу 2022,2023 онд Хятадын зах зээлд нүүрсний үнэ урд, өмнө нь байгаагүйгээр дөрөв дахин өссөн. Одоо буцаад бууж байгаа энэ үнийн бууралтад манай эдийн засаг буруу тооцоолол хийсэн. Өөрөөр хэлбэл үнийн хэт өсөлтөөс шалтгаалж, төсөв, санхүү, эдийн засгийн тэлэлтээ өөдрөг төсөөллөөр тооцсон учраас өнөөдрийн хүндрэлтэй байдалд орж байна. 2026 онд эдийн засаг 2025 оны сүүлийн хагас жилийн түвшнээс буухгүй. Тиймээс нүүрсийг хэр хэмжээгээр экспортолж төсөвт тэр хэмжээгээр орлого орж ирэх тооцооллоо зөв хийх хэрэгтэй. Ингэснээр төсөвт ирэх дарамт бага байх болно.
Ерөнхийдөө ирэх онд эдийн засагт тодорхой бус, тогтворгүй байдал хамгийн ихээр сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Гадаад болон дотоодын "уур амьсгал" улам ээдрээтэй, тодорхой бус, тогтворгүй байдал нэмэгдэж байгаа нь улс орнуудад сорилт төдийгүй хөрөнгө оруулалт буурах, хумигдах, инфляцын дарамт үргэлжлэх, худалдааны өсөлт саарах, дэлхийн нөлөө бүхий томоохон эдийн засгууд удаашрах зэрэг олон сөрөг байдал бий болгохоор байгаа. Тухайлбал, АНУ-ын худалдааны бодлого, тарифын алхмууд дээрх байдалд томоохон нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн Америкийн эдийн засгийн идэвхжил сулрах төлөв таамгийг олон улсын судалгааны байгууллагууд дэвшүүлж эхэлсэн. Хөрш зэргэлдээ хоёр орны эдийн засгийг анхаарч харахад хойд хөрш ОХУ-ын эдийн засаг 2026 онд улам агших, эдийн засаг нь зогсонги байдал руу орох буюу хямралын төлөв байдалд улам гүн шилжих хандлагатай. Өмнөд хөрш БНХАУ-ын хувьд эдийн засгийн бүтцийн шилжилт үргэлжилж байна. Тус улс хөрөнгө оруулалтаас хэрэглээнд суурилсан эдийн засгийг бий болгохоор зорьж буй.
Хэрэглээнд суурилсан эдийн засаг нь тогтвортой хөгжлийн гарц гэж өмнөд хөрш үзэж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналтаас шалтгаалан гангийн зах зээлийн эрэлт буурсан, энэ байдал 2026 онд ч үргэлжлэн хадгалагдахаар байна. Мөн нэг зүйлийг онцолж хэлмээр байна. AI-гийн тусламжтайгаар АНУ-д үйлдвэрлэлийн машины ажиллах зарчим өөрчлөгдөж, химийн шинэ томьёо болон шинэ материалуудыг гаргаж ирж байна.
AI-гаар хиамны жорыг гаргаад ирсэн байх жишээтэй байна.Тэгэхээр бид юунд санаа зовох вэ гэхээр тэнд нэвтрээд, илүү бага ажиллах хүч, илүү бага зардлаар илүү их ашиг олж чадаж байгаа байдал Монгол шиг улсад орж ирэхэд манайхан өрсөлдөж чадах уу. Тиймээс бид энэ гарч буй шинэчлэлтүүдийг яаж илүү хурдан авчирч аль салбарт хөгжүүлэх вэ гэдэг чухал. Түүнээс биш төр, засаг үүнийг авчирна гэсэн юм байхгүй. Өнөөдөр манайд ажил хаялт, цалингийн нэмэгдэлтэй холбоотойгоо төсвийн бодлого нэлээд өөрчлөгдөж, дотоод зардлуудаа эргэж харах ёстой болж байна. Ирэх онд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүйгээр байна. Мөн үнийн өсөлт үргэлжлэх эрсдэлтэй байна.

-Түүхий эдийн үнийн өсөлтөөс хамааралтайгаар манай улсын төсөв маш савлагаатай байдаг. Өнгөрсөн 2023,2024 онд нүүрсний үнэ өсөлттэй сайн байсан. Хятад улсын нүүрсний хэрэглээ өндөр байсантай холбоотойгоор манай нүүрсний экспорт хоёр жил дараалан найман тэрбум ам.долларыг давсан. Нүүрсний үнийн оргил үе тогтвортой байдаггүй. 2026 онд 90 сая тонн нүүрс экспортлох гэсэн тоо тавьсан ч энэ нь Хятадын хоёр их хурлаас хамаарч тоо буурах магадлалтай. Үнэ ямар байх талаар одоогоор мэдэхгүй байна. Тиймээс савлагаанаас сэргийлсэн бодлого хэрэгтэй. Геополитикийн эрсдэл, худалдааны тариф зэргээс хамаарч Төв банкнууд, хөрөнгө оруулагчид алтыг сонгож хадгаламж хийх сонирхол давамгайлж байгаа тул алтны үнэ ханшийн өсөлт ирэх 2026 оны хагас жилд үргэлжилнэ гэж олон тооны, нэр хүнд бүхий арилжааны банкнууд, Хөрөнгө оруулалтын сангийн шинжээчид үзэж байна.
Энэ оны эхний есөн сарын байдлаар 1.647.0 мянган тонн зэсийн баяжмалыг экспортод гаргасан. Өнгөрсөн 2024 онд бүтэн жилдээ 1.695.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолж 3.3 тэрбум ам долларын орлого олсон. Энэ оны эцэс гэхэд манай улсын зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 сая тонныг давж, орлого нь 5.3 тэрбум ам долларт хүрэх төлөвтэй байна. Ийнхүү нэг жилийн дотор зэсийн баяжмалын экспортын орлого (биет хэмжээ болон үнийн өсөлтөөр) даруй 2.0 тэрбум ам доллароор нэмэгдэхээр байна. Хэрвээ энэ жил зэсийн баяжмалын орлого ийнхүү нэмэгдээгүй байсан бол Монгол Улсын экспорт ихээхэн хэмжээгээр буурч, улмаар улсын төсөвт маш их хүндрэл үүсэж болзошгүй байлаа.Урт хугацаанд экспортын орлогыг, эдийн засгийг төрөлжүүлэхийн маш чухал ач холбогдолтой нь энэ юм.
Алтны ханш энэ онд өссөн ч Монгол банкинд алт тушаалт 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Оны эхний арван сарын байдлаар нийт 2829 кг алт худалдан авсан ч энэ нь өмнөх оны мөн үеэс ийнхүү буурчээ. Монгол банк үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог. Энэ оны аравдугаар сард алт худалдан авах дундаж үнэ 466.946.14 төгрөг байсан. АНУ болон Хятад улсын хооронд тариф, худалдааны асуудлаар нааштай яриа хэлэлцээ хийсэн, Израйль -Хамасын хоорондын, Тайланд -Камбодж улсын хоорондын мөргөлдөөн намжсан зэрэг олон улсын зарим мэдээллийн улмаас олон улсын зах зээлд алтны үнэ ханш түр хугацаанд суларч байна. Түүнчлэн Орос -Украйны дайн үргэлжилж, дараагийн шатанд гарах төлөвтэй байгаа тул энэ оны эцэс, ирэх оны эхээр алтны үнэ ханш дахин өсөж 5000 ам долларыг ч давж болзошгүй гэж Төв банкнууд, хөрөнгө оруулалтын сангийн олон шинжээчид таамаглаж байгаа.
Тэгвэл энэ жилийн эхний есөн сарын байдлаар нүүрсний үнэ ханш буурсны улмаас нүүрсний экспортын орлого оны эхний есдүгээр сард 2.6 тэрбум ам доллароор буурч, үүний улмаас төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 610 гаруй тэрбум төгрөгөөр буураад байна. Ийнхүү түүхий эдийн орлогод тулгуурласан улс оронд гэнэт орж ирсэн орлогыг бүгдийг зарцуулж болохгүй, тусгай санд хуримтлуулж байх хэрэгтэй гэдгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд байнга хэлж, анхааруулсаар ирсэн. Өнгөрсөн онд цаашид байнга их орлоготой байх юм шиг аашилж төсвийн зарлагыг 27 их наядаас 35 их наяд хүртэл огцом хөөргөж, олон тооны үрэлгэн төслийг баталсны үр дагаврыг өнөөдөр бид хүртэж багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг тавьж байна. Түүхий эдийн богино хугацааны өсөлт ийм л сөрөг үр дагавартай. Төсвийг хэт ихээр тэлэх нь, иргэдийн дунд улсын төсөв их мөнгөтэй байгаа гэсэн төөрөгдөл үүсгэдэг.
Цаашид нэг зүйлийг анхааруулахад 2033 он гэхэд гаднын нэг улсаас авах газрын тосны бүтээгдэхүүний дээд хязгаарыг нийт хэрэглээний 30 хувиас доош байлгах бодлого, хууль хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 214 (7711)