Төмөрбаатарын БАТСАЙХАН
“Асури” сургуулийн захирал, Accepted.mn платформыг үүсгэн байгуулагч С.Батжаргалтай хиймэл оюун ухаан, боловсролын шинэчлэл, Бээжингийн их сургуультай эхлүүлж буй хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Олон нийт таны тухай төдийлөн сайн мэдэхгүй байх. Өөрийгөө танилцуулаач. Мөн “Асури” сургуулийг байгуулсан түүхээсээ хуваалцвал?
-Би мэдээлэл зүйн багш мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд “Accepted.mn” платформыг хөгжүүлж, хүүхэд залуус код бичих, алгоритм сурах боломжийг илүү хүртээмжтэй болгохоор ажилласан. Мэдээлэл зүйн хичээл, ялангуяа алгоритмын ойлголтуудыг уламжлалт аргаар заахад сурагчдад хүндрэлтэй байдаг.
Тиймээс бид сургалтын агуулгыг системчилж, хүүхдүүд бие даан суралцах боломжтой платформ хөгжүүлсэн. Өнөөдөр манай “Accepted.mn” системийг олон нийт үнэ төлбөргүй ашиглаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд таван мянга орчим хэрэглэгч код бичиж, суралцсан байна. “Асури” сургууль маань программ хангамжийн гүнзгийрүүлсэн сургалттай, мэдээллийн технологийн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг.
“Accepted.mn” платформын үргэлжлэл болгон байгуулсан гэж хэлж болно. Миний хувьд зөвхөн анги танхимд цөөн хүүхдэд хичээл заагаад явах бус, илүү олон хүүхдэд алгоритм, программчлалын мэдлэг хүргэхийг зорьсон. Тиймээс сургалтын арга барил, агуулгаа системчилж платформ хөгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар манай сургуульд 600 орчим сурагч суралцаж байна.
-Ер нь сургуулиа байгуулснаас эхлээд өнгөрсөн хугацаанд мэдээлэл зүй, программ хангамжийн салбар маш хурдацтай хөгжчихлөө. Тийм үү?
-Тийм ээ. Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Бидний гурав, дөрвөн жилийн өмнө төсөөлж, төлөвлөж байсан зүйлс өнөөдөр бүр илүү хурдтай өрнөж байна. Технологийн хөгжил бүтэн нэг үеийг сольчихсон мэт хэмжээнд хүрсэн. Тиймээс өмнөх хурдаараа ажиллах боломжгүй болжээ. Бид хиймэл оюун ухааны эрин үе рүү шилжих шаардлагатай болж байна. Өнөөдөр хүмүүс өдөр тутмын олон ажлаа заавал өөрийн гараар хийх шаардлагагүй болсон. Хиймэл оюун ухаан олон салбарын ажлын арга барилыг өөрчилж байна. Гэтэл манай ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хэрэглэж байгаа сурах бичгүүдэд одоог хүртэл хиймэл оюун ухааны тухай ойлголт бараг тусгагдаагүй хэвээр байгаад жаахан харамсалтай байдаг. Дэлхий бол аль хэдийн дараагийн түвшинд шилжчихсэн. Дэлхийн хөгжингүй орнууд аль хэдийн судалж, боловсролын салбартаа нэвтрүүлээд эхэлчихсэн. Зөвхөн судлаад зогсохгүй бодит хэрэглээнд оруулж, сургалтын агуулгадаа нэгтгэн, сурагчдын заавал эзэмших ёстой мэдлэгийн нэг хэсэг болгож байна.
-Хиймэл оюун ухааны хэрэглээг хүмүүс хүлээн зөвшөөрөхөөс гадна сул талыг ч их ярьдаг. Сул тал гэж бий юу?
-Бид сул талаас нь илүү давуу талыг нь харах хэрэгтэй. Хэрхэн зөв ашиглах вэ, боловсролын системдээ хэрхэн үр дүнтэй нэвтрүүлэх вэ гэдэг тал дээр илүү анхаарах ёстой. Учир нь хиймэл оюун ухаан бол түр зуурын технологийн трэнд биш. Харин ирээдүйн боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн суурь чадваруудын нэг юм. Анх компьютер бий болж байх үед хүмүүс сул талыг нь голчлон ярьж байгаагүй. Харин хэрхэн ашиглах вэ, хэрхэн амьдралдаа нэвтрүүлэх вэ гэдэг талаас нь харж байсан. Үр дүнд нь компьютер өнөөдөр хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болсон. Хиймэл оюун ухаан ч мөн ялгаагүй. Бидний амьдралын хэв маяг бүхэлдээ илүү хялбар, илүү ухаалаг шийдэл рүү шилжиж байна. Өдөр тутмын олон ажлыг автоматжуулах, мэдээлэл боловсруулах, суралцах, бүтээмжээ нэмэгдүүлэх зэрэгт хиймэл оюун ухаан асар том боломж. Өнөөдөр бидний харж байгаа энэ өөрчлөлт бол ердөө эхлэл нь гэж хэлж болно.
-Бусад улс орнууд хиймэл оюун ухааны боловсролыг хэрхэн нэвтрүүлж байна вэ. Бид тэднээс хэрхэн суралцах ёстой юм бэ?
-Саяхан манай багийнхан Бээжингийн их сургуульд очиж танилцаад ирлээ. Мөн энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг технологийн компаниуд, дунд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүдээр явж, боловсролын тогтолцоотой нь газар дээр нь танилцсан. Тэд хиймэл оюун ухааны боловсролыг нэгдүгээр ангиас нь эхлэн зааж байна. Бага ангийн хүүхдэд шууд программчлал заахгүй. Харин хиймэл оюун ухаан гэж юу вэ, хүн компьютерт хэрхэн даалгавар өгдөг вэ, технологитой хэрхэн ажиллах вэ гэсэн суурь ойлголтуудыг өгч байна. Хүүхдүүд анги ахих тусам мэдлэг нь шат дараатай гүнзгийрч, ахлах ангид хүрэхдээ хиймэл оюун ухааны хэрэглэгч биш, харин бүтээгч болох, хиймэл оюун ухааныг удирдах түвшинд хүрч байна. Зарим сургууль нь бүр өөрсдийн сургалтын зориулалттай хиймэл оюун ухааны систем хөгжүүлчихсэн байх жишээтэй. Тэндхийн боловсролын тогтолцоог харахад ерөнхийдөө инженерчлэлийн сэтгэлгээг багаас нь төлөвшүүлдэг юм байна. Сурагчдыг зөвхөн онол үзэхээс илүү бодит туршилт, практик ажилд тулгуурлан сургадаг.
Харин манайд хичээл цаасан дээр төвлөрсөн хэвээр байна. Жишээлбэл, хими, физик зэрэг туршилтад суурилсан хичээлүүд хүртэл ихэвчлэн бодлого бодох түвшинд явдаг. Гэтэл тэнд хүүхдүүд хэмжиж болох бүх үзүүлэлтийг багаж төхөөрөмжөөрөө хэмжиж, үр дүнгээ шинжилж, түүн дээрээ үндэслэн дүгнэлт гаргаж, инженерчлэлийн шийдэл боловсруулах хүртэл ажилладаг. Онол цээжлүүлэхээс илүүтэйгээр асуудал шийдвэрлэдэг, бүтээдэг, инженерчилдэг хүн болгон төлөвшүүлэхэд чиглэж байгаа нь анзаарагдсан.
-Дэлхийн хөгжил биднийг хүлээхгүйгээр дараагийн шатандаа гарч байна. Гэтэл манайхан болгоомжилсоор байгаа нь гэсэн зүйлийг таны ярианаас ойлголоо. Ер нь манай үндэстний онцлог юм болов уу?
-Хүүхдүүд юу мөрөөдөж өсөж байна вэ гэдэгтэй холбоотой. Өнөөдөр Монголд дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц, инновацаараа танигдсан үндэсний хэмжээний томоохон технологийн брэнд цөөн байна. Бидэнд технологийн үйлдвэрлэл, инженерчлэлийн салбарт хүүхдүүдийн бахархаж, дуурайж, хүрэхийг хүсэх бодит жишээ харьцангуй бага. Харин Хятад, Япон, Солонгос зэрэг орнуудыг харахад үндэсний хэмжээний том корпорацууд, дэлхийд танигдсан брэндүүдтэй. Тэнд өсөж байгаа хүүхэд том болоод шилдэг инженер болох, томоохон технологийн компанид ажиллах, шинэ бүтээгдэхүүн бүтээхийг мөрөөддөг. Учир нь тэдний өмнө хүрч болох бодит жишээ, амжилтын загварууд байна.
Гэтэл Монголд хүүхдүүдийн мэдээлэл авч байгаа орчныг харахаар ихэнхдээ улс төр, төсвийн маргаан, авлига, уул уурхайн асуудал зэрэг сэдвүүд давамгайлж байдаг. Ийм орчинд өсөж байгаа хүүхдүүдийн дунд инженер, судлаач, бүтээгч болох мөрөөдөл хэр хэмжээнд төлөвшиж байна вэ гэдэг асуулт гарч ирдэг. Мэдээж бүх хүүхэд тийм биш. Гэхдээ үндэсний хэмжээнд харахад шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн салбарт хүрэхийг хүсэх сэдэл төрүүлэх орчин, үлгэр дуурайлал бидэнд илүү их хэрэгтэй. Нөгөө талаас өрсөлдөөний орчин ч ялгаатай. Жишээлбэл, Дэлхийн шилдэг их сургуулиудад элсэхийн тулд сая сая хүүхэд өрсөлдөж байна. Ийм өрсөлдөөн нь хүүхдүүдийг багаас нь суралцах, өөрийгөө хөгжүүлэх хүчтэй сэдэлтэй болгодог.
Харин Монгол Улс хүн ам цөөнтэй, байгалийн баялаг ихтэй улс. Энэ нь өөрийн гэсэн давуу талтай ч нөгөө талаас өрсөлдөөний орчин, хөгжлийн хурдад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Үүн дээр баялгийн менежмент, боловсролын бодлого, технологийн хөгжил зэрэг олон хүчин зүйл давхар нөлөөлж байна. Тиймээс миний бодлоор бид зөвхөн хөтөлбөр шинэчлэхээс гадна хүүхдүүдэд мөрөөдөл төрүүлэх үндэсний хэмжээний инженерчлэл, инновацын соёлыг бий болгох хэрэгтэй. Ингэж байж дэлхийн технологийн хөгжлийн хурдтай илүү ойр алхах боломж бүрдэнэ.
-Монголчуудын оюуны чадамж өндөр гэж ярьдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Монгол хүн асар сайн сурч чаддаг. Бид чинь ердөө 3.5 сая орчим хүн амтай улс шүү дээ. Гэтэл олон улсын математикийн олимпиад болон сурагчдын томоохон тэмцээнүүдийн үр дүнг харахад Монгол Улс хүн амынхаа хэмжээтэй харьцуулахад маш өндөр амжилт үзүүлдэг. Сүүлийн жилүүдэд бүр алтан медалийн амжилт ч тасрахаа больсон.Энэ нь монгол хүүхдүүдийн сурах чадвар, оюуны потенциал өндөр байгааг харуулж байгаа хэрэг. Тэгэхээр бидэнд сурах чадвар байхгүйдээ биш, харин тэр чадварыг зөв хөгжүүлэх орчин, тогтолцоо нь илүү чухал байна гэсэн үг.
-Ер нь хүмүүс хиймэл оюун ухааныг зөвхөн ChatGPT-ээс асуулт асуудаг зүйл мэт ойлгох нь бий. Таны харж байгаагаар хиймэл оюун ухааны жинхэнэ үнэ цэн нь юунд байна вэ?
-Хиймэл оюун ухааныг зөвхөн асуулт хариулдаг чатбот гэж ойлгож болохгүй. Хиймэл оюун ухааны хамгийн том өөрчлөлт нь хүн бүр өөрийн гэсэн дижитал туслахтай болох боломжийг бий болгож байгаа явдал юм. Өмнө нь жижиг, том олон ажлыг заавал хүнээр хийлгэх шаардлагатай байсан бол одоо тэдгээрийн тодорхой хэсгийг хиймэл оюун ухаанд даалгаж болно. Өөрөөр хэлбэл, таны хажууд 24 цагийн турш ажиллах туслах байна гэсэн үг. Тэр туслахыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сургаж, тодорхой ажлуудыг хийлгэж, бүр олон төрлийн хиймэл оюуны шийдлүүдийг хооронд нь холбон илүү том үр дүн гаргах боломжтой. Энд хамгийн чухал нь хиймэл оюун ухаан зөвхөн программистуудын хэрэгсэл байхаа больсон. Өмнө нь ямар нэгэн программ, үйлчилгээ бүтээхийн тулд заавал код бичиж чаддаг байх шаардлагатай байлаа.
Харин өнөөдөр энгийн хүн ч үгээрээ, бичгээрээ хүссэн зүйлээ тайлбарлаж, хиймэл оюун ухаанд ойлгуулан тодорхой үр дүн гаргуулж чаддаг болсон. Өөрөөр хэлбэл, урьд нь программист хүний олон жилийн мэдлэг шаарддаг байсан зарим ажлыг өнөөдөр зөв асуулт асууж, зөв даалгавар өгч чаддаг хүн хийх боломжтой болж байна. Хиймэл оюун ухааны хамгийн том давуу тал нь технологи бүтээх боломжийг цөөн хүний гарт биш, илүү олон хүнд нээлттэй болгож байгаа явдал гэж би хардаг.
- Тэгэхээр та бүхэн Бээжингийн их сургуультай хамтран ажиллаж, тэндхийн сайн туршлагаас бага ч нутагшуулах чиглэлийн ажлыг эхлүүлсэн байна. Тийм үү?
-Бээжингийн их сургуультай хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөсөн. Хамгийн эхний төсөл бол монгол хүүхдүүдийг Бээжингийн их сургууль дээр аваачиж, зуны сургалтад хамруулах хөтөлбөр юм. Бээжингийн их сургууль болон Циньхуа их сургуулийн багш, профессор, шилдэг төгсөгчдийн оролцоотойгоор хиймэл оюун ухааны чиглэлийн сургалтууд орно. Гэхдээ энэ нь зөвхөн анги танхимын сургалт биш, сурагчид Бээжин хотын технологийн хөгжил, инновацын орчинтой танилцаж, судалгааны байгууллага, технологийн төвүүдээр зочилно. Жишээлбэл, Baidu буюу хятадын google, tencent буюу wechat, pubg-г хөгжүүлсэн, jd.com, Хятадын silicon valley буюу цахиурын хөндийн хөгжил, хятадын шинжлэх ухаан технологийн музей гэх мэт газраар орно. Бидний зорилго бол хүүхдүүдэд зөвхөн мэдлэг олгохоос гадна том мөрөөдөлтэй болох, боломжийг олж харах, дэлхийн түвшний өрсөлдөөн хэрхэн өрнөдөг талаар бодит ойлголт өгөх юм. Энэ зунаас сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
-Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, шинэ зүйл сургах тал дээр илүү анхаардаг болсон. Тэгэхээр танай зуны хөтөлбөрийн онцлог нь юу вэ?
-Энэ удаагийн зуны хөтөлбөрт 9-12 дугаар ангийн ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой. Хөтөлбөрийн хүрээнд сурагчид Бээжингийн их сургууль дээр очиж, хиймэл оюун ухааны чиглэлийн сургалтад хамрагдана. Мөн Хятадад хиймэл оюун ухаан, технологийг боловсрол болон өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглаж байгааг биечлэн харж, мэдрэх боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрийн хамгийн том зорилго нь зөвхөн мэдлэг олгох биш. Бид хүүхдүүдийг мөрөөдөлтэй болгохыг хүсэж байна. Миний бодлоор мөрөөдөл гэдэг зүйл зөвхөн сонссоноор биш, харж үзэж, биеэр мэдэрч байж бий болдог. Дэлхийн хэмжээний их сургууль, технологийн төвүүд, инновацын орчныг нүдээрээ харсан хүүхэд ирээдүйгээ өөр өнцгөөс төсөөлж эхэлдэг. Өнөөдөр бид бүгд л дэлхийд томоохон корпорацууд, шилдэг их сургуулиуд байдаг гэдгийг мэднэ. Гэхдээ тэдгээрийг бодитоор үзэж, тэндхийн орчин, соёлыг мэдэрсний дараа л “Би ч гэсэн ийм түвшинд хүрч чадна”, “Би энд суралцахыг хүсэж байна” гэсэн бодит зорилго, тэмүүлэл төрдөг. Тиймээс манай зуны хөтөлбөрийн цаад агуулга нь зөвхөн сургалт биш, харин хүүхдүүдэд илүү том боломжийг харуулах, илүү том мөрөөдөл тээж ирэхэд нь туслах явдал юм.
-Бээжингийн их сургуулийн онцлог нь юу вэ. Бид юунаас нь суралцах ёстой гэж харсан бэ?
-Бээжингийн их сургууль 130 жилийн түүхтэй, дэлхийн шилдэг их сургуулиудын нэг. Өнөөдөр дэлхийн их сургуулиудын чансаанд тогтмол дээгүүр эрэмбэлэгддэг, асар хүчтэй судалгаа, инновацын орчинтой байгууллага юм. Миний хувьд хамгийн чухал зүйл нь зөвхөн сургуулийн нэр хүнд биш. Харин дэлхийн хэмжээний эрдэмтэн, судлаач, профессор, шилдэг төгсөгчидтэй уулзаж, тэднээс шууд суралцах боломж юм. Хүүхдүүд тэнд очоод дэлхийн түвшний багш нараар хичээл заалгах, шилдэг оюутнуудын орчинтой танилцах үедээ “Энэ чинь тийм ч хол зүйл биш юм байна”, “Би ч гэсэн хичээвэл ийм түвшинд хүрч болох юм байна” гэсэн итгэл үнэмшил авна.
Бээжингийн их сургуультай ийм хэлбэрийн хамтын ажиллагааг эхлүүлж байгаа сургуулиудын нэг нь манай “Асури” сургууль болж байгаадаа баяртай байна. Хүн бүр мэргэжлийн программист болох албагүй. Гэхдээ хүн бүр технологийн суурь мэдлэгтэй, алгоритмын сэтгэлгээтэй байх ёстой. Өмнө нь хүмүүс hard skill, soft skill-ийн талаар их ярьдаг байсан. Харин өнөөдөр түүн дээр digital skill буюу дижитал ур чадвар нэмэгдсэн. Орчин үеийн хүн бүр технологийг ойлгож, ашиглаж чаддаг байх шаардлагатай болсон гэсэн үг. Тийм учраас бид хүүхдүүдэд зөвхөн хичээл заахаас гадна тэмүүлэл, мөрөөдөл бий болгохыг зорьдог.
Ер нь бид өөрсдөөсөө нэг асуулт асуух хэрэгтэй. “Би үнэхээр орчин үеийн хүн мөн үү” гэж. Жишээ нь, хэрэв би цаг хугацааны машинаар 500 жилийн дараах ирээдүй рүү очлоо гэж төсөөлье. Тэр үед би өөрийгөө шууд орчин үеийн хүн гэж хэлж чадах уу. Мэдээж үгүй. Учир нь тэр үеийн технологи, философи, амьдралын хэв маягийг мэдэхгүй учраас тэр нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй. Тэгвэл өнөөдөр бид өөрсдийн цаг үедээ үнэхээр хөл нийлүүлж явж байна уу. Шинэ технологиудыг ойлгож байна уу. Хиймэл оюун ухаан, дижитал хэрэгслүүдийг бүрэн ашиглаж чадаж байна уу.
Энэ асуултыг хүн бүр өөрөөсөө асуух хэрэгтэй. Учир нь орчин үеийн хүн байна гэдэг зөвхөн өнөө цагт амьдарч байгаа гэсэн үг биш. Харин тухайн цаг үеийнхээ технологи, мэдлэг, хөгжлийн хурдтай хөл нийлүүлэн алхаж чаддаг байхыг хэлнэ гэж би боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 104 (7846)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn