Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

2 цаг 14 мин
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Д.АРИУН

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залгамжилсан угсаатны гэр бүлд 1828 оны есдүгээр сарын 9-нд мэндэлжээ. Лев Толстойн зохиол бүтээл Хаант Орос Улсын үед 10 хэлээр 10 сая гаруй хувь; ЗХУ-ын үед (1918-1986 онд) 3199 удаа, 436,3 сая хувиар 114 хэлээр хэвлэгдсэн гэдэг тоо баримтыг 2020 онд “Анна Каренина” зохиолоос сэдэвлэн жүжиг бичсэн зохиол-орчуулагч Н.Пүрэвдагва тус жүжигт зориулсан сэтгүүлд бичсэн байна. Олон хэвлэлийн газраас гаргасан мэдээлэл тоогоор Лев Николаевич түүхэнд ном нь хамгийн их эргэлттэй байсан шилдэг 15 зохиолчийн тоонд багтдаг. Polit.mn сайт “Төрсөн өдөр” буландаа энэ цаг үед ч бүтээлүүд нь уншигчдын эрэлт сонголт болж, уншигчтай хэвээр байгаа Лев Николаевич Толстойн намтар түүхийг сонирхуулж байна. 

*** *** ***

Язгууртны гэр бүлд төрсөн Толстой эрт өнчирчээ. Түүнийг хоёр нас хүрээгүй байхад ээж нь нас барж, есөн настайдаа аавыгаа алдсан. Тиймээс Толстойн таван хүүхдийн асран хамгаалагч нь тэдний авга эгч Александра Остен-Сакен байв. Хоёр том нь Москва руу нагац эгч рүүгээ нүүж, бага нь Ясная Полянадаа үлджээ. 1841 онд Александра Остен-Саккен нас барж, хүүхдүүд Казаньд авга эгч Пелагея Юшкова руу нүүжээ. Энд ирээд гурван жилийн дараа 1844 онд Лев Толстой нэр хүндтэй Казанийн их сургуульд элссэн байна. Гэвч сургуулиа төгсөлгүй орхин орон нутагтаа ирэн газар тариалан эрхэлж хэдэн жил суужээ. Энэ хооронд зугаа цэнгэлээс гадна  өөрийнхөө мэдэж суралцах зүйлийн төлөвлөгөөг хэл, түүх, анагаах ухаан, математик, газарзүй, хууль, хөдөө аж ахуй, байгалийн шинжлэх ухааныг судлах гэж гаргаж, бас бичих гэж оролдож байсан гэж түүний намтар судлаачид бичсэн байдаг.

Нэг хэвийн энэ амьдрал нь 1951 онд цэрэгт явснаар өөрчлөгджээ. Энэ өөрчлөлт хийх боломж нь түүний ах Николай Ясная Поляна хотод ирсэнтэй холбоотой байдаг. Тэр үед дайн болж байсан Кавказад алба хааж байсан ахтайгаа Лев Толстой нийлэхээр шийджээ. Тэрээр алба хаахаар Кавказ руу явж, тэр үеийн үзсэн харсанаасаа сэдэвлэн “Казахууд”, “Балчир нас” зэрэг хэд хэдэн өгүүллэг бичсэн байна.

1852 оны долдугаар сард Толстой гар бичмэлээ “Современник” сэтгүүлд илгээжээ. Ингэхдээ тус сэтгүүлийн редактор Н.Некрасовт  "...Би таны шийдвэрийг тэсэн ядан хүлээж байна. Энэ нь намайг дуртай ажлаа үргэлжлүүлэхэд урам зориг өгөх юм уу, эсвэл эхлүүлсэн бүхнээ шатаахыг албадах болно " гэсэн захидал хавсаргасан гэдэг. Шинэ зохиолчийн бүтээл сэтгүүлийнхэнд таалагдсан бөгөөд удалгүй "Хүүхэд нас" сэтгүүлд нийтлэгджээ. Үүнээс урам авсан зохиолч үргэлжлүүлэн бичиж, 1854 онд "Современник" сэтгүүлд  “Хүүхэд нас” хэмээх хоёр дахь өгүүллэгээ хэвлүүлжээ.

Л.Н.Толстой Крымийн дайн эхлэхэд тийш очин Севастополийн хамгаалалтад оролцон тулалдаж байжээ. Тэр үед төрсөн сэтгэгдэлээ “Севастополийн өгүүллэгүүд”-дээ бичсэн. “Севастополийн өгүүллэгүүд”-ийн эхнийхэд эх оронч үзэл, Оросын цэргүүдийн эр зоригийг алдаршуулж байсан бол, хоёр дахь өгүүллэг дээрээ ажиллах үед Оросын армиар бахархах сэтгэл нь алга болж, дайны хүнлэг бус байдлын тухай өгүүлжээ.

Л.Толстой 1856 оны сүүлчээр сард цэргийн албыг орхижээ. Алба хаахдаа оролцсон Крымын дайны тухай гурвалсан үнэн бодит түүхүүдийнхээ ачаар Толстой "Современник" сэтгүүлийн Санкт-Петербургийн утга зохиолын дугуйланд элссэн байна.

Дараа нь тэр Петербург хотод очин оросын алдарт сэтгэгчид, зохиолчид болох Н.А.Некрасов, Н.Г.Чернышевский нартай танилцаж, нийслэлд ирээд хэдэн зохиолоо дуусгасан боловч уран зохиолын хүрээний зарим хүмүүстэй зөрчилдөх болсон гэж намтар судлаачид үздэг. Энэ талаар өөрөө “Эдгээр хүмүүс намайг жигшин зэвүүцэж, би өөрөө ч жигшсэн" хэмээн бичиж байжээ. Тайвшрал эрсэн зохиолч 1857 оны эхээр Герман, Итали, Швейцариар аяллахаар явжээ. Тэрээр Парис, Ром, Берлин, Дрезденд зочилж, алдартай урлагийн бүтээлүүдтэй танилцаж, зураачидтай уулзаж, Европын хотуудад хүмүүс хэрхэн амьдарч байгааг нүдээр үзэж сонирхжээ. Гэвч аялал нь Толстойд урам зориг өгөөгүйг сэтгэл дундуур байгаагаа дүрсэлсэн "Люцерн"-ээс мэдэж болно гэж судлаачид үздэг байна.

Дэлхийн олон орны амьдрал ахуйтай танилцаж ирэн Ясная Поляна даа эргэж ирэн тариачдын хүүхдэд зориулан сургууль нээж, хүүхэд залуус зориулсан сэтгүүл эрхлэн гаргаж, хүүхдийн сурах бичиг хэвлэж эхэлсэн байдаг. Энэ үеэс 1805-1820 оны Орос орны хүн ардын ахуй амьдрал, зовлон жаргалыг өргөн хүрээтэй тусгасан зохиол бүтээл бичиж  эхэлсэний дотор “Дайн ба энх” дөрвөн боть алдарт роман ордог. Оросын нийгмийн бүх анги давхаргыг төлөөлөх 560 баатартай хэмээн судлаачид тоолж гаргасан байдаг. 1869 онд Толстой "Дайн ба энх"-ийг дуусгасан. Энэ ном маш их амжилтад хүрсэн. Ингэснээр 1870-аад оны эхэн үед Толстой Оросын хамгийн агуу зохиолчдын нэг гэж тооцогдох болсон байна.  

Их амжилт нэр хүндийн дараа Толстой өвдөж, эмчийн зөвлөснөөр эмчлүүлэхээр явж,  улмаар гэр бүлээрээ Самара руу аялсны дараа  тэрээр "Анна Каренина" романаа 1873 оны хавар эхэлсэн. Энэ алдарт бүтээлээ 1877 онд дуусгасан. 1878 онд анх хэвлүүлжээ.

Лев Толстойн хоёр бүтээлийг судлаачид харьцуулан “Анна Каренина”-д “Дайн ба энх”-д гардаг шиг улс үндэстнийг донсолгосон үйл явдлын талаар бичээгүй гэж байхад нөгөө нэг хэсэг нь аливаа хүнд тулгарч болох амьдралын адармаатай явдлыг цэгцтэй өгүүлэмжид оруулан бичиглэсэн сэтгэл зүйн том бүтээл гэж үнэлдэг. Харин зохиолч өөрөө “Дайн ба энх” бол өнгөрсөн цагийн түүхэн үйл явдал, харин “Анна Каренина” өнөө үеийн амьдралын тухай өгүүлж байгаа бүтээл гэж дүгнэсэн байдаг аж.

Лев Толстойн бүтээлийг судладаг, түүний тухай хэд хэдэн ном бичиж, олон бүтээлийг нь задалж, дүн шинжилгээ хийсэн оросын зохиолч, сэтгүүлч Павел Басинский “Анна Каренина” романы тухай  “Шинээр унших бүрт өөрөөр хүлээж авдаг ийм зохиол ер нь дэлхийд байхгүй болов уу. Энэ роман зохиогчоос үл хамааран өөрийн гэсэн амьдралаар амьдраад байгаа юм шиг санагддаг. Энэ бол энэ романы гайхалтай шинж чанар” хэмээн дүгнэсэн байна. Өнөө цагт кино, балет гэх мэтээр олон уран бүтээл болж байгаа  зохиол бол “Анна Каренина” роман.

Зохиолч-орчуулагч Н.Пүрэвдагва “Дэлхийн уран зохиолд, дэлхийн тэр тусмаа өрнөдийн олон орны шилдэг зохиолчдод уран бүтээлийн шинэ санаа, шийдлийн эх сургамж болсон гэж олон улсын судлаачид үнэлж дүгнэдэг. Лев Толстойн зохиол бүтээл түүний дотор “Анна Каренина” роман нь дэлхийн олон оронд тайз дэлгэцийн бүтээл болон тавигдсан. 1910-1917 он хүртэлх хугацаанд дэлхийн 34 удаа янз бүрийн улс орнуудад тайз дэлгэцийн бүтээл болон тавигдсан” гэдэг тоог гаргасан байдаг.

Лев Толстой харин “Анна Каренина”-г өөрийн шилдэг бүтээл гэж үзэж байгаагүй нь сонин. Тэр өөрийхөө гол бүтээлийг өдрийн тэмдэглэлээ гэж үзэж байсан гэдэг. Л.Толстой 18 наснаасаа эхлээд Казанийн их сургуулийн эмнэлэгт эмчлүүлээд хэвтэж байхдаа өдрийн тэмдэглэлээ бичиж эхэлсэн ба амьдралын туршдаа бичсэн тэмдэглэлүүд нь бараг 30 боть болдог. Орчин үед цахим орчинд Л.Толстойн олон эшлэл дүүрэн байдаг нь энэхүү тэмдэглэлүүдтэй нь холбоотой байдаг байна.

Монгол уншигчид Лев Толстойн зохиол бүтээлийг 1930-аад оноос хэсэгчлэн болон бүрэн эхээр нь эх хэл дээрээ уншиж эхэлсэн гэж судлаачид үздэг байна. Зохиолчийн “Дайн ба энх”, “Анна Каренина”, “Сэхээрэлт” роман; “Балчир нас нас”, “Бага нас”, “Өсвөр нас”, “Найрын дараа”, “Хажи Мурат” зэрэг бүтээл монгол хэлнээ орчуулагдан уншигчдад хүрчээ. Анна Каренина” роман манайд хэд хэдэн хүний орчуулгаар нэг бус удаа хэвлэгдэж байжээ.

Л.Толстой амьдарч байсан цаг үедээ өөрийнхөө уран бүтээлээр, романуудаараа хамгийн шилдэг зохиолчийн тоонд багтаж байсан ч гэлээ үзэл бодлын хувьд нийгэм цаг үетэйгээ зөрчилдөж, хамгийн гол нь өөрөө өөртэйгөө зөрчилдөж байсан. Оросын нийгэм дэх тэгш бус байдал түүний санааг зовоож байжээ. Энэхүү зөрчилт шүүмжлэлт үзэл санаа нь түүний уран бүтээлд тусгалаа олсон байна. Ингэснээр Лев Толстойн уран бүтээлээрээ илэрхийлсэн үзэл бодлын нөлөөн дор Орост шашны болон ёс зүйн бүхэл бүтэн хөдөлгөөн үүссэн гэж судлаачид үздэг байна.  

1899 онд бичсэн “Сэхээрэл” романдаа шүүх засаглал, арми, төр засаг, сүм хийдийг гээд нийгмийн амьдралд бүхэлд нь шүүмжлэлтэй хандсан үзэл бодлыг тод илэрхийлсэн байна. Энэ бүтээлтэй холбоотойгоор сүм хийдийнхэн зохиолчийг сүмээс хөөх шийдвэр гаргаж байжээ. Тодруулбал, 1901 оны хоёрдугаар сард "Сүмийн мэдээ" сэтгүүлд Лев Толстойг сүмээс хөөх тухай зарлиг нийтлэгдэж байжээ. Энэ шийдвэр нь Толстойн алдар нэрийг улам нэмэгдүүлж, зохиолчийн үзэл санаа, итгэл үнэмшилд олон нийтийн анхаарлыг бүр илүү хандуулсан байна.

Лев Толстой 1862 онд 34 настай байхдаа 18 настай Софья Берстэй гэрлэсэн бөгөөд тэд 48 жил хамт амьдарсан. Тэднийг зарим эх сурвалжид 10, заримд нь 13 хүүхэдтэй байсан хэмээн бичжээ. София бол Лев Толстойн нарийн бичгийн дарга, хуулбарлагч, албан бус редактор байсан.

Л.Толстойн тухай сонин баримтууд олон. Тэр хамгийн бага хайртай хүүгээ нас барахад 60 насандаа дугуй унаж сурчээ.  Тэр үед дугуйг хүн бүр унадаггүй, мэддэггүй ер бусын зүйл байхад Толстой тариачдыг айлган дугуйтай давхидаг байжээ. Тэр 60 нас хүртлээ архаг тамхичин байсан. Түүний ах Сергей Николаевич ч бас. Нэг удаа тэр ахындаа ирээд, хоёулаа цонхоор тамхи татан суухдаа ахдаа “Тамхинаас гармаар байдаг. Ер чадахгүй юм” гэж хэлжээ. Ах нь дутуу татсан тамхиа цонхоор няслаад ингээд л болоо шүү дээ гээд инээлдэцгээж байжээ. Дараа нь ахтайгаа уулзахад тамхи татахгүй байгааг хараад асуутал “Би чамд яаж гардагийг харуулсан биз дээ. Тэрнээс хойш би тамхи татаагүй” гэж хэлсэн гэдэг. Үүнээс хойш тэр ахыгаа хүндлэн дахин тамхи татаагүй гэдэг.

Лев Толстой 1910 оны арваннэгдүгээр сарын 20-нд таалал төгссөн. Зохиолчийг өөрийнх нь гэрээслэлийн дагуу Ясная Полянад нь оршуулжээ.

"Жижиг юманд сэтгэл хангалуун байж, бусдад сайн зүйл хий" гэдэг бол Лев Николаевичийн алдартай ишлэлүүдийн нэг билээ.

Эх сурвалж: Polit.mn

 

Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

2 цаг 14 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

5 цаг 19 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

10 цаг 39 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

10 цаг 39 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

10 цаг 39 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

23 цаг 35 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

23 цаг 36 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Өчигдөр 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин