Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.
Дөрвөн ч удаа зохион байгуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан “Kharkhorum” фестивалийн багийнхан Halloween-ний баярыг тохиолдуулан Аравдугаар сарын 31-нд анх удаа “Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоу зохион байгуулах гэж байна.
Хамгийн сонирхолтой нь тэд Halloween-ийг “бүтээлчээр сэтгэх баяр” гэж тодотгосон байна. Ингэж онцолсны учир нь үзэгчдийнхээ хувцаслалт, нүүр будалтыг хайрцаглахгүй гэсэн санаа юм байна.
Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоуны үеэр фестивалийн нэрийн хуудас болох электрон хөгжмөөр доргиохоос гадна олон улсад нэр хүндтэй шилдэг DJ-үүд ирэх гэнэ.
Одоогийн байдлаар шоунд оролцохоор ирэх уран бүтээлчдийн жагсаалтад:

- Supersnake
2018 оноос эхлэн уран бүтээл туурвиж буй түүнийг зарим хүмүүс карьерынх нь эхэн үеийн нэр болох “KAIOS”-оор нь илүүтэй мэднэ. Их Британи, Мексик, Саудын Араб, Грек, Австрали зэрэг олон улсаар аялан DJ сэтүүдээ хүргэхээс гадна цахим орчинд хошин meme бүтээн хүргэдэг нь түүний голлох нэрийн хуудас буюу инстаграмд түүнийг Адриана Лима, Робби Уиллиамс, DJ Tiesto, DJ Diplo, Парис Хилтон зэрэг олон одод дагадаг аж.

- Saint Guel
Saint Guel нь Филиппин гаралтай, Зүүн Өмнөд Азид төвлөрөн ажилладаг DJ, продюсер юм. Тэрээр Тайландын “Wonderfruit” наадам болон Вьетнамын “Equation Festival” зэрэг хөгжмийн наадмуудад тоглож байсан ба DJ сэтүүд нь сонсогчдод найрсаг дулаан, халуун орны чийглэг уур амьсгалыг санагдуулам мэдрэмжийг төрүүлж чаддаг гэнэ.

- Youandewan
Шотланд улсаас гаралтай Small Hours хөгжмийн куратор, DJ Youandewan нь сүүлийн 10 жилийн хугацаанд хаус хөгжмийг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаар баяжуулан, минимал хэмнэлийг бий болгож буй уран бүтээлч аж.

- Gyatso
DJ Gyatso бол “Dekmantel Selectors”, “Lentekabinet”, “Lowlands” зэрэг нэр хүндтэй хөгжмийн наадам, клубүүдэд тоглож байсан туршлагатай уран бүтээлч юм. Түүнийг үзүүлбэрээ үргэлжлүүлэхийг хүссэн үзэгчид тоглолтын танхимыг орхихгүйгээр үл барам эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол нэгээр тогтохгүй тохиолдож байсныг нь онцлууштай.

- Jarreau Vandal
Голландын продюсер, DJ Jarreau Vandal бол хөгжим, загвар гээд урлагийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг авьяаслаг нэгэн юм. Дуучин Rihanna-ийн "Work", Dua Lipa-ийн "New Love", Mahalia-ийн "Sober" зэрэг дууны ремиксүүдээрээ электроник хөгжим сонирхогчдод танигдаж байжээ. Тэрээр өөрийн VANDALIZED нэртэй брэндтэй бөгөөд загварын салбарт мөн идэвхтэй ажилладаг.
“Kharkhorum HALLOWEEN” төрөлжсөн шоуны тасалбарыг boxoffice.mn-ээр худалдан авах боломжтой юм байна. Арга хэмжээ 10-р сарын 31-нд Steppe Arena-д зохион байгуулагдах аж.