Т.БАТСАЙХАН
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав. Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан: Г.Занданшатар дарга уйдаад намайг АТГ-т өгсөн юм шиг байна лээ
Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч нар Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын таван гишүүнийг Салхитын мөнгөний ордын асуудлаар Г.Занданшатарыг гүтгэсэн гэх үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгч буйгаа өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэвлэлд өгсөн тодруулгадаа "Г.Занданшатар дарга хийх ажилгүй болчихоод уйдаад намайг АТГ-т өгсөн юм шиг байна лээ" гэжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: БНСУ-ын гүйцэтгэгч компани солонгосын шүүхээр ороод дампуурлаа зарласан
- 10 аймагт дулааны станц барих ажлын зээлтэй холбоотой асуудлыг Сангийн сайдаас авах нь зөв байх. Төсөл хэрэгжүүлэгч компани нийт зээлийн 42 хувийг буюу 62 сая ам.долларыг төсөлд зарцуулсан. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 47 хувьтай байгаа. Гэхдээ БНСУ-ын гүйцэтгэгч компани солонгосын шүүхээр ороод дампуурлаа зарласан. Бидний хувьд гүйцэтгэгч компанитай холбоотой солонгосын шүүх, маргаантай холбоотой асуудалд оролцохгүйгээр богино хугацаанд энэ төслийг явуулах ёстой гэж Засгийн газар үзэж байгаа. Учир нь есөн аймгийн хэрэглэгч дулааны станцаа хүлээж байна. Тиймээс 2028-2029 оны өвлөөс өмнө ашиглалтад оруулахын тулд маргааныг хүлээхгүйгээр улсын төсөвт зардлыг нь тусгаж өгөөд хурдан хэрэгжүүлнэ.
Хотын дарга Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ
Ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал болж, шинэ даргаа сонгоно. Тодруулбал, одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгож батламжлах юм. Энэ талаар Хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаачлан Чингэлтэй, СХД-ийн Засаг дарга нарыг чөлөөлөх тогтоол гарсан. СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол ЧД-т холбогдох шийдвэр гарсан байдалтай байна" гэжээ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат: 20855 ямааг устгасан байгаа, хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ
-Одоогийн байдлаар ямааны годрон өвчин нэмж бүртгэгдээгүй. Мөн 20855 ямааг устгасан байгаа. “Засгийн газраас эхлээд малчдынхаа хохирлыг барагдуулна. Дараа нь буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Ямаа, ишиг гээд наснаасаа хамаараад үнэлгээ харилцан адилгүй. Ирэх долоо хоногоос үнэлгээг хийж, малчдын хохирлыг барагдуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Буруутай этгээдийг илрүүлэх ажлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв: АИ-92 автобензинийг өртгөөс нь нэмж зарахгүй, харин евро-5 -ийн үнийг чөлөөтэй
-Олон улсын зах зээл дээрх нөхцөл байдлаас шалтгаалан автобензин, дизель түлшний үнийг нэмэгдүүлэх санал ирсэн. Үүний дагуу автобензины үнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Харин дизель түлшний нөөцийг өмнө нь сайн бүрдүүлсэн учраас төвийн болон говийн бүсэд зуны дизель түлш хэрэглэж байгаа.Шатахууны хангамжийг нэн тэргүүнд тавьж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах чиглэл баримталж байна. АИ-92 автобензинийг өртгөөс нь нэмэгдүүлэн зарахгүй байх чиглэл өгсөн бол Евро-5 стандартын автобензиний үнийг чөлөөтэй байлгахаар шийдвэрлэсэн.Томоохон аж ахуйн нэгжүүд өнөө, маргаашдаа үнээ нэмэх бол жижиг аж ахуйн нэгжүүд шатахуунаа борлуулж эхлэх үед үнийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Ингэснээр том, жижиг аж ахуйн нэгжүүдийн борлуулах үнэд 100 төгрөгийн зөрүү үүсэх магадлалтай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7943)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn