Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 20.
Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд цохиулж эндэх хорогдлыг бууруулах хамгааллын ажлын үр дүн болон олон нийтэд зориулсан вэбсайтыг танилцуулах хурал 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр "Новотель" зочид буудлын IV давхрын хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам, Мохамед Бин Зайедын Махчин шувуу хамгаалах сан, Монголын шувуу хамгаалах төв хамтран зохион байгуулав.

Арга хэмжээний үр дүн
Мохамед Бин Зайедын Махчин шувуу хамгаалах сангийн санхүүжилт, дэмжлэгтэй эхэлсэн үндэсний хэмжээний санаачилгын хүрээнд 2019 оноос 2026 оныг хүртэл амжилттай хэрэгжиж буй энэхүү ажлын хүрээнд улсын хэмжээнд 15 аймгийн 110 гаруй сумын 70 түгээх шугамын 28,000 гаруй тулгуурын шонг бүрж, шувуудын үхэл хорогдлыг 95 хувиар бууруулсан байна. Үүнтэй зэрэгцэн эрчим хүчний салбарын цахилгаан түгээх компаниудын засвар үйлчилгээ, хяналтын зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан нь тус ажлын ач холбогдлыг нотолж байна.
Хуралд 60 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тэдгээрийн дунд Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Баянхонгор цахилгаан түгээх сүлжээ, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Багануур-Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Баян-Өлгий цахилгаан шугам сүлжээ, Дархан ЦТК, УБ ЦТК-ны Төв аймаг салбар, Эрдэнэт-Булганы ЦТК-ны Өвөрхангай түгээх болон Хархорин салбар компаниудын инженер, удирдлагууд мөн УБ Төмөр замын эрчим хүч, ус хангамжийн төвийн төлөөлөл оролцлоо. Мөн 14 аймгийн байгаль орчны газрын дарга, мэргэжилтнүүд хүрэлцэн ирэв.

Шинэ вэбсайтын ач холбогдол
Powerline.mbcc.mn
Хурлын хүрээнд нээлтээ хийсэн вэбсайт нь өндөр хүчдэлийн түгээх шугамд махчин шувуу хамгааллын ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай техникийн удирдамж, судалгааны үр дүн, хууль эрх зүйн мэдээллийг нэг дор нэгтгэсэн анхны цахим эх сурвалж болж байна. Цахилгаан түгээх компаниуд, хэрэглэгчид, хувийн хэвшил, байгаль орчны байгууллагууд, судлаачид болон олон нийтэд зориулагдсан энэхүү вэбсайт нь Монгол орны хэмжээнд өндөр хүчдэлийн түгээх шугамд шувуу хамгааллын ажлыг хэрхэн хийсэн болон цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар мэдээлэл олгосон эх сурвалж болох юм. Дэлгэрэнгүй мэдээллийг Монголын шувуу хамгаалах төвөөс авах боломжтой.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 201 (7943)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn