Б.Батжаргал: Blindcare шийдлээ олж авдаг талбар байгаасай

2023-12-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Бидний амьдралд цаг минут тутам олон төрлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлүүд төрдөг. Эерэг мэдрэмжээ бид шингээж авдаг бол сөрөг мэдрэмжээ бусдад илэрхийлэх хэрэгтэй болдог. Илэрхийлж, хуваалцаагүй сөрөг мэдрэмж урт хугацаандаа сэтгэл зүйн асуудлыг үүсгэдэг. Тэгвэл нийгмийн сэтгэл зүйн асуудлыг шийдэхэд туслах зорилготой  аппликейшн болох "Blindcare" ХХК үүсгэн байгуулагч Б.Батжаргалтай ярилцлаа.

 

-Сэтгэлзүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх технологид суурилсан үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байна. Нөгөө талдаа эрэлт ч их байх шиг харагдсан. Тэгвэл “Blindcare” аппликейшн хэчнээн хэрэглэгчтэй болоод байна?

- Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай. Өсвөр насны таван хүүхэд тутмын нэг нь эрсдэлт зан үйл хийдэг. 13-17 насны хүүхдүүдийн 23.7 хувь нь амиа хорлох талаар боддог бол 9.6 хувь нь ямар нэгэн үйлдэл хийж байсан гэх судалгаа бий. Тэгвэл сэтгэл зүйн олон төрлийн үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран авах боломжийг бий “Blindcare” аппликейшнаар дамжуулан олгож байна. Өнөөдрийн байдлаар 100 гаруй мянган хэрэглэгчтэй болжээ. Мөн дотоод болон гадаадын их дээд сургуулиудад сэтгэл зүйч мэргэжлээр суралцан төгссөн, мэргэжлийн ур чадвартай 80 гаруй сэтгэл зүйч зөвлөгөө өгч ажиллаж байна.

-Олон төрлийн үйлчилгээ үзүүлж байна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Хүний эрх болон бэлгийн цөөнхийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ чиглэлээр үйлчилгээний мэдээллийг бид цацаагүй. Гэхдээ аль хэдийнэ хэрэглэгчидтэй болсон байна.

-Гарааны бизнес, энтрепренер гэх үг моод болсон өнөө үед энэ чиглэлд ажиллах залуус ихэссэн ч тухайн бизнесийнхээ арга барил, орон зайг мэдэрч, зөв тооцох чадвартай хүмүүс цөөн харагддаг. Таны хувьд аппликейшнд тулгуурласан сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Би 2010 онд программын мэргэжлээр их сургуулиа төгсөж, MCS группийн компаниудад зургаан жилийн хугацаанд ажилласан. Үргэлжлүүлээд Сэтгэл судлалын үндэсний төв болон ЭнПиСи энд Мандал зэрэг компанид сэтгэл зүйн үйлчилгээг олон нийтэд хүргэх чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлж ажилласан. Энэ үед манай улсад сэтгэл судлаач болон сэтгэлзүйчдийн хүрэлцээ муу байгааг анзаарсан. Нөгөө талдаа нийгэм хөгжихийн хэрээр сэтгэлзүйн асуудал ихсэх болсон. Тиймээс сэтгэлзүйчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх технологид суурилсан үйлчилгээг бий болгох боломжийг эрэлхийлсэн. Гэхдээ бизнес санаа гэхээсээ илүү нийгмийн хариуцлагын хүрээнд хийх ёстой гэж бодсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн асуудлыг шийдэх бизнес загварчлал дээр суурилсан инноваци юм.

Энэ хүрээнд 2017 онд Unicef болон Канадын Ватерлогийн их сургуулийн зохион байгуулсан “Хакатон” уралдаанд чатбот ашиглан өсвөр насны хүүхдүүдтэй яриа үүсгэн сэтгэлзүйн асуудлыг тодорхойлох шийдлийг боловсруулан оролцож тэргүүн байрын шагнал авсан. Энэ нь одоогийн “Blindcare”-ийг үүсгэхэд маш их нөлөөлсөн. Ингээд 2022 оны нэгдүгээр сарын 15-нд анхны хувилбараа “Аndroid” үйлдлийн систем дээр гаргасан. Ингэхдээ энэхүү аппликэйшний тусламжтайгаар асуудалд орсон хүн бүр мэдрэмжээ чөлөөтэй хуваалцаж, мэргэжлийн хүний тусламжтайгаар шийдлээ олж авдаг талбар байгаасай гэж хүссэн.

-Дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулсан гэж байна. Ямар мэргэжлийн хүмүүс байгаа вэ?

-Сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлэх бүтээгдэхүүн бий болгоход сэтгэл судлаач хэрэгтэй. Тиймээс Сэтгэл судлалын үндэсний төвийн үүсгэн байгуулагч Б.Ууганцэцэг, залуу сэтгэл судлаач Ж.Цолмон, Pro grapt буюу дижитал бүтээгдэхүүний шийдлийг боловсруулагч, дизайнер н.Цогтоо болон миний бие хамтран байгуулсан.

-Монгол Улсад сэтгэл судлаачийн нэг цагийн зөвлөгөө 150-200 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Танайх төлбөрийн олон шинэ боломжуудыг бий болгожээ. Энэ талаар?

 -Нэг цагийн хөлс 150-200 мянган төгрөг байгаа нь бусад улс оронтой харьцуулахад хямд боловч амьжиргааны түвшинтэй харьцуулахад үнэтэй. Тиймээс санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үнийн хувьд олон таатай нөхцөлийг бүрдүүлсэн. Асуудал нь хүндрээгүй, анхан шатны асуудалтай хүмүүст мэргэжилтнүүд маань текстэн зөвлөгөө өгдөг. Энэ нь хоёр мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ байгууллагын сурталчилгааны видеог үзэж төлбөргүй дээрх үйлчилгээг авах боломжтой. 24-48 цагийн дотор мэргэжилтэн асуудлын дагуу текстэн зөвлөгөөг илгээдэг. Сэтгэлзүйн тест бөглөж өөрт тохирох зөвлөгөөг авч болно. Үнэ нь мянган төгрөг байдаг. Харин сэтгэлзүйчтэй чат болон аудио, видеогоор холбогдон зөвлөгөө авч болно. Сэтгэлзүйч үнийг нь тогтооно. Мөн сүүлд бид төлбөрийн чадамжгүй хүмүүст зориулан хандив цуглуулах боломжийг нээж өгсөн. Тухайлбал, өсвөр насныхны хувьд төлбөр төлөх боломжгүй байх магадлалтай. Тэгвэл өөрийн асуудлыг нийтэлж бусдаасаа хандив цуглуулах боломжтой.

-Гарааны бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамтад өртдөг. Хөнгөлөлт, урамшуулалд хамрагдаж чадаж байна уу?

-Монголд гарааны бизнесийн хууль дөнгөж яригдаж байна. Монголд гарааны бизнес эрхлэх хэцүү. Үүсгэн байгуулагчаас хичээл зүтгэл чармайлт маш их шаарддаг. Манай компани өнөөдөр нийгмийн даатгалын өртэй учраас дансаа хаалгаж шүүх дээр дуудагдахад хүрсэн. Гэвч нийгэмд 100 мянган хүний хэрэгцээг хангаж байгаагаа ухамсарлан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Төр энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэхгүй хэрнээ өмнөөс нь ажлыг нь хийхээр татвараар дарамталдаг байдлаа болих хэрэгтэй. Олон улсын жишгээр старт-аппуудыг дэмжих хэрэгтэй.  Ядаж гарааны бизнесүүдийг дэмжиж эхний таван жилд татварын хөнгөлөлт хамруулах нь зүйтэй. Монгол Улс бол маш жижиг зах зээл. Хүн амын орлогын түвшин бага. Ямар ч гоё шийдэл орж ирээд амьдрах чадамж багатай байдаг. Ялангуяа технологийн бүтээгдэхүүнүүдэд. Мөн хөрөнгө оруулагчид алга. Гаднаас санхүүжилт хайсан тамын тойрогт ажиллаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд санал санаачилгаа тусгаж ажиллах хэрэгтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 242 (7227)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

3 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

3 цаг 23 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

8 цаг 35 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

8 цаг 35 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

8 цаг 35 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

19 цаг 4 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

19 цаг 22 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

22 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өчигдөр 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Өчигдөр 10 цаг 34 мин