“Өө эмэгтэй байсан юмуу, эрэгтэй нэртэй юмаа”

2023-02-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

 

Баярмэндийн ДОЛЖИНЖАВ

 

Улаанбаатар хотоос 600 орчим километрийн алсад амьдардаг 39 настай мужаан залууг С.Алтанцэцэг гэдэг. Хүн ганцхан зүйлийг сайн чаддаг байхад сэтгэл хангалуун амьдрах боломжтойг харуулж яваа, гарын ур дүйгээрээ сумандаа танигдсан тэрбээр 18 настайдаа өөрийн гэсэн цехтэй болсон. Загварыг нь өөрөө гаргаж, гуравхан сарын хугацаанд чамин, нарийн хээн чимэглэл бүхий модон жижигхэн үйлдвэрээ барьжээ. Нутгийнхандаа “Мужаан Алтай” хэмээн танигдсан энэ залуугийн нэрийг анх удаа сонссон зарим нэг хүн “Алтанцэцэг байх даа яахав дээ. Өөр өгөх нэр олдоогүй юмуу.Хачин эмэгтэйлэг нэр” хэмээн хэлэх тохиолдол олон. Гэсэн ч ур чадвар, хөдөлмөр зүтгэлд эмэгтэй, эрэгтэй гэсэн нэрний ялгаа огт байхгүй гэдгийг С.Алтанцэцэг батлан харуулахаар анх үйлдвэрээ нээж байсан юм билээ. 
Энэ тухайгаа тэрбээр “Алтанцэцэг гэдэг нэртэй багш, найзын маань ээж гээд эргэн тойрны ихэнх хүн эмэгтэй байсан. Тийм болохоор бага ангид байхад хүүхдүүд “Цэцгээ” гэж дуудаж, шоолоход нь гомдоод уйлчихдаг байсан. Хэт хүндээр хүлээж авч шаналснаасаа болоод хэд хоног хичээлдээ явахгүй өнжиж байлаа. Нэрнийхээ утгыг сонсоод л тайвширч хэн ч юу ч гэж хэлсэн тоохоо больсон. Харин эсрэгээрээ илүү их зүйл хийж бүтээж, нэрээ алдартай болгоно гэж боддог” гэж ярив.

 

Л.Отгонзаяа: Хүүхэд байхад үеийнхэн эмэгтэй нэртэй гэж шоолдог байсан

 

Бидний нийтлэлийн баатар “Мужаан Алтай” бол Маралмаа, Ган-Уянга, Ягаанцэцэг, Энххулан, Эрдэнэчимэг, Дуламсүрэн гэдэг нэртэй эрэгтэйчүүдийн нэг адил “Ямар эмэгтэй хүн биш дээ” гэсэн “дайралтууд”-ыг даван туулаад гарсан нэгэн. Цэцгээ, Навчаа, Шүрээ, Солонго, Хулан, Уянга, Чимэг гэсэн нэрсийг эмэгтэй хүнтэй хамааралтай хэмээн ойлгодог бидний өрөөсгөл ойлголт дээр дурдсан хүмүүсийн бага насанд нь сэтгэлийн шарх үлдээж, ичээж, заримыг нь өөрийгөө буруутгаж, олон хоногоор шаналж, уйлахад хүргэсэн гэдгийг та мэдэх үү.
 Энэ талаар Л.Отгонзаяа “Отгонзаяа гэдэг нэрийг хүмүүс ихэнх тохиолдолд охидууддаа өгдөг болохоор “Эмэгтэй нэртэй юм” гэсэн хандлага их. Тааралдсан хүн болгон шахам ингэж хэлдэг. Мөн хүүхэд байхад үеийнхэн эмэгтэй нэртэй гэж шоолох тохиолдол гарч байсан. Энэ нь эхэндээ их хэцүү байсан ч хэсэг хугацааны дараа дассан. Би айлын бага хүү. Хоёр ахын нэр “Заяа”-гаар төгссөн болохоор Отгонзаяа гэж нэрлэсэн гэж аав, ээж хоёр тайлбарлаж өгсөн болохоор эмзэглэхээ больчихсон” гэв.

 

“Дашдэлэг ах байна уу”?

 

Дамдинсүрэнгийн Дашдэлэг хэмээх эмэгтэйн дэлгүүрт бараа хүргэхээр ирсэн хүмүүс “Дашдэлэг ах байна уу” гэж сураглах нь түгээмэл. Тэрбээр “Хайж байгаа хүн тань би байна” гэхэд “Өө эмэгтэй хүн байсан юмуу. Эрэгтэй нэртэй юмаа” гэж хэлнэ. Хүүхдүүдээс нь аавыгаа дуудаж өгөөч гэж хүснэ. Танилуудаас бусад тааралдсан хүн бүр “Эрэгтэй нэртэй юмаа” гэж хэлэхэд нь хүүхэд байхдаа ихэд ичиж, өөртөө өөр нэр оноон өгч, нэг л өдөр нэрээ солино доо хэмээн боддог байсан өдөр түүнд олон. Гэсэн ч Дашдэлэг гэдэг нь амар амгаланг бэлгэддэг төвд нэр хэмээн бэлгэшээж, ээж нь түүнд өгч байжээ. Төвдүүд золгохдоо “Даши дэлэг” гэж хэлдэг агаад “Амар байна уу” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Мөн түүний ах, дүү нар нь бүгд Дашаар эхэлсэн нэртэй юм. Айлын хамгийн том хүүхэд нь эрэгтэй бол хамгийн бага дүүгийн нэр нь “эрэгтэйлэг”-ээр төгсөх ёстой гэж дээр үед үздэг байсан учир Дашмаа бус Дашдэлэг гэж нэрлэжээ.Том болоод утгыг нь мэддэг болсноос хойш нэрээ ихэд хүндэтгэн хайрлах болсон юм.

 


Б.Болдмаа: Нэрний утга шигээ амьдрах юм шүү гэж өөрийгөө зоригжуулдаг

Энэ бол Саранхүү, Батцоож, Энхбат, Мөнгөнхүү, Хүрэлбаатар, Чинцогт, Чулуун, Сүхээ нэртэй эмэгтэйчүүдийн туулж өнгөрүүлсэнтэй яг ижил түүх юм. Тэд бүгд “Эрэгтэй нэртэй” гэж шоолуулж, үүнээсээ болж ичиж, гуниглаж, өөртөө гутарч байсан. Харин эцэг эх, эмээ өвөө нь нэрнийх нь утгыг нарийн бодож, ирээдүйд яг л нэр шигээ хүн байгаасай хэмээх хүсэл тээн оноосон тухай сонсоод бүгд нэрэндээ хайртай болсон. “Бат, Болд, Сүх, Баатар” гэдэг нь зөвхөн эрэгтэй хүний шинж чанарыг тодотгодог гэдэг бидний хэвшмэл ойлголттой холбоотой бөгөөд цаад утга нь огт өөр байдаг юм. Энэ талаар Б.Болдмаа “Бага байхад нөгөө анги эсвэл дугуйлан, секцэнд хамт хичээллэдэг үеийнхээ хүүхдүүдтэй танилцахад нэрийг маань сонсоод их гайхдаг байсан. Хөвгүүд бол бүр хоорондоо инээлдээд шоолно. Тухайн үед миний нэр эрэгтэйлэг сонсогддог гэж бодож үзээгүй ч ичмээр ч юм шиг мэдрэмж төрдөг байв. Харин  багш нар болон бусад хүмүүс “Ямар гоё нэр вэ” гэж хэлдэг байсан болохоор том хүмүүст нэрээ хэлэх дуртай байсан. Өсвөр насанд хүрснийхээ дараа үерхэхээр найз залуугийн минь найзууд миний нэрийг сонсоод шоолоод түүнээс болоод намайг хаячих вий гэж санаа зовж байсан үе ч бий. Бас утасны дугаар асуусан хөвгүүдэд өөр нэр зохиогоод хэлчихнэ. Ахлах ангид орсноосоо хойш нэрнээсээ ичихээ больсон. Ээж ааваасаа нэрнийхээ утгыг асуухад “Болд нь хатуу чанга, тэсвэр тэвчээртэй байхыг, маа нь Дарь эхийн шинж чанарыг бэлгэддэг” гэж тайлбарласан. Үүнээс хойш надад тохирсон сайхан нэр байсныг ухаарч, нэрэндээ дуртай, өөртөө итгэлтэй болсон” гэж бидэнд ярилаа. Өдгөө 24 настай тэрбээр нэрний утга шигээ юунд ч үл бууж өгч, шантрахгүй тэвчээртэй амьдрах юм шүү гэж  өөрийгөө зоригжуулдаг юм.

 

О.Батдэлгэр: Иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна гэж боддог байлаа

20 настай О.Батдэлгэрт ч Б.Болдмаатай ижил асуудал тулгарч, иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна хэмээн боддог байжээ. Энэ талаар О.Батдэлгэр “Нэг удаа эмнэлэгт хэвтээд өрөөндөө хувцас болон зарим эд зүйлээ оруулж орхичхоод түр гараад эргэж орж ирсэн юм. Гэтэл сувилагч “Батдэлгэр гэдэг хүүхэд байна уу” гэхээр нь “Би байна” гэсэн чинь “Чи юмуу. Би эрэгтэй хүүхэд хайгаад байлаа” гэж хэлсэн. Одоо ч энэ тухай мартаагүйг бодоход тухайн үедээ их хүндээр тусгаж авсан санагддаг юм. Ер нь хүмүүсийн иймэрхүү сөрөг хандлагаас болоод бага байхдаа 16 хүрээд иргэний үнэмлэхээ авахдаа нэрээ солиулна гэж боддог байлаа. Гэсэн ч будаанд шигшээд эмээгийн өгсөн нэр гурван удаа гарч ирсэн гэсэн тухай сонсоод солиулах бодлоо хаясан. Аавыг Очирбат гэдэг учир Бат-аар эхэлсэн нэр өгнө гэж эмээ бодоод хамгийн эхэнд санаанд буусан нэр нь Батдэлгэр юм билээ.Бүхэл бүтэн 20 жилийн хугацаанд Батдэлгэр гэдэг хүнийг бүтээчихсэн, нэрнээс шалтгаалсан сөрөг зүйл амьдралд минь тохиогоогүй болохоор одоо хэн нэгэн юу гэж хүлээж авах нь сонин санагдахаа больсон” гэсэн юм.

 

“Зууны мэдээ” сонин энэ удаа нэрийг хүйстэй хамаатуулан ойлгодог бидний хэвшмэл ойлголт бусдын сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай хөндлөө. Ер нь Төмөр, Сүх, Баатар гэсэн нэрсийг зөвхөн эрэгтэй хүнд, Уянга, Саруул, Эгшиглэн гэсэн нэрсийг зөвхөн эмэгтэй хүнд оноох ёстой гэсэн ямар нэгэн хууль, журам байдаг билүү. Хариулт нь мэдээж “Үгүй”. Учир нь бидний эмээ, өвөө, аав, ээж, хамаатан садан насан туршид биднийг дагалдах, онцлогийг минь тодотгох нэрсийг өгөхдөө утга учир нь юу билээ, ирээдүйд сайхан амьдрахад нь бэлгэшээлтэй нэр байгаасай хэмээн хүсдэг. Харин нэрийг хүйстэй хамаатуулан ойлгодог нь гагцхүү бидний өрөөсгөл хандлага, хэвшмэл ойлголттой холбоотой юм. Хэн нэгний нэрний тайллыг нь үргэлж асууж лавлан, “эрэгтэй, эмэгтэй нэр” гэсэн үгсээс болж бусдын сэтгэл зүйг гэмтээхээ больцгооё. Мэргэжил сонголт, өнгө, хувцаслалт, үсний засалт, сонирхдог тоглоом, сонсдог дуу, нэрэнд хүйс огт хамааралгүй билээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 8. ЛХАГВА ГАРАГ. № 31, 32 (7016, 7017)

 

Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

Өнгөрсөн бямба гарагт АНУ Венесуэлийн нийслэл Каракаст агаарын цохилт өгч, тус улсын Ерөн

3 цаг 57 мин
Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийн амлалт

Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөг олон нийтэд хандан, мэндчилгээ дэвшүүлдэг.  

3 цаг 57 мин
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг ард түмний санал асуулгаар шийдэх үү?

Он солигдохоос 14 хоногийн өмнө Ард нийтийн санал асуулга буюу АНСА хөдөлгөөн үүсгэн байгуулах

3 цаг 57 мин
The Guardian: Дани, Иран хоёр Дональд Трампын Венесуэлийн дараагийн бай гэжээ

Их Британийн The Guardian "Венесуэлд нэг шөнийн дотор өрнөсөн үйл явдлууд Иран, Дани з

16 цаг 22 мин
Блүүмберг: Рубио АНУ-аас Венесуэлийг удирдахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж магадгүй

Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадуррг  баривчилсны дараа АНУ-ын төрийн нар

16 цаг 23 мин
АТГ: Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байна

АТГ: Сайд асан Ч.Номинд хэрэг үүсгэн шалгаж байна

21 цаг 58 мин
2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанли

2026 онд болох спортын томоохон уралдаан, тэмцээний хуанли

22 цаг 4 мин
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонгожээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар П.Золзаяаг сонгожээ

22 цаг 11 мин
Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

22 цаг 15 мин
Эд нийцлийн лаборатори байгуулах хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

Эд нийцлийн лаборатори байгуулах хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ

22 цаг 17 мин