Л.Хэрлэн
Японы мэргэжлийн сумод манай монгол бөхчүүд амжилттай барилдаж эхэлснээр багагүй хугацаа өнгөрч бөхөд дуртай Монгол түмэн эртэй бяртай сумоч хөвгүүдээрээ бахархан омогшиж ирэв. Долдугаар нагояа башед хакухо аварга маань 30 дахь түрүүгээ авч сумо бөхийн түүхэн амжилтад ойртон ирж байгаа нь Монголчуудын хувьд бахдам сайхан амжилт болов. Энэ барилдааны дараа манай сумочид бүгд эх орондоо амрахаар хүрэлцэн ирж өөр өөрсдийн нутаг оронд очиж амрахын сацуу хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцож байна.
Токио хотын мэргэжлийн сумогийн Токицуказэ дэвжээний сумоч токитэнкү А.Хүчитбаатар төрөлх нутаг Төв аймгийн Алтанбулаг сумынхаа наадамд оролцож нутгийнхаа настан буурал, ахмадуудад хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулжээ. Өнгөрсөн жил А.Хүчитбаатар Төв аймгийн 90 жилийн ойгоор нутагтаа бүрэн тоноглосон хоёр түргэн тусламжийн автомашин бэлэглэсэн нь хөдөөгийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмрээ оруулсан сайхан ажил болсон юм.